Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00320

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03062 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2355 дугаар магадлалтай,                                                                                                                                                   

Д.О-ын нэхэмжлэлтэй,

Б.Э- болон “Т” ХХК-д холбогдох

15-45 УБЯ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн сувдан цагаан өнгөтэй автомашины өмчлөгч нь Д.О- мөн болохыг тогтоолгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж, хариуцагчаас автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О-, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг, хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь 2015 оны 10 сараас эхлэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Чулуун Овоо, Сансар үйлчилгээний төвийн чанх хойно байрлах Журмын хашааны эсрэг талын нийтийн байрны 1 давхарт 104 тоотод байр түрээслэн амьдарч байхдаа хажуу өрөөний 105 тоотод оршин суух Б.Э-тай танилцан, улмаар дотносон, Б.Э- нь манай гэрээр орж гардаг болсон. Би 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дөнгөж Монголд орж ирсэн Приус 20 маркийн сувдан цагаан өнгийн автомашиныг худалдан авахаар өөрийн Төрийн банкны 106900435996 тоот данснаас 8.600.000 төгрөгийг машин зардаг ченжийн 107800459383 тоот данс руу “Д.О-аас машины үнэ шилжүүлэв” гээд банкны шилжүүлгээр төлж худалдаж авсан. Гэхдээ тухайн үед миний иргэний үнэмлэх олдохгүй байсан учраас Б.Э-ын нэрээр машины ченжтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулан, машиндаа 15-45 УБЯ улсын дугаарыг авч, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Э-ын нэр дээр авсан. Гэтэл хариуцагч Б.Э- нь өнөөг хүртэл тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэн өгөхгүй байна. Б.Э-аас миний машиныг өгөөд, нэрээ шилжүүлж өг гэж удаа дараа шаардлага тавихад Б.Э- нь “нэрээ шилжүүлнэ, шилжүүлж өгнө“ гэсээр өнөөг хүрлээ. Сүүлдээ Б.Э- нь зориуд утсаа авахгүй надаас зугтдаг боллоо. Сүүлд дахин Б.Э-аас машиныг минь өгч, нэрээ шилжүүлж өг гэхэд тэрээр “машиныг чинь мөргөлдүүлнэ, юу ч үгүй болгож хаяна” гэж хэлсэн. Иймд 15-45 УБЯ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн сувдан цагаан өнгөтэй автомашины өмчлөгч нь Д.О- мөн болохыг тогтоолгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж, уг автомашиныг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э-ын хариу тайлбарт:  Маргааны зүйл болж буй автомашины үнийг төлөхөөр “Есөн шижир” ББСБ ХХК-иас зээл авч, нэхэмжлэгч Д.О-ад өгсөн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээ байгуулсан гэжээ.

Хариуцагч “Т” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Манай компани нь барьцаалан зээлдүүлэх чиглэлээр 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Улаанбаатар хотын 4 дүүрэгт салбартай, энэ төрлийн чиглэлээр үйл ажиллагаа маань тогтворжсон хуулийн этгээд болно. 2017 оны 05 сарын 16-ны өдөр Б.Э- нь манай компанид өөрийн өмчлөлийн 15-45 УБЯ Тоёота приус-20 маркийн автомашинаа барьцаалан 3.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатайгаар зээлэн авч, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон тухайн өдрөө фидуцийн гэрээгээр автомашинаа манай компанийн өмчлөлд шилжүүлсэн. Автомашиныг манай компанийн нэр дээр шилжүүлэх үед Б.Э-ын нэр дээр бүртгэлтэй байсан ба бид энэхүү тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн зээл олгосон. Ийнхүү 2017 оны 05 сарын 16-ны өдрийн Зээл болон Фидуцийн гэрээ нь гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг хөндөөгүй, талууд хүсэл сонирхлоо илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулсан, хуулийн хүчин төгөлдөр гэрээ болно. Б.Э- нь эхний нэг сарын төлбөрийг л төлсөн байгаа. Хэрэв мөнгөө төлөхгүй бол автомашин манай өмчлөлд гэрээний дагуу шилжинэ. Д.О- болон Б.Э- нарын хоорондын хувийн харилцаа, маргаантай байгаа асуудлыг манай компани мэдэхгүй, тус автомашины хувьд манай компани шударга өмчлөгч болно. Нэхэмжлэгчийн хувьд манай компанийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Иймд Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03062 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг тус тус баримтлан 15-45 УБЯ улсын дугаартай Toyota Prius 0 маркийн сувдан цагаан өнгөтэй автомашины өмчлөгч нь Д.О- мөн болохыг тогтоож, 15-45 УБЯ улсын дугаартай Toyota Prius 0 маркийн автомашиныг хариуцагч Б.Э-аас гаргуулж нэхэмжлэгч Д.О-ад олгох, 15-45 УБЯ улсын дугаартай Toyota Prius 0 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Д.О-ын нэр лүү шилжүүлэхийг хариуцагч “Т” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.О-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 67.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 152.550 төгрөгийг, хариуцагч “Т” ХХК-иас 70.200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.О-ад олгож шийдвэрлэжээ.           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2355 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03062 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 106 дугаар зүйлийн 106.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан 15-45 УБЯ улсын дугаартай Тоёота приус загварын автомашины өмчлөгч Д.О- болохыг тогтоож, хариуцагч Б.Э-ын эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч Д.О-ад олгож, “Т” ХХК-д холбогдох фидуцийн гэрээний дагуу шилжүүлэн авсан автомашины өмчлөх эрхийг Д.О-ад шилжүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтын “хариуцагч Т” ХХК-иас 70.200 төгрөгийг тус тус” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Д.Саранчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2355 дугаар магадлалын зарим  хэсэг болох ““Т” ХХК-д холбогдох фидуцийн гэрээний дагуу шилжүүлэн авсан автомашины өмчлөх эрхийг Д.О-ад шилжүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч шүүхэд анх 2017.05.17-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Өмнөх өдөр нь хариуцагч Б.Э-тай ярьж, машин авчирч өг гэхэд уг машиныг өгөхгүй байх арга саам хайж санаатайгаар машиныг нь яг нэхэмжлэл гаргадаг өдөр нь “Т” ХХК-д зориуд нэрээ шилжүүлсэн байдаг. “Т” ХХК нь зээлийн гэрээгээр 3.000.000 төгрөгийг Б.Э-т 10 сарын хугацаатайгаар зээлсэн гэж маргадаг боловч үүнийгээ хариуцагч талаас шүүхэд нотолж чадаагүй, 1 сарын зээлийн гэрээний хугацаа дууссан харагддаг, мөн шүүхэд “Т” ХХК-иас гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын хуулийн шаардлага хангадаггүй, 10 сарын хугацаа гэдгээ нөхөөд, хуурамчаар шивж, хүснэгтэд оруулаад хийсэн байдаг. Үүнийгээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хяналтын шатны шүүхээс хүсэхэд дээрх нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй байгааг тогтоолдоо албан ёсоор дурдаж өгөхийг хүсэж байна.

 Учир нь “Т” ХХК нь 3.000.000 төгрөгийг, 10 сарын хугацаатай Б.Э-т өгсөн гэж маргаж байгаа бөгөөд магадгүй дараа нь “Т” ХХК нь зээл төлөх графикийг нөхөж хийгээд, 10 сарын хугацааны хүүг нэхэж болзошгүй байна. “Т” ХХК нь Б.Э-ыг автомашины өмчлөгч гэж итгэн автотээврийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн зээл олгосон гэж тайлбарлаж байгаа хэдий боловч энэ нь нэхэмжлэгчийн бүрэн төлөөд авсан машинаа гаргуулж авах эрхийг зөрчих, өөрийн өмчөө хуулийн дагуу тогтоолгож, гаргуулахад саад болохгүй гэж үзэж байна. Хэрэв “Т” ХХК нь хохирсон гэж үзвэл өөрийгөө хохироосон гэж үзсэн этгээдээс 3.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой, эрх нь нээлттэй байгаа. “Т” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байсаар байхад 3.000.000 төгрөгийг авахын тулд нэхэмжлэгчийн 8.600.000 төгрөгөөр худалдаж авсан машиныг барьцаалж, 10 сарын хүүний мөнгө нэмж авахаар санаархаж байна. Энэ хэрэг маргааны хугацаанд хариуцагч Б.Э- нь нэхэмжлэгчид машиныг санаатайгаар өгөхгүйгээр, үргэлжлүүлэн унаж ашиглаж, эвдрэл элэгдэлд оруулсаар л байна.

Хариуцагч “Т” ХХК нь шударга эзэмшигч, хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс / Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1/ шаардах эрхгүй болно гэж маргаж байгаа боловч маргаан бүхий автомашины жинхэнэ өмчлөгч нэхэмжлэгч Д.О- төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөгч мөн болох нь тогтоогдож байна. Иймээс Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 112 дугаар зүйлийн 112.1-д заасан заалтууд нийцэж байгаа. /Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна/ гэжээ. Хариуцагч “Т” ХХК-иас нэхэмжлэгчид ямар хариуцагчийг татахыг заах эрх хуулиар олгогдоогүй. Энэ бол нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх юм. Иргэний хуулийн 27, 28 дугаар зүйл. Хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд саад болж байгаа учраас хариуцагчаар татсан. Өнөөг хүртэл бодит байдал дээр энэ олон сар нэхэмжлэгч машинаа ч авч чадахгүй, шүүхээр марган явж байгаа нь энэ ломбардтай холбоотой юм. Иймээс хариуцагчаар татсан. Анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 40.1, 40.2-т заасан хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргах хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн эрх бүрэн хангагдсан, хуульд заасан талуудын мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хуулийн шаардлагыг хангасан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Гэвч анхан шатны шүүхээс 15-45 УБЯ улсын дугаартай Тоуота Рrius о маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Д.О-ын нэр лүү шилжүүлэхийг хариуцагч “Т” ХХК-д даалгаж шийдвэрлэснийг Давж заалдах шатны шүүх нь “хариуцагч “Т” ХХК-д холбогдох автомашины өмчлөх эрхийг Д.О-ад шилжүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байгаа тул энэ заалтыг хүчингүй болгож, харин 15-45 УБЯ улсын дугаартай Тоуота Рrius 0 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Д.О-ын нэр лүү шилжүүлэхийг Авто тээврийн Үндэсний төвд даалгасугай гэж зөвтгөн оруулж өгөхийг хүсэж байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар “Т” ХХК-ийг татаагүй байхдаа л тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх гэдэг шаардлагыг тавьж байсан. Тэгэхээр Авто тээврийн Үндэсний төвд даалгах боломжтой юм. Иймд гомдлыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03062 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээх, эсвэл хариуцагч “Т” ХХК-д холбогдох фидуцийн гэрээний дагуу шилжүүлэн авсан автомашины өмчлөх эрхийг Д.О-ад шилжүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон заалтыг хүчингүй болгож, 15-45 УБЯ улсын дугаартай Тоуота Рrius 0 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Д.О-ын нэр лүү шилжүүлэхийг Авто тээврийн Үндэсний төвд даалгасугай /нэг асуудал болох Тоёота приус загварын автомашины өмчлөгч Д.О- болохыг шат шатны шүүх тогтоосон атлаа автомашины өмчлөх эрхийг Д.О-ад шилжүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь нэг асуудлыг хоёрдмол болгож ойлгомжгүй, гацаанд оруулж байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт 15 45 УБЯ улсын дугаартай Тоуота Рrius 0 маркийн автомашины өмчлөгч Д.О- болохыг тогтоосон бол машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг мөн адил шилжүүлэх асуудал хамт байх учиртай гэж үзэж байна  гэж зөвтгөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримт, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад Иргэний хуулийн фидуци болон өмчлөх эрхийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Б.Э-т холбогдуулан 15-45 УБЯ улсын дугаартай Тоёота приус автомашины өмчлөгч болохыг тогтоох, түүний хууль бус эзэмшлээс тухайн эд хөрөнгийг гаргуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх тээврийн хэрэгсэл “Т” ХХК-ийн эзэмшилд шилжсэн тул хамтран хариуцагчаар компанийг татаж, машины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг шаардсан ба хариуцагч “Т” ХХК шаардлагыг эс зөвшөөрч, 7 дахь жилдээ барьцаалдан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, Б.Э- нь өөрийн өмчлөлийн 15-45 УБЯ улсын дугаартай машинаа фидуцийн зүйл болгосон, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй 15-45 УБЯ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн сувдан цагаан өнгөтэй автомашиныг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2644 дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээгээр Т.Чанцалдуламаас Б.Э-т шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ Б.Э-ын нэр дээр гарсан болох нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Харин автомашины төлбөрийг нэхэмжлэгч Д.О- нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн банк дахь өөрийн 106900435996 дугаартай данснаас шилжүүлсэн болох нь тус банкны мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны хуулга, мемориалын баримт, гэрч Т.Аюурзана, Т.Чанцалдулам нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч Б.Э- нь автомашины үнийг төлөхөөр “Есөн шижир” ББСБ ХХК-иас зээл авч, Д.О-ад өгсөн гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар энэ тайлбараа баримтаар нотлоогүй тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан баримтаас үзэхэд эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр нэхэмжлэгч Д.О-ад өмчлөх эрх шилжсэн буюу нэхэмжлэгчийг тухайн автомашины өмчлөгчөөр тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт нийцсэн, тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-ын эзэмшлийг хууль бус гэж үзэж автомашиныг шаардах эрхтэй юм.  

Харин хариуцагч Б.Э- нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр БЗ-2017 дугаартай Зээлийн гэрээгээр “Т” ХХК-ийн “Т” авто ломбардаас 3.000.000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 15-45 УБЯ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг фидуцийн гэрээгээр шилжүүлсэн, автомашиныг Б.Э- ашиглах эрхтэй байхаар харилцан тохиролцсон тухай зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан байна.

Хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлахдаа “...Б.Э- өөрийн өмчлөлийн автомашиныг барьцаалан зээл авсан, фидуцийн гэрээгээр автомашиныг тус компани өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь хууль зөрчөөгүй, автомашинтай холбоотой асуудлаар нэхэмжлэгч Д.О-ын эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал байсан талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн хүнээс автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлэн авсан тул автомашиныг нэхэмжлэгчид буцаан өгөх боломжгүй” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.О-ыг 15-45 УБЯ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байх тул автомашиныг хариуцагч Б.Э-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох, 15-45 УБЯ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр рүү шилжүүлэхийг хариуцагч “Т” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь зөв боловч хариуцагчид үүссэн үүргийн хууль зүйн үндэслэлийг дүгнээгүй нь учир дутагдалтай юм. 

Давж заалдах шатны шүүх “...хариуцагч Б.Э- 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр БЗ-2017 дугаартай зээлийн гэрээг “Т” ХХК-тай байгуулж, фидуцийн гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох автомашиныг Б.Э- өмчлөх эрхгүй этгээд гэдгийг “Т” ХХК мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар уг автомашины өмчлөх эрхийг шударгаар олж авсан”  гэж дүгнээд “Т” ХХК-д холбогдуулан гаргасан Б.Оюунхандын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу, хариуцагч компанийн эрх зүйн байдалд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэж чадаагүй байна.  

2017 оны 03 сарын 24-ний өдрийн 00003985 дугаар бүхий “Т” ХХК-ийн Баянзүрх дүүрэг дэх салбарт олгосон Салбарын гэрчилгээнд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл гэж “Барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээ”, түүнчлэн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 0000104690 дугаар бүхий “Т” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд 4774- Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэж тодорхойлогдсон гэрчилгээний хуулбар хувиуд хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч “Т” ХХК-иас автомашины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардах эрхтэй буюу хэрэгт авагдсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, “Т” ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд “Т” ХХК-ийг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан “Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох” эрхтэй хуулийн этгээд гэж үзнэ. Хуулийн энэ зохицуулалтаар барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй юм. Энэ төрлийн зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий этгээд нь зээлдэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахдаа хэрэглэх арга, баримтлах хугацаа, журмыг хуулиар тусгайлан зохицуулсан байдаг. 

Тухайлбал, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс барьцаалдан зээлдэх газар үүргийг хангуулж үлдсэн мөнгийг зээлдэгчид буцаан олгохоор хуульд заасан байна.

Түүнчлэн барьцаалан зээлдэх газар нь барьцааны зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулахыг хуулиар хориглож, харин гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээлгэжээ.

“Барьцаалан зээлдэх газар”-ыг зээлийн үйл ажиллагаа эрхлэх өвөрмөц этгээд буюу “гудамжны банк” хэмээн нэрлэдэг. Учир нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд зөвхөн хөдлөх хөрөнгийг тавих, зээлдүүлэгч нь барьцааны зүйлийг өөрийн эзэмшилдээ хадгалах, зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хуульд заасан хугацаанд мэдэгдэл өгч, худалдан борлуулах бололцоотой байх нөхцлийг харгалзан үзсэн зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, иргэнд мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд ямар нэгэн тусгай бүртгэл, хөрөнгийн үнэлгээ хийлгэх шаардлагагүйгээр барьцаалан зээлдэх газартай харилцан тохиролцон, шаардлага хангасан гэж үзсэн хөрөнгөө барьцаанд тавьж, зээл авах арга гэж үздэг. Иймээс ч барьцаалан зээлдэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны зүйл болгох боломжгүй буюу хуулийн заалт хөдлөх хөрөнгө гэж тогтоосон хэм хэмжээг агуулжээ. 

Түүнчлэн үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахдаа заавал “худалдан борлуулах” аргыг хэрэглэх ёстой байдгаараа барьцааны гэрээ өөрийн гэсэн үндсэн шинжийг агуулдаг.

Дээрхээс үзвэл “Барьцаалан зээлдэх газар”-ыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуци”-ийг хэрэглэх боломжгүй, тусгайлсан зохицуулалттай харилцаа гэж үзнэ.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба энэ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг юм.

Гэвч энэ нь гэрээ байгуулагдахтай зэрэгцэн фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлдэг буюу Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан эрх үүсэх буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь фидуцийн зүйлийг худалдан борлуулах болон зээлдэгч талд энэ тухай мэдэгдэх үүрэг хүлээхгүй. 

Өөрөөр хэлбэл, өмчлөх эрх нь фидуцийн үндсэн дээр шилждэг тул эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй байхаар зохицуулалт хийгдсэн байдаг.

Хэдийгээр барьцаалан зээлдэх газар “хөдлөх хөрөнгө” барьцаалах, фидуцийн зүйл мөн “хөдлөх хөрөнгө” байгаа нь гэрээний зүйлээрээ адил байх боловч үүргийн гүйцэтгэлийг хангах арга, журам, өмчлөх эрх шилжих, дуусгавар болох үндэслэлээрээ ялгаатай байдаг. Хууль тогтоогч барьцааны зүйлийг худалдан борлуулах хугацаа, журмыг “барьцаалан зээлдэх” үйл ажиллагаа эрхлэх этгээдийн хувьд тусгайлсан зохицуулалт хийснийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаараагүйгээс хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлт хийсэн байна.

“Барьцаалан зээлдэх” үйлчилгээ эрхэлдэг “Т” ХХК нь зээлдэгчтэй Иргэний хуулийн 268 дугаар зүйлд зааснаар мөн хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцааны гэрээ байгуулах ёстой байтал хуулийн 235 дугаар зүйлээр зохицуулсан фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д заасныг зөрчсөн гэж үзэх тул хариуцагч “Т” ХХК нь 15-45 УБЯ улсын дугаартай Тоёота приус-20  маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Д.О-ын нэр рүү шилжүүлэх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнд 15-45 УБЯ улсын дугаартай автомашиныг “Тоёота приус-0” маркийн гэж бичигдсэн байх тул шүүхийн шийдвэрт  “Toyota Prius 0” маркийн гэж бичсэнийг буруутгах боломжгүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2355 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03062 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.О-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН