Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 010

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, Хаахөег овогт Насанбуянгийн Отгонтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Отгонтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Адилбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Н.Отгонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Отгонтуяа миний бие 2009 онд Соёлын дээд сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр бакалавр зэрэгтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2014 онд "Боловсрол судлалын ухааны магистр" зэрэгтэй төгссөн, дээд боловсролтой, багш мэргэжилтэй билээ. Мөн 1999-2003 онуудад ОХУ-ын Тыва улсын "А.Б.Чыргал-оол"-ын нэрэмжит Соёлын дунд сургуулийг хөгжимчин, хөгжмийн багш мэргэжлээр дипломын боловсролоор дүүргэсэн болно. 2003-2005 оны хооронд Цэнгэл сумын Тува бага сургуульд хөгжмийн багшаар, 2005 оноос одоог хүртэл Өлгий сумын ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуульд багш, захирлаар ажиллаж байгаа юм. 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өмнөх захирал өндөр насны тэтгэвэрт гарахтай холбогдуулан тус сургуулийн захирлын сул орон тооны сонгон шалгаруулалтад оролцож эхний байр эзэлж аймгийн Засаг даргын 2016 оны 06-р сарын 24-ний өдрийн А\377 тоот захирамжаар Өлгий сумын ЕБ-ын 2 дугаар БДС-ийн захирлаар томилогдон ажиллаж байгаа билээ. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/495 тоот захирамжаар Н.Отгонтуяа намайг үүрэгт ажлаас чөлөөлснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, гомдлыг харьяаллын дагуу шүүхэд гаргаж байна.

1.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/495 тоот захирамжаар Н.Отгонтуяа намайг Өлгий сумын 2 дугаар БДС-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллаж байсан гэх 2 үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. Гэтэл Н.Отгонтуяа миний бие сул байсан захирлын байнгын ажлын байранд сонгон шалгаруулалтын үр дүнгээр Төрийн албаны Салбар зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолын үндсэн дээр томилогдсон бөгөөд ажил олгогч байгууллагын төлөөлөл болох аймгийн Засаг даргын орлогчтой 2016 оны 7 дугаар сарын 01-нд Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа болно. "Хөдөлмөрийн тухай" хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7д "хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно" гэж заасан байх тул тухайн гэрээнд ажил олгогчийн төлөөлөл болон ажилтан би гарын үсэг зурж баталгаажуулсан учир хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болсон байгаа.

2. "Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" УДШ- ийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЗЗ дугаар тогтоолын 4-д "гарын үсэг зурсан" гэдэгт бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч байгууллагыг төлөөлж эрх бүхий албан тушаалтан, ажилд орохыг хүссэн эрх зүйн чадамж бүхий иргэн гарын үсэг зурахыг хэлнэ гэж тайлбарласан байдаг.Тэгвэл гэрээний талууд гарын үсгийн талаар маргаагүй учир гэрээг байгуулаагүй гэж үзэх боломжгүй байна.

З. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/495 тоот захирамжаар Н.Отгонтуяа намайг Өлгий сумын ЕБС-ийн захирлын үүрэгт ажлаас "ажил олгогч"-ийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн аль нэг тохирох хэсгийг заавал баримтлах ёстой байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.7 дахь хэсгүүдийг баримталж ажлаас чөлөөлсөн нь "ажил олгогч" хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөнийг илтгэж байна. Тухайлбал: "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай "УДШ-ийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33-р тогтоолын 15-р заалтад: "Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино" гэж хатуу заасан байдаг. Нэгэнт ажил олгогч аймгийн Засаг дарга 2016 оны 09-р сарын 15-ны өдрийн Б/495 тоот захирамжийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн тохирох хэсгийг баримтлаагүй учир тухайн захирамж шууд утгаар хүчин төгөлдөр бус болж байна.

4. Н.Отгонтуяа намайг захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/495 тоот захирамж гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.7-д заасныг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн явдал болжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйл нь бүхэлдээ "хөдөлмөрийн гэрээ"-г зохицуулсан зүйл заалтууд бөгөөд хуулийн 21.4-д "Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна" гэж , 21.7-д "Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно" гэсэн хөдөлмөрийн гэрээний эрх зүйн үндэслэлийг зохицуулсан заалт байгаа юм. Энэхүү хуулийн заалтаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар зохицуулсан зүйл заалт, үг өгүүлбэр байхгүй учир хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

5. Мөн аймгийн Засаг дарга 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/495 тоот захирамж гаргахдаа хөдөлмөрийн хуулиас гадна "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын холбогдох заалтуудыг давхар зөрчсөн явдалд гомдолтой байна. Үүнд:Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 8 дугаар зүйлийн 8.1.3-д "Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс тухайн албан тушаалын шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан нэг иргэний нэрийг дэвшүүлж, дүгнэлтийн хамт хүргүүлэх", журмын 8.2-т заасан "Салбар зөвлөл, боловсролын газрын нэр дэвшүүлсэн иргэнийг томилох шийдвэр гаргах" заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тухайлбал: Н.Отгонтуяа миний оронд захирлаар томилогдсон М.Адилбиш нь тухайн орон тоонд сонгон шалгаруулалтаар надтай өрсөлдөж миний дараа буюу 2-р байранд орсон нь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 05-р сарын 10-ны өдөр явагдсан сонгон шалгаруулалтын дүн, 2016 оны Төрийн албаны салбар зөвлөлийн 24-р тогтоолоор тус тус нотлогдоно.

6. Аймгийн Засаг даргын 2016 оны 09-р сарын 15-ны өдрийн Б/495 тоот захирамжид Н.Отгонтуяа намайг "удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй" гэж дурджээ. Гэвч ажил олгогч чухам ямар үүрэг даалгавар өгсөн, тухайн өгсөн үүрэг даалгавар нь Н.Отгонтуяа надад холбоотой эсэх, уг үүрэг даалгаврыг биелүүлээгүй явдалд би буруутай эсэх, тухайн үүрэг даалгаврыг биелүүлээгүйгээс ямар хор уршиг буй болсныг тус тусад нь тогтоож, Н.Отгонтуяа намайг буруутай гэж үзвэл тэрхүү миний гэм буруугийн хир хэмжээ, намайг ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил мөн эсэхийг тогтоож байж, Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулах хэлбэрээр шийдвэрлэгдэх ёстой байсан юм. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33-р тогтоолын 15-р заалтын 15.4, 29-р заалтуудад тодорхой тайлбарласныг хариуцагч ноцтой зөрчсөн байна.

Иймд шүүхээс хүсэх нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2-д зааснаар Насанбуянгийн Отгонтуяа намайг Өлгий сумын ЕБ-ын 2-р БДС-ийн захирлын үүрэгт ажилд эргүүлэн томилж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн Н.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Н.Отгонтуяа нь нэхэмжлэлдээ миний бие 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын орлогчийн даргын А/377 дугаар захирамжаар Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилогдож, 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр аймгийн Засаг даргын орлогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхад аймгийн Засаг дарга 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б/495 дугаар захирамжаар үндэслэлгүй ажлаас минь чөлөөлсөн гэсэн байна. Н.Отгонтуяагийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Н.Отгонтуяа нь анх томилохдоо хууль зүйн үндэслэлгүй томилогдсон байна. Учир нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтад аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн аймгийн Засаг дарга томилж чөлөөлнө гэж заасан заалтыг зөрчиж аймгийн Засаг даргын орлогч томилсон байна. Тухайн үед аймгийн Засаг дарга Х.Дармен нь орон нутгийн сонгуульд Улаанхус сумаас нэр дэвшиж байсан ба орлогч дарга Н.Санатбек Ардчилсан намын сонгуулийн штабт ажиллаж байсан юм.

2. Н.Отгонтуяа нь хөдөлмөрийн гэрээ байгуулахад аймгийн Засаг даргын орлогчоор гарын үсэг зуруулж хөдөлмөрийн гэрээг батлуулсан байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Дармен нь ажлын байранд байхад аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Н.Санатбек нь эрх мэдлээ хэтрүүлэн Н.Отгонтуяатай хөдөлмөрийн гэрээ байгуулан хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартуудыг зөрчсөн байна.

З. Н.Отгонтуяагийн аймгийн Засаг даргын орлогчтой байгуулсан гэрээнд тамга тэмдэг дарж баталгаажуулалт хийгдээгүй байна. Учир нь Стандартчилал Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн МNS5140-1:2011 стандартын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт баримт бичиг зохиож бүрдүүлэх, тэдгээрийг хуулийн хүчинтэй болгоход зайлшгүй шаардлагатай хууль тогтоомж, стандартаар тогтоосон мэдээллийн элемент болох, МNS5140-2:2011 стандартын 6 дугаар зүйлийн 6.19 дэх хэсэгт Байгууллагын удирдах албан тушаалтан гарын үсэг болон баримт бичгийн хуулийн хүчинтэй эх болохыг баталгаажуулж, тамга, тэмдэг дарна гэж заасныг тус тус зөрчсөн тул Н.Отгонтуяагийн аймгийн Засаг даргын орлогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Адилбиш шүүхэд гаргасан хүсэлтэд: Н.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй Аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлтэй байна.

Учир нь энэ хэрэгтэй холбогдон миний эрх ашиг хөндөгдөх болзошгүй байгаа билээ. ... Иймд намайг тус шүүх хуралдааны ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Н.Отгонтуяа шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байхад 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Засаг дарга Б/490 дугаартай захирамж гаргаж, намайг үүрэгт ажлаас маань чөлөөлсөн. Би тухайн үед үүрэгт ажлаас маань чөлөөлсөн үндэслэл нь буруу байна гээд шүүхэд гомдол гаргасан. Намайг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллаж байсан гэх хоёр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Энэ захирамжийг гаргахдаа тухайн үед намайг чухам ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй гээд үүрэгт ажлаас чөлөөлсөн болохыг ойлгохгүй байна, үүнийг буруу гэж бодож байна. Ажил олгогчтой миний бие хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Ажил олгогчтойгоо байгуулсан хөдөлмөрийн гэрээг яагаад хүчин төгөлдөр бус гэж үзэж байгааг бас ойлгохгүй байна. Тийм учраас шүүхэд гомдол гаргасан. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн талаарх тайлбарыг сонслоо. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэвэл Н.Отгонтуяа анх томилогдохдоо хууль зүйн үндэслэлгүй томилогдсон гэж үзсэн. Учир нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлнө гэж заасан заалтаар аймгийн Засаг даргын орлогч томилсон байна. Үүнийг хууль бус шийдвэр гэж үзсэн. Яагаад гэвэл тухайн үед аймгийн Засаг дарга Х.Дармен орон нутгийн сонгуульд Улаанхус сумаар нэр дэвшиж байсан бөгөөд Санатбек дарга тухай үед Ардчилсан намын сонгуулийн штабт ажиллаж байсан. Н.Отгонтуяа аймгийн Засаг даргын орлогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч ямар нэгэн тамга тэмдэг дарагдаагүй байсан. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа бас нэг үндэслэл бол хөдөлмөрийн гэрээнд 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлээд байгуулсугай гэсэн байсан. Харин 07 дугаар сарын 04-ний өдөр Дармен дарга ажилдаа байсан. Тухайн өдөр ажилдаа байсан гэдгийг нотлох холбогдох нотлох баримтаа гаргаж өгсөн. Хөдөлмөрийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан ч гэсэн холбогдох стандарт зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга дарснаар баталгаажих ёстой байсан. Стандартчилал хэмжил зүйн төвийн 2011 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар тогтоолоор баталсан Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн MNS:5140:2011 стандартын 4.2-т баримт бичиг зохиож, бүрдүүлэх тэдгээрийг хуулийн хүчинтэй болоход зайлшгүй стандарт тогтоосон мэдээллийн элемент болох MNS5140:2011 стандартын 6 дугаар зүйлийн 6.19 д байгууллагын удирдах албан тушаалтан гарын үсэг болон баримт бичгийн хуулийн хүчинтэй хугацааг баталгаажуулж тамга тэмдэг дарна гэснийг тус тус зөрчсөн. Засаг даргаар ажиллаж байсан Х.Дармений тайлбар, сонгуульд оролцож байсан талаар сонгуулийн хорооны бичиг баримтыг гаргаж өгсөн. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл аймгийн Засаг даргын орлогч Санатбек нэхэмжлэгчийн томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд биш. Учир нь Боловсролын тухай хуульд зөвхөн аймгийн Засаг даргатомилж, чөлөөлөх талаар заасан болохоос биш Засаг даргын орлогч томилж, чөлөөлнө гэж заагаагүй. Үүнийг тайлбарлахад 2012 онд Санатбек даргыг томилсон 713 дугаартай Засаг даргын захирамжид аймгийн Засаг даргын эзгүйд хуульд заасан түүний бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн заалт тусгаагүй. 2016 онд аймгийн Засаг даргын орлогчид 2 хүнийг томилсон бөгөөд тэдгээрийг томилсон Засаг даргын захирамжид Засаг даргын эзгүйд түүний хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн заалтыг тусгаж өгсөн. Харин Санатбек даргыг томилохдоо дээрх байдлаар эрх хэмжээгээ шилжүүлсэн эрхийн акт гараагүй. Тийм учраас Н.Отгонтуяаг Санатбек дарга томилсон нь хууль бус болсон гэж үзэж байгаа. Эрх хэмжээ шилжүүлсэн эрхийн акт гараагүй тул Санатбек томилсон нь үндэслэлгүй болсон. Эдгээр хүмүүсийг сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалт 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан. Гэтэл үүнээс 2 сар өнгөрсний дараа Н.Отгонтуяаг захирлын ажилд томилсон байна. Өөрөөр хэлбэл Х.Дармен дарга тухайн үед томилох бүрэн боломжтой боловч томилохоос татгалзсан. Тийм учраас Х.Дармен даргын сонгуульд оролцож байгаа байдлыг ашиглаж Санатбек дарга эрх хэмжээгээ хэтрүүлж нэхэмжлэгчийг томилсон байна гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын орлогч Санатбек даргад тухайн үед эрх хэмжээ олгоогүй байсан учраас Н.Отгонтуяаг томилсон шийдвэр нь хууль бус гэж үзэж байна. 2012 онд шүүхэд бас нэг ийм төрлийн маргаан шийдвэрлэгдэж байсан. Тийм учраас асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Адилбиш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2-р бүрэн дунд сургуулийн захирлын томилгоо ялташгүй 05 дугаар сарын 11-ний өдрийн сонгон шалгаруулалттай шууд холбоотой. Учир нь нэхэмжлэгч Н.Отгонтуяа болон гуравдагч этгээдээр оролцож байгаа миний минь хоёулаа уг сонгон шалгаруулалтад орсон. Сонгон шалгаруулалт хууль бус явагдсан гэдгийг 4 үндэслэлээр нотолж байгаа. Тухайн үед Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны салбар зөвлөл, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Манкей, Засаг дарга Х.Дармен нарт тус тус хандаж байсан. 1. Х.Нурханат нь тестийн шалгалтад бусад бүх хүмүүсийн шалгалтын оноог хэлсэн мөртлөө ганц Н.Отгонтуяагийн оноог хэлэлгүйгээр үлдээсэн. Тус сургуулийн багш Чулуунхүү чи хэдэн оноо авсан гэж асуухад дуугаралгүй гараад явсан. Тухайн үед нарийн бичиг байсан Х.Нурханатаас хэдэн оноо авсан бэ гээд асуухад цайндаа гарсан байна очоод хэлье та нарын оноо ойрхон би санахгүй байна, очоод хараад хэлээд өгье гээд 3 удаа 3 өөр хариулт хэлсэн. 2. Ур чадварын шалгалт үдээс хойш 14 цагийн болсон бөгөөд нууцлалын зэрэгтэй авах ёстой шалгалтыг амаар хэлж 2 даалгаврыг гүйцэтгүүлсэн, 15 минутад авах ёстой шалгалтыг 5 минутад авсан. Гэхдээ миний бие 5 минутад багтааж авах ёстой оноогоо авч байсан. 3. Ярилцлагын шалгалтыг авахад шалгалтын комиссын бүрэлдэхүүнгүй байсан. Өөрөөр хэлбэл Иманмагзам дарга байхгүй байсан бөгөөд үүнийг Х.Нурханат байгаа гэж худлаа мэдүүлэг өгсөн. Иманмагзам дарга гараад явсныг тухайн үед шалгалтад орсон бүх хүмүүс гэрчилнэ. Дараа нь тухайн үед Боловсрол соёлын газрын дэд дарга байсан Асхар надад оноо хэлэлгүйгээр гараад явсан. Тухайн үед Х.Нурханаттай утсаар яриагүй байхад Асхар танд 3 оноо өгсөн гэж хэлсэн. Ярилцлагын шалгалтад би 15 хуудастай сургууль хөгжүүлэх хөтөлбөр өгсөн. Үүнийг шалгалтад амжиж хамгаалж хэлсэн. Одоо тус сургуульд миний тэр хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Энэ хөтөлбөр дээр би 3 оноо авах ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албанд 28 жил ажилласан, үүнээс 12 жил удирдах албан тушаалд ажилласан. Төрийн албаны шалгалтад нэг удаа, төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад 3 дахь удаа орсон учраас төрийн албаны шалгалтын журам, төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүн зэргийг судалж ордог тул энэ бүхнийг мэдэж байгаа хүний хувьд хэлж байна. Шалгалтын дараа тухайн үед Засаг дарга байсан Х.Дарменд шалгалт шударга бус явагдсан, томилгоо битгий хийгээрэй, цаашид би Төрийн албаны зөвлөлд хандана гэхэд би энэ шударга бус томилгоонд оролцохгүй гээд амаар хэлж байсан учраас Х.Дармен энэ томилгоо хийхээс татгалзсан. Нэхэмжлэгч Н.Отгонтуяаг томилсон томилгоог би дараах 4 үндэслэлээр шударга бус явагдсан гэж үзэж байгаа. Үүнд: 1. Төрийн албаны шалгалт явагдсаны дараа хуулийн хугацаанд томилгоо хийгдээгүй. Төрийн албаны зөвлөл үүнд хяналт тавьж байсан. Төрийн албаны салбар зөвлөл энэ шалгалтыг өөрсдөө хүчингүй болгох ёстой гэдгийг тухайн үед надад хэлж байсан. Улс даяар сонгуулийн сурталчилгаа явагдаж байгаад 06 дугаар сарын 24-ний өдөр сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусахаас 5 хоногийн өмнө эрх бус этгээд томилгоо хийсэн. Энэхүү албан тушаалтан бол аймгийн Засаг даргын орлогч Санатбед байсан бөгөөд эрх мэдлээ хэтрүүлсэн, эрх шилжүүлсэн тухайн аймгийн Засаг даргын захирамж гараагүй байсан. Ийм учраас буруу томилгоо болсон гэж үзэж байна. 2. Ажил олгогчтой 7 хоногийн дотор хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан.Гэтэл тухайн үед Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ериягаас аймгийн Засаг дарга хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж асуухад 09 дүгээр сарын 03-ны өдөр Н.Отгонтуяад 2 хуудас хөдөлмөрийн гэрээний загвар өгсөн боловч одоог хүртэл авраагүй байна гэж хэлсэн байсан. Тухайн үед аймгийн Засаг дарга хөдөлмөрийн гэрээг аваад ир гээд үүрэг өгөхөд Н.Отгонтуяагтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ аймгийн ЗДТГ-т байхгүй байсан. Дараа нь Н.Отгонтуяа нь хөдөлмөрийн гэрээг авчирсан, хэдний өдөр авчирсан гэдгийг санахгүй байна. Энэхүү авчирсан гэрээ хүчин төгөлдөр бус, эрх бүхий ажил олгогчтой хийгээгүй, мөн л Засаг даргын орлогчтой байгуулсан, гарын үсэг зуруулсан хөдөлмөрийн гэрээг авчирсан тул хууль бус гэж үзсэн. 3. Тухайн үед аймгийн Засаг дарга байсан Х.Дармен хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, томилгоо хийгээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ийм 4 үндэслэлээр томилгоог хууль бус болсон гэж үзсэн тул аймгийн Засаг дарга А.Гылымханд сонгон шалгаруулалт хууль бус болсон, би 2-р байранд орсон гэж өргөдөл гаргасан. Өөрөөр хэлбэл дахин сонгон шалгаруулалт явуулж өг эсхүл томилгоог хүчингүй болгож өг гээд хандсан. Үүний дагуу намайг тус сургуулийн захирлын ажилд томилсон. Би иргэн хүний хувьд Төрийн албаны шалгалт яаж шударга бус явагддаг, томилгоо хууль бус хийгдсэн талаар шударга үнэний төлөө явж байгаа иргэн хүн. Тийм учраас өнөөдрийн шүүх хуралдаанд би эрхээ хамгаалуулахаар гуравдагч этгээдээр оролцож байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.Отгонтуяа нь Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Н.Отгонтуяа нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/495 дугаартай Н.Отгонтуяаг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргасан байна.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж хууль бус томилогдсон, хөдөлмөрийн гэрээ байгуулахад аймгийн Засаг даргын орлогчоор гарын үсэг зуруулж хөдөлмөрийн гэрээг батлуулсан, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартуудыг зөрчсөн гэж маргасан боловч хариуцагчид хуулинд заасан эрх, үүрэгтэй танилцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтаа гарган өгч нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгч Н.Отгонтуяаг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/377 дугаартай Н.Отгонтуяаг захирлын ажилд томилох тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.14, Хөдөлмөрийн тухай хуулийн 21,23,24 дүгээр зүйл, Төрийн албаны салбар зөвлөлийн 24 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Захирал /эрхлэгчийн/ сонгон шалгаруулалтад өндөр оноо авч эхний байранд шалгарсан Н.Отгонтуяаг 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлаар томилон ажиллуулсугай гэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Отгонтуяаг аймгийн Засаг даргын орлогч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ажилд томилсон нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.Отгонтуяаг аймгийн Засаг даргын орлогч ажилд томилсон нь үндэслэлгүй гэж үзэж байна гэж тайлбарлаж байгаа боловч Аймгийн Засаг дарга Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасан үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Засаг дарга Х.Дармений нотариатаар гэрчлүүлсэн тайлбар болон аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлээр нотлогдож байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэжээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/495 дугаартай Н.Отгонтуяаг ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.7 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.Отгонтуяа нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр сургуулийн захирлаар ажиллаж байгаа тул 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж захирамж гарган Н.Отгонтуяаг ажлаас чөлөөлсөн байна.

Энэ нь ажилтныг ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал /захирамж/ нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч нэхэмжлэгч Н.Отгонтуяаг ажлаас чөлөөлсөн захирамж нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдэд нийцэхгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримтлан тушаал /захирамж/ гаргасан байх учиртай юм. Гэтэл хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Н.Отгонтуяаг ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг ч баримтлаагүй байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/495 дугаартай Н.Отгонтуяаг ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.7 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.Отгонтуяаг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр сургуулийн захирлаар ажиллаж байгаа гэх үндэслэлээр 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь ...хууль бус сонгон шалгаруулалт явуулж, томилгоо хийсэн, төрийн байгууллагад ажиллаж байсан эрх бүхий тушаалтнууд хуулийг уландаа гишгэн өөрсдийн болон хэн нэгний эрх ашигт нийцүүлэн, төрийн хууль тогтоомж, стандартыг зөрчин, албан бичиг хэргийг хуурамчаар үйлдэн дур зоргоороо авирлаж, эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан... гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үед гарсан 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 24 дугаартай Баян-Өлгий аймаг дахь Төрийн Албаны Зөвлөлийн салбар Зөвлөлийн тогтоолд болон хууль бус сонгон шалгаруулалт явуулсан, бичиг хэргийг хуурамч үйлдсэн зэрэг асуудлыг эс зөвшөөрсөн бол хууль хяналтын байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч хуулийн хугацаанд гомдол гаргаагүй байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн энэ тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн Албаны Зөвлөлийн салбар зөвлөлийн Комисс байгуулах тухай 23 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссыг байгуулсан байна.

Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 24 дугаартай Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоолоор зохион байгуулсан комиссын дүгнэлтийг төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо буюу 67,7 оноо авсан Н.Отгонтуяаг Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлж байсан нь дээрх тогтоолоор нотлогдох ба тухайн үед тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Нурханатад даалгаж байсан байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хүсэлтээр Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Нурханатыг гэрчээр асуухад Н.Отгонтуяа нь сонгон шалгаруулалтад тэнцэж, Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлж байсан гэж мэдүүлж байсан болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хуралай нь тайлбартаа ...Н.Отгонтуяа нь хөдөлмөрийн гэрээ байгуулахад аймгийн Засаг даргын орлогчоор гарын үсэг зуруулж хөдөлмөрийн гэрээг батлуулсан, гэрээнд тамга тэмдэг дарж баталгаажуулалт хийгдээгүй гэх боловч хариуцагч тал нэхэмжлэгч Н.Отгонтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэснээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна.

Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэжээ.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Засаг даргын орлогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Х.Дармений нотариатаар баталгаажуулсан ... миний бие 2016 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Ардчилсан намаас Улаанхус сумын тойрогт нэр дэвшсэн бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр буюу сонгуулийн сурталчилгаа эхэлсэн мөчөөс эхэлж сонгуулийн үйл ажиллагаа дууссан өдөр болох 2016 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэл Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасан ёсоор ажил албан үүргээ биелүүлээгүй болно. Сонгуулийн хугацаанд буюу 2013 оны 06 дугаар сарын 30-ны хооронд аймгийн Засаг даргын бүрэн эрхийг ЗЗНДНТУ-ын тухай хуулийн холбогдох заалтын дагуу Засаг даргын орлогч Н.Санатбек хэрэгжүүлсэн болно. Н.Отгонтуяаг Өлгий сумын 2-р БДС-ийн захирлаар 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын А/377 тоот захирамжаар томилсон үед аймгийн Засаг дарга байсан Х.Дармен миний бие нэр дэвшсэн тойрогт сонгуулийн сурталчилгаа-ны ажилтай байсан, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д зааснаар ажил, албан тушаал эрхлэхийг хориглосон цаг хугацаанд давхцаж байгаа тул Засаг даргын орлогчийн томилгоо хийсэн тухай 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/377 тоот захирамж хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэсэн бичмэл нотлох баримтаар тухайн үед аймгийн Засаг даргын бүрэн эрхийг аймгийн Засаг даргын орлогч хэрэгжүүлж, ажил үүргийг гүйцэтгэж байсан байна гэж үзлээ.

2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 713 дугаартай захирамж, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Ш.Хавылыг аймгийн Засаг даргын орлогчоор томилж, Н.Санатбекийг ажлаас чөлөөлөх тухай Б/436 дугаартай захирамж, 2016 оны 10 сарын 21-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын А.Камелиятыг аймгийн Засаг даргын орлогчоор томилох тухай Б/591 дугаартай захирамж, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан танаа гэх 1-01/1356 дугаартай албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1-01/1353 дугаартай Хотгор Эрүүл мэндийн Төвийн эрхлэгч М.Ахмаралд гэсэн албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1-01/1353 дугаартай Аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гэсэн албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/386 дугаартай Х.Ашимийг ажилд эгүүлэн томилох тухай захирамж, мөн өдрийн Б/387 дугаартай Б.Айдынг ажилд эгүүлэн томилох тухай захирамж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 дугаартай ажилд томилох тухай захирамж зэрэг нотлох баримтууд нь Н.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох хөдөлмөрийн маргаантай иргэний хэрэгт ямар ч ач холбогдолгүй нотлох баримтууд байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 15-ны өдрийн Б/495 дугаартай Н.Отгонтуяаг ажлаас чөлөөлөх тухай захирамж нь үндэслэлгүй гарсан байх тул Н.Отгонтуяаг Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Хаахөег овогт Насанбуянгийн Отгонтуяаг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН