Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01122

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 153/ШШ2018/00056 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар магадлалтай,

Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 тоот тушаалаар жолоочоор томилогдон ажиллаж байсан. Энэ ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар байнгын ажлын байр  юм. Гэтэл ажлын байрыг цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсныг зөвшөөрөхгүй. Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний Албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, тус албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба шүүхэд гаргасан тайлбартаа: Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний алба нь Засаг даргын Тамгын газарт харьяалагддаг. Засаг даргын ажлын албаны цэвэрлэгээ, үйлчилгээ, халаалт, сантехник гэх мэт аж ахуйн үйл ажиллагаа хариуцдаг улсын төсвөөс санхүүждэг, төсөвт байгууллага юм. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2014 оны 01 сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар нийтлэг үйлчилгээний албаны бүтцийг баталсан. Нийт 32 орон тоотой байсан ба үүнээс жолоочийн орон тоо 8, үйлчлэгчийн орон тоо 8 гэж тогтоосон байдаг. Тухайн үеийн Нийтлэг үйлчилгээний албаны дарга нь жолооч 9, үйлчлэгч 10 ажиллуулж байсны улмаас хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн их хэмжээний өр үүссэн. Тийм учраас Тамгын газрын даргын 2016 оны 09 сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтаар 36 байсан орон тоог 28 болгож багасгаад жолоочийн орон тоог 6, үйлчлэгчийн орон тоог 8 болгож батлаад цалингийн санд багтаасан. Цалингийн санд багтаан байгууллагын хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх шаардлагатай тул орон тоо цөөрсөн үндэслэлээр халагдаж байгаа 4 ажилтандаа хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу Д.Г-т 12 сарын 07-ны өдөр гардуулсан. Ингээд 1 сарын дараа буюу 2017 оны 01 сарын 11-ний өдрийн тушаалаар Д.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлж, нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 2017 оны 1 сард багтааж олгосон. Энэ бүх үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 153/ШШ2018/00056 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд холбогдох Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,227,433 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 153/ШШ2018/00056 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 128.1.5, 69.1, 46.1, 46.2,-т заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Г-ийг Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 7.200.425 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны санхүүгээс гаргуулж Д.Г-т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай" гэж өөрчилж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5, 7.1.1, 7.1.2,-т заасныг баримтлан Д.Г-ийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны санхүүгээс 200357 (70200+130157) төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, Д.Г-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээр 2 удаа хянан шийдвэрлэгдэхэд шинээр нотлох баримт нэмэгдээгүй, зөвхөн урьд хяналтын шатны шүүхийн тогтоолд заасны дагуу “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажсан нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлэн хэрэгт хавсаргасан. Ийм байхад давж заалдах шатны шүүх урьд гаргасан магадлалдаа “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албыг татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа гаргаж өгөөгүй, цуглуулаагүй” гэж дүгнэсэн атлаа хожим гаргасан магадлалдаа “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга нь ажилтныг ажлаас чөлөөлөх эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй” гэж харилцан зөрүүтэй байдлаар гомдлыг хангасан нь хоорондоо зөрчилтэй байна. Давж заалдах шатны шүүх Нийтлэг үйлчилгээний албаны дарга нь ажилтантайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх хэмжээгүй гэж үзсэн бол нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, хариуцагчийг өөрчлүүлэх арга хэмжээ авахаар байхад шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-т заасныг зөрчиж байна. Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус албанд жолоочоор ажиллаж байсан ажилтан. Иймдээ ч нэхэмжлэгч Д.Г- нь Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар тус албанд жолоочийн ажилд томилогдож, улмаар тус албанаас цалин хөлс авч байсан. Ажлаас чөлөөлөгдсөн тухай гомдлоо нэхэмжлэгч Д.Г- нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд холбогдуулан гаргаж, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хувийг Нийтлэг үйлчилгээний албаны даргад гардуулж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Дээрх нөхцөл байдал, нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Г-ийн ажил олгогч нь Нийтлэг үйлчилгээний алба болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдох тул хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилга гаргах эрхтэй. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс. Хууль, эрх зүйн хэлтэс (архивын тасагтай), Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Цэргийн штаб гэсэн бүтэцтэй, 41 орон тоотой байхаар тогтоосон нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Харин дээрх орон тоонд багтахгүй Нийтлэг үйлчилгээний албаны 28 төрийн үйлчилгээний ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ зөвхөн тус албаны даргад хадгалагддаг.

Иймд Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 153/ШШ2018/00056 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд холбогдуулан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.  

Ажил олгогч 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Б/02 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгчийг жолоочийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгожээ /хэргийн 5 дугаар тал/.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны А/50 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоог 6 байхаар тогтоожээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...2014 оны бүтцээр жолоочийн орон тоо 8 байхаар баталсан байхад орон тоог хэтрүүлж 9 жолооч ажиллуулж байсан, үүнтэй холбоотойгоор цалин, орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн тул орон тоо цөөрүүлэх шаардлагатай болсон” гэжээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдах гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох бол ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг орон тоо цөөрүүлэх гэнэ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцсэн боловч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөхийг зохицуулсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх зохицуулалт тухайн маргаанд хамааралгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл Нийтлэг үйлчилгээний алба нь улсын төсөвт үйлдвэрийн газар тул ажил олгогч нь ажилтныг томилох, чөлөөлөх эрхтэй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч жолоочийн орон тоог цөөрүүлсэн талаар тайлбар гаргасан боловч ийнхүү цөөрүүлэх болсон шалтгаан, үндэслэл тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Тодруулбал, ажил олгогч жолоочийн орон тоог цөөрүүлэхдээ ямар шалгуур үзүүлэлтийг үндэслэл болгосон, өмнө ажиллаж байсан 8 жолоочоос нэхэмжлэгчийг сонгож халсан үндэслэлээ нотолж чадаагүй, ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т нийцээгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх”  талаар гаргасан  гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ