Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 490

 

Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/05743 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Мөнхцаст холбогдох

 

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, Д.Цэцэгмаад 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Д.Цэндсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Лхамсүрэн нь талийгаач нөхөр Д.Мөнхбаатартай 2002 онд танилцан 2003 оноос хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаандаа Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 28 дугаар байр, 00 тоотод амьдарч байсан. 2006 оноос Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Сот 2-2 байрны 07 тоотод байсан. 2008 онд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 59 дүгээр байр, 09 тоот байрыг 67 000 000 төгрөгөөр худалдан авсан. Д.Лхамсүрэн өнөөг хүртэл энэ байранд амьдарч байгаа ба талийгаач нөхөр Д.Мөнхбаатартай хамт амьдарч байх хугацаандаа 2008 он хүртэл Нарантуул Олон улсын худалдааны төвд бэлэн хувцасны лангуу ажиллуулж байсан. 2008 оноос Сандэй худалдааны төвийн 3 давхарт байрлах шилэн павилоныг 50 000 000 төгрөгөөр худалдан авч үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэтэл Д.Мөнхбаатар нь 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан. Д.Лхамсүрэн талийгаачтай албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч 10 гаран жил хамт амьдарч, хамтын хөдөлмөрийн үр шимээр байр болон Сандэй худалдааны төвийн лангууг худалдан авсан. Д.Лхамсүрэнгийн талийгаачтай хамт амьдарч байхдаа авсан байр болон Сандэй худалдааны төвийн лангууны өвлөх эрхийн гэрчилгээг Д.Цэцэгмаа авсан байсан. Өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан үйлдлийг Баянгол дүүргийн нотариатч М.Мөнхцас гэрчилж өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар Д.Лхамсүрэн нь талийгаач Д.Мөнхбаатарын хууль ёсны өвлөгч байх боломжгүй боловч нотариатч үйлдэл хийхдээ өвлөгдөх эд хөрөнгө юу вэ, үүнтэй харилцан хамааралтай хүн байна уу, үл хөдлөх эд хөрөнгөд одоо хэн амьдарч байгаа, өвлөгдөх лангууг хамтран эзэмшигч байна уу гэдгийг тодруулах ёстой байсан. Нотариатч энэ байдлыг тодруулалгүй Д.Цэцэгмааг хууль ёсны өвлөгч гэж үзсэн учраас маргаан үүссэн. Д.Лхамсүрэн талийгаач Д.Мөнхбаатартай хамтын амьдралтай байснаа тогтоолгосон. Хамтын амьдралын хугацаанд хамтын хөдөлмөрөөр бий болсон хөрөнгө мөн болохыг тогтоолгож оногдох хувиа гаргуулах маргаан шүүхэд хянагдаж байгаа. Хэрвээ нотариат энэ байдлыг шалгаад талийгаачийн өв хөрөнгийн асуудалд өөр хүн байна уу, хамтран эзэмшигч байна уу гэдгийг тогтоолгүй Д.Цэцэгмаад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус гэж үзэж байна. Нөгөө талаас Д.Лхамсүрэнгийн олон жилийн хөдөлмөр шингэсэн хөрөнгийг түүнд мэдэгдэлгүй Д.Цэцэгмаад өвлөх эрхийн гэрчилгээг 260 дугаартай нотариат гэрчилж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байгаа тул өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож Д.Цэцэгмаад 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогням шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач Д.Мөнхбаатарын хууль ёсны өв залгамжлагч нь УБЕГ-ын иргэний бүртгэл архивын хэлтсээс олгосон 111/004165 тоот төрөл садангийн лавлагаагаар төрсөн эгч Д.Цэцэгмаа нь Д.Мөнхбаатарын төрсөн эгч болох нь тогтоогдсон. Тийм учраас талийгаачийн төрсөн эгч Д.Цэцэгмаа нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасан талийгаачийн нэгдүгээр зэргийн өв залгамжлах этгээд мөн юм. Улсын бүртгэлийн газрын лавлагаагаар Д.Мөнхбаатар нь гэр бүлгүй, гэрлэлтийн бүртгэлгүй байсан. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан өвлөгчөөс өөр өвлөгч өв нээгдсэнээс хойш нэг жилийн хугацаанд өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаагүй. Тийм учраас өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Д.Цэцэгмаад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Энэ нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн ...эгч.. гэж заасантай бүрэн нийцэж байна. Д.Лхамсүрэн нь талийгаачийн хууль ёсны өвлөгч биш учраас Иргэний хуулийн 520 дугаар зүйлээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Хэдийгээр шүүхийн шийдвэрээр Д.Лхамсүрэн нь талийгаачтай хамтран амьдарч байснаа тогтоолгосон боловч хуулинд хамтран амьдрагч өв залгамжлах эрхтэй гэсэн заалт байхгүй. Шүүхийн шийдвэр гэрлэлтийн баталгааг орлохгүй. Өөрөөр хэлбэл, хамтын амьдралтай байсан хүнийг хууль ёсны өв залгамжлагчид тооцохгүй. Иймд Баянгол дүүргийн 260 дугаартай нотариатчийн 052 тоот гэрчилгээг хууль ёсны дагуу олгосон. Д.Лхамсүрэн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөрөнгийн маргаантай асуудал байхыг үгүйсгэхгүй. Үүнийгээ иргэний журмаар жич шийдүүлэх нь зүйтэй. Гэхдээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлд хууль ёсны өвлөгч биш боловч олон жил хамт амьдарсан хүнд өвлүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Талийгаачийг нас барснаас хойш нэг жилийн хугацаанд нотариатч Иргэний бүртгэлийн мэдээллийн төвөөс холбогдох лавлагааг авсан. Эцэг, эх нь нас барсан гэдэг нь тогтоогдсон. Нотариат төрийн эрх бүхий байгууллагаас зохих лавлагааг авч үйлдэлээ хийсэн. Энэ үйлдэл нь хуульд нийцэж байгаа гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар хариуцагч Баянгол дүүргийн тойргийн 260 дугаартай нотариатч М.Мөнхцаст холбогдох өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож Д.Цэцэгмаад 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/05743 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэх үүднээс ИХШХШТХ-ийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар нэг шүүхийн нэг шүүгчид хянан шийдвэрлэгдэж буй хоёр хэргийг нэгтгэн шийдвэрлэхээр байтал маргааны үндэслэл болсон (шүүхээр тогтоогдсон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4736 дугаартай шүүхийн шийдвэртэй) гэр бүлийн хамтын 10 гаран жилийн амьдралын үр дүн, гэр бүлийг баталгаажуулаагүй ч дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгө бий болсон, энэхүү бий болсон хөрөнгийн талаар маргаан бүхий буйг илтэд дарагдуулж энэхүү маргааны үндэслэл болсон эд хөрөнгийн эх үүсвэр, эзэмших, өмчлөх эрхийн талаар маргааныг түдгэлзүүлж өвийн маргааныг шийдвэрлсэн нь хэргийг үнэн зөв шийдвэрлэх боломжийг алдагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/05743 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүйд тооцож хэргийг анхан шатны шүүхээр буцаан хянан хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн нь хариуцагч М.Мөнхцаст холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож Д.Цэцэгмаад 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн нь тус шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргасан ба хариуцагч М.Мөнхцас нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэснээс хойшхи хугацаанд буюу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өвчний улмаас нас барсан болох нь нас барсны бүртгэлийн 0000193219 дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч М.Мөнхцас нас барснаар түүний иргэний эрх зүйн чадвар Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, хариуцагч буюу хэргийн оролцогчийн чадвар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн, түүний өмгөөлөгч нар нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр солих хүсэлт гаргана гэсний дагуу давж заалдах шатны шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан боловч мөн хуульд заасан журмын дагуу хариуцагчийн эрх залгамжлагчаар тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Лхамсүрэнгийн хариуцагч М.Мөнхцаст холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/05743 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Д.Лхамсүрэнгийн М.Мөнхцаст холбогдуулан гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, Д.Цэцэгмаад 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                           С.ЭНХТӨР