Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 14

 

                                                          А.Г-ад холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 480 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Д.Нямсүрэнгийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр А.Г-ад холбогдох эрүүгийн 1711001900073 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             А.Г- нь 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын ** дугаар гудамжны 1** тоотод иргэн А.Ганболдыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас А.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос А.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, А.Г-ыг цагаатгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи, 1 ширхэг хутга хэргийн хамт шүүхэд ирээгүй, А.Г- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Д.Нямсүрэн тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Уг хэрэг нь 2 өдрийн турш хамт архи уусан төрсөн ах дүүсийн дунд үйлдэгдсэн ба тэдний үйлдлийг хөндлөнгөөс өөр хэн ч хараагүй, гэрчлэх хүнгүй байсан. Харин гэрч З.Мөнхжаргалын өгсөн “...манай гэрийн ойролцоо байдаг Ганболд гэх хүн согтуу, хөмсөг нь сэтэрсэн, нүүр нь цус болсон байдалтай орж ирээд, хүнтэй зодоон хийсэн гэж яриад миний утсаар цагдаагийн газарт дуудлага өгчихөөд гараад явсан…” гэх, дуудлагаар очсон цагдаагийн ажилтан гэрч Ж.Батбаярын өгсөн “...намайг очиж шалгахад Ганболд гэдэг хүний хэвлийн хэсгээс нь цус гарчихсан ... сандал дээр сууж байхаар нь орон дээр хэвтүүлээд түргэн тусламж дуудсан ... дух хүзүүний зүсэгдсэн шарх нь харьцангуй гайгүй харагдсан ... Ганболд нь өөрийн дүү Г-тай маргалдсан. Мөнгө төгрөгийн асуудал байсан гэсэн. Тэгээд хамт архи ууж байгаад хутгалаад дайраад байсан гэсэн. Тэгэхээр нь Ганболд нь гэрээсээ гарч зугтаагаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ... гэж ярьсныг өөрийнхөө “Iphone-6” загварын гар утсанд бичлэг хийсэн. Миний утсанд 1 минут, 1 секундын бичлэг байгаа...” гэсэн мэдүүлгүүд буюу дамжмал нотлох баримтууд хэрэгт авагдсан.

Хохирогч А.Ганболд нь 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр мэдүүлэхдээ “...Г- том өрөөнд зурагт үзээд, би гал тогоонд хоол хийж, хөлдүү мах хөшиглөж байгаад хутган дээрээ дарж унасан юм. Тэгээд би цагдаагийн газарт манай дүү намайг хутгалчихлаа гэж дуудлага өгсөн юм...” гэж байсан бол шүүхийн хэлэлцүүлэгт “...би босч хоол хийх гэж байсан. Архи уусан болохоор манараад, орон гаран байсан. Тэгээд би манарч байгаад хутга дээрээ дарж унасан, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэж болсон үйл явдлыг нэг бүрчлэн мэдүүлсэн атлаа мөрдөн шалгах туршилтаар хутган дээр яаж унасан талаараа “би мэдэхгүй байна, санахгүй байна” гэдэг.

Хэрэв хутган дээрээ өөрөө унасан юм бол яагаад дүүгээ хутгалсан гэж гэрээсээ гарч эмнэлэгт биш цагдаад дуудлага өгөх болсон, дүү нь хутгыг нь авах гэхээр өгөхгүй булаацалдах ямар шалтгаан байсан, энэ бүгдээс үзэхэд хохирогч А.Ганболд өөрийгөө хутгалж гэмтээсэн гэдэг нь эргэлзээтэй байна.

Хэргийн газарт анх дуудлагаар очсон цагдаагийн ажилтан Ж.Батбаяр нь хутгалуулсан байдалтай байсан хохирогчтой уулзаж, тэнд юу болсон талаар түүний ярьсныг гар утсандаа бичлэг хийснийг мөрдөгч СиДи-нд хуулж, түүнд үзлэг хийсэн ба гэрчээр Ж.Батбаярыг байцааж нотлох баримтыг шалгасан байхад шүүх “нотлох баримт цуглуулах эрхгүй хүн хохирогчийг хөтөлж байцаасан байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн цаг хугацааны хувьд харьцуулан дүгнэлт хийхэд хохирогч хэрэг үйлдэгдэхэд ойролцоох айл руу орж тусламж хүсэж, улмаар гар утсыг нь авч цагдаад мэдээлэл өгсөн ба цагдаагийн ажилтныг ирмэгц үнэнийг хэлж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Харин хохирогч эмнэлгийн тусламж авсаныхаа дараа анхны өгсөн мэдээлэл, мэдүүлгээсээ буцаж “өөрөө хутган дээр унасан, дух хүзүүний зүсэгдсэн шархыг дүү маань намайг өөрийгөө хутгалсныг мэдээд хутга булаацалдаж байгаад зүссэн байх” гэх мэтээр ярьсан байна.

Хэрэв хохирогч өөрөө хутган дээр унасан юм бол дүү нь нүүр, духыг нь зүсэх хүртэл хутга булаацалдах шаардлага байгаагүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр хэрэг үйлдэгдсэн газар нь тодорхой, хэрэглэсэн хутга зэвсэг нь хэргийн газраас эд мөрийн баримтаар шууд хураагдсан, хүнд гэмтэл нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс гэмтээж, хэвлийн хөндийд цус хурсан ба мэс заслын аргаар эмчлэгдэж амь нь аврагдсан, мөн духандаа, хүзүүндээ зүсэгдсэн шархтай бөгөөд хохирогчийн биед учирсан гэмтлүүдэд шинжилгээ хийхэд 3 удаагийн ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг нотолсон байдаг. Тэнд хохирогч, холбогдогч хоёроос өөр хэн ч байгаагүй, хохирогч хутган дээр болгоомжгүй унаад биедээ хүнд гэмтэл авах ямар ч боломжгүй болох нь туршилтаар нотлогдсон. Үүнээс үзэхэд хэзээ, хаана, хэн, ямар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон байхад шүүх А.Г-ыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт “аргагүй хамгаалалт, баривчлах, таслан зогсоох зорилгоор халдах, гарцаагүй байдалд хохирол учруулах, албадлага эрхшээлд автах, үндэслэл бүхий эрсдэл, тушаал даалгавар биелүүлэх” гэсэн 6 үндэслэлийг “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал”-д тооцохоор хуульчилсан бөгөөд эдгээрийн аль ч үндэслэл тухайн хэрэг үйлдэгдэх үед үүсээгүй болно.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, А.Г-ад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна…” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокурорын газраас А.Г-ыг 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 17 дугаар гудамжны 146 тоотод иргэн А.Ганболдыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “хохирогч А.Ганболдын биед учирсан хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдэс гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт, дух хүзүүний баруун хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хүнд зэргийн гэмтлийг шүүгдэгч А.Г- учруулсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэж дүгнэн, А.Г-ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Ингэхдээ цагаатгах тогтоолынхоо тодорхойлох хэсэгт А.Г-ыг цагаатгах болсон нотлох баримт, түүний агуулгыг дурьдаагүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Дөрөвдүгээр бүлэгт заасан “Аргагүй хамгаалалт”, “Баривчлах, таслан зогсоох зорилгоор халдах”, “Гарцаагүй байдалд хохирол учруулах”, “Албадлага, эрхшээлд автах”, “Үндэслэл бүхий эрсдэл”, “Тушаал, даалгавар биелүүлэх” гэсэн гэмт хэргийн шинжтэй 6 үйлдлийг “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал”-д тооцохоор хуульчилсан байхад эдгээрийн аль үндэслэлээр тухайн гэмт хэргийг үгүйсгэж, хэрэгсэхгүй болгосон талаар огт дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад тус тус нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг зөрчин харилцан зөрүүтэй дүгнэлт хийж “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэхээр байна.

Иймд прокурор Д.Нямсүрэнгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, А.Г-ад холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж зааснаас үзэхэд шүүхийн шийдвэр  ямар нэг сул үггүй, хоёрдмол утгагүй, хууль зүйн нэр томъёо, үгийг зөв хэрэглэсэн, хэн ч уншсан ойлгомжтой, дэлгэрэнгүй, утга төгөлдөр байхыг шаарддаг байна.

Гэтэл шүүх цагаатгах тогтоолынхоо тодорхойлох хэсэгт дүгнэлт хийхдээ “...товчхондоо...”, “...элдэв зөн билэгийг...” гэх зэрэг үгийг хэрэглэсэн нь төдийлөн зохимжгүй, прокурорын яллах дүгнэлтэд шүүх аливаа зөн билэг, таамаглал дэвшүүлэн шийдвэрлэхээр нотлох баримт авагдаагүй байх тул цаашид үүнийг анхааруулав.