Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01121

 

О.Ю-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/00169 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 643 дугаар магадлалтай,

О.Ю-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч О.Ю- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 78-32 тоотод байрлалтай 41,7 м.кв талбай бүхий орон сууцыг хураасан. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар дээрх орон сууцыг үнэлүүлэхдээ үнэлгээг бодит байдалд болон хуульд нийцүүлэн хийгээгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үнэлгээний тайлангаа 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн байхад шийдвэр гүйцэтгэгч энэ талаар огт мэдэгдээгүй атлаа 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3/25015 тоот мэдэгдлийг шуудангаар ирүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үнэлгээг хийхдээ зах зээлийн үнийн аргаар харьцуулахдаа харьцуулагч объектуудын зах зээлийн үнийг судалж, интернэтэд байрлах зарын сайтыг эх сурвалжаа болгож ашигласан нь хууль болон холбогдох журмыг зөрчсөн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийлгэсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 145/2 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 78-32 тоотод байрлалтай 41.7 м.кв талбай бүхий орон сууцыг хураах ажиллагааг гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй. Иймд эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч нь үнэлгээг гардаж авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч ямар нэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/00169 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч О.Ю-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 145/02 тоот төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураасан тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Ю-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 643 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/00169 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/00169 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 643 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны товыг хурал болохоос 7 хоногийн өмнө утсаар мэдэгдэж, 2018 оны 03 дугаар сарын 09-ний 08 цаг 30 минутад тус шүүхэд хүрэлцэн ирэхийг албан ёсоор гомдол гаргагч /нэхэмжлэгч/ талд мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ууганбаяр миний бие 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 09 цаг 00 минутад Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч н.Ядамсүрэн, н.Бямбажав нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ганхүлэг эм жи эл” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байсан тул шүүх хуралдаан давхцаж буйгаа бичгээр гаргаж, холбогдох нотлох баримтуудыг хавсарган 2018.03.09-ний өглөө Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн туслах ажилтан н.Билгүүнд хүргэж өгсөн. Уг хүсэлтдээ давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх нөхцөл байдлаа дурдаж мөн өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэтэл шүүх хуралдааныг гомдол гаргагчийг оролцуулахгүйгээр хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байгаа юм. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч О.Ю нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө хураах тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлийг “...хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, зах зээлийн үнийг судлаагүй, шууд эх сурвалж олж ашиглаагүй ...” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 3308 дугаар захирамжаар хариуцагч О.Ю- нь нэхэмжлэгч У.Мөнхжаргалтай харилцан тохирч 26.629.000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 17 хоногийн дотор төлөхөөр  тохирч эвлэрснийг баталж шийдвэрлэжээ.  

Шүүгчийн дээрх захирамжид 2016 оны 5 дугаар сарын 16-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу, 78 дугаар байрны 32 тоотын 41.7 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан боловч төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй байна.

Төлбөр төлөгч, өмчлөгч орон сууцаа 150.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрсөн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шинжээч томилсон, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК орон сууцыг 62.550.000 төгрөгөөр үнэлсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Орон сууцны зах зээлийн үнийг хэт доогуур тогтоосон гэх нэхэмжлэгчийн гомдол баримтаар нотлогдоогүй байна.

Түүнчлэн эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрч оролцож, хураах тогтоолд гарын үсэг зурсан /хэргийн 38-39 дүгээр тал/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 30 дугаар зүйлийн 30.1-т заасныг зөрчөөгүй байна.

Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан  өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно  гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 34 дүгээр зүйлийн 34.3.-т заасан.

Нэхэмжлэгч “...хураах тогтоолыг хүчингүй болгох” шаардлагаа хуульд заасан дээрх журмын дагуу гаргаагүй, шүүх уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-г зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч маргааныг зохицуулсан хуулийн заалтыг шийдвэрт оновчтой сонгон хэрэглээгүйг  давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй нь буруу.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017/ 55 дугаар зүйлийн 55.7.-т “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байгааг шүүх анхаараагүй байна.  

Иймд шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 643 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/00169 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...55.1” гэснийг “...55.7” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ