Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01101

 

С.Дулмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 101/ШШ2018/00428 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар магадлалтай,

С.Дулмаагийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамьяндорж, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.Дулмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэн С.Дулмаагаас 54.813.452 төгрөг гаргуулж Бид ББСБ ХХК-д олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 18 дугаар байр, 6 тоот хаягт байрлах 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж авсан. Дээрх байгууллага өөрсдийн эрх хэмжээний дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай тогтоол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл болон 55 дугаар зүйлд зааснаар шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9-р зүйлийн 9.1 дэх заалтыг зөрчсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх ...шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах... гэсэн заалтыг зөрчөөд шууд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан тогтоолыг гаргасан. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийн заалтыг зөрчиж, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээч томилсон тогтоол гаргасан учир дээрх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.Дулмаагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 18 дугаар байрны 06 тоотод орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2205000759 дугаарт бүртгэлтэй 23 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 161/002 дугаартай тогтоолоор битүүмжилсэн. Төлбөр авагч Бид ББСБ ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 09/01 дугаар албан бичгээр С.Дулмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батдэлгэрийн өгсөн үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гээд шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул тус албанаас 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-иар тогтоолгоход тус хоёр өрөө орон сууцыг 54.700.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч С.Дулмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батдэлгэрт 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3/23649 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан үндэслэл, журам зөрчигдсөн гэж тайлбарлаж байгаа. ...шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэнэ... гэсэн заалт нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хамааралтай, сэжигтэн яллагдагч, хохирогчтой харилцан хамаарал бүхий эсэхийг шалгана. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа учир энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтад заасан үндэслэлд хамаарахгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Бид ББСБ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу, хуулийн хүрээнд явагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар шинжээчийг оролцуулж, дүгнэлт гаргуулсан. Шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу дүгнэлтээ гаргасан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Мөнх-Оргил трейд” ХХК гаргасан тайлбартаа: Тус компаний захирал, мэргэшсэн үнэлгээчин Б.Эрдэнэбаатар нь 1998 оноос хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд хамгийн сүүлд Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 тоот тушаалаар тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгуулсан. Мөнх-Оргил трейд ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүй нэгж гэж үзэх үндэслэл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт томилогдсон шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтална гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 101/ШШ2018/00428 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч С.Дулмаагийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 101/ШШ2018/00428 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2017 оны 03 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч С.Дулмаагийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талын төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 101/ШШ2018/00428 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

С.Дулмаагаас 54.813.452 төгрөг гаргуулж Бид ББСБ ХХК-д олгохоор шүүх шийдвэрлэсэн. Дулмаагийн өмчлөлийн 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9-р зүйлийн 9.1 дэх заалтыг зөрчсөн. ...Шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах гэсэн заалтыг зөрчсөн. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээч томилсон тогтоол болон орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Иймд дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч С.Дулмаагийн нэхэмжлэлийг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар эс зөвшөөрчээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ны өдрийн 92 дугаар захирамжаар С.Дулмаагаас 54.584.266 төгрөг гаргуулж, БИД ББСБ-д олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 018 дугаар байрны 6 тоотын 23 м.кв талбай бүхий орон сууцыг албадан борлуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн дээрх шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох орон сууцыг битүүмжилж, хураасан боловч төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 42.2-т  зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болох ба шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

Орон сууцаа 152.000.000 төгрөгөөр үнэлсэн төлбөр төлөгчийн саналыг төлбөр авагч эс зөвшөөрсөн тул хариуцагч нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ний өдөр Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилохдоо шинжээчийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар сануулж, гарын үсэг зуруулжээ /хэргийн 48 дугаар тал/.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дах заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй байна.

Уг алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ