Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/001102

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02571 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 666 дугаар магадлалтай,

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“И” ХХК-д холбогдох,

54.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

36.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хангалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хангал, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тэнүүн Өлзий ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр №01/15 тоот Баяжуулах төхөөрөмж буюу алт угаах скруббер нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр талууд алт угаах скруббер, усан буу, шлюз иж бүрдлээр нь 2 ширхгийг худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцсон бөгөөд 1 иж бүрдлийн үнэ 90.000.000 төгрөг, 2 иж бүрдлийн нийт үнэ 180.000.000 төгрөг байхаар гэрээнд тусгасан. И ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилгаа төлбөр болох 90.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 54.000.000 төгрөг, нийт 144.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн болно. Хариуцагч нь 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эхний иж бүрдлийг манай компанид хүлээлгэн өгч, талууд Гэрээ дүгнэсэн акт үйлдэж баталгаажуулсан. Нийлүүлэгч тал тоног төхөөрөмжийн ашиглалтын зааврыг дагалдуулан хоёр талын эрх бүхий албан тушаалтанд тоо ёсоор хүлээлгэн өгч хүлээлцсэн тухай баримтыг талууд 2 хувь үйлдэж баталгаажуулна гэж заасан. Гэвч хариуцагч 2 дахь иж бүрдлийг гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн. Тус компани эхний иж бүрдлийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр уурхай дээр хүргэсэн бөгөөд 4 шлюз илүү хүргэгдсэн байсан тул хариуцагчид буцаан өгсөн. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр И ХХК болон Тэнүүн Өлзий ХХК-ийн хооронд байгуулагдсан №01/15 тоот Баяжуулах төхөөрөмж буюу алт угаах скруббер нийлүүлэх гэрээний дагуу илүү төлсөн 54.000.000 төгрөгийг Тэнүүн Өлзий ХХК-иас гаргуулж, И ХХК-д олгож өгнө  үү гэжээ.

Хариуцагч “Тэнүүн Өлзий” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “И” ХХК Баяжуулах төхөөрөмж буюу алт угаах скруббер нийлүүлэх гэрээ-г 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 01/15 дугаартай байгуулсан. Уг гэрээний дагуу нэг бүр нь 90.000.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг иж бүрдэл нийт 180.000.000 төгрөгийн төхөөрөмж тогтоосон хугацаанд нийлүүлэхээр тохирсон. Манай талаас гэрээний үүргээ зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Тэнүүн Өлзий” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний 3 дугаар зүйл 3.2.2-т заасны дагуу И ХХК дунд шатны төлбөр 30 хувь буюу 54.000.000 төгрөгийг төлсөн. Гэтэл тус компани “...манай талд санхүүгийн хүндрэл гараад байна, удахгүй авна...” гэж хэлсний дагуу бид өөрийн компаний аж ахуйн хашаанд хадгалж хамгаалан өнөөдрийг хүрсэн. И ХХК нь гэрээ цуцлахтай холбоотой манай талд ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй, бид төхөөрөмжийг  хадгалсаар байсан. И ХХК нь үлдэгдэл төлбөр 36.000.000 төгрөгийг төлснөөр захиалгаар хийлгэсэн төхөөрөмжийг гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөх болно. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр болох нийт үнийн 20 хувь буюу 36.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч И ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нийлүүлэгч нь 2 дахь ээлжийн иж бүрдэл төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр төлөгдсөн өдрөөс хойш хуанлийн 20 хоногт буюу 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нийлүүлэх ёстой байсан боловч энэ хугацаанд төхөөрөмжийг нийлүүлээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа болно гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02571 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 204 дүгээр зүйлийн 204.2-т заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас гэрээний үүрэгт 54.000.000 /тавин дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “И” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 36.000.000 /гучин зургаан сая/ төгрөгийг гаргуулж хариуцагч “Т” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 337.950 төгрөг гаргуулж хариуцагч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 666 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02571 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Тэнүүн Өлзий ХХК-иас 54.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 36.000.000 төгрөг гаргуулах тухай Тэнүүн Өлзий ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т ...И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 337.950 төгрөг гаргуулж хариуцагч Тэнүүн Өлзий ХХК-д олгож... гэснийг хариуцагчаас 427.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 427.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хангал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны 666 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй талаар үйл баримтыг нэхэмжлэгч тал баримтаар нотолж чадаагүй, харин нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн материалд авагдсан 2016 оны 8 дугаар сарын 02-ны албан бичгээс тодорхой харагдаж байхад уг баримтыг бодитойгоор үнэлээгүй, мөн иргэний хуулийн 206.1-д хэсэгт заасныг буруу тайлбарласан. Тодруулбал ажил гүйцэтгэх гэрээ нь 2 талын гэрээ бөгөөд талууд харилцан үүрэг хүлээх зарчимтай бөгөөд үүний дагуу хариуцагч гэрээнд заасан хугацаанд ажлыг үр дүнг буюу тоног төхөөрөмжийг бий болгох, /Хугацаанд гүйцэтгэсэн, хүлээн авах талаар удаа дараа мэдэгдсэн/, Бэлэн болсон ажлын үр дүнг хариуцагч нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч тал хүлээн авах, /Xариуцагч өөрийн үйлдвэр дээр ачиж буулгахад бэлэн болгосон/, Ажлын үр дүнг хүлээн авахын тулд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх тээвэрлэх тээврийн хэрэгслийг тогтоосон газар бэлэн байлгах, түүнтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч бүрэн хариуцах, /Нэхэмжлэгч уг үүргээ биелүүлээгүй/, үүнийгээ биелүүлээгүй. Давж заалдах шатны Иргэний хуулийн 206-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг баримтлалгүй шийдсэнээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “Тэнүүн Өлзий” ХХК-с 54.000.000 төгрөг  нэхэмжлэхдээ алт угаах төхөөрөмжийг нийлүүлээгүй тул урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгийг буцаан гаргуулна гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 36.000.000 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн хооронд 2015 оны 3 дугаар сарын 30-ний өдөр байгуулагдсан Баяжуулах төхөөрөмж буюу алт угаах скруббер нийлүүлэх гэрээгээр хариуцагч нь 2 ширхэг иж бүрдэл төхөөрөмжийг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч 180.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Хариуцагч өөрийн материалаар уг тоног төхөөрөмжийг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч уг төхөөрөмжийг хүлээн авч, хөлс төлөхөөр харилцан тохиролцсоноор  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан  ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн үүргээ талууд гүйцэтгэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.  

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч 90.000.000 төгрөгийн үнэ бүхий нэг төхөөрөмжийг хүлээн авсан, энэ талаар маргаагүй байна. Харин 2 дах төхөөрөмжийг нийлүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Гэрээний 3.2.2, 3.2.3-т зааснаар нэхэмжлэгч 54.000.000 төгрөгийг төлсөн тохиолдолд хариуцагч хуанлийн 20 дах хоногийн дотор 2 дах иж бүрдлийг хүлээлгэн өгөх, энэ тохиолдолд үлдэгдэл 36.000.000 төгрөгийг төлөхөөр талууд тохирчээ. Нэхэмжлэгч дээрх мөнгийг төлсөн нь тогтоогдсон, харин хариуцагч төхөөрөмжийг гэрээнд заасан хугацаанд нийлүүлснээ нотолж чадаагүй  байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн бөгөөд ажил гүйцэтгэгч түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т заажээ. Хариуцагч гэрээгээр нийлүүлэхээр тохирсон тоног төхөөрөмжийг захиалагчид хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.  

Дээр дурдсанаас үзвэл хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж шилжүүлсэн мөнгөө буцааж шаардсаныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1.-т зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөх ба хариуцагч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд ажлын хөлс шаардах эрхгүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  сөрөг нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 666 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хангалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 429.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ