Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 5743

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2016/05743

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 22 дугаар хороо Зүүн нарангийн 12 дугаар гудамж 115 тоотод оршин суух, 1975 онд төрсөн 41 настай, Жалайр овогт Дашхүүгийн Лхамсүрэн /РД-ДЕ75122806/

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 8 байр, 27 тоотод оршин суух, 1963 онд төрсөн 53 настай, Баянгол дүүргийн тойргийн 260 дугаартай нотариатч ажилтай, Чингисийн боржигин овогт Мятавын Мөнхцас /РД:ЦБ63091019/

            Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож Д.Цэцэгмаад 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Лхамсүрэн, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн, Д.Батнаран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Цогням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Д.Цэндсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Лхамсүрэн нь талийгаач нөхөр Д.Мөнхбаатартай 2002 онд танилцан 2003 оноос хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаандаа Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 28 байр 00 тоотод амьдарч байсан. 2006 оноос Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Сот 2-2 байрны 07 тоотод амьдарч, 2007 онд гэр бүл болсон хэмээн ах дүү нараа гэртээ урьж цайлж байсан. 2008 онд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 59 байр 09 тоот байрыг 67.000.000 төгрөгөөр худалдан авсан. Д.Лхамсүрэн өнөөг хүртэл энэ байранд амьдарч байгаа. Д.Лхамсүрэн нь талийгаач нөхөр Д.Мөнхбаатартай  хамт амьдарч байх хугацаандаа 2008 он хүртэл Нарантуул Олон улсын худалдааны төвд бэлэн хувцасны лангуу ажиллуулж байсан. 2008 оноос Сандэй худалдааны төвийн 3 давхарт байрлах шилэн павилоныг 50.000.000 төгрөгөөр худалдан авч үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэтэл 2012 онд Д.Мөнхбаатар нь элэгний өвчнөөр өвчлөн 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан. Д.Лхамсүрэн талийгаачтай албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч 10 гаран жил хамт амьдарч, хамтын хөдөлмөрийн үр шимээр байр болон Сандэй худалдааны төвийн лангууг худалдан авсан. Д.Лхамсүрэнгийн талийгаачтай хамт амьдарч байхдаа авсан байр болон Сандэй худалдааны төвийн лангууны өвлөх эрхийн гэрчилгээг Д.Цэцэгмаа авсан байсан. Өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан үйлдэлийг Баянгол дүүргийн нотариатч М.Мөнхцас гэрчилж өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар Д.Лхамсүрэн нь талийгаач Д. Мөнхбаатарын хууль ёсны өвлөгч байх боломжгүй боловч нотариатч үйлдэл хийхдээ өвлөгдөх эд хөрөнгө юу вэ, үүнтэй харилцан хамааралтай хүн байна уу, үл хөдлөх эд хөрөнгөд одоо хэн амьдарч байгаа, өвлөгдөх лангууг хамтран эзэмшигч байна уу гэдгийг тодруулах ёстой байсан. Нотариатч энэ байдлыг тодруулалгүй Д.Цэцэгмааг хууль ёсны өвлөгч гэж үзсэн учраас маргаан үүссэн. Д.Лхамсүрэн талийгаач Д.Мөнхбаатартай хамтын амьдралтай байснаа тогтоолгосон. Хамтын амьдралын хугацаанд хамтын хөдөлмөрөөр бий болсон хөрөнгө мөн болохыг тогтоолгож оногдох хувиа гаргуулах маргаан шүүхэд хянагдаж байгаа. Хэрвээ нотариат энэ байдлыг шалгаад талийгаачийн өв хөрөнгийн асуудалд өөр хүн байна уу, хамтран эзэмшигч байна уу гэдгийг тогтоолгүй Д.Цэцэгмаад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус гэж үзэж байна. Тиймээс Д.Лхамсүрэн талийгаачтай хамт амьдарч байсан. Нөгөө талаас Д.Лхамсүрэнгийн олон жилийн хөдөлмөр шингэсэн хөрөнгийг түүнд мэдэгдэлгүй Д.Цэцэгмаад өвлөх эрхийн гэрчилгээг 260 дугаартай нотариат гэрчилж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байгаа тул өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэлийг хууль бус болохыг тогтоолгож Д.Цэцэгмаад 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогням шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талийгаач Д.Мөнхбаатарын хууль ёсны өв залгамжлагч нь УБЕГ-ын иргэний бүртгэл архивын хэлтсээс олгосон 111/004165 тоот төрөл садангийн лавлагаагаар төрсөн эгч Д.Цэцэгмаа нь Д.Мөнхбаатарын төрсөн эгч болох нь тогтоогдсон. Тийм учраас талийгаачийн төрсөн эгч Д.Цэцэгмаа нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасан талийгаачийн нэгдүгээр зэргийн өв залгамжлах этгээд мөн юм. Улсын бүртгэлийн газрын лавлагаагаар Д.Мөнхбаатар нь гэр бүлгүй, гэрлэлтийн бүртгэлгүй байсан. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2 дахь хэсэгт заасан өвлөгчөөс өөр өвлөгч өв нээгдсэнээс хойш нэг жилийн хугацаанд өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаагүй. Тийм учраас өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Д.Цэцэгмаад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Энэ нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн ...эгч.. гэж заасантай бүрэн нийцэж байна. Иргэн Д.Лхамсүрэн нь талийгаачийн хууль ёсны өвлөгч биш учраас Иргэний хуулийн 520 дугаар зүйлээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Хэдийгээр шүүхийн шийдвэрээр Д.Лхамсүрэн нь талийгаачтай хамтран амьдарч байснаа тогтоолгосон боловч хуулинд хамтран амьдрагч өв залгамжлах эрхтэй гэсэн заалт байхгүй. Шүүхийн шийдвэр гэрлэлтийн баталгааг орлохгүй. Өөрөөр хэлбэл хамтын амьдралтай байсан хүнийг хууль ёсны өв залгамжлагчид тооцохгүй. Иймд Баянгол дүүргийн 260 дугаартай нотариатчийн 052 тоот гэрчилгээг хууль ёсны дагуу олгосон. Д.Лхамсүрэн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөрөнгийн маргаантай асуудал байхыг үгүйсгэхгүй. Үүнийгээ иргэний журмаар жич шийдүүлэх нь зүйтэй. Гэхдээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлд хууль ёсны өвлөгч биш боловч олон жил хамт амьдарсан хүнд өвлүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Талийгаачийг нас барснаас хойш нэг жилийн хугацаанд нотариатч Иргэний бүртгэлийн мэдээллийн төвөөс холбогдох лавлагааг авсан. Эцэг, эх нь нас барсан гэдэг нь тогтоогдсон. Нотариат төрийн эрх бүхий байгууллагаас зохих лавлагааг авч үйлдэлээ хийсэн. Энэ үйлдэл нь хуульд нийцэж байгаа гэв.

 

         Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн нь хариуцагч Баянгол дүүргийн тойргийн 260 дугаартай нотариатч М.Мөнхцаст холбогдох Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож Д.Цэцэгмаад 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Баянгол дүүргийн тойргийн 260 дугаартай нотариатч М.Мөнхцас нь 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Д.Мөнхбаатар нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан учир Иргэний хуулийн 520, 531 дүгээр заалтыг үндэслэн өвлүүлэгчийн эгч Д.Цэцэгмаад өвлүүлэгчийн өмчлөлд байсан Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 59 дүгээр байр 9 тоот 29 мкв 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол 37 дугаар барилга 3005 тоот 25,5 мкв худалдаа үйлчилгээний павилоныг өвлөх эрхийн №052 дугаартай  гэрчилгээг олгожээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “талийгаач Д.Мөнхбаатартай 10 гаран жил хамт амьдарч, амьдралын хугацаанд 2 өрөө байр, лангууг худалдаж авсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар талийгаачийн хууль ёсны өвлөгч биш боловч нотариатч үйлдэл хийхдээ өвлөгдөх эд хөрөнгөд харилцан хамаарал бүхий хүн байна уу, орон сууцанд хэн амьдарч байна, өвлөгдөх эд хөрөнгөд хамтран эзэмшигч байгаа эсэх, талийгаачийн бусад ах дүү нар нь өвлөх эрхтэй эсэхийг шалгаж тогтоолгүй өвлөх эрхийн гэрчилгээ олгосон” гэж тайлбарлан маргажээ.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх. 520.1.2 энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ хууль ёсны өвлөгч бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заажээ.

Д.Мөнхбаатар нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өвчний улмаас нас барсан, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 59 дүгээр байрны 9 тоот орон сууцны зориулалттай 29 мкв 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол /13336/ 37 дугаар барилгын 3005 тоот худалдаа үйлчилгээний зориулалттай 25.5 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Данаагийн Мөнхбаатар болох нь нас барсны №0000112221 тоот гэрчилгээ, Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, нас барсны бүртгэлийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Данаагийн Цэцэгмаа нь өвлүүлэгч Д.Мөнхбаатарын өмчлөл дэх орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалттай талбайг өвлөх, өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-т зааснаар Баянгол дүүргийн тойргийн 260 дугаартай нотариатч М.Мөнхцаст гаргаж түүнд 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр №052 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгогджээ.

Хариуцагч М.Мөнхцас нь өвлөгч Д.Цэцэгмаад өвлөх эрхийн гэрчилгээг  Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний  баримтын архивын хэлтсээс  гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, төрөл садангийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, өмчлөх эрхийн гэрчилгээ, хууль ёсны өвлөгч болохыг нотолсон баримтуудыг үндэслэн Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар олгосон нь хууль зөрчөөгүй байна.

Өвлөгдөх эд хөрөнгөд харилцан хамаарал бүхий хүн байгаа эсэх, орон сууцанд хэн амьдарч байна, өвлөгдөх эд хөрөнгөд хамтран эзэмшигч байгаа эсэхийг нотариатч шалгах үүрэг хуулиар хүлээгээгүй, талийгаачийн бусад ах дүү нар нь өвлөх эрхтэй эсэхийг шалгаж тогтоолгүй өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Лхамсүрэн энэ талаар шаардлага гаргах эрхгүй байна.

Иймд хариуцагч Баянгол дүүргийн тойргийн 260 дугаартай нотариатч М.Мөнхцаст холбогдох  өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож Д.Цэцэгмаад 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

  

ТОГТООХ нь:

 

          1. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.-д зааснаар хариуцагч Баянгол дүүргийн тойргийн 260 дугаартай нотариатч М.Мөнхцаст холбогдох  өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож Д.Цэцэгмаад 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА