Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 702

 

 

С.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, А.Отгонцэцэг шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 101/ШШ2018/00428 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Дгийн хариуцагч НШГА холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Б ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэн С.Дгаас 54 813 452 төгрөг гаргуулж “Б ББСБ” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ** дугаар байр, * тоот хаягт байрлах 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж авсан. Дээрх байгууллага өөрсдийн эрх хэмжээний дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай тогтоол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл болон 55 дугаар зүйлд зааснаар шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9-р зүйлийн 9.1 дэх заалтыг зөрчсөн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд тусгай мэдлэг бүхий, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил чадвар, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэсэн заалт байгаа. Гэтэл НШГА нь дээрх .”..шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах...” гэсэн заалтыг зөрчөөд шууд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан тогтоолыг гаргасан. С.Дгийн хөрөнгийн хувьд үнэхээр хувийн сонирхолтой эсэх, шинжээчээр ажиллаж үнэлгээ тогтоохыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулахгүйгээр 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шинжээч томилсон тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрөө хуулийн заалтыг зөрчиж, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээч томилсон тогтоол гаргасан учир дээрх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тодруулсан шаардлагатай холбоотойгоор тайлбарыг бичгээр гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.Дгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2  дугаар хороолол, 18 дугаар байрны ** тоотод орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2205000*** дугаарт бүртгэлтэй 23 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 161/002 дугаартай тогтоолоор битүүмжлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт заасны дагуу хугацаа тогтоож уг тогтоолын нэг хувийг төлбөр төлөгч С.Дгийн ээж н.Лд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Төлбөр төлөгч С.Дтай гандангийн баруун хойд талд байрлах шашны дэлгүүрт 11 цаг 30 минутын орчимд уулзаж битүүмжлэх тогтоолыг танилцуулж төлбөрийг мэдэгдэл өгсөн хугацаанд төлж дуусгана гэснийг тэмдэглэлд тусгасан. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулж, төлбөр төлөгч С.Дгийн дүү гэх С.Бийг байлцуулан 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 161/002 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолоор барьцаалан хурааж тогтоолын нэг хувийг өмчлөгч, төлбөр төлөгч С.Дгийн дүү гэх С.Бт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Төлбөр төлөгч С.Дгийн өмчлөлийн барьцаалан хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу авахад Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 18 дугаар байрны 06 тоотод орших эрхийн улсын бүртгэлийн Ү-22050007** дугаарт бүртгэлтэй 23 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 152 000 000 төгрөгөөр үнэлж байгаа тухай 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр албан бичгээр ирүүлснийг төлбөр авагч “Б ББСБ” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 09/01 дугаар албан бичгээр С.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бийн өгсөн үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гээд шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул тус албанаас 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “М” ХХК-иар тогтоолгоход тус хоёр өрөө орон сууцыг 54 700 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч С.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бт 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3/23649 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан эрхийг төлбөр төлөгчид тусгайлан танилцуулж энэ тухай тэмдэглэлд тусгасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан үндэслэл, журам зөрчигдсөн гэж тайлбарлаж байгаа. “...шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэнэ...” гэсэн заалт нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хамааралтай, сэжигтэн яллагдагч, хохирогчтой харилцан хамаарал бүхий эсэхийг шалгана. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа учир энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтад заасан үндэслэлд хамаарахгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Б ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу, хуулийн хүрээнд явагдаж байгаа гэж ойлгож байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар шинжээчийг оролцуулж, дүгнэлт гаргуулсан. Шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу дүгнэлтээ гаргасан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2017/20677 дугаар захирамжид заасны дагуу доорх тайлбарыг гаргаж байна. Тус М ХХК-ийн захирал, мэргэшсэн үнэлгээчин Б.Э нь 1998 оноос хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд хамгийн сүүлд Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 тоот тушаалаар тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгуулсан болно. Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийг компани, аж ахуйн нэгжид олгодоггүй, хувь хүнд олгодог зохицуулалттай боловч хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт Үнэлгээчин үйл ажиллагаагаа аж ахуйн нэгжийн хэлбэрээр явуулж болно гэж заасны дагуу мэргэшсэн үнэлгээчин Б.Э нь компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа болно. Иймд “М” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүй нэгж гэж үзэх үндэслэл байхгүй юм. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэх хүрээ гэдэгт энэ хууль нь шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой үйл ажиллагаанд хамаарна гэсэн үг, үсэг байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийхэд энэ хуульд заасан журмыг баримтална гэж заасан. Шүүхийн шинжилгээний тухай хууль нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хамаарахгүй гэж ойлгогдож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт томилогдсон шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтална гэж заасан. Түүнээс биш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шинжилгээний тухай хуулийг баримтална гэсэн заалт байхгүй. Иймд, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч С.Дгийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дах хэсэгт заасныг удирдлага болгоогүйн улмаас Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Шүүх гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж байна.

 

Нэхэмжлэгч С.Д 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр НШГ-т холбогдуулан шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1-2/, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.21/

 

Шүүхэд гаргасан нэхэмжлэлд НШГ албыг хууль зөрчиж томилсон шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай зааж, шүүх хуралдааны үед шинжээч томилуулах тогтоолыг хүчингүй болгуулах зэргээр нэхэмжлэлийн шаардлагынхаа агуулга, үндэслэлийг тайлбарласан. /хх.90, 141/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнэлгээ тогтоосон ажиллагаатай холбоотой гомдол байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу шүүхэд хандаж гомдол гаргасан гэж үзнэ.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3 дах хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд авч хэлэлцэхээр заасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.3-т заасан гомдлоор шийдвэрлэх хэрэг юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой дээрх гомдлыг шүүх шийдвэрлэхээр хуульд тухайлан заасан байхад шинжээч томилсон тогтоолыг уг үнэлгээний маргаанаас тусдаа нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр гэж үзэж иргэний эрх зүйн хамгаалалтын аргуудыг ерөнхийд нь тодорхойлсон хуулийн заалтуудын нэг болох Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг тогтоох хэсэгтээ баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байна.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл бүхэлдээ үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахтай холбоотой “хөрөнгө үнэлэх” ажиллагааны журмыг тогтоосон бөгөөд уг ажиллагааны явцад гарсан үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүх хянан хэлэлцэх тухай нарийвчилсан зохицуулалт болох уг хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталж өөрчлөлт оруулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулах гэж зааж байгаа боловч энэ нь уг тогтоолоор томилогдсон шинжээчийн гаргасан үнэлгээтэй холбоотой эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж шүүхэд ханджээ. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан шүүхийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан гэж үзнэ. Шинжээч томилсон тогтоол, уг шинжээчийн гаргасан үнэлгээ хоёр тус тусдаа нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн байх боломжгүй, хоорондоо уялдаа бүхий цогц ажиллагаанд гаргасан гомдол гэж үзнэ.

 

Дээрх хуульд заасны дагуу авч хэлэлцсэн гомдлыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгосон нь зөв боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 гэж ердийн нэхэмжлэлийг хэлэлцэн хэрэгсэхгүй болгох хуулийн заалтыг давхар удирдлага болгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тус тусдаа төрлийг хольжээ.

 

Иймд шүүхийн шийдвэрийн удирдлага болгосон заалтаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг хасах, тогтоох хэсэгт баримталбал зохих хууль болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт зааснаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн дагуу дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд болон өмчлөгч харилцан тохиролцоогүй бол хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх журамтай. Хэргийн 46 дугаар талд нэхэмжлэгч талаас үнийн санал гаргасан баримт авагдсан бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу төлбөр авагч “Б ББСБ” ХХК-ийн төлөөлөгч уг үнийн саналыг эс зөвшөөрч хөндлөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэх хүсэлтийг НШГАнд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргажээ. /хх.47/

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 233 дугаар тогтоолоор маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг “М” ХХК-иар тогтоолгохоор томилж, уг тогтоолын 3 дах хэсэгт шинжээчийн хуульд заасны дагуу хүлээх үүрэг, хариуцлагын талаар сануулж, шинжээчид танилцуулж гарын үсэг зуруулсан байна. /хх.48/ Түүнчлэн, шинжээчийн үнэлгээний тайлан болон “М” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай чадвар, зөвшөөрөл бүхий этгээд болохыг тогтоосон баримтууд хэрэгт авагдсан байна. /хх.103-105/ Хариуцагч НШГ алба болон гуравдагч этгээд “М” ХХК-ийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үнэлгээний ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний 3.2-т үнэлгээ хийхээс татгалзах, саад учруулах нөхцөл байдал байгаа тохиолдолд мэдэгдэх, арга хэмжээ авах, тогтоолд заасан чиглэлээр үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, тухайн асуудалд хувийн сонирхолгүй, хараат бус байх үүрэг хариуцлагын талаар тухайлан үнэлгээний байгууллагын эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталсан баримт байна. /хх.134/

 

Дээрх баримтуудыг харьцуулан үнэлэхэд үнэлгээчийг томилохдоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуулиар түүний дотор Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дах хэсгээр тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гуравдагч этгээд болох “М” ХХК-ийг үнэлгээчнээр томилсон хариуцагч байгууллага нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж үнэлгээ хийсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүх уг гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь зөв юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 101/ШШ2018/00428 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2017 оны 03 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч С.Дгийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талын төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан  сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                 Т.ТУЯА

                                                                                           А.ОТГОНЦЭЦЭГ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ