Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2021/0628

 

С.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагч Т.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, Ч.У нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй, С.А-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр:

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, 29.4.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А-ийн “Т э” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актад дүгнэлт гаргахыг баталгаажуулсныг хүчингүй болгож, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актад дүгнэлт гаргахыг Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.А, түүний өмгөөлөгч С.Б нар тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:

“... Талийгаач Н.Н нь “Т э” ХХК-д жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ш х боомтын М з гэх газар ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан. Т Э ХХК-ийн зүгээс Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д зааснаар ослын актыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдэж Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн. Уг ослыг судлан бүртгэж хүргүүлэхдээ Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3 зүйлийн 3.8, 3.16-д заасан хугацааг хэтрүүлэн акт үйлдсэн. Гуравдагч этгээдийн зүгээс зүгээс шүүх шинжилгээний дүгнэлтийг хүлээсэн учраас 3.16-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарладаг ч дээрх тайлбар нь үндэслэлгүй. Учир нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба нь дүгнэлтийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан бөгөөд түүнээс хойш дүгнэлт гаргах хугацааг хэтрүүлсэн.

Т Э ХХК-ийн комиссын гаргасан ослыг актыг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.С 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан байдаг. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.3.Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана. 29.4-д “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 29.4.1-д “ослын акт , хурц хордлогын дүгнэлтийг акт , баталгаажуулах; 29.4.2-д ослын зөвшөөрч дүгнэлтийг хурц хордлогын зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргана гэж хуульчлан тогтоосон. Гэвч улсын байцаагч нь ослын актыг баталгаажуулахгүй тэмдэглэл хийсэн нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 зүйлийн 29.4-д заасан шаардлагыг хангаагүй бөгөөд хууль ёсны ослын акт болоогүй. Энэ талаар нэхэмжлэгч С.А нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандахад улсын байцаагчийн актыг тамга дарж баталгаажуулаагүй байгаа нь хууль нийцээгүй байна, харин ослоос хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул нөхөж тогтоох боломжгүй гэх хариу өгсөн. Мөн манай байгууллагын зүгээс Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид чиглэл хүргүүлсэн гэх хариуг өгсөн . Үүний дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.С нь ослын актыг ажил олгогчоос буцаан авч 2021 оны 02 дугаар сард тамга дарж баталгаажуулсан байдаг. Ингэж баталгаажуулсан нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3 зүйлийн 3.10-д заасан Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажлын 5 хоногт багтаан тус тус хянан баталгаажуулна гэж заасан дүрмийг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь ослын актыг баталгаажуулах хугацааны талаар дүгнэлт өгөөгүй.

Талийгаач Н.Н нь Т Э ХХК-д жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын Моринзааг гэх газар ажлын байран дээрээ ажил үүргээ явахдаа амь насаа алдсан . Талийгаач нь зүрх судасны архаг дутмагшил буюу өвчний учир нас барсан, талийгаачийн цусанд 0.7 хувийн промилли спиртийн агууламж илэрсэн гэх шүүх шинжилгээний дүгнэлт гарсан. Харин хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т Э-ийн комиссын ослын актыг баталгаажуулахдаа Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг заасан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2-д согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ гэсэн заалтыг үндэслэж талийгаачийг согтууруулах ундаа хэрэглэсний улмаас ажлын байран дээрээ нас барсан учраас үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс талийгаач нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өвчний учир нас барсан нь 2015 оны 269 дугаар дүрмийн 2,2-д заасан үйлдвэрлэлийн осолд тооцох үндэслэл байхгүй. Дүрмийн 2.2-д осолд өртөгч нь согтуурсан мансуурсан үедээ үйлдвэрлэлийн осолд өртсөн тохиолдолд тооцохгүй гэж заасан болохоос өвчний учир нас барсан нь үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байх үндэслэлд хамаарахгүй.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 зүйлийн 2.3-д даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэвэл зохих хугацаанд дур мэдэн өөр ажил гүйцэтгэх болон ажлын байраа орхиж яваад, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөний улмаас осолд өртсөн , гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд түүнд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж , төлбөр олгохгүй гэж заасан нь үйлдвэрлэлийн осолд тооцохгүй нөхцөлийг зааж өгсөн. Талийгаачийн хувьд согтуурсан мансуурснаас болж нас барсан гэж тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй болно.

Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар зэргийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх заалтуудыг зөрчсөн бөгөөд Өмнөговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д зааснаар Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу үнэлж, дүгнэн, холбогдох хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.А-аас “Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн “Т э” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг баталгаажуулсныг хүчингүй болгож, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актад дүгнэлт гаргахыг Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргажээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.”, 29.3-д “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана.”, 29.4.1-д “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах”, 29.4.2-д “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах.” гэж тус тус заажээ.

Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно: ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед, 2.1.2ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед, 2.1.3 ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед, 2.2-д “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ.” гэжээ.

Маргааны тохиолдлын хувьд Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн баталсан “Т э” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актаар[1] “Н.Н нь зүрхний судас хатуурах өвчин /титэм судас/, элэг, нойр булчирхайн архаг үрэвсэл зэрэг өвчинтэй байсан нь шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон....Шүүх химийн шинжилгээгээр цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэж шүүх шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан.” гэсэн дүгнэлт, тэмдэглэлийг үйлджээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.С-аас “Шүүх химийн шинжилгээгээр цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн дүгнэлт гарсан учир Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2 дахь заалтын дагуу тусгайлан тэмдэглэн үйлдвэрийн осолд тооцохгүй” гэсэн дүгнэлт гарган гуравдагч этгээд “Т э” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг баталгаажуулжээ.[2]

Шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр[3] “Н.Н нь зүрхний хурц дутагдлаар нас баржээ....зүрхний судас хатуурах өвчин /титэм судас/, элэг, нойр булчирхайн архаг үрэвсэл...зэрэг өвчин эмгэгүүд тогтоогдлоо.” гэжээ.

Эдгээрээс нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн нөхөр Н.Н нь өөрийн ажлын байран дээрээ /хүнд даацын машиндаа дараалалд зогсож байгаад/, ажил үүргээ гүйцэтгэж яваад машиндаа зүрхний хурц дутагдлаар нас барсан гэдэг нь тогтоогдсон, харин согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд өртсөн, нас барсан үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд хариуцагчаас “...шинжилгээгээр цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн дүгнэлт гарсан учир ... “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2 дахь заалтын дагуу тусгайлан тэмдэглэн үйлдвэрийн осолд тооцохгүй”  гэсэн дүгнэлт гаргаж, ажил олгогчоос гаргасан ослын актыг зөвшөөрч баталгаажуулсан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн “...Дүрмийн 2.2-д осолд өртөгч нь согтуурсан мансуурсан үедээ үйлдвэрлэлийн осолд өртсөн тохиолдолд тооцохгүй гэж заасан болохоос өвчний учир нас барсан нь үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байх үндэслэлд хамаарахгүй” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Дээрхээс гадна, хариуцагч улсын байцаагчаас гуравдагч этгээд компанийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг баталгаажуулахдаа  “шинжилгээгээр цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн дүгнэлт гарсан учир Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2 дахь заалтын дагуу тусгайлан тэмдэглэн үйлдвэрийн осолд тооцохгүй” гэж дурджээ.

Гэтэл анхан шатны шүүхээс уг маргаан бүхий актад дурдаагүй  “...осолдогч үйлдвэрлэлийн ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалж осолд ороогүй, ердийн өвчний учир нас барсан, согтууруулах ундаа хэрэглэж согтолтын хөнгөн зэрэгтэй байсан нь тогтоогдсон тул ослын актыг баталгаажуулсан, дүгнэлт гаргах үндэслэл бүрдээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актад дүгнэлт гаргах үүргээ хэрэгжүүлээгүй хариуцагчийн үйлдэл нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн тэтгэмж тогтоолгон авах эрх, хууль ёсны сонирхлыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А-аас Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн “Т э” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг баталгаажуулсныг хүчингүй болгож, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актад дүгнэлт гаргахыг Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид даалгаж, нэхэмжлэгч С.А, түүний өмгөөлөгч С.Б нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 23-25 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 25 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 222 дахь тал