Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 039

 

Н.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар шийдвэртэй, Н.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Н.Отгонтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: 2003-2005 оны хооронд Цэнгэл сумын Тува бага сургуульд хөгжмийн багшаар, 2005 оноос одоог хүртэл Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуульд багш, захирлаар ажиллаж байгаа юм. 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өмнөх захирал өндөр насны тэтгэвэрт гарахтай холбогдуулан тус сургуулийн захирлын сул орон тооны сонгон шалгаруулалтад оролцож эхний байр эзэлж аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А\377 тоот захирамжаар Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар Бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаа билээ. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/495 тоот захирамжаар Н.Отгонтуяа намайг үүрэгт ажлаас чөлөөлснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, гомдлыг харьяаллын дагуу шүүхэд гаргаж байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/495 тоот захирамжаар Н.Отгонтуяа намайг Өлгий сумын 2 дугаар Бүрэн дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллаж байсан гэх 2 үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. Гэтэл Н.Отгонтуяа миний бие сул байсан захирлын байнгын ажлын байранд сонгон шалгаруулалтын үр дүнгээр Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолын үндсэн дээр томилогдсон бөгөөд ажил олгогч байгууллагын төлөөлөл болох аймгийн Засаг даргын орлогчтой 2016 оны 7 дугаар сарын 01-нд Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д "хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно" гэж заасан байх тул тухайн гэрээнд ажил олгогчийн төлөөлөл болон ажилтан би гарын үсэг зурж баталгаажуулсан учир хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болсон байгаа. "Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗЗ дугаар тогтоолын 4-д "гарын үсэг зурсан" гэдэгт бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч байгууллагыг төлөөлж эрх бүхий албан тушаалтан, ажилд орохыг хүссэн эрх зүйн чадамж бүхий иргэн гарын үсэг зурахыг хэлнэ гэж тайлбарласан байдаг. Тэгвэл гэрээний талууд гарын үсгийн талаар маргаагүй учир гэрээг байгуулаагүй гэж үзэх боломжгүй байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/495 тоот захирамжаар Н.Отгонтуяа намайг Өлгий сумын ЕБС-ийн захирлын үүрэгт ажлаас "ажил олгогч"-ийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн аль нэг тохирох хэсгийг заавал баримтлах ёстой байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.7 дахь хэсгүүдийг баримталж ажлаас чөлөөлсөн нь "ажил олгогч" хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөнийг илтгэж байна. Тухайлбал: "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай "У 2006 оны 7 сарын 3-ны өдрийн 33-р тогтоолын 15-р заалтад: "Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино" гэж хатуу заасан байдаг. Нэгэнт ажил олгогч аймгийн Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/495 тоот захирамжийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн тохирох хэсгийг баримтлаагүй учир тухайн захирамж шууд утгаар хүчин төгөлдөр бус болж байна. Н.Отгонтуяа намайг захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/495 тоот захирамж гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.7-д заасныг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн явдал болжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйл нь бүхэлдээ "хөдөлмөрийн гэрээ"-г зохицуулсан зүйл заалтууд бөгөөд хуулийн 21.4-д "Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна" гэж , 21.7-д "Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно" гэсэн хөдөлмөрийн гэрээний эрх зүйн үндэслэлийг зохицуулсан заалт байгаа юм. Энэхүү хуулийн заалтаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар зохицуулсан зүйл заалт, үг өгүүлбэр байхгүй учир хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Мөн аймгийн Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/495 тоот захирамж гаргахдаа хөдөлмөрийн хуулиас гадна "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын холбогдох заалтуудыг давхар зөрчсөн явдалд гомдолтой байна. Үүнд:Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 8 дугаар зүйлийн 8.1.3-д "Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс тухайн албан тушаалын шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан нэг иргэний нэрийг дэвшүүлж, дүгнэлтийн хамт хүргүүлэх", журмын 8.2-т заасан "Салбар зөвлөл, боловсролын газрын нэр дэвшүүлсэн иргэнийг томилох шийдвэр гаргах" заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тухайлбал: Н.Отгонтуяа миний оронд захирлаар томилогдсон М.Адилбиш нь тухайн орон тоонд сонгон шалгаруулалтаар надтай өрсөлдөж миний дараа буюу 2-р байранд орсон нь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр явагдсан сонгон шалгаруулалтын дүн, 2016 оны Төрийн албаны салбар зөвлөлийн 24-р тогтоолоор тус тус нотлогдоно. Аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/495 тоот захирамжид Н.Отгонтуяа намайг "удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй" гэж дурджээ. Гэвч ажил олгогч чухам ямар үүрэг даалгавар өгсөн, тухайн өгсөн үүрэг даалгавар нь Н.Отгонтуяа надад холбоотой эсэх, уг үүрэг даалгаврыг биелүүлээгүй явдалд би буруутай эсэх, тухайн үүрэг даалгаврыг биелүүлээгүйгээс ямар хор уршиг буй болсныг тус тусад нь тогтоож, Н.Отгонтуяа намайг буруутай гэж үзвэл тэрхүү миний гэм буруугийн хир хэмжээ, намайг ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил мөн эсэхийг тогтоож байж, Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулах хэлбэрээр шийдвэрлэгдэх ёстой байсан юм. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33-р тогтоолын 15-р заалтын 15.4, 29-р заалтуудад тодорхой тайлбарласныг хариуцагч ноцтой зөрчсөн байна. Иймд шүүхээс хүсэх нь:  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2-д зааснаар Насанбуянгийн Отгонтуяа намайг Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар Бүрэн дунд сургуулийн захирлын үүрэгт ажилд эргүүлэн томилж өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн Н.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Н.Отгонтуяа нь нэхэмжлэлдээ миний бие 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын орлогчийн даргын А/377 дугаар захирамжаар Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилогдож, 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр аймгийн Засаг даргын орлогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхад аймгийн Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б/495 дугаар захирамжаар үндэслэлгүй ажлаас минь чөлөөлсөн гэсэн байна. Н.Отгонтуяагийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Н.Отгонтуяа нь анх томилохдоо хууль зүйн үндэслэлгүй томилогдсон байна. Учир нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтад аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн аймгийн Засаг дарга томилж чөлөөлнө гэж заасан заалтыг зөрчиж аймгийн Засаг даргын орлогч томилсон байна. Тухайн үед аймгийн Засаг дарга Х.Дармен нь орон нутгийн сонгуульд Улаанхус сумаас нэр дэвшиж байсан ба орлогч дарга Н.Санатбек Ардчилсан намын сонгуулийн штабт ажиллаж байсан юм. Н.Отгонтуяа нь хөдөлмөрийн гэрээ байгуулахад аймгийн Засаг даргын орлогчоор гарын үсэг зуруулж хөдөлмөрийн гэрээг батлуулсан байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Дармен нь ажлын байранд байхад аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Н.Санатбек нь эрх мэдлээ хэтрүүлэн Н.Отгонтуяатай хөдөлмөрийн гэрээ байгуулан хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартуудыг зөрчсөн байна. Н.Отгонтуяагийн аймгийн Засаг даргын орлогчтой байгуулсан гэрээнд тамга тэмдэг дарж баталгаажуулалт хийгдээгүй байна. Учир нь Стандартчилал Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан Зохион байгуулалт, захирамжилсан баримт бичгийн МNS5140-1:2011 стандартын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт баримт бичиг зохиож бүрдүүлэх, тэдгээрийг хуулийн хүчинтэй болгоход зайлшгүй шаардлагатай хууль тогтоомж, стандартаар тогтоосон мэдээллийн элемент болох, МNS5140-2:2011 стандартын 6 дугаар зүйлийн 6.19 дэх хэсэгт Байгууллагын удирдах албан тушаалтан гарын үсэг болон баримт бичгийн хуулийн хүчинтэй эх болохыг баталгаажуулж, тамга, тэмдэг дарна гэж заасныг тус тус зөрчсөн тул Н.Отгонтуяагийн аймгийн Засаг даргын орлогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Хаахөег овогт Насанбуянгийн Отгонтуяаг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Н.Отгонтуяа анх томилогдохдоо хууль зүйн үндэслэлгүй томилогдсон гэж үзэж байна. Учир нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д "аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дунгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлнө" гэж заасан заалтаар аймгийн Засаг даргын орлогч томилсон байна. Үүнийг хууль бус шийдвэр гэж үзсэн яагаад гэвэл тухайн үед аймгийн Засаг дарга Х.Дармен орон нутгийн сонгуульд Улаанхус сумаас нэр дэвшиж байсан бөгөөд Санатбек дарга тухай үед Ардчилсан намын сонгуулийн штабт ажиллаж байсан. Н.Отгонтуяа аймгийн Засаг даргын орлогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч ямар нэгэн тамга тэмдэг дарагдаагүй тул Н.Отгонтуяагийн аймгийн Засаг даргын орлогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. 2.Н.Отгонтуяа аймгийн Засаг даргын орлогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахад хөдөлмөрийн гэрээг 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлээд байгуулсугай гэсэн байсан. Харин 7 дугаар сарын 4-ний өдөр Х.Дармен дарга ажилдаа байсан. Тухайн өдөр ажилдаа байсан гэдгийг нотлох холбогдох нотлох баримтаа анхан шатны шүүх дээр гаргаж өгсөн, Хөдөлмөрийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан ч гэсэн холбогдох стандартыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга дарснаар баталгаажих ёстой байсан. Стандартчилал хэмжил зүйн төвийн 2011 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар тогтоолоор баталсан Зохион байгуулалт, захирамж баримт бичгийн ММЗ:5140:2011 стандартын 4.2-т "баримт бичиг зохиож, бүрдүүлэх тэдгээрийг хуулийн хүчинтэй болоход зайлшгүй стандарт тогтоосон мэдээллийн элемент болох ММ355140:2011 стандартын 6 дугаар зүйлийн 6.19 -д "байгууллагын удирдах албан тушаалтан гарын үсэг болон баримт бичгийн хуулийн хүчинтэй хугацааг баталгаажуулж тамга тэмдэг дарна гэснийг тус тус зөрчсөн. Мөн нэхэмжлэгч Н.Отгонтуяа нь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Дармений тайлбар болон сонгуульд оролцож байсан талаар сонгуулийн хорооны бичиг баримтыг анхан шатны шүүх хуралдан дээр гаргаж өгсөн ба энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Н.Санатбек нэхэмжлэгч Н.Отгонтуяаг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш. Учир нь Боловсролын тухай хуулинд зөвхөн аймгийн Засаг дарга сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх талаар заасан болохоос биш Засаг даргын орлогч томилж, чөлөөлнө гэсэн заалт байхгүй. Учир нь үүнийг тайлбарлавал 2012 онд Н.Санатбек даргыг томилсон аймгийн Засаг даргын 713 дугаартай захирамжид аймгийн Засаг даргын эзгүй үед хуульд заасан түүний бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн заалт тусгаагүй. 2016 онд аймгийн Засаг даргын орлогчоор 2 хүнийг томилон ажиллуулж байгаа бөгөөд тэдгээрийг томилсон аймгийн Засаг даргын захирамжид Засаг даргын эзгүйд түүний хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн заалтыг тодорхой тусгаж өгсөн. Харин Н.Санатбек даргыг орлогчоор томилохдоо дээрх байдлаар эрх хэмжээгээ шилжүүлсэн эрхийн акт гараагүй. Тийм учраас Н.Отгонтуяаг Н.Санатбек дарга томилсон нь хууль бус томилгоо болсон гэж үзэж байна. Эрх хэмжээгээ шилжүүлсэн эрхийн акт гараагүй тул Н.Санатбек томилсон нь хуулийн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалт 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан. Гэтэл үүнээс хойш 2 сар өнгөрсний дараа Н.Отгонтуяаг захирлын ажилд томилсон байна. Өөрөөр хэлбэл Х.Дармен дарга тухайн үед томилох бүрэн боломжтой байсан боловч томилохоос татгалзсан. Тийм учраас Х.Дармен даргын сонгуульд оролцож байгаа байдлыг ашиглаж Н.Санатбек дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн Н.Отгонтуяаг томилсон байна гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын орлогч Н.Санатбек даргад тухайн үед эрх хэмжээ олгогдоогүй, эрх хэмжээгээ шилжүүлсэн эрхийн акт гараагүй тул Н.Отгонтуяаг томилсон шийдвэр нь хууль бус гэж үзэж байна. Мөн 2012 онд шүүхэд бас нэг ийм төрлийн маргаан шийдвэрлэгдэж байсан тэр үед эрх хэмжээгээ аймгийн Засаг дарга орлогч даргад шилжүүлээгүй үед орлогч дарга эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргасан байна гэсэн үндэслэлээр хариуцагч талын шийдвэр хүчингүй болж байсан жишээтэй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ гэж тодорхой тусгаж өгсөн ба Засаг дарга эзгүй үед энэ заалтын дагуу эрхийн акт гарган шилжүүлэх ёстой байсан боловч Х.Дармен нь эрх хэмжээгээ шилжүүлсэн эрх акт гаргаагүй тул Н.Отгонтуяаг томилсон аймгийн Засаг даргын А/377 дугаар захирамжийг хууль бус гэж үзэж байна. Аймгийн Засаг дарга Х.Дармен Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасан үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгүүлсэн нь аймгийн И Һ뺺 сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлээр анхан шатны шүүх хурал дээр нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож байгаа боловч Х.Дарменийг аймгийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлснийг нотлохоор ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагч тал Н.Отгонтуяаг аймгийн орлогч дарга томилсон бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулсан энэ нь хуульд нийцээгүй тухайн захирамж, хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байна. Мөн намайг дээрх үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн боловч шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан ба анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах бөгөөд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан буюу Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам- ын дагуу зохион байгуулсан шалгалтад орж тэнцсэн иргэн томилогдон ажиллах эрхтэй. Миний бие төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцэж, сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авч 60 дугаар тогтоол болон Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасан болзол шаардлагыг хангаснаар Өлгий сумын ЕБ-ын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдон ажиллах эрх үүссэн юм. Үүний дагуу тухайн үед аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Н.Санатбек нь А/377 дугаар захирамжаар намайг тус сургуулийн захирлын албан тушаалд томилсон ба уг захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Миний бие захирлын албан тушаалд ажиллах болзол журмыг бүрэн хангаж байгаа учраас намайг тухайн албан тушаалд заавал ажиллуулах үүрэгтэй болно. Гэвч ээлжит сонгуулийн үр дүнгээр томилогдсон аймгийн Засаг дарга намайг дээрх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд түүний 2016 оны Б/495 дугаар захирамж нь дараах байдлаар хууль зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ажил ологчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийн талаар зохицуулсан ба хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Гэтэл аймгийн Засаг дарга буюу ажил олгогч миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан А/495 дугаар захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй байх тул уг захирамж Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзнэ. 2. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал ... томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлнө гэж аймаг, нийслэлийн засаг даргын боловсролын талаарх бүрэн эрхийг зохицуулжээ. Үүний дагуу аймгийн Засаг дарга намайг ажлаас чөлөөлөхдөө боловсролын газрын саналыг үндэслэх үүрэгтэй боловч саналыг авалгүйгээр шууд чөлөөлсөн нь Боловсролын тухай хуулийн 30.1.15-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. 3.Аймгийн Засаг дарга бол нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн захирамжилсан шийдвэр гаргадаг албан тушаалтан учраас Засаг даргын шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль үйлчилнэ. Нийтийн албан тушаалтан буюу аймгийн Засаг дарга бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцог хангах үүрэгтэй. Гэвч аймгийн Засаг дарга надад урьдчилан мэдэгдээгүй, тайлбар гаргах боломж олгоогүй, шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулаагүйгээр ажлаас шууд халсан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийг бүхэлдээ зөрчсөн хэрэг байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Бие даасан шаардлга гаргагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Миний бие төрийн албанд 28 жил ажилласан, үүнээс 12 жил удирдах албанд ажилласан, төрийн албаны захирах, захирагдах ёс, төрийн албанд тавигдах стандарт шаардлага, төрийн албанд эрхэмлэх ёс зүй, төрийн албан хаагчийн баримтлах дүрэм, журам, төрийн албаны сонгон шалгаруулалтын журам зэргийг сайтар судлан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж ирсэн билээ. Гэтэл төрийн албаны энэ бүх хэм хэмжээ зөрчигдөж, сонгон шалгаруулалтын журам, томилгоо зөрчигдөж байгаад сэтгэл эмзэглэн, урьдах болон одоогийн аймгийн Засаг дарга, Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж ирсэн билээ. Учир нь миний бие Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад 5-р сарын 10-ны өдөр орсон билээ. Уг сонгон шалгаруулалт бүртгэлээсээ эхлэн хэл ам дагуулсан, хүний эрх зөрчсөн, иргэн хүний эрхийг хаан боогдуулсан их сонин шалгалт болж өнгөрсөн. Би төрийн албанд 28 жил ажиллахдаа төрийн албаны сонгон шалгаруулалтад нэг удаа, удирдах албаны сонгон шалгаруулалтад 3 удаа орж байсан ба ийм эрээ цээрээгээ алдсан хуйвалдааны шинжтэй, төрийн албаны нэр төрийг уландаа гишгэн доромжилсон, сонгон шалгаруулалтын журмаа зөрчсөн шалгалт үзээд тэвчиж чадахгүй, иргэн хүнийхээ хувьд шударга үнэний төлөө тэмцэж байгаа юмаа. Иймд Н.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй Аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ гарган оролцож байгаа билээ. Өлгий сумын 2-р бүрэн дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалт нь Сонгон шалгаруулалтын журмаа зөрчсөн төдийгүй төрийн албан тушаалтан томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах бүх журмаа зөрчсөн гэж миний бие үзсээр байна. 1.Уг шалгалтанд хяналтаар суух иргэдийн хүсэлтийг биелүүлээгүй шууд хаасан. Тестийн шалгалтын дүнг Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Нурханат уншиж танилцуулахдаа ганц Н.Отгонтуяагийн оноог хэлэлгүй орхисон. Ур чадварын шалгалт үдээс хойш Нийгмийн бодлогын хэлтсийн даргын өрөөнд авсан ба Х.Нурханат нь шууд орж ирэнгүүт ямар ч нууцлалгүйгээр амаар 2 даалгавар хэлж гүйцэтгүүлэн, 5 минутанд хий гэж хугацаагаар шахан хурааж авсан. Энэ нь уг шалгалтыг 15 минут авах мөн нууцлалыг хангаж дугтуйлсан байх журмаа зөрчсөн. Ярилцлагын шалгалт авахад шалгалтын комиссын бүрэлдэхүүнгүй байсан, комиссын гишүүн н. Иманмагзам нь намайг шалгуулахад байгаагүй, мөн гишүүн Асхар нь оноогоо хэлэлгүй гараад явчихсан, Х.Нурханат нь таны оноог утсаар ирүүлсэн гэж хэлсэн, миний дэргэд утсаар яриагүй мессежээр ирүүлсэн болж таарсан, хэдэн оноо өгсөн гэж асуухад танд 3 оноо өгсөн гэсэн. Би ярилцлаганд 3 оноо авах хэмжээнд байгаагүй, сургууль хөгжүүлэх хөтөлбөрөө бүгдийг тайлбарлаж ярьсан. Энэ шалгалт нь шалгалтын комисс бүрэн бүрэлдүүнтэй байх, өгсөн оноогоо шалгуулагчид тайлбарлан танилцуулах журмаа зөрчсөн. Ингээд тухайн үеийн засаг дарга Х.Дарменд шалгалт шударга бус болсон тухай, ийм хууль бус томилгоо битгий хийгээрэй, цаашдаа би төрийн албаны зөвлөлд ч хандана гэдгээ хэлсэн. Х.Дармен дарга ч шударгаар явуул гэдгийг би хэлсэн, би ийм шударга бус томилгоонд оролцохгүй гэж хэлсэн. 4.Төрийн албаны салбар зөвлөл сонгон шалгаруулалт өнгөрснөөс хойш хуулийн хугацаандаа томилуулахаар өргөн барьж чадаагүй байсаар байгаад улс орон даяар сонгуулийн сурталчилгаа эхэлсэн үед ямар нэгэн томилгоо хийхийг зогсоосон үед буюу сонгуулийн сурталчилгаа ид явагдаж байх хугацаанд 6-р сарын 24-ний өдөр томилуулсан нь улс төрийн томилгоо гэдгийг нотолж байгаа болно. 5. Уг томилгоог хуулиар хүлээсэн эрх бүхий албан тушаалтан буюу Засаг дарга бус Засаг даргын орлогч н.Санатбек эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан хууль бус томилгоо хийсэн байдаг. Боловсролын тухай хуулиараа Е , цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлөх эрх зөвхөн Засаг даргад байдаг ба Засаг даргын орлогч томилгоо хийсэн нь илт хуйвалдааны шинжтэй, Засаг даргын орлогч Санатбекийг томилсон Засаг даргын захирамжид Засаг даргын эзгүйд түүний хуулиар хүлээсэн эрх хэмжээг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн заалт тусгаагүй байгаа нь эрх шилжүүлсэн эрхийн акт гараагүй байхад томилгоо хийж байгаа нь хуулийн хүрээнд бус гэж үзэж байгаа болно. Урьд нь яг үүнтэй адилхан Засаг даргын эрх шилжүүлсэн акт гараагүй байхад Засаг даргын орлогчийн хийсэн томилгоо нь шүүхээр хүчингүй болж байсныг миний бие аймгийн ИТХ-д ажиллаж байсан он жилүүдэд тохиолдож байсныг мэдэх билээ. 6.Хуулийн хүрээнд 7 хоногийн дотор хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой боловч ажил олгогчийн хувьд тухайн үеийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Ерия нь би Н.Отгонтуяад 2% гэрээний загварыг өгсөн боловч надад одоо болтол гэрээгээ авчирч өгөөгүй байна. хэмээн бүр 9 дүгээр сарын 3-ны өдөр хэлж байсан. Гэтэл гэрээ нь мөн л тухайн үеийн засаг даргын орлогч н.Санатбек гарын үсэг зурсан, тамгагүй байгаа нь хүчин төгөлдөр бус гэж үзэх бүрэн үндэслэлтэй.Төрийн албаны баримт бичиг тамга тэмдэг дарагдсанаар хүчин төгөлдөр болох заалттай ба одоо мөрдөж байгаа төрийн албаны баримт бичгийн MNS:5140:2011 Стандартад тодорхой бий. 8. Тухайн үеийн засаг дарга асан Х.Дармен нь тухайн томилгоо болон хөдөлмөрийн гэрээнд оролцоогүй нь сонгон шалгаруулалт шударга бус хуулийн хүрээнд явагдаагүй гэдгийг нотолж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх тэр өдөр нь Засаг дарга Х.Дармен нь томилгоо хийж, албан тоотод гарын үсэг зураад өрөөндөө сууж байсан байдаг. Тухайн сонгон шалгаруулалт болон томилгооны, мөн хөдөлмөрийн гэрээний асуудлаар хууль бус болохыг нотлох 8 үндэслэлээр би гомдлоо гаргаж байгаа. Тухайн үед шалгалтад хамт орсон хүмүүс ч үүнийг цөм гэрчилдэг. Иймээс хариуцагч талын гаргасан Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдан гаргасан гомдлыг үндэслэлтэй байна гэж үзэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н.Отгонтуяа нь Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас Н.Отгонтуяа нь хууль бус томилогдсон, хөдөлмөрийн гэрээг аймгийн Засаг даргын орлогчтой байгуулсан, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартуудыг зөрчсөн гэж эс зөвшөөрч маргажээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/377 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.14, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24 дүгээр зүйл, Төрийн албаны салбар зөвлөлийн 24 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Захирал /эрхлэгчийн/ сонгон шалгаруулалтад өндөр оноо авч эхний байранд шалгарсан Н.Отгонтуяаг 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлаар томилсон байна.

Ажил ологчийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/495 дугаартай Н.Отгонтуяаг ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,4, 21.7-д заасныг тус тус үндэслэн Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.Отгонтуяа нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр сургуулийн захирлаар ажиллаж байгаа тул 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ажил олгогчийн нэхэмжлэгч Н.Отгонтуяаг ажлаас чөлөөлсөн захирамж нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлсөн захирамжид баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил, үндэслэлд тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэн байх учиртай боловч ажил олгогч ажлаас чөлөөлөх тухай захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг баримтлаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Н.Отгонтуяаг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр сургуулийн захирлаар ажиллаж байгаа гэх үндэслэлээр захирлын ажлаас чөлөөлсөн боловч дээрх үндэслэлүүдээ ажил олгогч нотлох баримтаар нотлож чадаагүй, ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтны буруу биш юм.

Иймээс давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Н.Отгонтуяаг ажилд эгүүлэн тогтоосон дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ