Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 231

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхзул,

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт А.Хад холбогдох эрүүгийн 2018002530205 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт А.Х /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд нь шүүгдэгч А.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.Х нь 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 14 дүгээр байрны гадна хамтран амьдрагч Э.Дг 3 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь духны баруун талын цус хуралт, хуйхны хаван бүхий гэмтэл үүсгэсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Хын өгсөн: ...Бид хоёр 2015 оноос хойш амьдарч байгаа. 3 хүүхэдтэй. Өмнө нь Дг зодсон үйлдлээр 2 удаа ял шийтгүүлсэн. Д нь одоо 5 сартай жирэмсэн. Д найзуудтайгаа архи уугаад согтуу байхаар нь зодсон. Би эхнэртэйгээ эвтэй амьдарна. Надаас нас залуу болохоор ойлголцохгүй хэрүүл маргаан үүсээд байгаа юм. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Э.Дгийн өгсөн: Х нь миний хамтран амьдрагч бөгөөд бид 5 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд бид 2 хүүхэдтэй болсон ба би одоо 3 сартай жирэмсэн. Х өмнө нь намайг зодож Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах хорих 413 дугаар ангид ял эдэлж байгаад 2020 оны 01 дүгээр сард суллагдсан. Гэтэл өнөөдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр манай дүү А хонь төхөөрөхөд Х намайг “мах олж ир” гэхээр нь би “чадахгүй” гэж хэлээд гэрээс гарсан. Тэгтэл Х араас гарч ирээд намайг гэр лүү оруулах гээд цамцнаас татаад байсан чинь дээд айлын Г эгч намайг өмөөрч Хтай хэрэлдсэн. Тэгээд Х байрны гадна миний толгойн ар хэсэг рүү гараараа цохиж унагасан. Мөн газарт унасан байхад миний толгой руу хөлөөрөө дэвсэж, нуруу руу өшиглөсөн. Х бид 2 одоо салах гэж байгаа учраас дахин ийм асуудал гарахгүй гэж бодож байна. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,

Гэрч Ж.Аийн өгсөн: 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хайрхан багийн 14 дүгээр байрны орцны үүдэнд сууж байхад хажуугийн 7 дугаар байраас Д гүйгээд ирсэн бөгөөд Х араас нь гарч ирсэн. Х Дг барьж аваад цохиод газарт унагаасан. Тэгээд газарт унасан байхад нь дээрээс нь өшиглөөд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

Гэрч Л.Гийн өгсөн: ...2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 7 дугаар байрнаас Х нь эхнэр Дг хөөгөөд чанга чанга дуугарч явсаар байгаад манай байрны үүдэнд ирсэн. Тэгээд Дг үстээд доош дарсан. Тэр үед Д доошоо тонгойгоод унахад дээрээс нь толгой руу нэг удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч Э.Аын өгсөн: ...Өмнө нь Х нь манай эгч Дг зодож биед нь гэмтэл учруулж, сүүлдээ хутгалж гэмтээж байсан удаа байгаа. Энэ асуудлаараа 7 сарын хорих ял авч энэ оны 01 дүгээр сард гарч ирсэн санагдаж байна. Миний бодлоор архи дарсны асуудлаас болж хоорондоо маргалдаж ийм асуудалд орж байгаа гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Хохирогч Э.Д нь жирэмсний 16 долоо хоногтой гэх тодорхойлолт, түүний жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтчийн хуулбар /хх-ийн 10-12/,

...А.Хтай холбоотой дуудлага мэдээлэл 2020 оны 3 дугаар сарын 29-ны өдөр 15:36 цагт “Хайрхан баг 2 давхар 14 дүгээр байрны гадна эхнэрээ зодоод байна” гэж ирсэн байв. А.Хтай холбоотой өөр ямар нэгэн дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байв гэх Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь Цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албанд хөтлөгддөг №1 дугаартай гомдол, мэдээллийн бүртгэлийн дэвтэрт үзлэгийг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/,

Э.Дгийн духны баруун хэсэгт 3.0х5.0 сантиметр цус хурсан шархтай, толгой, хуйх тэмтрэлтээр хавагнасан, өвдөлт ихтэй, 12-13 долоо хоногтой жирэмсэн гэх хүний их эмч Х.Аянагулын тодорхойлолт /хх-ийн 23/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 312 дугаартай “Э.Дгийн биед духны баруун талын цус хуралт, хуйхны хаван тогтоогдлоо. Дээрх цус хуралт, хаван нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг цус хуралт, хаван нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Хыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Дг удаа дараа зодож шүүхээр 2 удаа ял шийтгүүлсэн ба 2020 оны 01 дүгээр сард ялаа эдэлж  суллагдсаны дараа 2020 оны 3 дугаар сарын 29-нд мөн хамтран амьдрагч Э.Дг 3 сартай жирэмсэн байхад зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, эрхэд халдсан байнгын шинжтэй үйлдэл байх ба байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг ойлгоно.

Мөн гэр бүлийн хамааралтай байдлыг нь далимдуулан зодсон гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, аль нэг үйлдэлд нь эрүүгийн болон өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байна.

Гэтэл шүүгдэгч А.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7 дугаар байрны 9 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Дтэй “архи ууж, хүүхдээ харсангүй” гэх шалтгаанаар маргалдан зодож эрүүл мэндэд нь нүүрний шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах хөл бөмбөгийн талбайн хажууд хамтран амьдрагч Э.Дтэй маргалдаж, зүүн шанаа орчимд цохисон, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7 дугаар байрны 9 тоотод өөрийн төрсөн хүүхэд болох 3 настай Д.Чинхүслэнг “боорцог идье” гээд уйлахад нь “чимээгүй бай” гэж хэлээд нэг удаа алгадсан, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч Э.Дг нэг удаа өшиглөсөн, 2019 оны 4 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7 дугаар байрны 9 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Э.Дтэй маргалдан улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдлүүддээ Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 56 дугаар сарын 13-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэх үндэслэл болсон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг удаа дараа зодсон үйлдэлдээ шүүгдэгч А.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээсэн бөгөөд дээрх үйлдлүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив шинжид дахин тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.  

Шүүгдэгчийн 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 14 дүгээр байрны гадна 3 сартай жирэмсэн Э.Дтэй “мах олж ир гэхэд чадахгүй гэж хэлллээ” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь духны баруун талын цус хуралт, хуйхны хаван бүхий гэмтэл үүсгэсэн нэг удаагийн үйлдэл нь дангаараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна.

Түүнчлэн хохирогчийн эрүүл мэндэд үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа тул А.Хын үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018002530205 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Э.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан түүний “...Х бид 2 одоо салах гэж байгаа учраас дахин ийм асуудал гарахгүй гэж бодож байна. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/-ээр нотлогдож байх тул хохирогч Э.Д нь иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгчийг цагаатгасан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 5, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.Хад холбогдох эрүүгийн 2018002530205 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Хыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

3. Хохирогч Э.Д нь иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.

4. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР