Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 032

 

А.Нуржаны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар шийдвэртэй, А.Нуржаны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Конторбай, хариуцагчийн өмгөөлөгчид С.Нургайып, А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны үеийн олговор 4202328 төгрөг, гурван шатны шүүх хуралдаанд оролцохоор очиж, буцсан унааны зардал 491000 төгрөг, шүүх хуралдаанд оролцохын тулд Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод зочид буудалд байрлаж байсан зардал 1100000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 292000 төгрөг, бүгд 6085328 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Толбо сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор 2012 оноос эхлэн ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаар тогтоол ёсоор сумуудад Засаг даргын Тамгын газрын дэргэд Санхүүгийн тасаг болгон зохион байгуулагдахад бүтцийн өөрчлөлт нэрээр намайг хууль бус ажлаас чөлөөлж, орон тооны цомхтголд оруулсан билээ. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гурван шатны шүүхээс Нуржан намайг Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Санхүүгийн тасагт нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилсон болно. Хяналтын шатны шүүхийн тогтоол гарсны дараа 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/06 тоот тушаалаар ажилд томилогдсон А.Нуржан миний бие 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Толбо сумын Эрүүл мэндийн төвийн даргын 08 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн боловч, 2015 оны 10 дугаар сарыг дуустал цалин олговрыг цомхтголын тэтгэмж хэлбэрээр бүрэн авсан байгаа.

Одоогийн байдлаар 2015 оны 11 дүгээр сарын 01-ээс 2016 оны 6 дугаар сарын 08-ны хүртэлх хугацааны ажилгүй байсан үеийн олговрыг авч чадахгүй байна. Миний ажиллаж байсан хугацааны сарын дундаж цалин 580584 төгрөг байгаа бөгөөд ажилгүй байсан бүх хугацааны цалин 4202328 төгрөг болох ба үүнийг хариуцагчаас гаргуулах, шүүх хуралдаанд оролцоход гарсан замын зардал 491000 төгрөг, Улаанбаатар хотод зочид буудалд байрласны хөлс 1100000 төгрөг, өмгөөлөгч нарт төлсөн хөлс 292000 төгрөг, бүгд 1883000 төгрөгийг гэм хор учруулсан гэм буруутай этгээд болох Толбо сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгөх талаар холбогдох нотлох баримтыг үндэслэж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд шүүхээс хүсэх нь миний ажилгүй байсан хугацааны олговор 4202328 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу гаргуулах, хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасны улмаас хохирч, эдийн засагт минь учирсан гэм хорын хохирол 1883000 төгрөгийг Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу гаргуулж өгч жирийн ажилчин намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч А.Нуржаны 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлтэй бүрэн эхээр уншиж танилцлаа. 2014 оны Засгийн газрын 326 дугаар тогтоолоор сумдад байгуулагдах санхүүгийн албаны зохион байгуулалт чиг үүрэг орон тооны жишиг нормативыг тогтоолын хавсралтын 2 дугаар заалтын 2.1-д зааснаар манай сумд 2 нягтлан бодогчоор ажиллаж, хуучин ажиллаж байсан 3 нягтлан бодогчийн нэг нь хасагдахаар болсон нь Засаг даргын Тамгын газрын дарга миний гэм буруу биш болохыг өнгөрсөн жил Нуржаны нэхэмжлэлийн дагуу хуралдсан анхан болон давж заалдах хоёр шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн бие эс зөвшөөрч хуулиар олгогдсон эрхийн дагуу Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Үүнтэй цаг хугацаа давхцаж Монгол Улсын Их хурлаас Ерөнхий шүүгчид гомдол гаргах уг заалтыг хүчингүй болгосон билээ. Ингээд хэвээр нь үлдсэн хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн ухамсарлаж биелүүлэх талаар чармайн зүтгэсэн. Үүнд өнөөгийн төсөв санхүүгийн хүндрэл, орон тооны асуудал дутуу батлагдсан төсөв гэхчлэн хүндэл багагүй байсан ч гэлээ А.Нуржаныг ажилтай болгох үүднээс хоёр ч удаа тушаал, захирамж гаргуулсан. А.Нуржаны энэ удаагийн нэхэмжлэлийн утга нь зөвхөн ажилгүй байсан үеийн цалинг нэхэмжлэн авах гэсэн утгатай учир дээрх миний хийсэн тайлбар үүнд огт хамаагүй мэт боловч А.Нуржаны нэхэмжлэлтэй танилцан үзэхэд буруу зөрүүтэй хүлээн зөвшөөрөхгүй тайлбар зөндөө байсан.

А.Нуржан хуулиар олгогдсон эрхийн дагуу ямар ч хэлбэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Гэхдээ хүний хүн чанар хэзээ хаана ч хадгалагдах ёстой. Нэхэмжлэлд хууран мэхлэхийг оролдсон асуудлууд байна. Үүнд: 1 дүгээрт 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Толбо сумын эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн тэр даруйдаа 5 дугаар сарын 08-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас 76 хоногоор тооцож 958455 төгрөг ажилгүйдлийн тэтгэмж гаргуулж авсан байна. Үүгээр А.Нуржан нь ажлын байрны цомтголд орж ажлаасаа чөлөөлөгдсөнийг хүлээн зөвшөөрч цаашдаа нэхэмжлэл гаргах эрх нь хязгаарлагдах магадлалтай юм. Хамгийн гол нь энэ бол төрийн халааснаас гарсан мөнгө.

Уг мөнгийг нуун дарж одоо миний ажилгүй байсан үеийн цалин гаргаж өг гэх нь хэний санаанд багтамгүй зүйл. Өөрөө тооцоо бүртгэлийн хүн байж бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэнтэй адилтган үзэх зүйл гэж үзэж байна. Дээрх 958455 төгрөг бараг одоогийн А.Нуржаны авч байгаа 2 сарын цалинтай дүйцэхүйц хэмжээний мөнгө. Хоногоор тооцвол 76 хоногтой тооцож өгсөн мөнгө шүү дээ. Уг асуудлыг нэхэмжлэгч А.Нуржан нь өнгөрсөн онд болж өнгөрсөн бүх шатны шүүх хуралд мэдүүлээгүй. Энэ бол мөнгө завших гэсэн оролдлого гэж үзэж байна. Үүнд давхар мөнгө төлөх байтугай хариуцлага хүлээлгэх ёстой. Би дээрх хэлсэнчлэн хяналтын шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж чармайн ажилласнаар уг асуудлыг сумын Засаг даргын зөвлөлд оруулж зөвлөлийн шийдвэрийн дагуу 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр А.Нуржаныг санхүүгийн албаны нягтлан бодогчоор Засаг даргын захирамж гаргуулснаар Цалингийн хувьд ТҮ-7-ийн 1 дүгээр шатлал буюу А.Нуржаны одоо авч байгаа цалинтай эн тэнцүүхэн хэмжээгээр цалинжуулахаар шийдвэр гаргасан. Гэтэл А.Нуржан уг ажлыг аваагүй. Одоо ичих нүүргүй ажилгүй байсан үеийн цалин гэж нэхэмжилж байгаа нь би ажил хийхгүй гэхдээ цалин авна гэсэнтэй агаар нэг утгатай үг юмаа. 2016 оны 4 дүгээр сарын 04-ээс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажилгүй байсан нь А.Нуржаны буруу болохоос Засаг даргын Тамгын газрын дарга миний буруу биш юмаа. Ингээд үг 2 сарын цалин 580584х2=1161168 төгрөг үүнд тооцогдох ёстой. Улаанбаатар хотод зочид буудалд байрласан хөлс гэж 1200000 төгрөг нэхэмжилсэн байгаа юм. Үүнд би их эргэлзэж байна. Учир нь А.Нуржаны төрсөн ээж нь Налайх дүүрэгт амьдардаг /аав нь нас барсан/. А.Нуржан өөрөө болохоор Налайхад бага дунд сургууль төгссөн гэж байгаа.

Хотод өсөж өндийсөн, дээр нь төрсөн гэр орон нь Налайх дүүрэгт байсаар байтал хүүхдүүдээ дагуулаад зочид буудалд байрлаж явсан гэхэд хэн итгэх вэ? Налайх бол Улаанбаатар хотын нэг дүүрэг шүү дээ. Би ч гэсэн уг асуудлын үнэн мөнгийг лавлах үүднээс SAN Hotel-тэй холбоо барьсан. Уг зочид буудлын зочны бүртгэлийн дэвтэрт 2015 оны 11, 12 дугаар сарын байдлаар А.Нуржан гэсэн хүний нэр олдоогүй гэсэн хариу ирсэн. А.Нуржан өөрөө буудалд байрласан бичиг баримтаа хавсарсан гэж байгаа боловч тухайн үеийн бүртгэлийн дэвтэрт нэр нь байхгүй болохоор үүнийг судлах хэрэгтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасны учир эдийн засагт минь хохирол учирсан гэх шиг гүтгэлгийн чанартай тайлбар хийсэн байна. Шүүхэд А.Нуржан нэхэмжлэл гаргасаар байгаа болохоос би энэ насанд шүүхэд нэхэмжлэл гаргаж үзээгүй. Ингэж гүтгэлэг хийсэнд харамсаж байна. Иймд миний дээрх тайлбартай танилцан зохих хууль журмын дагуу шүүгчийн мэргэн шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 7 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4199103 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Нуржанд олгож, түүний илүү нэхэмжилсэн 1886225 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Нуржаны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Толбо сумын Засаг даргын Тамгын газраас 82136 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Нуржанд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Өмгөөлөгч С.Нургайып миний бие иргэн А.Нуржаны нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа ба хэргийг хянан шийдвэрлэсэн Баян- Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 тоот шийдвэрийг бүхэлдээ эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Тухайлбал, хууль бус бүрэлдэхүүнээрээ, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн талаар: Баян-Өлгий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А.Нуржаны нэхэмжлэлтэй холбогдох шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тухай хүсэлтээ нотлох баримттайгаа гаргасан билээ. Тухайлбал, Ө.Бахытбек нь тус шүүхийн байгууллагад ажиллаж байгаад чөлөөлөгдсөн бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 3-т Албан тушаалтан албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх нь ашиг сонирхлын зөрчил үүснэ хэмээн үзсэн тул шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул хүсэлтийг хүлээн авч, мөн өдрийн 65 дугаартай тогтоол гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар гомдол гаргаж байгаа нь хууль бус юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэж гаргасан тогтоол биш учраас уг тогтоолд Ө.Бахытбек гомдол гаргах эрхгүй байсан. Энэхүү тогтоолд гомдол гаргах эрх зөвхөн хүсэлт гаргагч этгээдэд байх ёстой атлаа, хүсэлт гаргаагүй этгээд шүүгчийг татгалзсан талаар хүсэлтийг хангасан тогтоолд гомдол гаргаж байгаа явдал нь хууль ёсны зарчимд огт нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, энэхүү гомдол гаргах тохиолдол зөвхөн татгалзах талаар гаргасан талуудын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, тогтоолд гомдол гаргах эрх хэмээн ойлгогдохоор байгаа. Түүнээс биш хүсэлтийг хангасан явдалд хүсэлт гаргаагүй хүний гомдол гаргах эрхийг заасан зүйл огт биш юм. Шүүх бүрэлдэхүүнийг татгалзаагүй тохиолдолд татгалзах хүсэлт гаргаж байгаа талын эрх ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй тул гомдол гаргах эрх зөвхөн хүсэлт гаргасан этгээдэд хамааралтай байх ёстой. Нэгэнт шүүх хүсэлтийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар хэргийг өөр шүүх бүрэлдэхүүн, шүүгч шийдвэрлэх ёстой байсан юм.

Улсын дээд шүүхийн 2002 оны иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 263 дугаар тогтоолын 28-д Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэдэгт хууль зөрчиж шүүх хуралдаанд оролцсон шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, прокурор, шинжээч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын аль нэгийг татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч хууль бусаар хүлээж аваагүй бол хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэнтэй адилтгаж үзнэ гэж тайлбарлажээ. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг татгалзах хуулийн үндэслэл байсан бөгөөд нотлох баримттайгаа хүсэлтээ албан ёсоор тавьж байсан. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүх бүрэлдэхүүн ч гэсэн татгалзсан хүсэлтийг хүлээн авсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэлгүй гаргасан гомдлыг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн ханган шийдвэрлэсэн байна.

Үүнээс болж хариуцагч талд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хуулийн үндэслэл байсаар байсан боловч хууль бус шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрсэн ба анхан шатны шүүх хуралдааны үеэр энэ талаар хүсэлтээ дахин гаргасан боловч шүүхийн эцсийн шийдвэр гарсан хэмээн шүүх бүрэлдэхүүн татгалзсан юм. Иймд хэргийг шүүх бүрэлдэхүүн ашиг сонирхлын зөрчилтэй байхад хянан шийдвэрлэсэн явдал нь хууль бус болсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүх нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн юм. Хөдөлмөрийн тухай уг хуулийн заалтаараа ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно хэмээн заасан байна. Нэхэмжлэгч А.Нуржан нь өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоогдоогүй гэдэг нь хэрэгт авагдсан 3-н шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа.

Үүнээс гадна А.Нуржан өмнө нь өөр байгууллагад, өөр ажил олгогчийн удирдлагад ажиллаж байсан бөгөөд хариуцагчтай хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байсан юм. 2 шатны шүүхийн шийдвэр А.Нуржаны нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул дээд шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд хариуцагчтай ямар нэгэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй хэмээн ойлгож явсан байна. Мөн дээд шүүхийн тогтоол гарангуутаа А.Нуржанд яг ижил төрлийн ажил санал болгож, тушаалыг нь гаргасаар байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилд орохоос татгалзсан байна. Шүүхээс эдгээр хугацаанд яагаад цалин гаргасан үндэслэлийг тодорхойлж чадаагүй. Нийгмийн даатгалын сангаас авсан ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг түүнийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодохдоо хасаж тооцоогүй нь түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих үндэслэл болжээ. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч А.Нуржан нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 4202328 төгрөг, гурван шатны шүүх хуралдаанд оролцоход гарсан замын зардалд 491000 төгрөг, Улаанбаатар хотод хяналтын шатны шүүх хуралдаанд оролцоход зочид буудалд байрласан зардалд 1100000 төгрөг, өмгөөлөгч нарт төлсөн хөлс 292000 төгрөгийн хохирол, нийт 6085328 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг харьцуулан судалбал, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар тушаалаар А.Нуржаныг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь тогтоогдож, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1072 дугаар тогтоолоор А.Нуржаныг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Санхүүгийн албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон ба ажил олгогч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар А.Нуржаныг мөн өдрөөс эхлэн тус газрын Санхүүгийн албанд дунд сургууль, эрүүл мэндийн төвийг хариуцсан нягтлан бодогчоор томилж, шүүхийн шийдвэр биелэгдсэн үйл баримт тогтоогджээ.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажил олгогчоос ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тул мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т зааснаар А.Нуржан нь ажилгүй байсан бүх хугацааны, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй. Нэхэмжлэгчээс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг нэг сарын дундаж цалин хөлсийг 580584 төгрөгөөр тооцож, нэхэмжилснийг үндэслэлтэй гэж үзнэ. Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацааг нарийвчлан тогтоож, 7 сар, ажлын 5 хоногт ноогдох ажилгүй байсан хугацааны олговорт 4199103 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зохигчийн тайлбар, А.Нуржаны №А0331274 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, бусад бичмэл нотлох баримтуудад тулгуурласан, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхээс нэхэмжлэгч А.Нуржаныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 393 дугаар шийдвэр, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 110 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1072 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаар тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн өмгөөлөгчийн А.Нуржаны нийгмийн даатгалын сангаас авсан ажилгүйдлийн тэтгэмжийг хасаж тооцоогүй нь түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлсэн гэсэн гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т нийцээгүй, маргааны үйл баримтад хамааралгүй тул хүлээж авах боломжгүй.

 

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн (1) гурван шатны шүүх хуралдаанд оролцоход гарсан замын зардалд 491000 төгрөг, (2) Улаанбаатар хотод хяналтын шатны шүүх хуралдаанд оролцоход зочид буудалд байрласан зардал 1100000 төгрөг, (3) өмгөөлөгч нарт төлсөн хөлс 292000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ А.Нуржаны Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан шүүх хуралдаанд биечлэн оролцох, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхээ өөрөө хүсэж хэрэгжүүлэхдээ гарсан зардал, түүнчлэн энэ нь хариуцагчийн гэм буруутай, хууль бус үйл ажиллагаанд шууд хамааралгүй гэж дүгнэж, дээрх гурван төрлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1.-т зааснаар тайлбарласан ба нэгэнт дээрх зардлууд хариуцагч төрийн байгууллага, эсхүл төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд холбоотой эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхээс гэм хор учруулснаас хариуцлага хүлээх нийтлэг үндэслэлийг баримталж, нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны байна.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4.-т нийцээгүй, үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэж, хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулжээ. Энэхүү тогтоолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуульд заасан журмын дагуу гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлыг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар тогтоолд гагцхүү хариуцагч тал гомдол гаргах эрхтэй, харин эрх ашиг нь хөндөгдөөгүй нэхэмжлэгч тал гомдол гаргах эрхгүй. Учир нь шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг би гаргасан гэх давж заалдах гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1.-т нийцээгүй, хууль бус байна. Учир нь хуулийн дээрх заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4.-т зааснаар гарсан шүүхийн тогтоолд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн аль аль нь гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байхаар хуульчилжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх бүрэлдэхүүнийг татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн шүүхийн тогтоолыг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн гомдлын дагуу анхан шатны шүүх хянаж, хүчингүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шударга байдалд нийцсэн байх тул хууль бус бүрэлдэхүүнээр маргааныг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК