Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 23

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Ө

Хариуцагч: А аймгийн Т сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Т сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан /А аймгийн Т сумын засаг даргын тамгын газрын дарга/ ажилд эгүүлэн томилуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагч А аймгийн Т сумын Засаг дарга Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ө миний бие А аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2008 онд томилогдон 10 дахь жилдээ ажиллаж байна. Т сумын Засаг дарга 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхдээ хийж хэрэгжүүлсэн ажлуудыг маань үгүйсгэж доогуур үнэлгээ өгч гэрээнд тусгагдсан ажил, арга хэмжээний тайланг хамгаалах, тайлбарлан таниулах, ойлгуулах, харилцан ярилцах боломж олгоогүй өөрийн үзэмжээр хүссэн оноогоо тавьж дүгнэсэн. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажил үүргээ гүйцэтгээд байж байхад гэнэт ажлаас халах захирамж гарсан. А аймгийн Т сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дугаартай захирамжид үндэслэсэн удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж, төсвийн сахилга хариуцлага алдаж, 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн дундаж оноо 55.6 буюу “F” үнэлгээтэй дүгнэгдсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг захирамж нь Төрийн албан тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 15, 26, 27 дугаар зүйлүүд, Төрийн албаны Зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолуудыг зөрчсөн.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа тамгын газрын өр авлага, орон тоо, албан хаагчдад олгосон урамшуулал зэрэгт намайг буруутгасан. Гэтэл энэ асуудалд сумын Засаг даргын зүгээс тамгын газрын даргын эрх мэдэлд шууд оролцсонтой холбоотой.  Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн тухайд Тамгын газрын нягтлан бодогч мэргэжлийн тооцооллын алдаа гаргаж, цалингийн шимтгэлийг шилжүүлээгүй орхисон. Дээрх өрийн асуудал нь тамгын газрын нягтлан бодогч тооцоолол буруу хийж, мэргэжлийн алдаа гаргасантай шууд холбоотой. Тамгын газрын даргын хувьд хэнд хаанаас хэдэн төгрөг, цалин олгохыг тогтоож шийдвэр гаргадаг, харин нягтлан бодогч тооцооллыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Иймд тамгын газраас шалтгаалж 2017 онд нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн асуудал байхгүй болно.

Албан хаагчдад олгосон урамшууллын асуудлыг сумын Засаг даргатай ярилцан тооцоолол гаргаж, санал солилцсоны эцэст 2017 оны 12 дугаар сарын 22-нд төрийн сангийн зарлагын гүйлгээ хаагдах тул хойшлуулашгүйгээр шийдвэр гаргах шаардлагатай байсан учраас Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу захиргааны акт гаргахыг даалгасан шийдвэрийг амаар гаргасан. Тамгын газрын дарга төсвийн шууд захирагчийн хувьд холбогдох хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаж, Тамгын газрын төсвөөс урамшуулал олгох албан хаагчдын нэрсийг тушаалын хавсралтаар гаргасан. 2017 онд Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолын дагуу 15 орон тоогоор ажиллаж байсан. Сумын Засаг дарга нярав ажиллуулах шаардлагатай, Ч-г томилон ажиллуул гэсэн. Би Засаг даргын саналыг хүлээн авч, няравыг төсөвтөө багтаан цалинжуулж ажиллуулсан байгаа. Тамгын газрын цалингийн сан 2017 онд хэтрээгүй өргүй ажилласан. Иймд А аймгийн Т сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан А аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Ө-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр дэмжиж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад С.Ө нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагч. Маргаан бүхий акт нь төрийн албан хаагчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн шийдвэр байна.

Захирамжийн үндэслэл болж байгаа удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг асуудал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагддаггүй. Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнэх журмын дагуу үнэлж, дүгнэсэн үр дүнгийн гэрээнүүдийг шүүхэд гаргаж өгсөн. Төсвийн тухай хуульд зааснаар үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэх үүрэгтэй. С.Ө нь албан үүргээ  хангалтгүй биелүүлсэн үнэлгээ аваагүй байгаа нь харагдаж байгаа. Үүнтэй холбоотой сумын Засаг даргаас С.Ө-д хариуцлага тооцсон захирамжуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Дээрх захирамжууд дээр албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, төсвийн сахилга хариуцлага алдсан гэсэн ганцхан үндэслэлийг л дурдсан байдаг. Хангалтгүй гэдгийг ямар тохиолдолд авч үзэх юм бэ гэхээр үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнэх журмынхаа дагуу 60 хувиас доош буюу “F” үнэлгээ авсан тохиолдолд хангалтгүй гэж үзэхээр байгаа. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээд 55.6 хувиар дүгнэсэн. Энэ үнэлгээ нь 2 янзын үнэлгээ байгаа.

 Хариуцагчийн хариу тайлбарт нилээн хэдэн асуудлыг бичсэн байдаг.  Байгууллагын батлагдсан төсөв орон тоо цалингийн санг хэтрүүлэн, жилийн эцсийн санхүүгийн тайлангаар өртэй гарсан, байгууллага хамт олныг өдөр дутмын үйл ажиллагаагаар хангаж ажиллаагүй, байгууллагын дотоод хяналтыг огт хийгээгүй, төсвийг ил тод нээлттэй байгаагүй гэдэг талаар дүгнээд “F” үнэлгээ өгсөн байдаг. Тэгснээ төсвийн хариуцлага алдсан байна гэж үзсэн. Төсвийн хариуцлагыг хэзээ яаж алдсан талаар байхгүй байгаа. Өр үүсгэсэн тухайд нийгмийн даатгалын байгууллагад 1.300.000 төгрөгийн өр үүсгэсэн асуудал яригддаг. Дээрх өрийн асуудал нь хэзээ ямар байдлаар илэрсэн. Ямар албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болов гэдэгт огт дүгнэлт хийгээгүй.  Тайлбар дээр дурдагдаж байгаа бусад асуудал нь тушаалын үндэслэл болоогүй байгааг шүүх анхаарч үзэх хэрэгтэй.

 Маргаан бүхий захиргааны акт нь хуульд үндэслэх зарчим, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх, бусдын хууль ёсны эрх ашгийг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэргээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмийг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч А аймгийн Т cумын засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Тамгын газрын дарга С.Ө-г албан үүрэгт ажлаас нь халсан. С.Ө-д Сумын Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар сахилгын шийтгэл ногдуулж байсан. С.Ө нь дээрх сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн тухай өргөдлөө өгсөн.

Аймгийн Засаг даргын сумын байгууллагын дарга нарт хүргүүлсэн “Төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах, хэмнэлтийн горимд шилжих, батлагдсан төсөвт багтаан өр авлага үүсгэхгүй ажиллах болон байгууллагын албан хаагчдын үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хувийн хэргийн бүрдүүлэлт зэргийг холбогдох журмын дагуу шинэчлэн боловсруулж стандартад нийцүүлэх, хууль тогтоомж бодлого шийдвэрийн хэрэгжилт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулах болон төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ажлын уялдаа холбоог нэмэгдүүлэх тухай” 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн.

Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдлийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 1 жил 4 сар олгоогүй. Төрийн үйлчилгээний албан хаагчдын ур чадварын нэмэгдлийг үндэслэлгүй хасч олгосноос 637454 төгрөгийн зөрчил илэрч санхүүгийн хяналтын улсын байцаагчийн акт тавигдсан. 

Байгууллагын батлагдсан төсөв орон тоо цалингийн санг хэтрүүлэн 3 жил дараалан жилийн эцсийн санхүүгийн тайлангаар өртэй гарсан. 2015 оны жилийн эцэст 3504600 төгрөгөөр цалингийн зардал хэтрэлттэй, 2016 оны жилийн эцэст цалингийн санд 2819600 төгрөгийн өр, 2017 оны жилийн эцэст 1341766 төгрөгийн өр дахин үүсгэж төсвийн шууд захирагчийн санхүүгийн санхүүгийн сахилга хариуцлагыг жил бүр алдаж байгаа нь төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтуудыг зөрчсөн.

Засгийн Газрын 2011 оны 20 дугаар тогтоол, тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний Б/01 дүгээр тушаалаар Тамгын газрын орон тоог шинэчлэн тогтоохдоо 20 байхаар тогтоосон боловч 2017 онд тамгын газар нь нийт 22 орон тоотойгоор ажилласан. Байгууллагын орон тоо хэтрүүлэн нярав ажиллуулж цалинг давхардуулан олгож 519000 төгрөгийн санхүүгийн хяналт улсын байцаагчийн акт тавигдсан. 2017 оны жилийн эцсээр албан хаагчдын үр дүнгийн гэрээг дүгнэлгүйгээр ажлын үр дүнг харгалзахгүйгээр өөрийн дураар тушаал шийдвэр гарган албан хаагчдад урамшуулал олгосон. Дээрх үйлдэл нь төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн.

Тамгын газрын 2017 оны санхүүгийн жилийн эцсийн тайланд төрийн аудитын газраас аудит хийж түлээ нүүрсийг их хэмжээгээр бэлтгэж зарцуулаагүй үлдэгдлийг төвлөрүүлээгүй гэх үндэслэлээр түлшний зардалд 1275000 төгрөгийн акт тавьсан. Энэ нь төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 45 дугаар зүйлийн 45.2, 45.2.1 дэх заалтуудыг зөрчсөн. С.Ө нь дээрх үйлдлүүдээр төсвийн шууд захирагчийн санхүүгийн хариуцлагыг алдаж төрийн байгууллагын төсөвт хүндрэл учруулсан.

С.Ө-н үр дүнгийн гэрээг дүгнэхдээ төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд бичиг хэргийн эрхлэгчийг байлцуулан тэмдэглэл хөтлүүлж гэрээний заалт тус бүр дээр харилцан ярилцаж ярилцлага зохион байгуулсан. Засаг дарга миний бие Тамгын газрын даргын үр дүнгийн гэрээг дүгнэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын дагуу үнэлж дүгнэн 55,6 оноо буюу “F” үнэлгээтэй дүгнэсэн. С.Ө 2017 оны үр дүнгийн гэрээний “F” үнэлгээтэй санал нийлэхгүй гэсэн боловч үндэслэл бүхий тайлбарыг бичгээр гаргаж өгөөгүй учир уг журмын 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудас бичиж үнэлгээг өөрчлөөгүй. 

Мөн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар С.Ө-тэй биечлэн уулзаж Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу төрийн албанаас халах арга хэмжээ авах болсныг мэдэгдэж 6 хуудас тэмдэглэл хөтөлсөн. Уг сонсох ажиллагааг хийснээс хойш 1 сарын дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар үүрэгт ажлаас нь халсан болно. С.Ө-д тайлбар гаргах болон Засаг даргатай гэрээний үнэлгээний талаар санал солилцох, нөхцөл байдлаа танилцуулах зэрэг боломжийг 1 сарын хугацаатай олгосон боловч энэ хугацаанд огт ярилцаагүй.

С.Ө нь албан үүрэгт ажлаа 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн, 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 55,6 хувь буюу “F” үнэлгээтэй хэрэгжүүлж хангалтгүй дүгнэгдсэн, төсвийн шууд захирагчийн санхүүгийн сахилга хариуцлагыг алдагдуулсан тул сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Тамгын газрын даргын албан үүрэгт ажлаасаа халагдсан болно гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу оролцогчийг сонсох ажиллагааг төсвийн ерөнхийлөн захирагч нэхэмжлэгч С.Ө-тэй биечлэн уулзаж сонсгол зохион байгуулж, тэмдэглэл үйлдсэн. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа хоёр ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж заасан. Үүнтэй холбоотой тайлбар хэлэхэд А аймгийн Т сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/11 дүгээр “Тамгын газрын дарга С.Ө-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж байдаг. Уг захирамж болон 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр “Ажлаас халах тухай” захирамжийн үндэслэлүүд хоорондоо утга агуулга нь өөр захирамж. Нэхэмжлэгч талаас нэг л үндэслэлээр гаргасан гэж маргадаг. Гэтэл гаргасан зөрчлүүд нь өөр өөр, захирамж гаргахдаа баримталсан хуулийн заалт нь өөр өөр байгаа. Тухайн арга хэмжээ авсан захиргааны актад үндэслэсэн зөрчлүүдийг С.Ө-н хүлээн зөвшөөрч, цаашид ажиллах нөхцөл бололцоогоор хангуулах тухай өргөдөл гаргасан байдаг.

Төсвийн сахилга, хариуцлагын тухайд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн богино хугацаат өр төлбөрийн тодруулга, Үүнд: цалин, даатгал, шимтгэл, хүн амын орлогын албан татвар, эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д заасныг зөрчсөн. А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” актаар 704.759 төгрөгийн төлбөр тогтоосон. Мөн 2016, 2017 оны жилийн эцсээр төсөвт өр авлага үүсгэсэн. Засаг даргын Тамгын газрын санхүүгийн  дотоод үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, сумын Засаг дарга нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/186 дугаартай “Төсвийн сахилга хариуцлагын талаар авах арга хэмжээний тухай” албан бичгийг Тамгын газрын даргад хүргүүлсэн байдаг. А аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 36/01 дугаартай актаар “2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар түлээ нүүрсийг их хэмжээгээр бэлтгэж зарцуулаагүй үлдэгдлийг төвлөрүүлээгүй 1.275.000 төгрөгийн зөрчил илэрсэн.  Мөн Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар нэр бүхий 7 албан хаагчдын дансанд 1.998.601 төгрөгийг шилжүүлсэн асуудал гарсан. 

2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж дүгнэх талаар: Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 5 дугаар зүйлд заасны дагуу гэрээний хэрэгжилтэд төсвийн жилд хяналт тавин ажилласан. 2017 оны үр дүнгийн гэрээг төсвийн ерөнхийлөн захирагч нь үнэлж дүгнэхдээ тус журмын 6 дугаар зүйлд заасны дагуу гэрээний биелэлтийг дүгнэсэн байдаг. Үр дүнгийн гэрээний үнэлгээ “F” үнэлэгдсэн тохиолдолд Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.5-д заасны дагуу Төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Нэхэмжлэгч С.Ө-д өгсөн үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа талаар тайлбар гаргах боломжит хугацааг олгосон. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ярилцлага хийж 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сонсох ажиллагаа хийснээс хойш 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр санал хүсэлт тайлбар ирүүлээгүй байдаг. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь хэсэгт заасан хуульд бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулал, хариуцлага тооцох, Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 7.1 дэх хэсэг “F” буюу хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас халах, дотоод журмын 10.1 дэх хэсэгт зааснаар “F” буюу хангалтгүй үнэлүүлсэн бол төрийн албанаас халахаар заасан. Дээрх хууль, журмуудыг үндэслэж С.Ө-г ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн С.Ө-с А аймгийн Т сумын засаг даргад холбогдуулан гаргасан “А аймгийн Т сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан /А аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын дарга/ ажилд эгүүлэн томилуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий захиргааны актын тухайд: А аймгийн Т сумын Засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажлаас халах тухай”  Б/01 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 7.1, Төсвийн тухай хуулийн  6.4.1, 6.4.8, 40.4.2, Байгууллагын дотоод журмын 10.1 дэх хэсгийг үндэслэн тамгын газрын дарга С.Ө-г удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж, төсвийн сахилга хариуцлага алдаж, 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн дундаж оноо 55.6 буюу “F” дүгнэгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч С.Ө-г үүрэгт ажлаас нь халжээ. 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс: “ ... сумын Засаг дарга 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхдээ хийж хэрэгжүүлсэн ажлуудыг маань үгүйсгэж доогуур үнэлгээ өгч гэрээнд тусгагдсан ажил, арга хэмжээний тайланг хамгаалах, тайлбарлан таниулах, ойлгуулах, харилцан ярилцах боломж олгоогүй өөрийн үзэмжээр хүссэн оноогоо тавьж дүгнэсэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дугаартай захирамж нь Төрийн албан тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 15, 26, 27 дугаар зүйлүүд, Төрийн албаны Зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолуудыг зөрчсөн гэж;

Хариуцагч, түүний өмгөөлөгчөөс: “ ... нэхэмжлэгч С.Ө нь албан үүрэгт ажлаа 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн, 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 55,6 хувь буюу “F” үнэлгээтэй хэрэгжүүлж хангалтгүй дүгнэгдсэн, төсвийн шууд захирагчийн санхүүгийн сахилга хариуцлагыг алдагдуулсан зэрэг нь холбогдох баримтуудаар тогтоогдсон тул сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажлаас халах тухай”  Б/01 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлтэй ...” гэж тус тус маргажээ. 

I.Удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд:

Хариуцагчаас албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээ “нэхэмжлэгч С.Ө нь 2017 оны 9 дүгээр сард сумын Засаг даргын захирамжаар албан тушаалын цалинг 1 сар 20 хувиар бууруулах шийтгэл авагдсан, мөн дээрх арга хэмжээ авагдсанаас хойш илэрсэн санхүүгийн зөрчлүүд хамаарч байгаа” гэж тайлбарлажээ.

а/ А аймгийн Т сумын Засаг дарга 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Тамгын газрын дарга С.Ө-д сахилгын шийтгэл ноогдуулах тухай” Б/11 дүгээр захирамжаар тамгын газрын дарга С.Ө-г ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан ажил үүрэг, сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчдийн цалин хөлс, ажлын үр дүнг хууль журмын дагуу тооцож олгодоггүйгээс зарим нэг албан хаагчид хохирч холбогдох газруудад гомдол гаргасан, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтын журам боловсруулж баг томилон мөрдөн ажиллуулаагүйн улмаас албан хаагчдын ур чадвар, ажлын бүтээмж, сахилга хариуцлага суларсан, архив бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийн ажлыг удирдлагаар хангаагүй, орон нутгийн өмч, байгууллагын эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтанд хариуцлагагүй хандсанаас эд хөрөнгө хяналтгүйгээр устаж алга болсон, өөрийн удирдлаганд буй албан хаагчдыг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоол, Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Дээрх зөрчилтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэн үүрэгт ажлаас нь халах шийдвэр гаргасан боловч Тамгын газрын дарга нь өөрийн гаргасан зөрчил дутагдлыг засаж ажлаа сайжруулан ажиллах, албан тушаалд нь хэвээр үлдээхийг хүссэн өргөдөл, хүсэлт гаргасан байна. Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Тамгын газрын дарга С.Ө нь хуулиар хүлээсэн албан үүргээ хангалтгүй биелүүлэн, удаа дараа ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр албан тушаалын цалинг 1 сар 20 хувиар бууруулах шийтгэл оногдуулжээ.  

Нэхэмжлэгч С.Ө нь дээрх захирамжийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй байх бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр сумын засаг даргад: “ ... С.Ө миний бие нь сумын засаг даргын ажлын албыг удирдах явцад ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээний хүрээнд зарим зөрчил дутагдал гаргасныг арилгаж, ажлаа сайжруулан ажиллах болно. Иймд ажлаас халах асуудлыг судлан амьдрал ахуйг харгалзан үзэж ажлаа үргэлжлүүлэн ажиллах боломж олгож өгнө үү ...” гэх утга бүхий тайлбарыг гаргаж байсан болохыг дурдах нь зүйтэй байна. 

б/ А аймгийн Т сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Дотоод хяналт шалгалт хийх тухай” А/138 дугаар захирамжаар  байгуулагдсан ажлын хэсэг тус сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийж, бичиг хэргийн зардал дээр 595.5 мянган төгрөг, тээвэр шатахуун дээр 802.7 мянган төгрөг, урсгал засвар дээр 130.5 мянган төгрөг, албан томилолт дээр 660.0 мянган төгрөгөөр батлагдсан төсвийг хэтрүүлж, төсөвт өр үүсгэсэн гэсэн тайлбар бичжээ. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгчийг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж байсан гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв. 

II . Төсвийн сахилга, хариуцлага алдсан гэх үндэслэлийн тухайд: Хариуцагч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч С.Ө-г сумын засаг даргын тамгын газрын даргын албан тушаалыг эрхэлж байх хугацаанд хамаарах ... А аймгийн Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 36/01 АРА-2018-01-СТА дугаар актаар  Т сумын засаг даргын тамгын газрын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж түлээ, нүүрсийг их хэмжээгээр бэлтгэж зарцуулаагүй үлдэгдлийг төвлөрүүлээгүй 1.275.000 төгрөгийн зөрчил ...; 2017 оны жилийн эцсийн тооллогын тайлан  1.Тооллогын явцад тоологдоогүй, устаж алга болсон эд хөрөнгийн жагсаалт ... сийлбэртэй явган /түшлэгтэй/ сандал-7ш, баг нотебүүк-1ш, нийт дүн 865.900 төгрөг ...; “Нью гэрэлт ертөнц” ХХК-ий нэхэмжлэх  бүхий 2017 оны 573.700 төгрөгийн бичиг хэргийн зардал...; А аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Богино хугацаат өр төлбөрийн тодруулга  ... 310.000 төгрөгийн өглөг ...; А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/04/43 дугаар актаар : “ ... Т сумын Засаг даргын тамгын газар нь батлагдаагүй орон тоонд /нярав/ ажилтан ажиллуулж, түүнд үйлчлэгч орон тоогоор ажиллаж байхад 30 хувийн ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл цалин олгосноор 2016 онд 2.819.589 төгрөгийн өр төлбөртэй гарснаас 519.200 төгрөгийн зөрчил илэрлээ. Нөхөн тооцсон 519.200 төгрөгийг ... төвлөрүүлэхийг дарга С.Ө, нягтлан бодогч Э.С нарт хариуцуулав ...”, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Нэмэгдэл цалин нөхөн олгох тухай” 17/04/12 дугаар актаар : “ ... тамгын газрын төрийн үйлчилгээний албан хаагчдын ур чадварын нэмэгдлийг үндэслэлгүй хасаж тооцож олгосноор 637.454 төгрөгийн төлбөр зөрчил илэрлээ ... нөхөн тооцсон 637454 төгрөгийг ... нөхөн олгохыг дарга С.Ө, нягтлан бодогч Э.С нарт хариуцуулав ...”, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Зөрчлийг арилгуулах тухай” 17/04/23 дугаар албан шаардлага : “ ... т сумын засаг даргын тамгын газрын 2014-2017 оны эхний 1 дүгээр улирлын санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн хяналт шалгалтаар дараах зөрчил илэрлээ ... байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтын журам боловсруулж, дотоод хяналт, шалгалтын баг томилж, мөрдөн ажиллуулаагүй байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг ... сумын Засаг даргын тамгын газрын даргын гаргасан тушаал шийдвэр хавсралтгүй, дугаар давхардсан нь Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 2 дугаар зүйлийн 2.3.4 дэх заалтыг ...  2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар 3504.6 мянган төгрөгөөр цалингийн зардал хэтрэлттэй, 2016 оны санхүүгийн тайлангаар 2819.6 өртэй тайлагнасан ба энэ нь цалингийн өглөг /даатгуулагчаас төлөх НДШ/-2191.9 мянган төгрөг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг-627.7 мянган төгрөг байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтыг ... засаг даргын тамгын газар үндсэн 15, гэрээт 5, нярав Т.Ч-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний цалин олгохоор сумын засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар түр томилж, мөн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар нярав Т.Ч-д үйлчлэгчийн ажил албан тушаал хавсран гүйцэтгэсний 30 хувийн нэмэгдэл цалин олгосон байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Монгол Улсын Их хурлын 2016 оны 47 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" 147 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/131 дүгээр “Сумдын ЗДТГ-ын орон тооны хязгаар тогтоох тухай” захирамжийг тус тус зөрчсөн ...”, сумын засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Дотоод хяналт шалгалт хийх тухай” А/138 дугаар захирамжаар  төсвийн тухай хууль болон засгийн газрын 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор Тамгын газрын дотоод үйл ажиллагаанд санхүүгийн дотоод хяналт шалгалт хийх ажлын хэсгийг томилж, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Дотоод хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн товч тайлан” -д “ ... албан хаагчдын ажлын цагийн бүртгэл, цалин хөлс олголтыг хурууны хээ уншигч машины билл, цалингийн тооцооны хүснэгттэй харьцуулан үзлээ. Засаг даргын тамгын газрын 4-10 дугаар сарын материалаас харахад нийтлэг буюу нэг албан хаагчид тус бүрт 2-6 хоногийн таслалт байхад цалинг бүтнээр бодож олгосон байдал харагдаж байна. Албан хаагчдын өргөдөл хүсэлт, удирдамж болон бусад холбогдох материалын бүрдэл хангалтгүй байлаа ... засаг даргын тамгын газрын 10 дугаар сарын төсвийн гүйцэтгэл батлагдсан төсвийг харахад бичиг хэргийн зардал дээр 595,5 төгрөг, тээвэр шатахуун дээр 802,7 төгрөг, урсгал засвар 130,5, албан томилолт дээр 660,0 төгрөгийн өр үүссэн байна ... албан хаагчдын ирүүлсэн гомдлын дагуу цалин олголт, бодолтыг үзэхэд мэргэжилтэн Ш.Б-д төрийн албан хаагчийн нэмэгдлийг олгоогүй гэснийг нийгмийн даатгалын дэвтэр болон тушаалтай харьцуулан шалгахад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс олгож эхлэх байсан боловч 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс олгож эхэлсэн нь төрийн албаны тухай хууль болон холбогдох засгийн газрын тогтоол шийдвэрийг зөрчиж төрийн албан хаагчид хохирол учруулсан байна. Үйлчлэгч М.А, Т.Ч нарын цалинг дутуу бодсон гэснийг шалгахад М.А дээр цалингийн тооцоо байхгүй, Т.Ч-д 2 хоногийн цалин хөлс бодож олгохоор байна ..”, А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” 08 дугаар акт : “ ... Т сумын Засаг даргын тамгын газрын нь 2017 онд 3 даатгуулагчийн ээлжийн амралтын цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй ... 2.237.332 төгрөгийн орлогод ногдох 469.839.27 төгрөгийн шимтгэл, 234.919.86 төгрөгийн алданги, нийт 704.759.58 төгрөгийг нөхөн төлүүлэх ...”-ээр тус тус акт, албан шаардлагууд ирсэн.

Мөн А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Т сумын Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, Удирдлагын салбарын 2016-2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн тухай танилцуулга” 22 дугаартай хяналт шалгалтын танилцуулгад: “ ... Долоо. Шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдал шалтгаан түүнээс гарч болзошгүй буюу гарсан хохирол зөрчигдсөн хууль тогтоомж дүрэм ... Засаг даргын тамгын газар нь 2017 оны эцэст иргэдэд түлээний үнийг шилжүүлээд, эд хариуцагчийн тайланд орлогоор бүртгээгүй байснаас 2 хүнтэй холбоотой 0.9 сая төгрөгийн төлбөр ... гэрэл цахилгааны үнийг шилжүүлээд урьдчилж төлсөн зардал, дансны авлагаар бүртгээгүйгээс 120000 төгрөгийн төлбөр ... засаг даргын тамгын газрын дарга асан С.Ө нь сумын Засаг даргын өгсөн үүрэг, чиглэлийн өөртөө болон улс төрийн албан тушаалтануудад давхардуулан 2017 оны 12  дугаар сарын 21-ний А/18, 2017 оны 12 дугаар сарын 22-ний А/21 дүгээр тушаал гаргаж хавтгайруулан 30 хувиар урамшуулал олгосноос 7 хүнтэй холбоотой 2.9 сая төгрөгийн төлбөрийн зөрчил илэрсэн талаар дурдаж, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/03/64 дүгээр актаар улсын байцаагчийн актаар: “ ... Т сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд гэрэл цахилгааны үнийг шилжүүлээд урьдчилж төлсөн зардал, дансны авлагаар бүртгээгүйгээс 120000 төгрөгийн зөрчил илэрч, актаар тогтоосон төлбөрийг төсвийн орлого болгохыг Т сумын Засаг даргын тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Г, нягтлан Э.С нарт, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/03/63 дугаар улсын байцаагчийн актаар: “ ... түлээний үнийг шилжүүлээд, эд хариуцагчийн тайланд орлогоор  бүртгээгүй, өр авлага үндэслэлгүй хааснаас 3 хүнтэй холбоотой 942000 төгрөгийн зөрчил илэрч, актаар тогтоосон төлбөрийг төсвийн орлого болгохыг Т сумын Засаг даргын тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Г, засаг даргын тамгын газрын дарга асан С.Ө, нягтлан Э.С, нярав Т.Ч нарт, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/03/65 дугаар улсын байцаагчийн актаар: “ ... эрх зүйн үндэслэлгүй урамшуулал олгосон, төсөв захирагч нь цалингийн сангийн бодит хэмнэлтийг урамшуулал хэлбэрээр албан хаагчдын нэрээр гаргуулж, нөхөн төлбөр төлөх нэрийдлээр буцаан гар дээр хураан авснаас 7 хүнтэй холбоотой 2944854 төгрөгийн зөрчил илэрч, актаар тогтоосон төлбөрийг төсвийн орлого болгохыг Т сумын Засаг даргын тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Г, сумын засаг дарга Г.Б, нягтлан Э.С нарт хариуцуулсан байна. 

 Дээрх зөрчлүүд нь нэхэмжлэгч С.Ө-н сумын засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан цаг хугацаанд шууд хамаарах бөгөөд төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 41.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл”, 131.2. “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заажээ.

Хариуцагч нь А аймгийн Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 36/01 АРА-2018-01-СТА дугаар акт, А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/04/43 дугаар акт, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Нэмэгдэл цалин нөхөн олгох тухай” 17/04/12 дугаар акт, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Зөрчлийг арилгуулах тухай” 17/04/23 дугаар албан шаардлага, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/04/43 дугаар акт зэргийг маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэв. 

Учир нь хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан хугацаа хэтэрсэн байхад дээрх зөрчлүүдийг маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин хариуцагч нь Т сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын тайлан, “Нью гэрэлт ертөнц” ХХК-ий нэхэмжлэх, Т сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны богино хугацаат төлбөрийн тодруулга, Сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Дотоод хяналт шалгалт хийх тухай” А/138 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн тайлан, А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” 08 дугаар акт, А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/03/64 дүгээр актаар улсын байцаагчийн акт, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/03/63 дугаар улсын байцаагчийн акт, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/03/65 дугаар улсын байцаагчийн актуудад дурдагдсан зөрчлүүдийг маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл. “Төсвийн шууд захирагч, түүний бүрэн эрх”, 16.4. “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна:”, 16.4.15. “аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн:” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч С.Ө нь тухайн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа төсвийн шууд захирагч байсан байна.       

Мөн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл. “Төсвийн шууд захирагч, түүний бүрэн эрх”, 16.5. “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 16.5.1. “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;”, 16.5.2. “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих;”, 16.5.5. “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас төсвийн шууд захирагч нь тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, батлагдсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулахад хяналт тавьж ажиллахаар байна. 

Гэтэл нэхэмжлэгч С.Ө нь 2017 онд хуулиар хүлээсэн дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллаагүй санхүүгийн зөрчил гаргасан болох нь холбогдох байгууллага, албан тушаалтны хяналт, шалгалтаар тогтоогджээ.   

Хариуцагчийн маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон гэх санхүүгийн зөрчлүүд 2017 оны төсвийн санхүүгийн жилийн зөрчлүүд байх бөгөөд 2017 оны жилийн эцэст илэрсэн зөрчлүүд байх тул маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон нь холбогдох хууль, тогтоомжид нийцжээ.  

Нэхэмжлэгч С.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/03/63, 17/03/64, 1703/65 дугаар актуудад гомдол гаргахгүй гэсэн тайлбарыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.  

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгчийг төсвийн сахилга хариуцлага алдсан гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

III. 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн дундаж оноо 55.6 буюу “F” дүгнэгдсэн гэх үндэслэлийн тухайд: А аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Дүгнэлт гаргах тухай” 9 дүгээр тогтоолыг үндэслэн А аймгийн Т сумын Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажилд томилох тухай” 89 дүгээр захирамжаар тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар С.Ө-г томилжээ. 

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйл “Үр дүнгийн гэрээ”, 40.1. “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна.” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч /төсвийн шууд захирагч/ С.Ө нь /төсвийн ерөнхийлөн захирагч/ болох сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар байгуулсан байна. 

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4. “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна:”, 40.4.2. “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох.” гэж тус тус заажээ.  

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч буюу /төсвийн шууд захирагч/ С.Ө, хариуцагч буюу /төсвийн ерөнхийлөн захирагч/ сумын Засаг дарга нар үр гэрээний 5. “Гэрээний урамшуулал ба хариуцлага”, 5.2 “Төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч түүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг оруулжээ. 

Мөн төсвийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.3. “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч буюу /төсвийн шууд захирагч/ С.Ө, хариуцагч буюу /төсвийн ерөнхийлөн захирагч/ сумын Засаг дарга нар 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дүгнэсэн байна.        

Ийнхүү гэрээг дүгнэхдээ “Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэх илтгэх хуудас”-нд төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний хавсралт болох “байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан тусгай арга хэмжээнээс бусад 59 нийт арга хэмжээний хэрэгжилтийг арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан нийт 100 онооноос 55.6 оноо, “F” буюу хангалтгүй дүгнэжээ.

Нэхэмжлэгч С.Ө нь үр дүнгийн гэрээний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг бөгөөд харин Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Төсвийн шууд захирагчийн үйл  ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ийн 8.2. “Гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн ... албан тушаал бууруулах, ажлаас чөлөөлөх, төрийн албанаас халахтай холбогдсон маргааныг ТАТХ-ийн 39 дүгээр зүйл, Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлээгүй байна.

Дээрх журмын Долдугаар зүйл. “Гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээний мөрөөр  хэрэгжүүлэх арга хэмжээ”, 7.1. “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно:”, Үнэлгээ: “F” буюу “хангалтгүй”, “төрийн албанаас халах” гэж заажээ. 

Журмын дээрх заалт болон төсвийн тухай хууль, үр дүнгийн гэрээнд заасны дагуу үр дүнгийн гэрээг дүгнэж, үнэлгээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгчийг ажлаас халах шийдвэр гаргасан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв. 

Нэхэмжлэгч С.Ө-н 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийж, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг танилцуулан сонсох ажиллагаа явуулан тэмдэглэл  үйлдсэн байх бөгөөд нэхэмжлэгч гэрээний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан боловч уг асуудлаараа холбогдох журамд заасны дагуу эрх бүхий байгууллага албан тушаалтанд гомдол, шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

IV. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулсан эсэх тухайд: Хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг танилцуулан сонсох ажиллагаа явуулан тэмдэглэл үйлджээ.  Уг тэмдэглэлийн төгсгөлд “Дээрх үнэлгээ нь төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 7 дугаар зүйлийн 1-л заасны дагуу, Төрийн албаны тухай хуулийн 25.1.1.-д зааснаар төрийн албанаас халах шийтгэл ногдуулах үндэслэл болж байна. Иймд хууль журмын дагуу хариуцлага тооцох болсныг мэдэгдэж байна.”  гэжээ.

Дээрх сонсох ажиллагаанаас хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч С.Ө-с хариуцагчийн гаргаж байгаа захиргааны акттай холбоотой асуудлаар тайлбар, санал гаргаагүй байна. 

Иймд хариуцагчийг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй байна гэж буруутгах үндэслэлгүй байна.

V. Захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргаж, шийдвэрлүүлсэн асуудлын тухайд: Нэхэмжлэгч С.Ө маргаан бүхий захиргааны актын талаарх гомдлоо А аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж, тус зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Дүгнэлт гаргах тухай” 06 дугаар тогтоолоор Т сумын засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэжээ. 

Хариуцагч Т сумын Засаг дарга дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Гомдол гаргах тухай” 1/55 дугаар албан бичгийг төрийн албаны төв байгууллагад гомдол гаргаж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Хариу өгөх тухай” 400 дүгээр албан бичгээр: “ ... маргаан хянан шалгах комиссын дүгнэлт, салбар зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, нотлох баримтуудаас үзэхэд Төрийн албаны зөвлөлийн А аймаг дахь Салбар зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.” гэх хариуг хүргүүлсэн байна. 

Төрийн албаны тухай 39 дүгээр зүйл. “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх.”, 39.5. “Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй.”, 39.6. “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй”, гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй байх бөгөөд түүнийг нь холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй байна.  

Уг хэргийн тухайд маргаан бүхий захиргааны актыг Төрийн албаны зөвлөлийн А аймаг дахь салбар зөвлөлөөс хууль зүйн үндэслэлгүй /өөрчилсөн хүчингүй болгосон шийдвэр гараагүй/ гэж дүгнэсэн байх бөгөөд Төрийн албаны төв байгууллагаас маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, актыг өөрчилсөн буюу хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй байна.

Иймд шүүх захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргаж, шийдвэрлүүлсэн Төрийн албаны төв болон салбар зөвлөлийн тогтоол, албан бичигт хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн уг хэргийн маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримтанд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл нэхэмжлэгч С.Ө нь удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж, төсвийн сахилга, хариуцлага алдаж, үр дүнгийн гэрээний биелэлтийг “хангалтгүй” дүгнүүлсэн болох нь хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1.-д заасны дагуу ажлаас халах шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.  

Иймд иргэн С.Ө-с гаргасан “А аймгийн Т сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан /А аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын дарга/ ажилд эгүүлэн томилуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14., 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1., Төсвийн тухай хуулийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2., 40 дүгээр зүйлийн 40.4.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ө-с А аймгийн Т сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “А аймгийн Т сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан /А аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын дарга/ ажилд эгүүлэн томилуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ