Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 4

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                    

                                                                                                                                                                                                                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 Т.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор О.Багшбаяр,

шүүгдэгч Т.Д-ын өмгөөлөгч О.Цэвэлмаа,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 597 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Д-, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Д-д холбогдох 201625013043 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Т.Д, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар гудамжны хх тоотод оршин суух бүртгэлтэй, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

Т.Д- нь 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 25-557 тоотод өөрийн төрсөн эцэг Г.Т маргалдаж түүнийг зодож бие махбодид нь олон тооны шарх учруулан онц хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Т.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Д-ыг онц хэрцгий аргаар хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Т.Д-ыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д оногдуулсан 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Д-ын цагдан хоригдсон 330 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөрдөн байцаалтын туршилтыг ажиллагааг харуулсан 1 ширхэг Си диг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Д- гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 597 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлэхээр шийтгүүлсэн.

Хэрэг гарах өдөр би аавыг гарсны дараа нам унтсан байсан чинь аав эргэж орж ирээд бос хоол хий гэж хэлсэн. Би хоол хийж эхэлсэн чинь аав надаас мөнгө байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлэхэд чи битгий худлаа яриад бай гээд үсдээд фудволкоор хоолой боосон. Би өөрийгөө хамгаалж нилээн тэссэн. Тэгээд би амьсгалж чадахгүй ухаан алдах нь уу гэж бодсон. Тэгээд амьсгалж чадахгүй болоод аавыгаа цохисон. Өөр арга байгаагүй.

Би гэртээ ээж, хөгжлийн бэрхшээлтэй эгчийнхээ хамт амьдардаг. Гурван настайдаа сонсголгүй болсон. 10 жилийн 29 дүгээр дунд сургуулийн 10 дугаар ангийг төгссөн.

Хувиараа барилга дээр барилгын ажил олдвол барилгын туслах ажилтнаар ажилладаг байсан. Хөгжлийн бэрхшээлтэй болсны улмаас хөдөлмөрийн чадвар 50 хувь алдаж, чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчийн хяналтад тахир дутуугийн группд орсон.

Би ээжийгээ маш их өрөвдөж байдаг, гэр хороололд байшингаа галлаж чадахгүй, хашаанд хамт амьдардаг хүүгийндээ хөгжлийн бэрхшээлтэй охинтойгоо хамт амьдарч байна.

Би 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн эцэг Төмөрийн амь насыг санаатайгаар хохироосон хүн амины хэрэгт холбогдуулан өнөөдрийг хүртэл цагдан хоригдож хүнд ял шүүхээс сонсож байгаад маш их харамсаж байна. Надад эцгийгээ амь насыг хохироож санаатай алах ямар ч шалтгаан өс хонзон байхгүй. Миний хувьд хэдий сонсголын бэрхшээлтэй боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохиогддог спортын уралдаан тэмцээнд орж алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдаж, хамт олондоо нэр хүндтэй байсан ба цаашдаа сурч боловсрох, нийгэмдээ орж бусдын адил амьдрах зорилго тэмүүлэлтэй байсан. Гэтэл намайг аавтайгаа маргалдах үед огт байгаагүй бэр эгч Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн 6 удаагийн зөрүүтэй мэдүүлгийг үндэслэн хүнд гэмт хэрэгт холбогдуулан хүнд ял сонсгож байгаа явдал нь үндэслэлгүйгээр ял сонсголоо гэж үзэж байна. Тухайлбал:

Миний эцэг Г.Төмөр нь дотоодын цэргийн 805 дугаар ангид жолоочоор ажиллаж байгаад 2015 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарснаас хойш сүүлийн 10 жил өдөр бүр архи уухдаа агсан согтуу тавьж, элдвээр доромжилж, намайг болон бие муутай эгчийг минь зодож дарамтлахдаа, би цагдаагийн байгууллагад ажиллаж байсан та нар яаж ч чадахгүй гэх зэргээр айлган сүрдүүлдэг байсныг гэрчүүд мэдүүлдэг.

Аавыг агсан согтуу тавих үед ээж маань зугтаагаад хүү Даваадоржийн гэрт орж хөргөгчний араар ороод нуугдаж байгаад унтсаных нь дараа гэртээ орох эсхүл охин Эрдэнэцэцэгийнд очих буюу талийгаачийн дүү Доржнамжааг дууддаг байсан. Агсан тавиад болохгүй болохоор 1 удаа Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны цагдаагийн хэсэгт өгсөн боловч бүртгүүлээд гарахдаа намайг цагдаа нар яах ч үгүй байгаа биздээ гээд л хуулийн байгууллагыг хувийн байгууллага мэт бодчихсон танхай хүн байсан. Амьдрах хугацаандаа сүүлийн 10 жилд ээж, эгч нар маань маш их айдастай амьдарч, сүүлдээ хөгшин настай өвөө Пүрэвсүрэнг хүртэл хөдөөнөөс ирүүлж хань болгохоор байлгадаг байсан. Хамгийн сүүлд миний ээж 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр талийгаач архи ууж ирээд цээж рүү нь цохиж 3, 4 дүгээр хавиргыг нь хуга цохисон, наадам таарсан учир 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “Гялс төв”-д үзүүлж эмчилгээ хийлгүүлээд дахин зодуулахаас айгаад намайг аавтай үлдээж, Баянхонгор аймгийн Бууцагаан сум руу зугтаж явсан хойгуур аав намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон үйлдэлдээ санамсар болгоомжгүй байдлаасаа болж гэмт хэргийн холбогдогч болж байгаад миний хувьд харамсаад барахгүй байна. Т.Д- намайг эцгийнхээ амь насыг санаатай хохироосон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгосон нь хүндрүүлэн зүйлчилсэн гэж үзэж байна.

Гэтэл миний хувьд аавтайгаа таарамжгүй зүйл байгаагүй, харин аав надтай маш их эвтэй байсан учраас шууд аавыгаа алах санаа зориг байхгүй байсан гэдгийг хохирогч Г.Л, гэрч Т.Даваадорж, Т.Даваасүрэн, Т.Эрдэнэцэцэг нар мэдүүлэг өгсөн байдаг. Иймд би дээрх зүйл ангийг зөвшөөрөхгүй байгаа учир энэхүү гомдлыг гаргаж байгаа бөгөөд хэргийн бодит үнэнийг тогтоож өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Хэрвээ би үнэхээр гэмт хэрэг үйлдэж, төрсөн эцгийнхээ амь насыг санаатай хохироосон бол тус шүүхэд гомдол гаргахгүй байсан...” гэжээ.

 

Шүүгдэгч Т.Д-ын өмгөөлөгч О.Цэвэлмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 597 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Д-д холбогдох Эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Т.Д- шүүхийн хэлэлцүүлэгт “Би аавыг гарсны дараа нам унтсан байсан чинь аав эргэж орж ирээд бос хоол хий гэж хэлсэн. Би хоол хийж эхэлсэн чинь аав надаас мөнгө байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлэхэд чи битгий худлаа яриад бай гээд үсдээд фудволкоор хоолой боосон. Би өөрийгөө хамгаалж нилээн тэссэн. Тэгээд би амьсгалж чадахгүй ухаан алдах нь уу гэж бодсон. Тэгээд амьсгалж чадахгүй болоод аавыгаа цохисон. Өөр арга байгаагүй” гэж мэдүүлдэг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Л “Талийгаач авир муутай, архи их уудаг хүн байсан бөгөөд бэр эгч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хоёроо зодож дарамталдаг байсныг их сонсож байсан. Талийгаач, Давааням хоёр их эвтэй байдаг байсан, Бид нар талийгаачийг гэртээ байгаа гэхээр нь оролгүй явдаг байсан. Талийгаачийг байхгүй үед эгчтэйгээ уулздаг байсан. Хөгжлийн бэрхшээлтэй Давааням ийм хэрэгт холбогдсонд итгэхгүй байна. Давааням бол дөлгөөн хүүхэд юм. Талийгаач бол гар далайдаг, бусдыг зодчих гээд байдаг болохоор Даваанямыг барьж аваад зодсон байх гэж бодож байна” гэж мэдүүлдэг.

Гэрч Д.Цэндсүрэн “Гэртээ буцаж ирэхэд талийгаачийн хамарны ойролцоо, мөн чихний ойролцоо халцарсан байсан” гэж мэдүүлдэг.

Гэрч Д.Цэндсүрэн “Цагаан байшинд талийгаач л дуу нь гараад чанга чанга дуугараад байсан. 20 минут хиртэй болсон байх. Хоорондоо ноцолдож байгаа мэт тэн түн гэх чимээ гарч байсан. Давааням чанга ярьж, бүтэн үг хэлж чадахгүй. Уурлахаараа сонин авиа гардаг” гэж мэдүүлдэг.

Гэрч Т.Эрдэнэцэцэг “Давааням утас авангуутаа өөдөөс аав дандаа архи уугаад ядаргаатай байх юм хурдан ир. Аав намайг ал гээд босч ирээд байна” гэж мэдүүлдэг.

Гэрч Г.Пүрэвсүрэн “Төмөр бол архи их уучихдаг байсан. Согтуу ирээд архи нэхээд л байдаг байсан. Согтохоороо эхнэрээ цохиод авчихна” гэж мэдүүлдэг.

Гэрч Т.Даваадорж “Талийгаач архи их уусан үедээ агсам согтуу их тавьдаг, харсан болгон руугаа дайрч давшлаад байдаг байсан. Хүн болгоныг элдвээр хэлээд, ээжийг бол архи уух болгондоо зоддог байсан. 2016 оны наадмаар ээжийг талийгаач зодож хөхний орчимд хөх няц болтол зодсон байсан. Өвчүүнийхээ тэнд 2 хавирга нь хугарсан байсныг эмнэлэгт үзүүлж мэдсэн” гэж мэдүүлдэг.

Гэрч Д.Туул “Ер нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд томрох тусмаа өөрөө дутуу гэдгээ ойлгоод бухимдах явдал байдаг” гэж мэдүүлдэг.

Талийгаач нь хэрэг гарах үед архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн, биеийн хүч чадлын хувьд Т.Д-аас давуу хүчтэй байсан. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн этгээдэд сонсгож байгаа зүйл анги нь гэм буруутай үйлдэлд нь тохирсон байх ёстой. Т.Д- нь амь хохирогч Г.Төмөрийг зодож харгис хэрцгий аргаар санаатай алсан болохыг нотлох баримт хэргийн материалд байхгүй байна. Тухайлбал:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцох тухай заасан. Зөвхөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, хавтаст хэргийн материалаар гаргасан шинжээчийн дүгнэлт, хэргийн нөхцөл байдлыг мэдэхгүй, тухайн үйл явдалд байгаагүй гэрч Д.Цэндсүрэнгийн мэдүүлгийг үндэслэн Г.Төмөрийг харгис хэрцгий аргаар санаатай алсан гэж шүүх дүгнэж байгаа боловч гэрч Д.Цэндсүрэнгийн 6 удаа өгсөн мэдүүлгээс аль мэдүүлгийг ямар үйл явдлын нотлох баримт гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй гэж заасан байдаг. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож байгаа нь хүндрүүлэн зүйлчилж байна гэж үзэж байна. Гэтэл Т.Д-ын үйлдэлд хохирогчийн бие махбодид хүнд гэмтлийг санаатай учруулах санаа зориг өс хонзон байна гэдэг нь нотлогдохгүй байна. Үйлдэл нь нотлогдохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Тухайлбал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Гэтэл улсын яллагчийн яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт эргэлзээтэй, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй байна. Т.Д-ын үйлдэлд хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах шууд ба шууд бус санаа зориг, өс хонзон байна гэдэг нь нотлогдохгүй байна.

Т.Д- нь ам бүл 3, гурван настайдаа сонсголгүй болсон. 10 жилийн 29 дүгээр дунд сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. Хувиараа барилга дээр барилгын ажил олдвол барилгын туслах ажилтнаар ажилладаг байсан. Хөгжлийн бэрхшээлтэй болсны улмаас хөдөлмөрийн чадвар 50 хувь алдаж, чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчийн хяналтад тахир дутуугийн группд байдаг. Гэртээ ээж, оюуны хомсдолтой эгчийн хамт амьдардаг. Шүүгдэгч Т.Д-ын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгийг судлан шинжлэхэд энэхүү гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн болох нь харагдаж байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж Т.Д-ын үйлдэл нь нотлогдохгүй байгаа тул зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож өгнө үү...” гэв.

 

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Талийгаачийн биед олон тооны шарх үүссэн учраас хэргийг болгоомжгүй болон сэтгэл санаа цочрон давчидсаны улмаас уг гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Т.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 

2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Т.Д- нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 25-557 тоотод  буюу гэртээ өөрийн төрсөн эцэг Г.Т маргалдаж, түүний бие махбодид нь “Гавал тархины битүү хүнд гэмтэл: Тархины хатуу хальсан дээрх 200 гр цусан хураа, баруун тал бөмбөлөгийн дарагдал, 2 тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл тархмал цус харвалт,  бага тархины 2 тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун 8, 9, 10, 11, 12 дугаар хавирга нугалмын хажуугийн шугамаар, 9-р хавирга суганы урд шугамаар, зүүн 7-р хавирга хөхний шугамаар,  8-р хавирга нугалмын хажуугийн шугамаар,  9-р хавирга нугалмын хажуугийн шугамаар шууд бус хугарал, бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, баруун нүдний дээд зовхи, алимны салст, баруун өгзөг, баруун ташаа, цээж зүүн өвдөгт баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун хацар, эрүү, баруун өвдөг, баруун шилбэ, хамарт зулгаралт, баруун чихний омогт шарх” гэсэн гэмтлүүд учруулан зодож алсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н-ын “...Би 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр охинтойгоо хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сум руу манай аавын бие нь өвдөөд эм тариа хүргэж өгөхөөр явсан. Мөн манай ээж саяхан өнгөрөөд ээжийнхээ нутаглуулсан газрыг тахихаар явсан. Тэгээд 8 дугаар сарын 24-ний орой цагийг нь сайн мэдэхгүй байна нилээн орой болж байхад манай том хүү болох Даваадорж утсаар залгаад ээжээ хүү нь ажлаасаа ирсэн чинь аав бараг амьсгал хурааж байгаа юм биш үү хачин болчихсон байна та бушуу ирэхэд яадаг юм гэсэн. Би тэр үед үхэр саагаад сууж байсан юм. Тэгээд би түргэн дууд ах эгч нартаа бүгдэд нь хэлээдэх гэж хэлсэн. Тэр шөнө манай дүү нар сумын төвөөс намайг ирж аваад маргааш нь өдөр унаа жаахан хүлээж байгаад Бууцагаан сумаас аймгийн төв рүү орсон. Оронгуутаа шууд Улаанбаатар хот руу явсан. Хотод 8 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн үед ирсэн. Намайг ирэхэд манай ах дүү нар цугласан манай талийгаач нөхрийг цагдаа нар болон шүүх эмнэлэг ирээд аваад явчихсан гэж байсан. Манай хүүхдүүд болон хамаатнууд надад хэлэхдээ түргэн дуудаад түргэний эмч нар ирэхэд амьсгал хураасан байсан гэж хэлсэн. Манай хүн бол олон хүнтэй найзлаад нөхөрлөөд байдаггүй юм. 100 айлын ачааны машин зогсдог газар өөрийнхөө жижиг цагаан өнгийн ачааны машинаар ачаа ачиж хэд гурван төгрөг олдог байсан. Тэнд ажиллаад 2 cap орчим болж байсан. Архийг нилээн уудаг. Сүүлийн нэг жил буюу тэтгэвэрт гарснаасаа хойш уух их дуртай болсон. Нэг их агсам согтуу тавиад байдаг нь гайгүй тэгсгээд унтаад өгдөг юм. Манай талийгаач хааяа бие өвдөөд байна гээд ганцаараа сууж байгаад 100 грамм архи уучихдаг байсан. Тэгэхээр нь би бие чинь өвдөөд байгаа юм бол архиар даруулж яах юм эмнэлэгт үзүүлье гэхээр үгүй гэдэг байсан. Тэгээд хэд хоног дараалж уугаад хордлогонд орохоор нь би өөрөө сувилагч болохоороо тариа дусал хийгээд аргалчихдаг байсан. Манай нөхөр бол сайн хүн байсан...” /1-р хх-ийн 40-47 тал/,

гэрч Д.Цэндсүрэнгийн “...Би талийгаач Төмөрийг нас бардаг өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын дундуур өдрийг нь тодорхой санахгүй байна. Намайг өдөр гэртээ өөрийн хүүхэд Мөнхзаяагийн /1 нас 1 сартай/ хамтаар 11 цагийн орчимд байж байхад талийгаач хадам аав Төмөр нь гаднаас архи уучихсан, нилээн согтуу ганцаараа хашаанд орж ирээд хашаанд байрлах манай гэрийн ар талын цагаан байшинд явж орсон. Тухайн өдөр талийгаачийн орсон байшинд талийгаачийн хүүхэд Давааням ганцаараа байсан. Харин би урд гэртээ нялх хүүхэдтэйгээ байсан. Би талийгаачийг хашааны хаалган дээр ирэхэд нь хаалга онгойлгон өгч тосож аваад хойд талын цагаан байшингийн үүдэнд хүргэж өгч, байшингийн хаалгыг нь бас онгойлгон өгөөд эргээд гэрлүүгээ явсан. Тэрнээс хойш 1 цагийн дараа талийгаачийн байшинд юм тачигнаад хүн чанга чанга дуугараад байхаар нь би байшин руу яваад ороход талийгаачийг Давааням нь миний өөдөөс хаалга руу түлхээд унагаасан. Тэгэхэд талийгаач үүднийхээ довжоон дээр бөндөгнөөд уначихаар нь би талийгаачийг босгоод хадам дүү Даваанямд чи аавыгаа яаж байгаа юм гэхэд сонсохгүй байсан тул чихийг нь татаж ирээд чи аавыгаа яаж байгаа юм гэхэд надад юм хэлэхгүй өөдөөс дуугарахгүй над руу уурлаад энэ чинь архи уугаад байна гэхээр нь би чи аавыгаа түлхэж унагаагаад яагаад ингэж зодож байгаа юм болохгүй шүү дээ гэхэд огт дуугарахгүй болохоор нь би талийгаачийг урд талын тоосгон байшинд оруулаад унтуулсан. Аавыг гэрт нь оруулж унтуулсаныхаа дараагаар гэртээ орж хүүхдээ хөхүүлчихээд 18 цаг өнгөрч байхад би өөрийнхөө 89138054 дугаарын гар утаснаас түргэн тусламж дуудахад түргэн ирэхгүй байсаар байгаад орой 21 цаг өнгөрсөн. Тэгээд талийгаачийг нас барахаас өмнө нь ирээгүй. Талийгаачийн чихнээс нь цус гарчихсан, нүүр ам нь халцарчихсан байсан учир дахин түргэн тусламж өөрийнхөө утаснаас дуудсан. Би түргэнд дуудлага өгөхдөө энд хүн өвдөөд байна тархи толгой нь өвдөөд байна гэж дуудлага өгсөн. Тэгсэн хэдий ч түргэн тусламж талийгаачийг нас барсны дараагаар 21 цагийн орчимд ирсэн. Түргэн тусламж ирээд гарыг нь өргөж үзчихээд талийгаачийг нас барсан байна гэж хэлээд шууд яваад өгсөн. Би түргэн тусламж ирээд явсны дараагаар талийгаачийн төрсөн хүү, өөрийн нөхөр Даваадоржийг өөрийн утсаараа дуудсан боловч утас нь болохгүй байсан юм. Тэгээд нөхрөө ажлаас нь ирэхээр нь аав чинь сонин болчихжээ гэхэд манай нөхөр талийгаачийн төрсөн дүү Доржнамжааг дуудаж, дараагаар нь ах дүү нараа дуудсан. Ээж Нямдолгор Баянхонгор аймаг руу ээжийнхээ газрыг эргэхээр явсан байсан учир бас тэндээс дуудуулсан. Манай нөхрийг ах дүү нартаа хэл дуулгасны дараагаар талийгаачийн дүү Доржнамжаа ах түрүүлж ирсэн. Ар дээр нь охин Эрдэнэцэцэг ирээд ар араас нь ах дүү нар нь ээлж дараагаараа ирцгээсэн. Гэрч Доржнамжаа ах нь хамгийн түрүүнд ирээд надаас юу болсон талаар асуухаар нь би талийгаачийн хүү Давааням нь талийгаачийг надтай шатны уруу, намайг гэр лүү нь орох гэхэд өөдөөс түлхэж унагаасан талаар нь хэлэхэд Доржнамжаа ах Даваанямыг загнаж байхаар нь би цагдаад хэлье гэхэд одоо яахын яахын талийгаачийг нэгэнт нас барсан учир ингээд өнгөрөөе гээд цагдаа дуудаагүй. ...Талийгаачийг согтуу ирсэн болохоор нь архи дарс уулаа гэж хадам дүү Давааням нь маргалдаж гэртээ зодолдсон юм шиг байсан. Би түчигнэх чимээ гарахаар нь гэрт нь яваад ороход талийгаачийг Давааням нь хаалганы уруу миний өөдөөс шууд түлхээд унагаасан. Тэгэхээр нь би хадам дүү Даваанямд ингэж болохгүй гэж хэлсэн. Намайг байшинд орохоос өмнө нь байшинд юу болсон талаар би хэлж мэдэхгүй. ... Талийгаачийг хашаандаа орж ирэхэд нь тосож авахад биед нь ямар нэгэн ил гэмтэл шарх бэртэл гэмтэл байгаагүй. Мөн гэрт оруулж өгөхөд ч биед нь ямар нэгэн зовиур шаналал огт байгаагүй. Би талийгаачийг орж ирэхэд нь хашааны хаалга онгойлгон өгөөд хажуу талд нь дагаж явж байгаад байшингийх нь хаалгыг онгойлгон өгч байшинд оруулчихаад би эргээд гэрлүүгээ орсон. Би үүдэнд нь хүргэж өгч хаалгыг нь онгойлгон өгснөөс биш гэрт нь дагаж явж ороогүй. ...Талийгаач өглөө эрт 07 цагт гэрээсээ гараад явах шиг болсон. Хашааны хаалга дуугарч байсан би тухайн үед хүүхэдтэйгээ зууралдаад байж байсан болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Талийгаач гэртээ ирэхдээ нилээн согтуу байсан. Талийгаачийн төрсөн дүү Доржнамжаа ах нь намайг талийгаачийг шатны уруу унасан гэж хэл гээд намайг шаардаад байсан учир би цагдаад өмнөх мэдүүлгүүдээрээ талийгаачийг шатны руу унасан гэж хэлсэн.  ...Миний одоогийн өгч байгаа энэ мэдүүлэг үнэн. Өмнөх мэдүүлэг худлаа байсан. Намайг талийгаачийн дүү цагдаад ингэж мэдүүл гэж шаардсаных нь дагуу би хэлсэн үгээр нь мэдүүлэг өгч байсан. ...Талийгаачийн байшин 2 гишгүүр довжоотой, хамгийн дээд талых нь нимгэн, доод талых нь зузаан байдаг. Уг довжоо нь газраас нилээн өндөр бөгөөд ойролцоогоор 40-50 см өндөртэй. ...Талийгаачийн бие муу байшиндаа хэвтэж байхад талийгаачийн найз гэх манай хашаанд төмөр тавих гээд ирчихээд байсан эрэгтэй хүнд аавын бие муудаад байна та наад төмрөө аваад яв, би утсаар чинь түргэн дуудаадхий гээд түргэн тусламж дуудсан. ...Би дуу чимээ гарч эхлэхэд хүүхдээ хөхүүлж байсан. Хүүхдээ үлдээгээд орох гэтэл хүүхэд уйлаад байхаар нь дахиж хүүхдээ хөхүүлээд ойролцоогоор 1 цаг орчим болоод дуу чимээ нь намжихгүй улам чангараад байхаар нь би хүүхдээ уйлсан чигээр нь үлдээгээд байшинд орсон. ...Хүү Даваанямын дуу чанга чанга гарч байсан. Хүү Давааням нь яахаараа архи уудаг юм гээд чанга чанга хашхираад байсан. Харин талийгаачийн дуу сонсогдохгүй байсан. Тэгээд хоорондоо ноцолдоод байгаа бололтой түн тан гэх тачигнах чимээ гараад байсан. Би сүүлд орсон учир талийгаачийг хүү Давааням нь яаж зодож цохисныг хараагүй. ...Талийгаачийг шатны уруу унасан гэж цагдаад мэдүүлэг өгөөрэй гэж намайг гэртээ хүүхдээ хөхүүлээд сууж байхад манай нөхөр Даваадорж, охин Эрдэнэцэцэг нар нь миний хажууд байхад хэлсэн. Ер нь бүгдээрээ энэ талаар мэдсэн бөгөөд бүгд Доржнамжаагийн үгэнд орцгоосон. Би талийгаачийг архи уугаад нас барсан гэж хэлсэн.Ер нь бүгдээрээ энэ талаар мэдсэн бөгөөд бүгд Доржнамжаагийн үгэнд орцгоосон... ” /1-р хх-ийн 56-57 тал/,

гэрч Т.Эрдэнэцэцэгийн “...Намайг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байхад 17 цагийн орчимд талийгаач аав Төмөртэй ээжийг байхгүй үед юу хийж байгаа бол гэж бодоод өөрийнхөө 90691955 дугаартай утаснаас аавын 96091242 дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд 19 цагийн үед дахин аав руу залгасан чинь миний төрсөн дүү Давааням аавын утсыг авсан. Төрсөн дүү Давааням утас авангуутаа өөдөөс аав дандаа архи уугаад ядаргаатай байна, хурдан ир, би аавыг зодчихсон, аав чи намайг ал ал гээд босож ирээд байна би аавыг алчих юм уу гэж надаас асуусан. Тэгэхэд аав цаана нь согтуу бололтой юм яриад дуугараад байсан бөгөөд яг юу гэж байсан нь сонсогдоогүй. Тэгэхээр нь би Даваанямыг чи яахаараа аавыг зоддог юм давраад байгаарай гээд би уйлаад утсаа тасалчихсан. Яагаад уйлсан гэхээр Даваанямыг аавыг зодсон гэхээр өөрийн эрхгүй уйлчихсан юм. Тэгээд би дотроо гайгүй байлгүй хоорондоо дотно байдаг юм чинь гэж бодоод очилгүй гэртээ байж байсан. Шөнө 22 цагийн үед миний утас дуугарахаар нь авсан чинь бэр эгч Ундрах байсан. Ундрах эгч аавын чинь бие эвгүй байна гэнэ, Доржнамжаа ах чинь сая эндээс гарсан чи яваад очоодох гэхээр нь би аавынх руугаа очиход аав тоосгон байшинд газар хөнжил гудастай хэвтэж байсан. Хажууд нь хэн ч байхгүй байхаар нь яасан юм бол гээд аавыг тэвэрч авахад хөдөлгөөнгүй бие нь бүлээн амьсгалахгүй нас барчихсан байсан юм. Тэгээд зул асаахаар тэрүүгээр зул хайж явж байгаад цагаан байшингийн хойд өрөөнд ороход Давааням нь уг байшингийн мухрын өрөөнд уйлчихсан шаналсан байдалтай байж байсан. Давааням маш их шаналсан байдалтай зүрх рүүгээ гараараа цохиод байсан. Тэгээд Доржнамжаа ах руу залгаад аав нас барчихсан байна гэхэд за гээд утсаа салгасан. Доржнамжаа ах ирээд талийгаачийн хувцсыг тайлаад засаж хэвтүүлж байгаад талийгаачийн чих яачихсан юм бэ гэхээр нь би Давааням надтай утсаар ярьж талийгаачийг зодсон талаар ярьсан гээд бүх яриаг хэлсэн. Тэгтэл Доржнамжаа ах хүний гарт өнгөрсөн юм байна гээд уйлсан. Тэгээд Доржнамжаа, Даваасүрэн бид гурав байхад би дүүгээ цагдаад өгөөд яах бэ, ингээд өнгөрөөе гэж тэр хоёрт хандаж хэлсэн. Одоо өгч байгаа энэ мэдүүлэг үнэн. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ дүүгийнхээ талаар ерөөсөө яриагүй юм. Би тухайн үед аавыгаа өөр шалтгаанаар нас барсан гэж бодож байсан. Би тэр үед дүүгээ ерөөсөө анзаарч хараагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” /1-р хх-ийн 79 тал/,

гэрч Т.Даваадоржийн “...Би талийгаачийг анх хараад хацар нь халцарсан нүд нь хөхөрсөн байхаар нь дүүгээсээ юу болсон талаар acyyxaap хойд байшин руу ороход Давааням гал тогооны өрөөгөө дамжиж ордог жижиг өрөөнд уйлаад сууж байсан. Тэгээд би аавыгаа яачихлаа гээд нэг үг хэлсэн би юу хэлсэнг нь ойлгоогүй. Тэгээд чи яасан юм бэ гэхэд аав архи аваад ир гээд над руу дайраад байхаар нь би аавыг алгадсан, хацар луу нь алгадаад дараа нь түлхээд унагаасан, би цохиод дараа нь алгадсан гэж хэлсэн. Тэгээд өөр тоймтой юм яриагүй. Тэгээд гараад ирэхэд Доржнамжаа ах ирчихсэн байсан. Би өмнөх мэдүүлэгтээ энэ талаар Доржнамжаа ахад хэлсэн гэж мэдүүлсэн...” /1-р хх-ийн 63-64 тал/,

гэрч Г.Доржнамжаагийн “...Намайг хэрэг болсон газарт буюу ахынхаа хашаанд ирэхэд Эрдэнэцэцэг ирсэн байсан ба тэр надад хэлэхдээ Давааням аав 2 зодоон хийсэн юм шиг байна лээ гэж хэлсэн. Тэгээд би байшин руу ороод талийгаачийн цогцсыг янзлаад хувцсыг нь тайлаад юм нөмрүүлсэн. Тэгэхдээ би харахад хацар нь халцарсан, чихнийх нь тэнд хавдсан маягтай улаан хүрэн болсон байсан. Би тэгээд өөр шарх гэмтэл байна уу гээд харахад бие нь зүгээр байсан. Тэгэхээр нь жам ёсоороо л явсан юм байна даа л гэж бодсон. Тэгээд Эрдэнэцэцэгээс Давааням утсаар юу гэж ярьсан талаар нь асуухад аав намайг алаадах гээд дайраад байна шүү дээ та ирээдэх гэж ярьсан гэж хэлсэн. Тэгээд би Цэндсүрэнгээс бас юу болсон талаар асуусан чинь гадаа уначихсан байсан тэгээд би оруулаад хэвтүүлсэн гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Би Эрдэнэцэцэгээс талийгаач ах Давааням 2 зодоон хийсэн юм шиг байна утсаар ярьсан гэдгийг нь сонссон. Тэгээд ч ах л согтуу ирээд Даваанямыг зодож дээ гэж бодсон. Биеийг нь үзэхэд тийм их айхтар ноцтой гэмтсэн бэртсэн, хөхөрсөн няцарсан зүйл байгаагүй болохоор би жам ёсоороо л явж дээ гэж бодсон. Тэгж байтал цагдаа ирээд авч явахгүй бол болохгүй задлан шинжилгээ хийх байх гээд цогцсыг нь аваад явсан. Тэгэхээр нь би энэ ер нь болохгүй аваад явчихаж байгаа юм биш үү Даваанямыг аавтайгаа зодоон хийсэн гэдгийг нь хэлье гэсэн. Тэгтэл Эрдэнэцэцэг дүү маань уйлаад одоо ажил явдал болох гэж байхад Давааням аавтайгаа муудалцсан талаар нь хэлчихвэл бариад хорьчих болов уу гээд байхаар нь нээрээ энэ чинь задлан шинжилгээний хариу гараагүй жам ёсоороо үхчихсэн байвал энэ хүүхдийг цагдаад бариад өгчихвөл муухай юм болох болов уу гэж бодоод тэгвэл Даваанямыг одоохондоо цагдаад хэлэхгүй байя л гэж хэлсэн. Тэгээд ч тэр үед Цэндсүрэн бас гадаа уначихсан байсан тэгээд би оруулаад хэвтүүлчихсэн гэж л яриад байсан өөр зүйл яриагүй юм. Эрдэнэцэцэгийн ярьсан асуудлыг би сүртэй зодоон нүдээн болоогүй ах л агсам тавьж дээ л гэж ойлгосон. Би тэгээд тэнд байсан Эрдэнэбаяр ах, дүү Даваасүрэн, Даваадорж, Эрдэнэцэцэг нарт үнэндээ энэ хүн чинь яаж ч үхсэн юм билээ харахад нүд амыг нь тэс цохиод бие хааг нь хөхрүүлээд няцруулаад хаясан юм алга, илт хүний гарт үхсэн гэж хэлэхээр юм алга, энэ хацар нь халцарсан чихнийх нь тэнд хөхөрсөн эд нар нь Цэндсүрэнгийн хэлснээр унахдаа үүссэн байж болох нь тэгэхээр Давааням талийгаач 2-ын муудалцсан талаар одоохондоо хэлэхгүй байя л гэж хэлсэн. Тэгээд ч талийгаач өөрөө зүрх муутай байсан болохоор хүүхэд рүүгээ уурлаж орилж байгаад зүрх нь зогсож дээ л гэж бодсон. Цэндсүрэн бол унасан байсан л гэж хэлсэн. Эрдэнэцэцэг болохоор утсаар ярьсан талаар нь хэлсэн. Өөр надад талийгаач ах болон Давааням нарын хооронд юу болсон талаар нь юм хэлсэн хүн байхгүй. Би Эрдэнэцэцэгийн хэлснээс ойлгохдоо талийгаач ах л согтуу ирээд агсараад тэгээд Давааням руу дайрч давшилж дээ л гэж бодсон. Тэр халцарч шалбарсанг нь согтуу явж байгаад унаж тусахдаа л ингэж дээ л гэж бодож байсан. Би шинжилгээний хариу гарахгүй удаад юм сонсогдохгүй болохоор нь жамаараа л нас барсан байх гэж бодоод тайвшраад явсан. Хэрвээ шинжилгээний хариу гадны нөлөөтэй гарсан та мэдэж байгаа зүйл байна уу гэсэн бол Даваанямыг хэлье шалгуулъя л гэсэн бодолтой л явсан. Өмнө нь надаас 3 удаа гэрчээр мэдүүлэг авсан. Эхний 2 удаагийн мэдүүлэг авахад шинжилгээний хариу яаж гарсан талаар юу ч хэлээгүй. Тийм болохоор би жам ёсоороо өнгөрч дээ л гэж бүр итгээд тайвширсан байсан. Тийм ч учраас би Даваанямын талаар яриагүй юм. Надаас ч зодоон нүдээн болсон эсэх талаар нь асуугаагүй. Харин хаана яаж унасан байсан гэж асуусан. Тэгээд хамгийн сүүлийн мэдүүлэг авахад талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан та энэ талаар мэдэж байгаа зүйлээ хэл гэсэн болохоор нь л би өөрийн сонссон зүйлээ буюу Эрдэнэцэцэгийн ярьсан зүйлийг хэлсэн...” /1-р хх-ийн 74-75 тал/,

гэрч Т.Даваасүрэнгийн “...Би төрсөн эцэг Г.Төмөр нас барсан өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр орой ажлаа тараад гадуур явж байхад шөнө 23 цагийн орчимд Доржнамжаа ахын эхнэр Ундрах эгч над руу залгаад аав чинь болохгүй байх шиг байна аавынх руугаа хурдан оч гэж хэлэхээр нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 25-557 тоот хашаанд байх гэрт ирэхэд аав нас барчихсан төрсөн ах Даваадорж, эгч Эрдэнэцэцэг, ах Доржнамжаа, ах Эрдэнэбаяр, бэр эгч Цэндсүрэн нар байж байсан. Намайг очиход түргэний тэрэг ирээд үзээд явчихсан гэж ярьж байсан. Намайг очиход аав маань аль хэдийнээ өнгөрсөн байсан. Намайг гэрт орж харахад хөнжлийн даавуугаар биеийг нь ерөнхийд нь битүү бүтээчихсэн байсан. Тэгээд би гэрт байсан Цэндсүрэн эгчээс талийгаачийг яагаад нас барах болов юу болсон юм бэ гэж асуухад олон хоног үргэлжлүүлэн архи уусан, намайг өдөр нэг харахад гадаа довжоон дээр уначихсан хэвтэж байхаар нь би аавыг оруулж хэвтүүлсэн гэж ярьж байсан. Талийгаач аав маань өөрөө ч байнга архи уудаг, дээр нь зүрхээр нь хатгуулж өвддөг байсан учир тэр үедээ би өөр зүйл асууж тодруулаагүй. Тэгээд шөнө цагдаа нар ирээд дээгүүр нь бүтээсэн хөнжлийг хуулж авч зураг хөргийг нь авч байхад нь би талийгаачийн хөлд зогсож байгаад харахад хоёр хөлийнх нь өвдөг халцарсан юм шиг харагдаж байсан. Мөн баруун чих нь тэр чигтээ хөхөрчихсөн баруун нүд нь хөхөрчихсөн, баруун шанаа нь тэр чигтээ зулгарсан харагдсан учир Цэндсүрэнгээс аав зодоон цохион хийсэн юм биш үү гэхэд надад юу ч хэлээгүй бөгөөд гадаа довжоон дээр уначихсан байхаар нь би гэрт нь оруулж унтуулсан. Нэг харахад л уначихсан байсан өөр зүйл болоогүй гэх зүйл ярьж байсан учир би архи олон хоногоор уугаад бие нь дийлээгүй юм байлгүй үүдэндээ унаснаас болж нас бараагүй гэж бодож байсан. Тэгээд талийгаачийн ажил явдлыг хийхээс өмнө төрсөн эгч Т.Эрдэнэцэцэг талийгаачийн гэрт цаад Давааням чинь аавыг цохиж зодсон асуудал байгаа юм шиг байна лээ гэхдээ маргаан болж зодолдсоноос болж нас бараагүй байлгүй дээ, олон хоног дараалан архи уусан учир бие нь дийлээгүй ядарч сульдаад тэрнээсээ болоод нас барчихсан байж магадгүй, цагдаагийн байгууллагаас ярьж дүгнэлт шийдвэр гарсных нь дараа талийгаачийг ямар шалтгааны улмаас нас барсан нь тодорхой болох байлгүй гэж бүгд дор бүрнээ бодож байсан учир нарийн учрыг цагдаагийн байгууллагад хэлээгүй юм. Тэгээд ерөнхийдөө шүүх эмнэлгийн хариу гартал хүлээе гэж бодож байсан бөгөөд би ажил явдлын дараагаар байцаалт өгөх гэж очихдоо байцаагчаас манай аав гадны нөлөөтэй өнгөрчихсөн байна уу юу болж байна гэж асуухад байцаагч шинжилгээний хариу нарийн гараагүй байгаа авах ёстой байцаалтаа авч байна гэсэн учир би задлан шинжилгээгээр гадны нөлөөтэй нь тэр дороо л мэдэгддэг байх тэгээд гадны нөлөөтэй нас барсан бол бид нарыг тайван суулгахгүй байсан байх гээд ямар ч байсан аав маань зодуулсаны улмаас нас бараагүй юм байна гэж ойлгоод дотроо тайвширсан. Тэгээд дүүгийнхээ талаар огт байцаалт өгөхдөө дурдаагүй өнгөрсөн...” /1-р хх-ийн 80-82 тал/,

гэрч Г.Эрдэнэбаярын “...Би эхлээд юу ч мэдээгүй байсан. Анх гэрт нь ирэхэд талийгаачийн хацар нь халцарсан байсан бас чихний хэсэгт нь хавдсан байсан. Тэгээд би Даваанямыг талийгаач аавтайгаа зодоон хийсэн хэрүүл маргаан болсон гэдгийг Доржнамжаагаас сонссон. Доржнамжаа надад хэлэхдээ Эрдэнэцэцэгтэй Давааням утсаар ярьсан байна Давааням аавтайгаа хэрүүл маргаан болсон юм шиг байна тэрнээсээ болоод талийгаач багтараад л нас барсан юм болов уу. Цэндсүрэн бас талийгаачийг унасан байсан гэж ярьлаа гэсэн. Доржнамжаа бид нар дараа нь уулзаад ярихад Цэндсүрэн болохоор талийгаачийг унасан байхад нь босгож дэлгүүрт оруулсан гэж байна. Эрдэнэцэцэг болохоор Даваанямыг утсаар ярьсан гэж хэлж байсан гэсэн. Тухайн үед талийгаач ах маань хүү Даваанямтайгаа маргалдсан хэрүүл зодоон болсон гэдгийг нь Доржнамжаагаас л мэдсэн. Тэгээд ч талийгаачийн нас барсан нь архи олон хоног ууснаасаа болоод л бие нь дийлэхгүй нас барсан болов уу гэж таамаглаж байсан. Даваанямтай хэрүүл маргаан хийснээс болж нас бараагүй болов уу гэж бодож байсан. Тэгээд цагдаагаас цогцосыг аваад явсан болохоор задлан шинжилгээний дүгнэлт нь яаж гарах нуу харъя гэж ярьсан. Би задлан шинжилгээ хийлгэхгүй байх талаар хүсэлтэд оролцоогүй, мэдээгүй. Би талийгаачийг унаж нас барсан гэж өмнө нь мэдүүлээгүй, харин задлан шинжилгээний дүгнэлтийг гадны нөлөөтэй нас барсан гэдгийг хамгийн сүүлд байцаалт өгөхдөө мэдсэн. Тэгээд болсон явдлын талаар ярьсан. Тэгэхдээ би бас айж сандарсан байсан болохоор 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлэхдээ хоорондоо ярилцаж байгаад талийгаачийг унаж нас барсан гэж мэдүүлсэн...” /1-р хх-ийн 88 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 1587 дугаар “...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1/Гавал тархины битүү хүнд гэмтэл: Тархины хатуу хальсан дээрх 200 гр цусан хураа, баруун тал бөмбөлөгийн дарагдал, 2 тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл тархмал цус харвалт,  бага тархины 2 тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун 8, 9, 10, 11, 12 дугаар хавирга нугалмын хажуугийн шугамаар, 9-р хавирга суганы урд шугамаар, зүүн 7 дугаар хавирга хөхний шугамаар,  8-р хавирга нугалмын хажуугийн шугамаар,  9-р хавирга нугалмын хажуугийн шугамаар шууд бус хугарал, бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, баруун нүдний дээд зовхи, алимны салст, баруун өгзөг, баруун ташаа, цээж зүүн өвдөгт баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун хацар, эрүү, баруун өвдөг, баруун шилбэ, хамарт зулгаралт, баруун чихний омогт шарх. 2/Тархи, уушигны хаван. 3/Дунд зэргийн согтолт. ДҮГНЭЛТ:1.2.Талийгаачийн цогцост тархины хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлөгийн дарагдал, 2 тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл тархмал цус харвалт, тархины гүүрийн хэсгийн цусархаг няцрал, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун 8, 9, 10, 11, 12 дугаар хавирга, зүүн 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, баруун нүдний дээд зовхи, алимны салст, баруун өгзөг, баруун ташаа, цээж зүүн өвдөгт баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун хацар, эрүү, баруун өвдөг, баруун шилбэ, хамарт зулгаралт, баруун чихний омогт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл бөгөөд уг гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь B /III/ бүлгийн цустай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 127-128 тал/,

амь хохирогчийн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээг хийж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 1587 дугаар шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч М.Энхтайваны “...нас барснаас нь хойш 3 хоногийн дараа үзлэг ба шинжилгээ явуулахад талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл /энэ нь хүнд/, хатуу хальсан дээр цусан хураа, баруун тал бөмбөлгийн дарагдал, 2 тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл тархмал цус харвалт, тархины гүүрэн хэсгийн цусархаг нйцрал, тархины эдийн няцрал, бага тархины 2 тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун 8,9,10,11,12-р хавирга нугалмын хажуугийн шугамаар, мөн 9-р хавирга суганы урд шугамаар буюу баруун талын 9-р хавирга 2 хугаралтай, зүүн 7-р хавирга хөхний шугамаар, 8-р хавирга нугалмын хажуугийн шугамаар, 9-р хавирга нугалмын хажуугийн шугамаар шууд бус хугаралуудтай, бөөрний өөхөн сэлэгийн цус хуралт, баруун нүдний дээд зовхи, алимны салст, баруун өгзөг, баруун ташаа, цээж зүүн өвдөгт, баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун хацар, эрүү өвдөг, баруун шилбэ, хамарт зулгаралт, баруун чихний омогт шарх гэмтлүүд учирч үүссэн байсан. ...Тархины эдийн болон хатуу хальсан дээрх цус хуралт, няцрал, хуйхны гэмтлүүд нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун, зүүн олон хавирганы хугарал, бөөрний өөхлөг эслэгийн цус хуралт, цээжний цус хуралт, баруун ташааны цус хуралтууд үйлчлэлийн хувьд нэг цаг хугацаанд, баруун нүдний дээд зовхи, алимны салст тусдаа, баруун өгзөг тусдаа, зүүн өвдөг тусдаа, баруун чихний дэлбэн баруун хацартай цуг байж болно. Эрүүний доод шарх нэг дор, хамар бол баруун хацартай цуг, баруун шилбэ, баруун өвдөгний цус хуралтууд нэг дор нэг үйлчлэлээр үүсэх боломжтой ба цаг хугацааны хувьд нэг дор харилцан адилгүй үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байсан. ...Хавиргууд хэвтээ байрлалд дарагдах шахагдах хүчний үйлдэлд бөөрний гэмтэлтэй хамт үүсгэгдэх боломжтой. Жишээ нь, олон удаагийн үйлчлэлээр олон дахин дэвссэнээс болж үүснэ. Бусад гэмтлүүд босоо хэвтээ аль ч тохиолдолд үүснэ. ...Биеийн гадаргуун дээрх зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь орноос унах, явганаас унах тохиолдлуудад үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд бол боломжгүй. ...Шууд бус хугарал гэдэг нь хавирга яс дарах дарагдах үйлчлэлээр тухайн цагт болон өөр газар хугарахыг хэлнэ. Шууд бус хугарал нь цээж хэвлийн дарагдлын үед буюу дэвсэх, өвдөглөх ...гэх мэт тохиолдлуудад үүснэ...” /1-р хх-ийн 132-136 тал/ гэх мэдүүлэг,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 17-19, 23-33 тал/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 20-22 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Т.Д-ын өөрийн төрсөн эцэг Г.Т маргалдаж, түүнийг зодож бие махбодид нь “...Гавал тархины битүү хүнд гэмтэл: Тархины хатуу хальсан дээрх 200 гр цусан хураа, баруун тал бөмбөлөгийн дарагдал, 2 тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл тархмал цус харвалт,  бага тархины 2 тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун 8, 9, 10, 11, 12 дугаар хавирга нугалмын хажуугийн шугамаар, 9-р хавирга суганы урд шугамаар, зүүн 7 дугаар хавирга хөхний шугамаар,  8-р хавирга нугалмын хажуугийн шугамаар, 9-р хавирга нугалмын хажуугийн шугамаар шууд бус хугарал, бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, баруун нүдний дээд зовхи, алимны салст, баруун өгзөг, баруун ташаа, цээж зүүн өвдөгт баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун хацар, эрүү, баруун өвдөг, баруун шилбэ, хамарт зулгаралт, баруун чихний омогт шарх...” гэмтэл учруулж амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...Хүнийг: ...онц харгис хэрцгийгээр алсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

           

Тодруулбал, Т.Д- нь амь хохирогчийн бие махбодид өвдөж шаналах, зовж зүдрэхээр олон тооны “...Тархины хатуу хальсан дээрх 200 гр цусан хураа, баруун тал бөмбөлөгийн дарагдал, 2 тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл тархмал цус харвалт, бага тархины 2 тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун 8, 9, 10, 11, 12 дугаар хавирга нугалмын хажуугийн шугамаар, 9-р хавирга суганы урд шугамаар, зүүн 7 дугаар хавирга хөхний шугамаар, 8-р хавирга нугалмын хажуугийн шугамаар, 9-р хавирга нугалмын хажуугийн шугамаар шууд бус хугарал, бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, баруун нүдний дээд зовхи, алимны салст, баруун өгзөг, баруун ташаа, цээж зүүн өвдөгт баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун хацар, эрүү, баруун өвдөг, баруун шилбэ, хамарт зулгаралт, баруун чихний омогт шарх...” гэсэн гэмтлүүдийг учруулсан нь түүний үйлдлийн “...онц харгис хэрцгий...” шинжийг нь илэрхийлж байна.

 

Иймд шүүгдэгч Т.Д-ын “...амь насыг нь санаатай хохироогоогүй...”талаарх, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаагийн “...энэхүү гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Т.Д-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулжээ.

 

Гэхдээ Т.Д-ын “...аав Г.Төмөрийнхөө олон хоногоор архи ууж байгаа, өөртэй нь харьцаж байгаа байдалд дургүйлхэж...” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Т.Д-ын:

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр “...сэтгэцийн онош: Оюуны хөнгөн хомсдол...” /2-р хх-ийн 205 тал/,

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр “...хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож шийдвэрлэв...” /1-р хх-ийн 200 тал/ гэсэн хувийн байдлыг тус тус харгалзан Т.Д-ын эдлэх хорих ялыг анхан шатны шүүх хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хөнгөрүүлж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 597 дугаар шийтгэх тогтоолын:

           

            тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...хаалттай хорих байгууллагад...” гэснийг “...нээлттэй хорих байгууллагад...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Т.Д-, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ