Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2018/00169

 

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2018/00169

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дүгээр хороо, Их тойруу, ... тоотод оршин суух, Боржигон овогт О.Ю /РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж-3, Ш.Гт холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг болон эд хөрөнгө хураах тухай тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Югийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 3308 дугаар захирамжаар 26,629,000 төгрөгийг хариуцагч О.Ю нэхэмжлэгч У.Мд төлөхөөр эвлэрсэн гэрээг баталсан. Шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас О.Ю миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 78-32 тоотод байрлалтай 41.7 м2 талбай бүхий орон сууцыг хурааж, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлүүлэхдээ үнэлгээг бодит байдалд болон хуульд нийцүүлэн хийгээгүй. Ш.Гт Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үнэлгээний тайлангаа 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн байхад шийдвэр гүйцэтгэгч Б.Ч нь энэ талаар надад огт мэдэгдээгүй, танилцуулаагүй мөртлөө 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3/25015 тоот мэдэгдлийг шуудангаар ирүүлсэн.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 523 тоот тайлангаар миний орон сууцыг 62,550,000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй байгаа болно. Үнэлгээг хийхдээ зах зээлийн үнийн аргаар харьцуулахдаа харьцуулагч обьектуудын зах зээлийн үнийг судалж, интернетэд байрлах зарын сайтыг эх сурвалжаа болгож ашигласан, шууд эх сурвалж олж ашиглагдаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, үнэлгээний компаниудын дагаж мөрддөг журамд зохицуулагдаагүй байна. Шинжээчийн дүгнэлт дэх зах зээлийн харьцуулалтад тусгагдсан 3 обьект буюу барилгын нэгж талбайн үнийн тооцоолол буруу бодогдсоны улмаас орон сууцны зах зээлийн харьцуулах аргын үнэлгээ шударгаар үнэн зөвөөр хийгдсэн гэдэг нь эргэлзээтэй байна. Миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 78 дугаар байр нь 2012 онд ашиглалтад орсон ба шинжээч элэгдлийн хэмжээг 1,6 хувиар тооцжээ. Иймд үнэлгээний гол зарчим болох шинжилгээний аргын тогтвортой байдлыг илтэд зөрчсөн, тоон үзүүлэлтийг үндэслэлгүй өөрчилсөн, зах зээлийн үнийн сонголтоо ямар ч логикгүй хийдэг нь үнэлгээний тайлангаас харагдаж байна, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийлгэсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 145/2 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор нэхэмжлэгч О.Югийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 78-32 тоотод байрлалтай 41.7 м2 талбай бүхий орон сууцыг хураах ажиллагааг гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна. гэж заасныг зөрчиж, хөндлөнгийн гэрчгүйгээр эд хөрөнгийг хурааж, Эд хөрөнгө хураасан тогтоол үйлдсэн. Уг ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч Б.Ч нь шийдвэр гүйцэтгэгч Р.Аыг байлцуулан хөдлөнгийн гэрчээр Г.Оыг оролцуулан байна. Иймд эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 3308 тоот О.Югээс төлбөр гаргуулсан шүүхийн шийдвэр гарсан. Талууд харилцан тохиролцоогүй тул төлбөр төлөгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 78-32 тоотод байрлалтай 41.7 м2 талбай бүхий орон сууцыг хурааж, үнэлүүлэхээр хөндлөнгийн шинжээчийг томилсон байдаг. Төлбөр төлөгч нь үнэлгээ гардаж авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Гэтэл ямар нэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн регистрийн дугаараар нь шүүж харах боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Юмдүнжин нь эрх зүйн бүрэн чадамжтай байсан эсэх нь энд хамааралгүй, 7 хоногийн дотор гомдлоо гаргаагүй, эд хөрөнгө хураах тогтоолд тухайн үед мөрдөгдөж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар дээд шатны байгууллагад гомдлоо гаргах боломжтой байсан, гэтэл гаргаагүй, одоо болохоор өөр юм ярьж зориуд хэргийг удаашруулж байна гэв.

 

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ю нь хариуцагч Ш.Гт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон үл хөдлөх эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгө хураах болон үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явуулсан гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/03308 дугаартай захирамжаар нэхэмжлэгч У.М нь 34,903,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 8,274,500 төгрөгөөр багасгаж, хариуцагч О.Ю нь 26,629,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 17 хоногийн хугацаанд бүрэн төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж тус тус заасан байна.

 

Уг захирамжийн дагуу хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчийн өмчлөлийн төлбөрт хураавал зохих үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, төлбөр төлөх хугацааг тогтоосон боловч төлбөрөө төлөөгүй үндэслэлээр барьцааны хөрөнгийг үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад төлбөр төлөгч О.Ю 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 150,000,000 төгрөгөөр үнэлж, саналаа өгсөн байна. Үүнийг төлбөр авагч У.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайхан эс зөвшөөрч, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 202 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу 78 дугаар байрны 32 тоот 41.7 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцны зах зээлийн үнийг тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилжээ. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу 78 дугаар байрны 32 тоот 1 өрөө орон сууцыг 62,550,000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг мөн сарын 28-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ. Төлбөр төлөгчид шинжээчийн дүгнэлтийг түүний гэрийн хаягаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25015 дугаар мэдэгдлээр мэдэгджээ.

 

Нэхэмжлэгч О.Ю нь шаардлагын үндэслэлээ шинжээч үнэлгээг хийхдээ зах зээлийн үнийн аргаар харьцуулахдаа харьцуулагч обьектуудын зах зээлийн үнийг судалж, интернетэд байрлах зарын сайтыг эх сурвалжаа болгож ашигласан, шууд эх сурвалж олж ашиглагдаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, үнэлгээний компаниудын дагаж мөрддөг журамд зохицуулагдаагүй. Шинжээчийн дүгнэлт дэх зах зээлийн харьцуулалтад тусгагдсан 3 обьект буюу барилгын нэгж талбайн үнийн тооцоолол буруу бодогдсоны улмаас орон сууцны зах зээлийн харьцуулах аргын үнэлгээ шударгаар үнэн зөвөөр хийгдсэн гэдэг нь эргэлзээтэй. Миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 78 дугаар байр нь 2012 онд ашиглалтад орсон ба шинжээч элэгдлийн хэмжээг 1,6 хувиар тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэн гэж тайлбарлажээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шинжээчийн үйл ажиллагаанд гомдолтой байгаа талаараа нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээч Д.Н нь төлбөр төлөгчийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу 78 дугаар байрны 32 тоот 1 өрөө орон сууцны үнэлгээг гаргахдаа зах зээлийн харьцуулах аргыг ашиглаж, 2012 онд ашиглалтад орсон орон сууцны элэгдлийн хэмжээг 1.6 хувиар тооцсон, мөн Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 16 дугаар заалтад заасан орон сууцны төсөвт өртгийг тодорхойлохдоо барилгын нэгж хүчин чадлын жишиг үнэлгээнд 1.10 гэсэн итгэлцүүрийг хэрэглэнэ гэсэн заалтыг үндэслэн тухайн орон сууцны м2-ийн үнийг 1,120.65*1.10=1,232.72 мянган төгрөг гэж тооцсоныг буруутгах, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 145/02 тоот төлбөр төлөгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу 78 дугаар байрны 32 тоот 1 өрөө орон сууцыг хураасан тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байх бөгөөд 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон боловч маргаан бүхий шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан тул маргааныг шийдвэрлэхэд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хэрэглэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:, мөн зүйлийн 34.1.1-д төлбөр төлөгчид эд хөрөнгө байгаа эсэх талаар хуульд заасан журмаар мэдээлэл олж авах,төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах данснаас хасалт хийх, эд хөрөнгө болон биeд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах;, 34.3-т Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр төлөгч О.Югийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу 78 дугаар байрны 32 тоот 1 өрөө орон сууцыг 145/02 тогтоолоор хураасан бөгөөд тухайн ажиллагаанд төлбөр төлөгч биечлэн оролцсон ба ажиллагааны явцад хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг оролцуулалгүй шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан журмыг зөрчсөн гэх гомдлоо уг ажиллагааг явагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж, гомдлыг шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд гомдолтой бол 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хуульд заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаарх журмыг зөрчиж шууд нэхэмжлэлээ шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана: , мөн хуулийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал;, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч О.Югийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 145/02 тоот төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураасан тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх нь нэхэмжлэлийн шаардлага биш хэрэг хянан шийдвэр ажиллагааны явцад гаргах хүсэлт байх бөгөөд шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Гт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч О.Югийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

       

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч О.Югийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 145/02 тоот төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураасан тогтоолыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Югээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР