Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 17

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхбатаар тэмдэглэл хөтлүүлэн,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Хохирогч Л.Б,

Иргэний нэхэмжлэгч Ж.Т,

Гэрч Б.Ж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, М.Гомборагчаа,

Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1824000210052 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, * төрсөн, 35 настай, эрэгтэй, *, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт * баг хаягаар оршин суудаг Д овогт Цийн О /регистрийн дугаар: ..../.

Урьд *хянан харгалзсан. Хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар/Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Ц.О нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3  дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Саравч гэх нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр 805 ширхэг буюу 144.876 метр.куб мод бэлтгэж ойн санд 15,646,608 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хууль зүйн мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Эы үйлдсэн үзлэгийн тэмдэглэл, мод тоолсон баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймаг дахь Цагдаагийн газрын  Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч Б.Баярмаагийн үйлдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Туяагийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаартай албан бичиг, ойн сангийн зургийн хуулбар, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч О.Байгалмаагийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгаль хамгаалагч Ш.Таравын үйлдсэн тодорхойлолт, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, 3 дугаартай мөрдөгчийн магадлагаа, 4 дугаартай мөрдөгчийн магадлагаа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Баруун эхийн Саравч өтөг гэх газраас 8 удаагийн тээвэрлэлтээр авчирсан моднуудыг 2018 оны 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд буулгаж, хүлээлгэн өгсөн баримт, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч Т.Лхагварагчаагийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, тоолуурын хүснэгт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шинэс төрлийн модыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцохоор тогтоож, хураан авсан тэмдэглэл, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 8 дугаартай улсын байцаагчийн акт, Шатахуун, тослох материалын зарлагын падаанууд, Сум дундын 13 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоол, Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төрийн сангийн дансанд хохирол төлсөн баримтууд, Ц.Оын хувьд оногдох эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, үнэлгээ тогтоосон мөрдөгчийн магадлагаа, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нарын өгсөн мэдүүлэг, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нь хохирол болон эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтууд, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорО хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар доорх нөхцөл байдлууд болон үйл баримтууд нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт байдаг Саравч гэх нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн болох нь:

-2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хууль зүйн мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Эы үйлдсэн: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Баруун эхний Тарвагатай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын нутаг болох Саравч гэдэг газарт 16 хэсэг болгон хураасан 731 ширхэг, 4 метр урт, 15-40 см-ийн диаметртэй хэрэглээний мод бэлтгэсэн байна...” гэсэн үзлэгийн тэмдэглэл, мод тоолсон баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ1-ийн 26-32 дугаар хуудас/,

-2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймаг дахь Цагдаагийн газрын  Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч Б.Баярмаагийн үйлдсэн: “...Уг хэрэг болсон гэх газар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Баруун эхний Хүнх эрэг гэдэг газарт байх өвөлжөөний баруун арын Саравч гэх газарт зүүн тийш харсан уулын хажуу талд, сумын төвөөс 70 км зайтай газар байна. Тухайн газарт уулын хамар хэсэгт 16 хэсэг газар 4 метрийн урттай, хуурай, шатсан моднуудыг хурааж тавьсан байх бөгөөд модны 1 талд нь хөөгөөр “Х” гэсэн тэмдэг тавьж тоолоход 735 ширхэг мод тоологдов...” гэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ1-ийн 37-41 дүгээр хуудас/,

-Гэрч Т.Пийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын эхээр цэргийн онжав Лын түрээсэлж байсан Цэцэнхайрхан гуанзанд орсон чинь тэнд Л, Г 2 байсан. Тэднийх гуанз түрээслээд хүлээлгэж өгөх гэж байгаа гээд тэр 2 ханыг нь шохойдож байсан. Тэгээд л би хийсэн ажилгүй, мөнгөний ажил хиймээр байна гэсэн чинь Л Рашаант баг руу О гэх хүн мод хөлсөөр хийлгэнэ гэж байсан чи хамт явах уу? цас ихтэй байгаа гэсэн, Г гурвуулаа явж очоод мод хийе гэсэн юм. Тэгэхээр нь Г бид 2 зөвшөөрөөд орой нь хувцас хунараа бэлтгээд, маргааш өглөө нь замын унаанд дайгдаж явъя гэж байснаа болиод, Лын УАЗ-469 машинтай явахаар болоод, Л хадам эгчийндээ малын тэжээл буулгаж өгөхөөр болж, бензинд нэмэр болно гээд тэдний хашаанаас түүний машинд тэжээл ачаад, Улаантолгойн клонкоос Ц гэдэг хүнээс бензин зээлж хийлгүүлээд хөдөө Рашаант баг руу гарсан. Тэгээд замдаа машин эвдрээд маргааш өглөө нь машинаа янзалж аваад О буюу Оынд очсон. Тэгэхэд тэднийх өвөлжөөндөө 3 гэрээр байсан ба О, Огийн ахын болон дүүгийнх нь хамт байсан. Огийн эхнэр сум руу 2 хүүхэдтэйгээ явчихсан байсан. Тэгээд тэнд хоноод маргааш нь дүүгийнх нь гэрийг ЗИЛ-131 маркийн машинтай Б гэх хүний машинд ачаалж өгөөд, маргааш өглөө нь 2 морьтой, дөрвүүлээ тэдний өвөлжөөний арын хэсэгт байсан модны доод үзүүр хэсэгт очоод бид 4 ээлжлээд л 2 хөрөөгөөр хөрөөдөж бэлтгээд, мориор чирч, цагаалж бөөгнүүлсэн юм. ...Тэнд 2018 оны 3 дугаар сарын эхний 7 хоногт мод бэлтгэсэн байх.  ...Тэгээд байж байтал Тарвагатай нурууны цогцолборт газрын хүмүүс машинтайгаа дээш өгсөөд нөгөө бэлтгэсэн модон дээр оччихоод буцаад Огийнд ирсэн. Тэнд хоол унд хийгээд, зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар яриад байх шиг байсан. Би тухайн үед гадаа байсан. Мод бэлтгэсэн хөрөөг нь хурааж авна гээд байсан. Мөн мод бэлтгэж болохгүй гээд байсан ба тэднийг явсны дараа Г, Л бид 3 сум руу явсан. ...Бид нарын мод бэлтгэсэн газрын дээд талд мод бэлтгээд, хэсэг хэсгээр бөөгнүүлчихсэн байсан. ...Би өдрийн хөлсөөр л ажиллахаар очсон. Тарвагатай нурууны хүмүүс ирээд зөвшөөрөлгүй мод хийсэн байна гэхэд нь зөвшөөрөлгүй болохыг мэдсэн. Зөвшөөрөлтэй болоод л хүмүүсээр хөлсөөр мод бэлтгүүлсэн байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 8-9, 18-19 дүгээр хуудас/,

-Гэрч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын эхээр Л бид 2 Цэцэнхайрхан гуанзанд засвар хийж байсан юм. Тэр үед П гэдэг залуу ирээд О /О/ хөлсөөр мод бэлтгүүлнэ гэж байна, хамт явах уу гэсэн. Тэр үеэс Пийг таньдаг болсон. Тэгээд Л, П бид 3 хамт хөлсөөр мод бэлтгэхээр тохиролцсон. Тухайн өдрийнхөө орой нь хувцас хунараа бэлтгээд, маргааш өглөө нь Лын УАЗ-469 маркийн машинтай Лын хадам эгчийнд хүргэж өгөх тэжээлийг ачаад Тосонцэнгэл сумын Рашаант баг руу явсан. Замдаа машин эвдэрч хээр хоноод маргааш өглөө нь Лын хадам эгчийнд очиж тэжээлийг нь буулгаж өгчхөөд О буюу Оынд очсон. Тухайн үеэс эхэлж Огэгчийг таньдаг болсон. Оынд очсон өдрөө амарч өнжөөд маргааш өглөөнөөс нь Оын өвөлжөөний чанх хойд талд байх уулнаас мод бэлтгэж эхэлсэн. О, П, Л бид нар 4 өдрийн хугацаанд ойгоос мод бэлтгэсэн. Модыг бэлтгэхдээ П, Л 2 хөрөөдөж тайрч бэлтгээд, О бид 2 мориор мод цагаалах зориулалтаар бэлтгэсэн зүйлийг моринд бэхэлж, модыг мориор чирч цагаалсан. Нэг өдөр бид нарыг Оын гэрт байж байхад Тарвагатай нурууны байгаль хамгаалагч нар ирээд гэнэтийн шалгалт хийж, бид нар мод бэлтгэхээ зогсоосон. ...Мод бэлтгэсэн газар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Баруун эхний Саравчийн өтөг нэртэй газар байсан. Модыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд бэлтгэсэн. Босоо хуурай модыг 4 метрийн урттай зүсвэрийн мод болгон бэлтгэсэн бөгөөд ойролцоогоор миний тооцоогоор 500-600 орчим мод байсан. ...Оыг өөрийнхөө өвөлжөөний хойноос мод бэлтгэж байгаа болон хөлсөөр мод бэлтгүүлнэ гэж зар тараасан байсан учраас зөвшөөрөлтэй юм байх гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 15-16 дугаар хуудас/,

-Гэрч Г.Лын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын эхээр шиг санагдаж байна, Оын аав Ц над руу утсаар яриад чи хэдэн хүн олоод Тосонцэнгэл сумын Рашаант баг Баруун эхэнд байх Оынд очоод Отай хамт хөлсөөр мод бэлтгээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би П руу утсаар яриад хүрээд ирээч гэж дуудаад, ирэхээр нь Охөлсөөр мод хийлгүүлэх гэж байгаа юм байна, гурвуулаа хамт яваад мод хийчхээд ирэх үү гэж хэлсэн. Тэгээд гурвуулаа хоорО ярилцаж байгаад хамт явж хийхээр болоод гэр гэртээ харьж хувцас хунараа бэлдсэн. Тэгээд маргааш өглөө нь миний эзэмшлийн 17-99 ЗАН улсын дугаартай УАЗ-469 маркийн, цагаан саарал өнгөтэй машинаар Тосонцэнгэл сумын Рашаант багийн чиглэлд явж байтал миний машин эвдрээд буцаж орж хоночхоод, өглөө нь сэлбэгээ аваад машин дээрээ очиж засаад цааш яваад Рашаант багийн Баруун эхэнд байх хадам эгч Бынд очиж, ачиж явсан хэвэг тэжээлээ буулгаж, хоол идчихээд цаашаа явж Оынд очиж хоносон. Тэгээд маргааш өглөөнөөс нь эхлээд Оын өвөлжөөний чанх хойд талын уулын аманд хэрэглээний мод бэлтгэж эхэлсэн. Оынд байрлаад 2-3 хоногийн хугацаанд мод хийгээд байж байтал Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч нар ирээд Отай уулзаад та нар зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж байна, одоо үүнийгээ боль, бид нар та нарын бэлтгэсэн модонд хэмжилт хийж, тоолчхоод ирлээ гэсэн. Тэгээд Оын эзэмшлийн цахилгаан хөрөөг хурааж аваад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 24-25 дугаар хуудас/,

-Гэрч С.Хийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай эхнэр Ж нь Оын аав Ц гэх хүнд мөнгө зээлүүлсэн гэсэн. Тэгээд дараа нь манай эхнэр Жтай Ц гуай таарч нөхрөөрөө манай хүүхдүүдийг өвөлжөөнөөс нь гаргаж нүүлгэж өгөөч, тэгээд нөгөө зээлсэн мөнгөндөө мод авчхаач гэсэн гэнэлээ. Тэгсэн манай эхнэр Ж намайг айлуудыг нүүлгээд буцахдаа мод аваад ир гэсэн. Би хэдэн грүшиг аваад өөрийн эзэмшлийн 62-07 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашинтай Оынд очсон. Тэгээд нүүлгэх гэсэн чинь цас ханзраагүй байна, хэд хоноод нүүе гэсэн. Тэгэхээр нь би машиныхаа толгойд 40 ширхэг модыг цасан доороос ухаж ачсан. ...Дараа нь дахин 40 ширхэг мод Саравч гэх газраас ачиж оруулж ирсэн. ...Би ачсан модны гоожингоо авъя гэхэд ах төв дээр авчихсан байгаа байх гэж байсан. Ц гуайн хүүхэд Тарвагатай нурууны байгаль хамгаалагч болохоор гоожингоо авчихсан байх гэж би бодсон...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 27-28 дугаар хуудас/,

-Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Оыг хууль бусаар мод бэлтгэсэн асуудлыг хүмүүсээс сонссон. ...2018 онд би Тосонцэнгэл сумын Рашаант багийн Бухын хясаа гэх газарт Баярсайханы малыг хараад Бтай хамт өвөлжсөн. ...Хааяа малд явж байхад Хүнхийн эрэг орчимд хөрөөний дуу сонсогддог байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 60-61 дүгээр хуудас/,

-Гэрч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байх, өөрсдийн хариуцсан Рашаант багийн иргэдэд хууль дүрэм сурталчлах ажлаар Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутгаар манай хамгаалалтын захиргаанаас мэргэжилтэн Э, байгаль хамгаалагч Б,  байгаль хамгаалагч Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй явж ажилласан. Тэгээд 06-ны өдрийн 10-11 цагийн хооронд Рашаант багийн Цагаан хясааны гарман дээр байгаль хамгаалагчийн байрны тэнд очсон чинь ЗИЛ-131 маркийн автомашинтай 4 залуу машин нь эвдэрчихсэн гээд байж байсан. Түүн дотроос С гэх залууг нь танина, бусдыг нь танихгүй. Та нар хаашаа явах гэж байгаа юм бэ? гэхэд Баруун эх орж мод ачих гэж байгаа, энэ машин бол “Зулзаган мод төгөл” ХХК-ний машин байгаа юм, компаний жолооч Г нь урд машинтайгаа түрүүлээд явсан байгаа гэж ярьсан. Тэгэхээр нь бид нар О ярилцаад, “Зулзаган мод төгөл” ХХК нь Баруун эхэнд тусгаарлалт хийгдээгүй, ямар учраас тийш явдаг юм гэж яриад Баруун эхийг өгсөөд байгаад Голын өтөг гэх өвөлжөөнд очих гээд ойртож явсан чинь тэнд ЗИЛ-131 маркийн автомашин зогсож байгаад биднийг очих үед цааш хөдлөөд явчихсан. Харин тэр өвөлжөөнд байх Жгийн Бийн дүүгийнд орж хоол унд идээд шинэ хуулиар ухуулга яриа хийгээд 2 цаг орчим болсон байх. Тэднийд ээж болон гэрийн эзэн эрэгтэй байсан. Хэн дээшээ хөдлөөд явчихсан юм бэ? гэж асуухад Г байна, мэдэхгүй, дээрээс мод ачих гэж яваа байлгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь машины мөр дагаад өгсөж явахад Саравч гэх газрын өвөлжөөн дээр нөгөө ЗИЛ-131 маркийн автомашин оччихсон, харин наад талд машиныхаа чиргүүлийг орхисон байсан. Тэгэхээр нь хаанаас мод ачдаг юм бол гээд ойр хавьд нь дурандсан чинь тэр Саравч гэх газрын өвөлжөөний ард олон хэсэг газарт бөөгнүүлээд хийчихсэн моднууд харагдаад, шууд тийшээ явж очоод моднуудыг тоолж тэмдэглэл тавиад, зургийг нь аваад, тэнд байсан 2 цахилгаан хөрөө, 2 мориор мод чирдэг бололтой бүдүүн мяндсан дөрөөвч байсныг аваад доош уруудаж Саравч гэх өвөлжөө рүү очих гээд явж байтал урдаас уг өвөлжөөнд өвөлжиж байгаа О нь морьтой ирсэн. Танай ард их хэмжээний мод бэлтгэсэн байна, зөвшөөрөл гоожин байна уу? гэхэд Онь тийм юм байхгүй, би энэ моднуудыг өөрөө хийсэн юм, одоо гайгүй өнгөрөөгөөд өгчих арга байна уу? та нараас тийм л юм гуйя гэж хэлсэн. Мөн энд аж ахуй нэгжээр тусгаарлалт хийлгүүлж болох уу? гэж асуусан. Иргэн хүн мод бэлтгэх гэж байгаа бол урьдчилаад эрхийн бичгээ авч байж хийнэ, харин аж ахуй нэгж хийх гэж байгаа бол тусгаарлалт хийлгүүлж гоожингоо бичүүлж авах ёстой гэж хэлсэн. Тэгээд гэрт нь очсон. Тэднийд хэдэн танихгүй залуучууд, мод ачихаар явсан гэх Г машинтайгаа, Оын төрсөн ах Ц, Баян-Улаан багийн иргэн Л, Оын эхнэр болон бага шиг хүүхдүүд байсан. Оын ах Ц болон эхнэр нь цагдаа, шүүх гэлгүй өөрсдөө аргалаад өгөөч гэж байсан. Оаас байгаль хамгаалагч Б мэдүүлэг авсан. Дэргэд нь би, Энхсайхан, Баярсайхан, Л нар байсан. Тэгэхэд би Оаас олон удаа явсан машины мөр гарсан байна, хэдэн удаа ачсан бэ? яаж бэлтгэсэн юм бэ? гэж асуухад Онь Ггаар 2 удаа ачуулсан, харин моднуудыг би өөрөө бэлтгэсэн, энэ хэргийг гайгүй өнгөрөөж өгөөч гэж хэлж байсан. ...Мод бэлтгэсэн газарт цахилгаан хөрөө 2, чирэгч 2 байна гэхэд О нь миний амьжиргаа болсон зүйл байгаа юм, галын түлээгээ хөрөөдөх юмгүй болчихно, адаглаад нэгийг нь үлдээгээд явчих гэхлээр нь 1 хөрөөг нь үлдээж, 2 чирэгч, 1 хөрөөг нь авчирсан юм. Б материалаа прокурорт өгч, тэндээс танайд өгч шалгагдах болсон...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 71-72 дугаар хуудас/,

-Гэрч П.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр манай ажлын тухайн үед даргаар ажиллаж байсан Г, байгаль хамгаалагч нар болох Б, Б бид нар Рашаант багийн иргэдэд хууль сурталчлах, хяналт шалгалт хийх ажлаар хөдөө явсан юм. Тэгээд 06-ны өдрийн өглөө сумаас 07 цагийн орчимд гарч, 10-11 цагийн орчимд хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчийн байрны тэнд очиход нэг номер дугааргүй ЗИЛ-131 маркийн машин зогсчихсон, хажууд нь танихгүй 3 залуу, бас машин нь эвдрээд хоночихлоо гээд Чийн М гэх хүмүүс зогсож байсан. Жижгэвтэр биетэй залуугаас нь та нар хаачих ажилтай байгаа юм бэ? гэхэд бид нар Баруун эхний Ц гэх айлын тэнд очиж мод ачихаар явж байгаа юм, харин Г ах урд талд яваа, манай машин эвдэрчхээд байж байна, эндээс машинаа засаад Тосон орно гэж байсан. Тэгэхээр нь дээш өгсөж явтал Голын өтөг гэх зам дээр байдаг өвөлжөөнд байх Б, ээж Сийн гаднаас нэг ЗИЛ-131 маркийн машин хөдлөөд цааш явсан. Бид тэднийхээр орж хоол унд идээд, хууль бусаар мод бэлтгэж болохгүй талаар хэлж яриад, нөгөө Ггийн явсан мөрөөр цааш дээш өгсөөд явж байгаад Бухын хясаа гэх газрын өвөлжөөгөөр Б гэх айлаар ороод цааш өгсөж явтал Саравч гэх газрын өвөлжөөнд нөгөө ЗИЛ-131 маркийн машин очоод зогсчихсон харагдаж байсан. Тэгэхээр нь ойр орчныг нь дурандсан чинь тэдний гэрийн ар талд хэсэг хэсгээр нь бэлтгээд бөөгнүүлчихсэн моднууд харагдаж байхаар нь шууд тэр мод бэлтгэсэн газарт очиж 4 метрээр тайраад бэлтгэсэн, бөөгнүүлсэн моднуудыг тоолж, тэмдэглэл хийж зурагжуулж авсан. Тэнд мөн 2 ширхэг хөрөө, 2 чирэгч байсан юм. Тэгээд Саравч гэх газрын өвөлжөө рүү нь явтал урдаас О морьтой ирж уулзсан. Яагаад ийм их хэмжээний мод бэлтгэсэн юм бэ? гэхэд толгойгоо маажаад, би хийчихсэн юм, одоо та нар энэ асуудлыг прокурор, шүүх, цагдаа гэлгүй шийдэж өгөөч гэсэн гуйлт байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 73-74 дүгээр хуудас/,

-Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тосонцэнгэл сумын Рашаант багийн Саравч гэх газар очсон. Тухайн газар очиход хэн нэгэн хүн байгаагүй. Бид нар ойд хийгдсэн модыг тоолж, хөрөө, чирэгч зэргийг хурааж аваад уруудаад явж байхад О буюу О ирж уулзсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 75-76 дугаар хуудас/,

-Гэрч О.Бны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутгаар эргүүл, хяналт шалгалтын ажлаар явсан юм. Тухайн үед Рашаант багийн Саравч гэх газар олон тооны мод бэлтгэгдсэн байсныг хараад бид нар очиж зураг авч баримтжуулан тэмдэглэл хөтөлсөн.” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 85 дугаар хуудас/,

-Ц.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Гоожинг 3 сар гаргаад бичнэ гэж байсан. Тэгээд гоожингоо аваагүй үедээ өвөлжөөнөөс гараагүй ойр байх үедээ бэлтгэчихье гээд бэлтгэчихсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 80-81 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч Ц.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Баруун эхний Саравч гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Туяагийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаартай: “Рашаант багийн Баруун эхний Хүнх эрэгийн Саравч гэдэг газар нь тусгай хамгаалалттай газарт хамрагддаг болох нь үнэн болно. Тухайн газрын ойн сангийн зургийг хавсралтаар хүргүүлэв” гэсэн албан бичиг, ойн сангийн зургийн хуулбар /ХХ1-ийн 66-67 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч О.Байгалмаагийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаартай: “...Мод бэлтгэсэн гэх Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Баруун эхийн Саравч гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газрын ойн санд хамрагдана. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу ойн сангийн 1 дүгээр мужид хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ2-ын 116-118 дугаар хуудас/,

-2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгаль хамгаалагч Ш.Таравын үйлдсэн: “Тус сумын Рашаант багийн нутаг Баруун эхний Саравч, Хүнх эрэг гэдэг газраас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд Ц.Од мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй болно” гэсэн тодорхойлолт /ХХ1-ийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

2. Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт байдаг Саравч гэх нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн, тус бүр нь 500,000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны морь, 70,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цахилгаан хөрөө, 2 ширхэг чирэгчийг болон Ц.Гын эзэмшлийн 70,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цахилгаан хөрөөг ашигласан болох нь:

-Гэрч Т.Пийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Маргааш өглөө нь 2 морьтой, дөрвүүлээ тэдний өвөлжөөний арын хэсэгт байсан модны доод үзүүр хэсэгт очоод бид 4 ээлжлээд л 2 хөрөөгөөр хөрөөдөж бэлтгээд, мориор чирч, цагаалж бөөгнүүлсэн юм. ...Оын эзэмшлийн хээр зүсний 2 мориор чирч цагаалсан. Бид нарыг мод бэлтгэхээр очиход Онь мод чирэхэд зориулсан чирэгч татлага бэлдээд байж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 8-9, 18-19 дүгээр хуудас/,

-Гэрч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Модыг бэлтгэхдээ П, Л 2 хөрөөдөж тайрч бэлтгээд, Обид 2 мориор мод цагаалах зориулалтаар бэлтгэсэн зүйлийг моринд бэхэлж, модыг мориор чирч цагаалсан. ..Модыг цагаалахдаа Оын эзэмшлийн хээр зүсний 2 морийг хэрэглэсэн. Моринд мод бэлтгэж, цагаалах зориулалтаар гар аргаар 2 ширхэг чирэгч бэлтгэсэн. Модыг тайрахдаа Оын эзэмшлийн болон миний эзэмшлийн цахилгаан хөрөө хоёроор тайрсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 15-16 дугаар хуудас/,

-Гэрч Г.Лын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Модыг О, Г нарын эзэмшлийн цахилгаан хөрөөгөөр унагаж бэлтгэсэн. Оын эзэмшлийн хээр зүсний 2 тооны мориор чирч цагаалсан. Мөн 2 модыг холбож уясан мяндсан татлагаар татаж чирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 24-25 дугаар хуудас/,

-Гэрч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэнд байсан 2 цахилгаан хөрөө, 2 мориор мод чирдэг бололтой бүдүүн мяндсан дөрөөвч байсныг аваад доош уруудсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 71-72 дугаар хуудас/,

-Гэрч П.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэнд мөн 2 ширхэг хөрөө, 2 чирэгч байсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 73-74 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч Ц.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...Би модыг бэлтгэхдээ өөрийн 2 морь болон 1 хөрөө, 2 бэхлэмжийг ашигласан. Мөн Гын 1 хөрөөг ашигласан. Гэхдээ би Год 200,000 төгрөг төлөөд хөрөөг нь худалдаад авчихсан юм. 2 хөрөө, 2 бэхлэмж буюу чирэгч хураагдаад хэргийн хамт ирсэн байгаа. 2 мориныхоо 1 морийг чононд идүүлсэн, 1 морийг нь 2018 оны өвөл хүнсэндээ хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Байгаль хамгаалагч Д.Баас Ц.Оын хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан гэх цагаан-хөх алаг өнгөтэй цахилгаан хөрөө 1 ширхэг, 2 талдаа нарийн модтой бэхлэмж буюу чирэгч хэрэгсэл 1 ширхэг /нийлүүлсэн, 2 ширхэг/-ийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /ХХ1-ийн 229 дүгээр хуудас/,

-Ц.Оаас хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан хөх-цагаан алаг өнгөтэй цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /ХХ1-ийн 232 дугаар хуудас/,

-Ц.Оын мод бэлтгэхдээ ашигласан хөх-цагаан алаг цахилгаан хөрөө 2 ширхэг, гар хийцийн зориулалт бүхий 2 талдаа нарийн модтой бэхлэмж буюу чирэгч хэрэгсэл 1 ширхэг /нийлүүлсэн, 2 ширхэг/-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /ХХ1-ийн 244 дүгээр хуудас/,

-Ц.Оын хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан 2 ширхэг цахилгаан хөрөөг 140,000 төгрөгөөр үнэлсэн 3 дугаартай мөрдөгчийн магадлагаа, 2 тооны морийг 1,000,000 төгрөгөөр үнэлсэн 4 дугаартай мөрдөгчийн магадлагаа /ХХ2-ын 129-130, 133-134 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

3. Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт байдаг Саравч гэх нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 4 метрийн урттай, 805 ширхэг буюу 144.876 м.куб шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэсэн болох нь:

-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Баруун эхийн Саравч өтөг гэх газраас 8 удаагийн тээвэрлэлтээр авчирсан моднуудыг 2018 оны 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд буулгаж, хүлээлгэн өгсөн баримт /ХХ1-ийн 91-93 дугаар хуудас/,

-Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч Т.Лхагварагчаагийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Саравч гэх газраас хураан авч Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны хашаанд хураасан модонд Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн мэргэжилтэн Ө.Одгэрэл, Б.Цэндсодном нарын хамт үзлэг хийв. Үзлэг хийхэд: 4 метрийн урттай, шинэс төрлийн 14 см голчтой мод 34 ширхэг, 16 см голчтой мод 81 ширхэг, 18 см голчтой мод 129 ширхэг, 20 см голчтой мод 141 ширхэг, 22 см голчтой мод 149 ширхэг, 24 см голчтой мод 122 ширхэг, 26 см голчтой мод 66 ширхэг, 28 см голчтой мод 29 ширхэг, 30 см голчтой мод 32 ширхэг, 32 см голчтой мод 15 ширхэг, 34 см голчтой мод 3 ширхэг, 36 см голчтой мод 2 ширхэг, 38 см голчтой мод 1 ширхэг, 40 см голчтой мод 1 ширхэг тус тус байсан бөгөөд нийт 805 ширхэг, 144.876 м.куб эзлэхүүнтэй мод байсныг тэмдэглэл болгон бичив...” гэсэн үзлэгийн тэмдэглэл, тоолуурын хүснэгт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ1-ийн 145-148 дугаар хуудас”,

-Завхан   аймгийн   Байгаль  орчин,   аялал   жуулчлалын   газрын   шинжээч

О.Байгалмаагийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаартай: “...Ойгоос шатсан босоо, унанги хуурай шинэс модыг нийт 805 ширхэг, 144.876 м.куб хэрэглээний мод бэлтгэсэн байна. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тоолуурын хүснэгтээс үзвэл тухайн бэлтгэсэн моднууд нь шинэс төрлийн хэрэглээний хуурай мод байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ2-ын 116-118 дугаар хуудас/,

-Гэрч Б.Жын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Баруун эхийн Саравч гэх газар 2018 оны 3 дугаар сард Ц.О нь хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байсан. 2018 оны 3 дугаар сард цас ихтэй, уулнаас хууль бусаар бэлтгэгдсэн моднууд буюу эд мөрийн баримтуудыг тээвэрлэх боломжгүй байсан учир цас хайлах үед буюу 2018 оны 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд хууль бусаар бэлтгэгдсэн моднууд буюу эд мөрийн баримтыг хадгалах зорилгоор Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа руу зөөвөрлөсөн. Зөөвөрлөх ажлыг миний бие удирдан явуулсан. 8 ширхэг чиргүүлтэй машинаар моднуудыг тээвэрлэсэн. Тухайн үед цас хайлаад шавар намаг ихтэй байсан учир мод байгаа газарт нь чиргүүлтэй машин хүрэхгүй, чиргүүлүүдээ уулын бэлд орхиод, толгойгоороо зөөж чиргүүлдээ ачаад, дараа нь дахин явж толгойгоо дүүргээд сумын төв рүү тээвэрлэсэн. Өөр газраас мод тээвэрлэсэн зүйл байхгүй, тэр Саравч гэх газрын ойд нэг дэвсэг дээр бэлтгэгдсэн моднуудыг тээвэрлэсэн. Миний бие машин бүрд ачигдсан моднуудыг нэг бүрчлэн тоолох боломжгүй байсан ба ачсан, ачсан моднуудынхаа тоог тэмдэглүүл гээд тэмдэглээд, нэгтгэхэд 802 ширхэг мод болсон. Бүх мод ачигдаж ирсний дараа тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд нэгдсэн журмаар тоолоход 805 ширхэг мод болсон. Ачсан хүмүүс алдаатай тоолоод ганц нэг модны зөрүү гарсныг үгүйсгэхгүй. Хамгийн сүүлд нэгтгэн тоолсон тоо бол үнэн зөв, бодит тоо юм. Мод бэлтгэсэн гэх газарт бэлтгэсэн моднуудыг 16 хэсэг газар бөөгнүүлэн тавьсан байсан боловч эмх замбараа муутай тавьсан байсан тул газар дээр нь тоолж, тоог нь гаргах боломжгүй байсан. Мод ачиж байх үед дээрээс нь болон хажуугаас нь ч харагдахгүй мод доороос нь гарч ирэх тохиолдол олон байсан...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Саравч гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэгдсэн 805 ширхэг буюу 144.876 м.куб шинэс төрлийн модыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцохоор тогтоож хураан авсан тэмдэглэл /ХХ1-ийн 225 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

4. Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт байдаг Саравч гэх нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 4 метрийн урттай, 805 ширхэг буюу 144.876 м.куб шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэсний улмаас ойн санд 46,939,824 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч О.Байгалмаагийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаартай: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Баруун эхийн Саравч гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн нийт 805 ширхэг 144.876 м.куб болж байна. Ойн сангийн 1 дүгээр мужид бэлтгэгдсэн 1 м.куб түлээний модны экологи эдийн засгийн үнэлгээ 60,000 төгрөг, тогтмол итгэлцүүр 1.8-аар үржиж тооцоолоход ойн санд нийт 15,646,608 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ2-ын 116-118 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 8 дугаартай: “...Ойн нөөцөд учруулсан хохирлыг шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ болох 144.876 м.куб=15,646,608 төгрөг боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин өсгөж тооцож 46,939,824 төгрөгийг нөхөн төлүүлэх...” гэсэн улсын байцаагчийн акт зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

5. Шүүгдэгч Ц.Оын  2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт байдаг Саравч гэх нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос бэлтгэсэн 805 ширхэг шинэс модыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэн авч ирэхэд Завхан аймаг дахь Цагдаагийн газраас 3,683,200 төгрөгийн зардал гаргасан болох нь:

-Иргэний нэхэмжлэгч Ж.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Рашаант багийн Саравч гэх газарт бэлтгэсэн моднуудыг Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд зөөвөрлөж буулгасан юм. Моднуудыг оруулж ирсэн шатахууны зардлыг манай Цагдаагийн газар гаргасан. Иймд мод тээвэрлэж ирсэн 8 машины шатахууны үнийг нэхэмжилж байна. 6 машинд А80 бензин 1536 литр, нэг бүрийн үнэ 1800 төгрөг, нийт 2,764,800 төгрөг, мөн 2 машинд 410 литр дизель түлш хийсэн, нэг бүрийн үнэ 2240 төгрөг, нийт 918,400 төгрөг, бүгд 3,683,200 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 4 дүгээр хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Ж.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ц.Оын хууль бусаар бэлтгэсэн моднуудыг уулнаас оруулж ирэхийн тулд 8 аж ахуйн нэгжтэй хамтран ажилласан. Моднуудыг зөөж ачих грүшиг зайлшгүй хэрэгтэй байсан тул дээрх 8 аж ахуй нэгж жолоочоос гадна тус бүр 2 грүшиг явуулсан. Манай Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс нь өөрийн гэсэн төсөв байдаггүй учир грүшигийн мөнгийг шатахуунаар тооцоод аж ахуй нэгжүүдэд өгсөн. Тухайн аж ахуй нэгжүүд шатахууныг аваад, өөрсдөө грушигүүдэд хөлс өгсөн. Дараа нь сарын эцэст Завхан аймаг дахь Цагдаагийн газраас шатахууны тооцоог шатахуун түгээх станцад төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл нэхэмжилж байгаа 3,683,200 төгрөгт шатахуун болон грүшигийн хөлс багтсан гэсэн үг юм...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд,

-Шатахуун, тослох материалын зарлагын падаанууд /ХХ1-ийн 94-101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт байдаг Саравч гэх нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно гээд 6 зүйлийг хуульчилсан. Үүний нэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тодорхой байх явдал юм. Ц.Од холбогдох хэргийн тухайд тэрээр хэчнээн мод бэлтгэж, ямар хэмжээний хохирол учруулсан нь одоог хүртэл тодорхойгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаах нь зүйтэй.” гэж, өмгөөлөгч М.Гомборагчаа нь “Гэм буруугийн хувьд маргахгүй ч шүүгдэгчийн бэлтгэсэн модны тооны хувьд маргана. Учир нь шүүгдэгч яг хэчнээн мод бэлтгэсэн болох нь одоог хүртэл тогтоогдоогүй. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хамгийн бага дүн бүхий модны тоогоор хохирол, хор уршиг, нөхөн төлбөрийг тодорхойлох нь зүйтэй.” гэж тус тус маргаж байгаа боловч гэмт үйлдэл хийгээд түүний улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, өөр хоорондоо шалтгаант холбоо бүхий нотлох баримтуудаар хангалттай нотлогдож  байна гэж шүүх үзсэн болно.

 

Тодруулбал,

Ц.О нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 06-ны өдөр хүртэлх хугацаанд модыг бэлтгэсэн байх ба уг цаг хугацаанд мод бэлтгэсэн ууланд цастай байсан бөгөөд моднуудыг эмх цэгц муутай бөөгнүүлсний улмаас тоо ширхгийг нарийн гаргах боломжгүй байсан нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон гэрчүүдийн мэдүүлгээр, түүнчлэн модыг зөвхөн Саравч гэх нэртэй газрын нэг уулнаас ачсан болон уулнаас ачиж ирсэн моднуудыг машин нэг бүрээр тоолоогүй, ачсан гэх дүнг нэгтгэснээс тооцооны зөрүү гарсан байх боломжтой болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул модны тоо тооцоог үнэн зөв, бодит гаргах орчин нөхцөлд тоолсон дүнг шүүх үнэн зөв дүн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Иймд шүүгдэгч Ц.Оыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт хамаардаг Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын нутаг буюу Саравч гэх нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд 4 метрийн урттай, 805 ширхэг /144.876 м.куб/ шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэсний улмаас ойн санд 46,939,824 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “Шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлын зарим хэсгийг сайн дураараа нөхөн төлсөн, зарим хэсгийг нь нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой гэрээ байгуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг мөн нөхөн төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой.” гэж дүгнэж байгаа хэдий ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шууд үндэслэл болохгүй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс бага хэмжээгээр тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус хуульчилсан.

 

Өөрөөр хэлбэл шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай юм.

 

Шүүгдэгч Ц.Оын тухайд ашиг хонжоо олох зорилгоор бусад этгээдүүдийг “зөвшөөрөлтэй” мэтээр төөрөлдүүлж гэмт хэрэг үйлдэхдээ татан оролцуулсан нөхцөл байдал байхаас гадна түүний эцэг Д.Ц нь хүүдээ хамтрагч захиалж, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдэд нөлөөлж байснаас үзвэл энэ хэрэгт хамтын оролцоотой байж ч болзошгүй нөхцөл байдал байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Ц.О нь 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр сум дундын 13 дугаар шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, 1 жил 1 сарын хугацаагаар хянан харгалзуулсан байна.

 

Иймд  шүүхээс  шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялаар шийтгэж, түүний гэм буруудаа хандах хандлага, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлж, зарим хэсгийг нөхөн төлөхөө бодитойгоор илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Од ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Од хорих ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэл оногдуулсан өдрөөс цагдан хорьж, хорих ялын биелэлтийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэх нь үндэслэлтэй.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна.” гэж, 2 дахь хэсгийн 1-д “Ойн санд учруулсан хохирол;” гэж, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно.” гэж, 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;” гэж тус тус хуульчилснаас үзвэл шинжээч О.Байгалмаагийн дүгнэлтэд дурдагдсан 15,646,608 төгрөг нь хууль бусаар бэлтгэгдсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ бөгөөд, түүнийг 3 дахин нэмэгдүүлсэн дүн буюу Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагчийн актад дурдагдсан 46,939,824 төгрөг нь Ц.Оын гэм буруутай үйлдлийн улмаас ойн санд учруулсан хохирол байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т сум, дүүргийн засаг дарга нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар, 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлөхөөр тус тус хуульчилсан учир шүүгдэгч Ц.Оын ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй юм.

 

Шүүгдэгч Ц.Онь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 11,908,390 төгрөгийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төрийн сангийн дансанд төлж барагдуулсан байх тул үлдэгдэл 35,031,434 төгрөгийг түүнээс гаргуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлагдсан.

 

Үүнээс үзвэл Ц.Оын хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай, 805 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 тооны морь, 2 ширхэг цахилгаан хөрөө, 2 ширхэг чирэгч зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж хуульчилсан тул шүүгдэгч Ц.Оаас 2 тооны морины үнэ 1,000,000 төгрөгийг гаргуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг цахилгаан хөрөө болон 4 метрийн урттай 805 ширхэг шинэс модыг борлуулж хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, дутсан тохиолдолд шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс гаргуулахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, 2 ширхэг чирэгчийг устгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хүрэлцэхгүй тохиолдолд шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс гаргуулахаар шүүх шийдвэрлэж буй учир шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгө болох 35,000,000 төгрөгийн үнэ бүхий 76 м.кв талбайтай 3 өрөө байшинг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн мэдэлд шилжүүлэх нь зүйтэй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Эд мөрийн баримтыг хадгалах, шилжүүлэх, шинжлүүлэхэд гарах зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцно.” гэж хуульчилсан ба Ц.Оын хууль бусаар бэлтгэсэн 805 ширхэг модыг хадгалах, шинжлүүлэх зорилгоор Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Саравч гэх нэртэй газрын ойгоос Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа руу шилжүүлэхэд Завхан аймаг дахь Цагдаагийн газраас 3,683,200 төгрөгийн зардал гарсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж заасан тул шүүгдэгч Ц.Оаас 3,683,200 төгрөгийг гаргуулан Завхан аймаг дахь Цагдаагийн газарт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Д   овогт   Цийн   Оыг    улсын   тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Оыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оаас 35,031,434 /гучин таван сая гучин нэгэн мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оаас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх-цагаан алаг өнгийн 2 ширхэг хөрөө, 4 метрийн урттай, 805 ширхэг шинэс модыг борлуулж хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, дутсан тохиолдолд шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс гаргуулахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.Оын хувьд оногдох эд хөрөнгө болох 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийн үнэ бүхий 76 м.кв талбайтай 3 өрөө байшинг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн мэдэлд шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг чирэгч /нийлүүлж холбоод 1 мэт болгосон/-ийг устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Оаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3,683,200 /гурван сая зургаан зуун наян гурван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан Завхан аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН