Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2021/0483

 

 

 

 

 

 

 

“Ю Э Э К” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Г.О, хариуцагч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 257 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оы гаргасан давж заалдах гомдлоор “Ю Э Э К” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Я.Н нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 257 дугаар шийдвэрээр:

“Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-д заасныг баримтлан “Ю Э Э К” ХХК-иас “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Я.Н нарын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0298742 дугаар шийтгэлийн хуудсаар 1.600.378.875.41 төгрөгийн зөрчилд 354.545.50 төгрөгийн нөхөн татвар, 79.667.492.10 төгрөгийн торгууль, 42.583.000.20 төгрөгийн алданги, нийт 122.605.037.80 төгрөгийн төлбөр ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж, 37.537.009.14 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Гомдол гаргагч “Ю Э Э К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

“Татварын ерөнхий хууль шинэчлэн найруулагдсантай холбогдуулан хууль тогтоогчоос Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлан гаргаж, уг хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө татварын хууль тогтоомж зөрчсөн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ” гэж зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл хууль тогтоогч Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хуулиар ногдуулсан албан татвар төлөх”, үндсэн үүргийг тогтвортой мөрдүүлэхийн тулд Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу эрх бүхий этгээдээс шалган тогтоосон шийтгэлийг хэвээр үлдээх хүсэл зоригийг агуулсан гэж үзэхээр байна.

Үүнээс үзвэл Татварын ерөнхий хуульд гомдол гаргагчийн маргаж байгаа харилцааг буюу 2020 оны 1 дүгээр сарын 1-ээс өмнө тогтоосон татварын зөрчилд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн заалтыг дагаж мөрдөхөөр зохицуулсан зохицуулалт тусгаагүй байна” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэхээр байна.

Зөрчлийг зөрчил гэж тооцох, хянан шалгах ажиллагаа нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдах шаардлага тавигддаг. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” хэмээн заасан ба мөн зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” хэмээн заасан зэргээс үзэхэд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч байгууллагын татвар ногдуулалт, төлөлтийг шалгаад “зөрчил үйлдсэн” хэмээн үзэж “шийтгэх хуудас”-аар шийтгэл оногдуулж байгаа тохиолдолд Татварын хуульд заасан хариуцлага бус тухайлан Зөрчлийн хуульд заасан шийтгэл, хариуцлагын хүрээнд шийдвэр гаргах ба хариуцлага хүлээлгэх хуулийн зарчим үйлчилнэ.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн дагуу “Зөрчил” хэмээн тооцож “Шийтгэх хуудас”-аар хариуцлага оногдуулсан энэхүү маргааны хувьд Татварын ерөнхий хуулийн хариуцлага болон Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль бус Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн зохицуулалт, зарчмыг баримтлах учиртай.

Хууль тогтоогчийн хувьд Зөрчлийн тухайн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр өөрчлөлт оруулахдаа “алданги” гэсэн хариуцлагын хэлбэр оруулаагүй, “торгууль”-ийн хэмжээг 10 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан ба өмнө нь илэрсэн зөрчилд оногдох хариуцлагыг хэвээр үлдээх тухай зохицуулалт Зөрчлийн тухай хууль эсхүл Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль оруулаагүй нь тухайн төрлийн хариуцлагыг багасгасан буюу Зөрчлийн хуулиар хариуцлага оногдуулахгүй болсныг илэрхийлнэ.

Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасанчлан “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” хэмээн заасны дагуу 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх бүрэн үндэстэй билээ.

2.Мөн Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

“Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” талаар Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаар тогтоолын гуравт заасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байх тул....” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.  

Маргаан таслах зөвлөлийн тогтоолын үндэслэлд “Нөгөө талаас татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас үйлдсэний дараа татварын алба уг шийдвэрийн дагуу төлүүлэхээр ногдуулсан төлбөрийг өрд тооцож, Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Татвар төлөгч энэ хуулийн 43.1-д заасны дагуу гомдол гаргасан нь ногдуулсан татвар, алданги, торгууль төлөхийг зогсоох үндэслэл болохгүй” гэж заасан нь тухайн шийдвэртэй холбоотой өр барагдуулах ажиллагаа хийгдэж эхэлснийг харуулж байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг буцаан хэрэглэх зохицуулалтгүй байна гэж зөвлөлийн бүрэлдэхүүн дүгнэлээ” хэмээсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байдаг.  

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу оногдуулах шийтгэл, албадлын арга хэмжээг хөнгөрүүлсэн, хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх учиртай. Энэхүү зохицуулалт нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу тухайн шийтгэл оногдуулсан шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэх боломжтой байдаг.  

Гэтэл маргаан таслах зөвлөлийн тогтоолд татварын алба шийтгэх хуудас үйлдсэний дараа төлүүлэхээр ногдуулсан төлбөрийг өрд тооцсоноор өр барагдуулах ажиллагаа эхэлсэн буюу гүйцэтгэсэн мэтээр дүгнэсэн нь илэрхий алдаатай байна.  

Тухайн шийтгэх хуудсыг холбогдох хуулийн этгээд сайн дураар биелүүлэх буюу шийтгэх хуудсаар оногдуулсан төлбөрийг төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэх тухай зохицуулалт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан ба шийтгэх хуудас “гүйцэтгэсэн” эсхүл “гүйцэтгээгүй” тухай хууль зүйн ойлголт нь тухайн төлбөр ногдуулсан шийдвэрийн дагуу холбогдох этгээдээс төлбөрийг бодитоор гаргуулсан байх тухай асуудал гэдэг нь илэрхий билээ.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 257 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийтгэлийн хуудсаар торгууль, алданги ногдуулсан нь тухайн үед мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 17.19 дүгээр зүйлийн 2-т нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байх боловч шүүх гомдлын дагуу зөрчлийн хэргийг шийдвэрлэхдээ “Ю Э Э K” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх боломжтой байна.

Тухайлбал шийтгэлийн хуудасны үндэслэл болсон 2017.07.01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-т “татварыг хугацаанд төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, мөн зүйлийн “Тайлбар”-т энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлөх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна”, мөн татварыг хугацаанд нь төлөөгүй зөрчил үйлдэгдсэн 2015, 2016 онуудад тухайн үед үйлчилж байсан Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-т “…74.2-т заасны дагуу …хугацаанд нь төлөгдөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэсэн адил агуулга бүхий зохицуулалт тус тусын хуульд тусгагдсан байсан, энэ хүрээнд ч шийтгэлийн хуудас бичигджээ.

Гэвч Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 6 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж зааснаас гадна уг хуулийн 11.19 дүгээр зүйлийг өөрчлөн найруулсан 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар “1.Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, мөн зүйлийн Тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна” гэжээ.

Хуульд оруулсан дээрх өөрчлөлтөөр “алданги”-ийн талаар зохицуулаагүй, өөрөөр хэлбэл татварыг “хугацаа хэтрүүлж” төлсөн тохиолдолд хүлээлгэх шийтгэл нь зөвхөн “торгууль” хэлбэртэй байхаар, мөн торгуулийн дээд хэмжээг тогтоосон байх бөгөөд энэ нь 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн байна.

Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор шийтгэлийн хуудсаар ногдуулсан 354.545,50 төгрөгийн нөхөн татвар, түүнд хамаарах торгууль, алдангийг тус тус хүчингүй болгосон, мөн зөрчил гаргасан цаг хугацааны хамаарлаар торгууль, алдангийн зарим хэсгийг өршөөлд хамруулснаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан алдангийн хэмжээ 36.860.019,94 төгрөг болж багассан, түүнчлэн шүүх маргааныг шийдвэрлэх үед шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгээгүй, зохих төлбөр төлөгдөөгүй байх тул Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэх байдлаар давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2020 оны 95 дугаар тогтоолд “…шийтгэлийн хуудас үйлдэгдсэний дараа татварын алба уг шийдвэрийн дагуу төлүүлэхээр ногдуулсан төлбөрийг өрд тооцож, Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “татвар төлөгч энэ хуулийн 43.1-д заасны дагуу гомдол гаргасан нь ногдуулсан татвар, алданги, торгууль төлөхийг зогсоох үндэслэл болохгүй” гэж заасан нь тухайн шийдвэртэй холбоотой өр барагдуулах ажиллагаа хийгдэж эхэлснийг харуулж байна…” гэж дүгнэснийг шүүхийн шийдвэрт үндэслэлтэй гэж үзсэн нь буруу, өөрөөр хэлбэл төлбөрийг өрд тооцож, программд шивснийг шийтгэлийн хуудсыг гүйцэтгэх албадлагын арга хэмжээ хэрэгжиж эхэлсэнд тооцохгүй.

Учир нь төлбөр бүрэн болон хэсэгчилсэн байдлаар бодитоор төлөгдсөн тохиолдолд л тухайн шийдвэрийг гүйцэтгэсэн, эсхүл гүйцэтгэж байгаа гэж үзнэ. Гэтэл энэ тохиолдолд шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөр огт төлөгдөөгүй байх тул өр багадуулах ажиллагаа хийгдэж эхэлсэн гэж үзэхгүй. 

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсаар оногдуулсан алданги болох 36.860.019.94 төгрөг, мөн 2016 онд НӨАТ-аа хуулийн хугацаанд төлөөгүй, хугацаа хожимдуулсан 166.868.867 төгрөгийн зөрчилд оногдуулсан 17.363.875.90 төгрөгийн торгуулийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн “Тайлбар”-т заасан дээд хэмжээ 10 хувиар тооцоход 16.686.886.70 төгрөг болж байх тул үүний зөрүү 676.989.20 төгрөг, нийт 37.537.009.14 төгрөгийн торгууль, алдангийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 257 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6, 11.19 дүгээр зүйлийн 1, уг зүйлийн Тайлбарт заасныг баримтлан “Ю Э Э K” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0298742 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрөөс 37.537.009.14 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгон, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оы давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН