Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 75

 

А.Х-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0204/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                   Б.Сүрмандах

Нарийн бичгийн дарга              Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 231 дугаар цагаатгах тогтоолтой, А-гийн Х-ад холбогдох, 2018002530205 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  урьд нь :

-2014 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,

-2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.6 дугаар зүйлийн 2.д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  1.д  зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгүүлсэн.,

-2019-6-13-ны 228 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д  зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.д зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 сар  хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 7 сар хорих ялаар шийтгүүлж байсан,  ********** регистрийн дугаартай, Б- овогт А-гийн Х-.

Шүүгдэгч А.Х- нь 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 14 дүгээр байрны гадна хамтран амьдрагч Э.Д-г 3 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь духны баруун талын цус хуралт, хуйхны хаван бүхий гэмтэл үүсгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 231 дугаар цагаатгах тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт А-гийн Х-ад холбогдох эрүүгийн 2018002530205 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Х-ыг цагаатгаж,

Шүүгдэгч А.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Хохирогч Э.Д- нь иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдаж,

Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Х-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж прокурорын эсэргүүцэл гаргаж байна.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт болон уг хуулиар хамгаалагдаж буй харилцааны агуулга нь гэр бүлийн хүчирхийлэл илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгохдоо уг зүйлд заасан үйлдлүүдээс 3 ба түүнээс дээш удаа хийсэн байхыг хамааруулан ойлгоно.

            А.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг эдэлж гарч ирээд дахин хамтран амьдрагч 3 сартай жирэмсэн Э.Д-г 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “мах олж ир гэхэд чадахгүй гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан зодож байгаа үйлдэл нь нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн байнгын шинжийг агуулсан байхад анхан шатны шүүхийн нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн зарчмыг шийдвэрийнхээ үндэслэл болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1.т зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

            Эрүүгийн хуульд тусгагдсан “Нэг гэмт хэрэгт нэг удаа яд оногдуулна” гэх зарчмын агуулга нь Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шүүхээс шийтгүүлсэн эсхүл цагаатгасан тохиолдолд шүүхээс, эсхүл өөр шүүхээс дахин ял оногдуулахыг хориглосон агуулгатай гэж ойлгож байна.

            А.Х-ын үйлдэл нь нийгэмд аюултай хор уршиг бүхий гэмт хэрэг бөгөөд энэ тохиолдол нь дээрх зарчимд хамаарахгүй. Шүүх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчим нийцэхгүй байна гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй, хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 231 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах саналтай байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Шүүгдэгч А.Х- нь энэ төрлийн гэмт хэргийг байнга буюу 6 удаа үйлдсэн болох нь тогтоогддог. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлгүй гарсан. А.Х-ын үйлдэл байнгын шинжийг бүрэн агуулсан. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын эсэргүүцэл хуулийн үндэслэлтэй байх тул хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч А.Х-ыг 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 14 дүгээр байрны гадаа хамтран амьдрагч Э.Д-г 3 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь духны баруун талын цус хуралт, хуйхны хаван бүхий гэмтэл үүсгэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д заасныг баримтлан А-гийн Х-ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Х-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл шүүгдэгч  А.Х- нь:

- 2014-08-05-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж ялыг эдэлсэн.,  

-2018-05-24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.6 дугаар зүйлийн 2.д  зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  1.д  зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж  476 цагийн ялыг эдлээгүй байсан.,

-2019-6-13-ны 228 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д  зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.д зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 сар  хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 7 сар хорих ялаар шийтгүүлж  ялыг эдэлсэн.,

-Мөн тус шүүхийн шүүгчийн  2020-04-10-ны өдрийн  62 дугаар захирамжаар  2018-05-24-ний 164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,  11.6 дугаар зүйлийн 2.д  зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  1.д  зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 476 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольж 59 хоног хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж ялыг эдэлсэн байна.

Шүүгдэгч А.Х- нь  дээрх ялыг эдлэж дууссан бөгөөд 59 дүгээр захирамж гарахаас өмнө буюу 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 14 дүгээр байрны гадаа хамтран амьдрагч Э.Д-г 3 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь духны баруун талын цус хуралт, хуйхны хаван  үүсгэсэн  тул  түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан ялах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүх энэ үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д заасныг баримтлан А-гийн Х-ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Х-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нотлох баримтаас үзвэл шүүгдэгч А.Х-ыг урьд үйлдсэн гэмт хэрэг тус бүрт гэм буруутайд тооцож, ял оногдуулж, тэрээр  ялыг  эдэлсэн бөгөөд одоо шүүх 2020 оны 3 дугаар сарын 29-ний үйлдэлтэй хэргийг хянан хэлэлцэж байгаа атлаа  ...нэг гэмт хэрэгт нэг удаа яд оногдуулна... гэсэн  зарчмыг  үндэслэл болгож  А.Х-ыг энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн гэж үзсэн нь буруу.

Өөрөөр хэлбэл нэг төрлийн гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн., үйлдэгдсэн цаг хугацаа өөр, мөн үйлдэл тус бүрт гэм буруутайд тооцогдсон байхад шүүгдэгч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхэд нь Эрүүгийн хуульд заасан ...нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна... гэсэн зарчим огт хамааралгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Түүнээс гадна шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан  Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга...”  гэсэн агуулгыг хуульчилж өгсөнийг мөн хуульд гэмтлийн зэрэг /хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол/ учирсан талаар заасан эсэхийг анхаараагүй байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, А-гийн Х-ад эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцаах, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй  үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 231 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, А-гийн Х-ад холбогдох, 2018002530205 дугаартай, 1 хавтастай,  эрүүгийн хэргийг мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцаасугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол А.Х-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч,  хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ТУЯА

                                                                       ШҮҮГЧ                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАНЛАЙБААТАР