Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 007

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт оршин суух, РД:ББ84100804, утас:95527232, Татар жалел овогт Авсеметийн Нуржаны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газар /дарга А.Конторбай/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бахытбек, хариуцагч Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Конторбай, түүний өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, иргэдийн төлөөлөгч А.Мөлдир, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны үеийн олговор 4202328 төгрөг, гурван шатны шүүх хуралдаанд оролцохоор очиж, буцсан унааны зардал 491000 төгрөг, шүүх хуралдаанд оролцохын тулд Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод зочид буудалд байрлаж байсан зардал 1100000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 292000 төгрөг, бүгд 6085328 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч А.Нуржан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Толбо сумын Эрүүл мэндийн төвийн ня-богоор 2012 оноос эхлэн ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаар тогтоол ёсоор сумуудад Засаг даргын Тамгын газрын дэргэд Санхүүгийн тасаг болгон зохион байгуулагдахад бүтцийн өөрчлөлт нэрээр намайг хууль бус ажлаас чөлөөлж, орон тооны цомхтголд оруулсан билээ. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гурван шатны шүүхээс Нуржан намайг Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Санхүүгийн тасагт ня-богийн албан тушаалд эгүүлэн томилсон болно. Хяналтын шатны шүүхийн тогтоол гарсны дараа 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/06 тоот тушаалаар ажилд томилогдсон А.Нуржан миний бие 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Толбо сумын Эрүүл мэндийн төвийн даргын 08 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн боловч, 2015 оны 10 дугаар сарыг дуустал цалин олговрыг цомхтголын тэтгэмж хэлбэрээр бүрэн авсан байгаа. Одоогийн байдлаар 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 2016 оны 6 дугаар сарын 08-ны хүртэлх хугацааны ажилгүй байсан үеийн олговрыг авч чадахгүй байна. Миний ажиллаж байсан хугацааны сарын дундаж цалин 580584 төгрөг байгаа бөгөөд ажилгүй байсан бүх хугацааны цалин 4202328 төгрөг болох ба үүнийг хариуцагчаас гаргуулах,

2.Шүүх хуралдаанд оролцоход гарсан замын зардал 491000 төгрөг, Улаанбаатар хотод зочид буудалд байрласны хөлс 1100000 төгрөг, өмгөөлөгч нарт төлсөн хөлс 292000 төгрөг, бүгд 1883000 төгрөгийг гэм хор учруулсан гэм буруутай этгээд болох Толбо сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгөх талаар холбогдох нотлох баримтыг үндэслэж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд шүүхээс хүсэх нь миний ажилгүй байсан хугацааны олговор 4202328 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу гаргуулах, хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасны улмаас хохирч, эдийн засагт минь учирсан гэм хорын хохирол 1883000 төгрөгийг Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу гаргуулж өгч жирийн ажилчин намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бахытбек шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өмгөөлөгч Ө.Бахытбек миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч А.Нуржаны итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгчөөр ажиллаж байна. Нэхэмжлэгч А.Нуржан нь тус шүүхэд ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болон өөрт учирсан бодит хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч А.Нуржаны хувьд 2012 онд Толбо сумын Эрүүл мэндийн төвд нягтлан бодогчоор ажилд орсон байдаг. 2014 онд Монгол улсын Засгийн газраас тогтоол гарч сумын ЗДТГ-т санхүүгийн албан байгуулагдсантай холбоотой сумын байгууллагуудын нягтлан бодогч нарыг тус санхүүгийн албанд шилжүүлэх тухай тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулж Толбо сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Нуржаныг ажлаас чөлөөлсөн. А.Нуржан уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг шат шатны шүүхээр яваад 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 1072 дугаар тогтоолоор А.Нуржаныг ажилд нь эгүүлэн тогтоосон байдаг. Ингээд шүүхийн шийдвэр 2015 оны 12 дугаар сард гарсан мөртлөө А.Нуржаныг 2016 оны 6 дугаар сард Толбо сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны нягтлан бодогчоор томилсон. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарсны дараа 6 сар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаад байсан. А.Нуржан сард 580584 төгрөгийн цалин авдаг. Өөрөөр хэлбэл 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацааны нөхөн олговрыг нэхэмжилж байгаа. Баян-Өлгий аймгийн Толбо сумын ЗДТГ-ын санхүүгээс цомхтголын тэтгэмж хэлбэрээр 3483504 төгрөгийг авсан тул энэ мөнгийг нэхэмжлэхгүй байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 42022328 төгрөг, Улаанбаатар хотод шүүх хуралдаанд оролцохоор очиж ирсэн зардал болон Толбо сумаас аймгийн төвд ирж буцахад төлсөн замын зардал 491000 төгрөг, Улаанбаатар хотод зочид буудалд байрласан буудлын мөнгө 1100000 төгрөг, нийт 6085328 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч А.Нуржаны нэхэмжилж байгаа ажилгүй байсан хугацааны нөхөн олговор буюу замын зардал гэх мэт бодит хохирол болох нийт 6085328 төгрөгийг олгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Конторбай шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч А.Нуржаны 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлтэй бүрэн эхээр уншиж танилцлаа. 2014 оны Засгийн газрын 326 дугаар тогтоолоор сумдад байгуулагдах санхүүгийн албаны зохион байгуулалт чиг үүрэг орон тооны жишиг нормативыг тогтоолын хавсралтын 2 дугаар заалтын 2.1-д зааснаар манай сумд 2 ня-богоор ажиллаж, хуучин ажиллаж байсан 3 ня-богоос нэг нь хасагдахаар болсон нь Засаг даргын Тамгын газрын дарга миний гэм буруу биш болохыг өнгөрсөн жил Нуржаны нэхэмжлэлийн дагуу хуралдсан анхан болон давж заалдах хоёр шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн бие эс зөвшөөрч хуулиар олгогдсон эрхийн дагуу Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Үүнтэй цаг хугацаа давхцаж Монгол Улсын Их хурлаас Ерөнхий шүүгчид гомдол гаргах уг заалтыг хүчингүй болгосон билээ. Ингээд хэвээр нь үлдсэн хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн ухамсарлаж биелүүлэх талаар чармайн зүтгэсэн. Үүнд өнөөгийн төсөв санхүүгийн хүндрэл, орон тооны асуудал дутуу батлагдсан төсөв гэхчлэн хүндэл багагүй байсан ч гэлээ А.Нуржаныг ажилтай болгох үүднээс хоёр ч удаа тушаал, захирамж гаргуулсан. А.Нуржаны энэ удаагийн нэхэмжлэлийн утга нь зөвхөн ажилгүй байсан үеийн цалинг нэхэмжлэн авах гэсэн утгатай учир дээрх миний хийсэн тайлбар үүнд огт хамаагүй мэт боловч А.Нуржаны нэхэмжлэлтэй танилцан үзэхэд буруу зөрүүтэй хүлээн зөвшөөрөхгүй тайлбар зөндөө байсан. А.Нуржан хуулиар олгогдсон эрхийн дагуу ямар ч хэлбэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Гэхдээ хүний хүн чанар хэзээ хаана ч хадгалагдах ёстой. Нэхэмжлэлд хууран мэхлэхийг оролдсон асуудлууд байна. Үүнд: 1-рт 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Толбо сумын эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн тэр даруйдаа 5 дугаар сарын 08-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас 76 хоногоор тооцож 958455 төгрөг ажилгүйдлийн тэтгэмж гаргуулж авсан байна. Үүгээр А.Нуржан нь ажлын байрны цомтголд орж ажлаасаа чөлөөлөгдсөнийг хүлээн зөвшөөрч цаашдаа нэхэмжлэл гаргах эрх нь хязгаарлагдах магадлалтай юм. Хамгийн гол нь энэ бол төрийн халааснаас гарсан мөнгө. Уг мөнгийг нуун дарж одоо миний ажилгүй байсан үеийн цалин гаргаж өг гэх нь хэний санаанд багтамгүй зүйл. Өөрөө тооцоо бүртгэлийн хүн байж бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэнтэй адилтган үзэх зүйл гэж үзэж байна. Дээрх 958455 төгрөг бараг одоогийн А.Нуржаны авч байгаа 2 сарын цалинтай дүйцэхүйц хэмжээний мөнгө. Хоногоор тооцвол 76 хоногтой тооцож өгсөн мөнгө шүү дээ. Уг асуудлыг нэхэмжлэгч А.Нуржан нь өнгөрсөн онд болж өнгөрсөн бүх шатны шүүх хуралд мэдүүлээгүй. Энэ бол мөнгө завших гэсэн оролдлого гэж үзэж байна. Үүнд давхар мөнгө төлөх байтугай хариуцлага хүлээлгэх ёстой.

2. Би дээрх хэлсэнчлэн хяналтын шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж чармайн ажилласнаар уг асуудлыг сумын Засаг даргын зөвлөлд оруулж зөвлөлийн шийдвэрийн дагуу 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр А.Нуржаныг санхүүгийн албаны нягтлан бодогчоор Засаг даргын захирамж гаргуулснаар Цалингийн хувьд ТҮ-7-ийн 1 дүгээр шатлал буюу А.Нуржаны одоо авч байгаа цалинтай эн тэнцүүхэн хэмжээгээр цалинжуулахаар шийдвэр гаргасан. Гэтэл А.Нуржан уг ажлыг аваагүй. Одоо ичих нүүргүй ажилгүй байсан үеийн цалин гэж нэхэмжилж байгаа нь би ажил хийхгүй гэхдээ цалин авна гэсэнтэй агаар нэг утгатай үг юмаа. 2016 оны 4 дүгээр сарын 04-нээс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажилгүй байсан нь А.Нуржаны буруу болохоос Засаг даргын Тамгын газрын дарга миний буруу биш юмаа. Ингээд үг 2 сарын цалин 580584х2=1161168 төгрөг үүнд тооцогдох ёстой.

3.Улаанбаатар хотод зочид буудалд байрласан хөлс гэж 1200000 төгрөг нэхэмжилсэн байгаа юм. Үүнд би их эргэлзэж байна. Учир нь А.Нуржаны төрсөн ээж нь Налайх дүүрэгт амьдардаг /аав нь нас барсан/. А.Нуржан өөрөө болохоор Налайхад бага дунд сургууль төгссөн гэж байгаа. Хотод өсөж өндийсөн, дээр нь төрсөн гэр орон нь Налайх дүүрэгт байсаар байтал хүүхдүүдээ дагуулаад зочид буудалд байрлаж явсан гэхэд хэн итгэх вэ? Налайх бол Улаанбаатар хотын нэг дүүрэг шүү дээ. Би ч гэсэн уг асуудлын үнэн мөнгийг лавлах үүднээс SAN Hotel-тэй холбоо барьсан. Уг зочид буудлын зочны бүртгэлийн дэвтэрт 2015 оны 11, 12 дугаар сарын байдлаар А.Нуржан гэсэн хүний нэр олдоогүй гэсэн хариу ирсэн. А.Нуржан өөрөө буудалд байрласан бичиг баримтаа хавсарсан гэж байгаа боловч тухайн үеийн бүртгэлийн дэвтэрт нэр нь байхгүй болохоор үүнийг судлах хэрэгтэй.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасны учир эдийн засагт минь хохирол учирсан гэх шиг гүтгэлгийн чанартай тайлбар хийсэн байна. Шүүхэд А.Нуржан нэхэмжлэл гаргасаар байгаа болохоос би энэ насанд шүүхэд нэхэмжлэл гаргаж үзээгүй. Ингэж гүтгэлэг хийсэнд харамсаж байна. Иймд миний дээрх тайлбартай танилцан зохих хууль журмын дагуу шүүгчийн мэргэн шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Хариуцагч Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Конторбай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч А.Нуржан Баян-Өлгий аймгийн Толбо сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2014 оны Монгол улсын Засгийн газрын тогтоол ёсоор 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар А.Нуржан шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр явсан. Анхан болон давж заалдах шатны шүүх Баян-Өлгий аймагт хуралдаад миний талд шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг харахад нэхэмжлэлдээ зарим нэг худлаа зүйл бичсэн, хүнийг гүтгэсэн, шүүх бүрэлдэхүүнийг төөрөгдүүлэх, мэхлэх гэсэн зүйл бичигдсэн болох нь ажиглагдаж байгаа. Жишээлбэл миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 3 шатны шүүхийн шийдвэрээр намайг Толбо сумын ЗДТГ-ын дэргэдэх санхүүгийн тасгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон гэсэн байна. Энэ бол худлаа. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн дагуу шийдвэр гаргасан байхад нэхэмжлэгчийн өөрийн талд гаргасан мэт нэхэмжлэл гаргасан нь харамсалтай байна. Хариуцагч би тухайн үед хяналтын шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байсан. Яагаад гэвэл А.Нуржаныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэр гаргасан нь утгагүй байсан. Ажилд эгүүлэн томилох гэдэг нь тухайн урьд өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг хэлнэ. Жишээлбэл А.Нуржаныг Толбо сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох ёстой байсан. Гэтэл тус эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн орон тоо цомхтголд орсон. Тэгээд би Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тус сумын Засаг даргатай зөвшилцөж захирамж гаргуулж А.Нуржаныг ажилд томилсон. Гэтэл А.Нуржан уг томилсон албан тушаалыг аваагүй, шийдвэрийн авсан мөртлөө бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл бид нарын санал болгосон ажлыг авахгүй гэртээ хэвтэж байгаад мөнгө босгох санаатай байсан. Тийм учраас 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 2 сар 4 хоногийн цалинг нэхэмжлэх ёсгүй. Тийм ёс суртахуун ч байх ёсгүй гэж үзэж байна. Би гүтгэлгийн чанартай, худлаа зүйл бичсэн гэж яагаад хэлж байгаа вэ гэвэл А.Нуржан 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Эрүүл мэндийн даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөний дараа аймгийн Нийгмийн даатгалын газраас 72 хоногийн ажлаас халагдсаны тэтгэмж авсан байна. Үүнийг нуун дарагдуулж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 72 хоногийн тэтгэмж аваагүй мэт тайлбарласан байна. Тийм учраас энэ хугацааны мөнгө нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах ёстой. А.Нуржан түүнчлэн гэм хорын хохирол гээд Улаанбаатар хотод очиж зочид буудалд байрласан гэж байгаа. Тухайн үед хяналтын шатны шүүх хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болсон. А.Нуржан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ би 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл зочид буудалд байрласан гэж байна. Өөрөөр хэлбэл бүхэл бүтэн 22 хоног зочид буудалд байрласан гэж байна. Ганц хоног болох шүүх хуралдаанд 22 хоног зочид буудалд байрласан гэдэг нь утгагүй. Шүүх хуралдаан болох өдрөөс өмнө, дараа гээд хэд хоног байрлаж болох л байх. Тухайн зочид буудалд өдөрт 50000 төгрөг төлсөн гэсэн байна. Зочид буудлын эрхлэгч эхэндээ бид нарт А.Нуржан манай зочид буудалд байрлаагүй гэсэн мөртлөө дараа нь байрласан гээд бичиг гаргаж өгсөн. 12 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаан болсон байхад 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх 10 хэдэн хоног байрласан буудлын мөнгийг бид нараас нэхэмжилж байгаа нь Толбо сумын ЗДТГ-ыг өрт оруулах гэсэн оролдлого гэж ойлгож би өөрөө хувьдаа бодож байна. Мөн тухайн үед Толбо сумаас аймгийн төвд ирж, очсон замын зардлыг нэхэмжилсэн байна. Жанас гэх таксигаар тийм удаа ирж, очсон гээд баримт авсан байна. Жанас, А.Нуржаны нөхрийн ойрын хамаатан хүмүүс гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сайн мэдэж байгаа. Жанас, А.Нуржан нар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бахытбекээс ч илүү ойрын хамаатан хүмүүс учраас эдгээр хүмүүс хоорондоо гуйвалдсан гэж үзэж байна. Өмгөөллийн хөлсийг төлсөн л байх. Гэхдээ гэм хорын хохирлыг зөвшөөрөхгүй байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Нуржан нь Толбо сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны үеийн олговор 4202328 төгрөг, гурван шатны шүүх хуралдаанд оролцохоор очиж, буцсан унааны зардал 491000 төгрөг, шүүх хуралдаанд оролцохын тулд Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод зочид буудалд байрлаж байсан зардал 1100000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 292000 төгрөг, бүгд 6085328 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.Ажилгүй байсан хугацааны үеийн олговор 4202328 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

-2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Толбо сумын Эрүүл мэндийн төвийн даргын 8 дугаар тушаалаар Монгол улсын Засгийн газрын 326 дугаар тогтоолыг үндэслэн Сумын Засаг Даргын Тамгын газарт сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээ хүргэх, сумын төсөв, санхүү, эдийн засаг хөгжлийн бодлогын төлөвлөлт хариуцсан санхүүгийн албыг байгуулах болсонтой холбогдуулан Эрүүл Мэндийн Төвийн ня-бо А.Нуржаныг мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1072 дугаар тогтоолоор магадлал, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Нуржаныг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Санхүүгийн албанд нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай ... гэж өөрчлөн шийдвэрлэсэн ба уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Ажил олгогч ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн томилсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч А.Нуржаны ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2015 оны 5 дугаар сарын сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд авсан тушаал гарах 2016 оны 6 дугаар сарын 08-ны хүртэл тооцвол 13 сар 05 хоног байх боловч нэхэмжлэгч А.Нуржан нь тус шүүхэд хариуцагчаас 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 2016 оны 6 дугаар сарын 08-ны хүртэлх хугацааны ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор нэхэмжилж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч А.Нуржаны 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх 7 сар 5 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэгч А.Нуржаныг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын А/31 дугаар захирамжаар Байгууллагын шилэн данс, татварын тайлан хариуцсан ня-богоор томилсон боловч уг ажилд ажиллахаас өөрөө татгалзсан тул түүний 2016 оны 4 дүгээр сараас 04-нээс 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хоёр сарын цалингаа өгөхгүй гэж маргажээ.

Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1072 дугаар тогтоолоор А.Нуржаныг Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Санхүүгийн албанд нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон байхад түүнийг тус сумын Засаг даргын захирамжаар Байгууллагын шилэн данс, татварын тайлан хариуцсан ня-богоор томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасан байхад А.Нуржаныг Толбо сумын Засаг даргын захирамжааражилд томилсныг тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтныг ажилд томилох, чөлөөлөх эрх бүхий этгээдийн шийдвэр гэж үзэх боломжгүй.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1072 дугаар тогтоолоор А.Нуржаныг Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Санхүүгийн албанд нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон байхад А.Нуржаныг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын А/31 дугаар захирамжаар Байгууллагын шилэн данс, татварын тайлан хариуцсан ня-богоор томилсныг шүүхийн шийдвэр бодит биелэгдсэн гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/06 дугаартай тушаалаар А.Нуржаныг санхүүгийн албаны дунд сургууль, эрүүл мэндийн төвийг хариуцсан нягтлан бодогчоор 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр томилсныг нэхэмжлэгчийг ажилд томилсон өдөр гэж дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-гийн а-д ... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно гэж зааснаар нэхэмжлэгч А.Нуржаны 00331274 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр 2015 оны 2сард 580584 төгрөг, 3 сард 580584 төгрөг, 4 сард 710680 төгрөгийн цалин олгогдсон ба дээрх гурван сарын дундаж нь 623949 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлдээ үндсэн цалинг 580584 төгрөгөөр тооцож гаргасан байх тул түүнийг үндэслэж үндсэн цалинг тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч А.Нуржан нь 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 2016 оны 6 дугаар сарын 08-ны хоорондох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 4202328 төгрөг нэхэмжилсэн боловч түүний ажилгүй байсан хугацааны 7 сар 5 хоногийн цалинтай тэнцэх олговор 4199103 төгрөг гарч байгаа тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэгч А.Нуржаныг би ажлаас нь чөлөөлөөгүй, миний бие гэм буруугүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй мөн тэтгэмжийн хэлбэрээр авсан мөнгийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговроос хасаж тооцох ёстой гэж маргажээ.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаар тогтоолд Сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг сумын Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа төсөвт байгууллагуудад нягтлан бодогч давхардуулан ажиллуулахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгаснаас үзэхэд нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр үгүй болоогүй, байгууллага татан буугдаагүй, харин албан тушаалын чиг үүрэг нь сумын Засаг даргын дэргэдэх шинээр байгуулагдсан Санхүүгийн албанд шилжсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Монгол Улсын Дээд шүүхийн 1072 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн байна. Ажил олгогч Толбо сумын Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч А.Нуржанд ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэх тул хариуцагчийн уг тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгох-оор заасан ба А.Нуржаны Нийгмийн даатгалын сангаас авсан ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг хасаж тооцох тухай заагаагүй байна.

Тэгээд ч уг мөнгийг нэхэмжлэгчид хариуцагч Толбо сумын Засаг даргын Тамгын газраас олгоогүй ба хариуцагчийн А.Нуржаны авсан ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг хасаж тооцож өгөхийг хүссэн тухай тайлбарыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Гурван шатны шүүх хуралдаанд оролцохоор очиж, буцсан унааны зардал 491000 төгрөг, Улаанбаатар хотод зочид буудалд байрласан зардал 1100000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 292000 төгрөг, бүгд 1883000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

-Нэхэмжлэгч А.Нуржан нь гурван шатны шүүх хуралдаанд оролцохоор очиж, буцсан унааны зардал 491000 төгрөг, шүүх хуралдаанд оролцохын тулд Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод зочид буудалд байрлаж байсан зардал 1100000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 292000 төгрөг, бүгд 1883000 төгрөгийг хариуцагч Толбо сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Учир нь, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын хууль, ... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... , хууль зүйн туслалцаа авах, ..., шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ... гэж заажээ.

Нэхэмжлэгч А.Нуржан нь гурван шатны шүүх хуралдаанд оролцсон, шүүх хуралдаанд оролцохын тулд Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод зочид буудалд байрласан, өмгөөлөгч авч түүнийг хөлсийг төлсөн зэрэг нь хуульд заасан эрхээ эдэлсэн ба үүнийг хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй. Хуулиар шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авах эрхийг олгосон болохоос үүрэг болгоогүй байна.

Иймд хариуцагч Толбо сумын Засаг Даргын Тамгын газраас ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4199103 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Нуржанд олгож, түүний илүү нэхэмжилсэн 1886225 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүн болох 4199103 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 82136 төгрөгийг хариуцагч Толбо сумын Засаг Даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4199103 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Нуржанд олгож, түүний илүү нэхэмжилсэн 1886225 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Нуржаны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Толбо сумын Засаг даргын Тамгын газраас 82136 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Нуржанд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ د Х.МЕЙРАМБЕК

ШҮҮГЧИД Б.МАНГИЛИК

А.ЖАРХЫНГҮЛ