Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.А-ийн нэхэмжлэлээр,

Хариуцагч: улсын байцаагч Э.Э-д холбогдуулан үүсгэсэн,

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь   Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Илүү олгосон цалингийн нэмэгдлийг төлүүлэх тухай” № 24/07-186 дугаар улсын байцаагчийн актын нэр бүхий 55 багшид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч З.А, хариуцагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бямба-Эрдэнэ нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б албанаас А сургуульийн 2015, 2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, “Сурагчын амралтаар” багш нарт илүү олгосон цалингийн нэмэгдэл гэх 3,505,226 төгрөгийг актын хавсралтад нэр дурдагдсан багш нараар төлөөлүүлэхээр, төлүүлээгүй тохиолдолд захирал Д.Цэрэнлхам, нягтлан бодогч А.Бямбасүрэн нараар хувь адил төлүүлэхээр акт тогтоосон. Улсын байцаагч Э.Эийн тогтоосон актыг сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороо эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хандсан боловч улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариу ирүүлсэн учир Ч.А миний бие улсын байцаагчийн актад нэр дурдагдсан багш нарыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан.Б албаны улсын байцаагч Э.Э сурагчийн улирлын амралтаар багш нарт Засгийн газрын 2001 оны 90-р тогтоолын 2-р хавсралтад заасан нэмэгдлийг хасалгүй илүү олгосон гэж үзээд “Илүү олгосон нэмэгдлийг” нөхөн төлүүлэхээр 24/07-186 дугаар акт тогтоосон нь илт алдаатай, эрх зүйн үндэслэлгүй, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалтуудыг зөрчсөнд гомдолтой байна. Учир нь: Дорноговь аймгийн Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн 2015-2016 оны Хамтын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт “Төрийн үйлчилгээний нийт ажилтнуудад Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор олгодог нэмэгдлийг сар бүр ямар нэгэн ялгаваргүйгээр олгоно”, мөн гэрээний 3.15 дахь хэсэгт “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралтаар багш нарын ур чадвар, мэргэжлийн зэргийн нэмэгдэл, анги даасны нэмэгдэл хөлсийг 2016-2017 оны хичээлийн жилээс хасахгүй бүрэн олгоно” гэж заажээ. Мөн А сургуульийн Үйлдвэрчний эвлэлийн хороо сургуулийн захиргаатай 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бүртгүүлсэн Хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.9 дэх хэсэгт “Засгийн газрын 90-р тогтоолын нэмэгдлийг багш нарт сурагчдын улирлын амралтаар хасахгүй бүрэн олгоно” гэж заажээ. Хамтын гэрээ, хэлэлцээр нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдох хууль ёсны ашиг сонирхлыг хуулиас тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон Хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоо бөгөөд эрх зүйн хувьд хүчинтэй дагаж мөрдөгдөж байгаа баримт бичиг юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үл ойшоож, хамтын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад санаатай саад учруулсан улсын байцаагч Э.Эийн 24/07 -186 дугаар актын нэр бүхий 55 багшид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага дэмжиж оролцож байна. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар сургуулийн нэр бүхий 55 багшид холбогдох Б албаны улсын байцаагчийн тавьсан актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А надад нэр бүхий 54 багш итгэмжлэл олгосон ба энэ 54 багш дээр миний бие өөрөө нэмэгдэж байгаа. Улсын байцаагчийн актаар 2015-2016 оны хичээлийн жил дэх сурагчдын улирлын амралтаар багш нарт цалингийн нэмэгдэл нийт 3 505 226 төгрөгийг илүү олгосон гэж үзэж төлүүлэхээр акт тавьсан. Нэр бүхий 55 багш нар актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, бид нар хийсэн ажилдаа тохирсон нэмэгдлээ хуулийн дагуу авсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа юм. Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор хөдөө сум, аймгийн төвд ажиллаж байгаа багш, эмч  нарт цалингийн нэмэгдэл олгохоор батлагдсан. Бид нар багш нарын ажлын тодорхойлолтод заагдсан ажлаа гүйцэтгэж байдаг. Тиймээс Засгийн газрын 90 дүгээр тогтоолын нэмэгдлийг авах ёстой. Багш нар сурагчдын улирлын амралтаар амардаггүй, амраагүй ажилласан гэдэг нь шүүхэд гаргасан цагийн тооцоо, цалингийн карт, цалингийн ерөнхий хураангуйлсан картаар харагдаж байгаа. Сургуулийн санхүүжилтийн журам төсвийн бусад байгууллагаас өөрөөр санхүүждэг. Өөрөөр хэлбэл мөн Засгийн газраас тогтоосны дагуу нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг хүүхдийн тоонд үржүүлээд гарсан дүнгийн 76 орчим хувь нь цалингийн сан гэж явдаг. Цалингийн санд нийт багш, ажилчдын үндсэн цалин, багш ажилчдад хууль ёсоор олгох нэмэгдэл, нэмэгдэл хөлсний нийт дүн шагнал урамшуулал багтсан байдаг.

2015-2016 онд цалингийн нэмэгдлийг багш нарт олгосноор ямар нэгэн санхүүгийн зөрчилгүй, цалингийн сандаа багтсан. 2015 оноос хойш эдийн засгийн хямрал болсноор бид нар нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг бүрэн авах талаарх саналыг сургуулийн захиргаанд тавьсан. Цалингийн сан үлддэггүй учраас шагнал, урамшуулал авах боломжгүй болсон тул тэдгээрийг авахгүй харин цалингийн нэмэгдлийг олгож байх хүсэлтийг сургуулийн захиргаатай ярилцан тохирч цалингийн нэмэгдлийг олгож байхаар тогтсоныг хамтын гэрээ, хэлэлцээрт тусган олгосон нь цалингийн санг хэтрүүлж санхүүгийн зөрчил үүсгэсэн үндэслэл болохгүй.Тиймээс Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор олгосон нэмэгдлийг санхүүгийн зөрчил гэж үзэх үндэслэлгүй юм. Улсын байцаагчийн гаргасан актад энэхүү нэмэгдлийг олгосноор 2 дугаар сургуулийн цалингийн сангаас 3 505 226 төгрөг дутсан гэх ямар нэгэн тоо баримт ороогүй учраас манай сургуулийн цалингийн сан дээр зөрчил байгаагүй гэж үзэж байна. Цалингийн сан дээр ямар нэгэн дутагдал зөрчил гараагүй гэдэг нь 2015-2016 онд төрийн аудитын байгууллагаас хийсэн дүгнэлтээр батлагдаж байгаа.

Манай зүгээс 2015-2016 оны 2 дугаар сургуулийн төсөвт аудитын хийсэн дүгнэлтийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Онцгойлон хүндэтгэн үзэх шалтгаан болон сурагчдын амралтаар ажиллаж байгаа багшид үндсэн цалин олгоно гэдэг журмын заалтыг бид нар цалингийн нэмэгдэл олгохыг хориглох заалт гэж үзэхгүй байна. Уг заалт нь 1996 онд Боловсролын яам, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэсэн 3 яамны сайдын тушаалаар анх батлагдаж байсан журмаар орж ирсэн заалт юм. Уг заалт орсноос хойш 22 жил болж байна. Энэ журам 2007 онд шинэчлэгдэхэд уг заалт хэвээрээ орж ирсэн. Уг заалт нь 2015 он хүртэл өөрчлөгдөхгүй  үйлчилж байсан. Гэтэл 2015 онд эдийн засгийн хямрал болж засгийн газраас бүх Яамдад төсөв хэмнэх талаар чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу Боловсролын яамнаас бүх аймгийн боловсрол соёлын газарт төсөв хэмнэ гэсэн албан даалгавар хүргүүлэхдээ энэ заалтыг барьж чиглэл өгсөн. Анх энэ заалт орохдоо сурагчдын амралт болон онцгой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээллээгүй  бол багшид үндсэн цалингаас нь бага цалин хөлс олгогдохоос сэргийлж Үйлдвэрчний эвлэлийн хорооны саналаар орж ирсэн заалт байгаа.

Сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд жил болгон аудит болон мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж дүгнэлт  гаргадаг. Энэ хугацаанд нэг ч акт тавигдаж байгаагүй. Засгийн газрын 90 дүгээр тогтоол дээр тавигдаж байгаа улсын байцаагчийн тавьсан 24/07-186 дугаартай акт нь анхных юм. Дээрх тогтоолоор багш нарт өгч байгаа цалингийн нэмэгдлийг журамд хасах агуулгаар заагаагүй, ер нь багшийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар багшийн ажлын гүйцэтгэлийг тооцох журам нь стандарт болон бусад ажил хэрэгжүүлэх гэсэн үндсэн 2 том хэсгээс бүрдэж байгаа. Стандартыг хэрэгжүүлэх ажил нь хөтөлбөрөө төлөвлөх, стандартыг хэрэгжүүлж сургалт явуулах, хөтөлбөрийн дараа явуулсан сургалтыг үнэлэх гэсэн 3 том хэсгээс бүрдэж байгаа. Хичээл заах нь багшийн ажлын 3/1 хувь байгаа. Багш нар улирлын амралтаар хичээл заадаггүй боловч өглөө 08 цагаас орой 18 цаг хүртэл ажилладаг.

Багш нар сурагчдын амралтаар ажилласан бол Засгийн газрын 90 дүгээр тогтоолд заасан цалингийн нэмэгдлийг авах ёстой. Бид нарын эрх ашиг зөрчигдөж байгаа учраас 2015-2016, 2016-2017 онуудын Сургуулийн хамтын гэрээ болоод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, аймгийн Засаг даргатай байгуулсан хамтын гэрээ, хэлэлцээрт цалингийн нэмэгдэл олгогдох ёстой гэж үзэж уг заалтуудыг оруулсан. Аймгийн хамтын хэлэлцээрийн 3.10-т зааснаар “төсөв хүрэлцэхгүй гэдэг шалтгаанаар төсвийн байгууллагын ажилчдын цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг дутуу бодож олгох ээлжийн амралтын хугацааг уртасгах, цалин орлогогүй  амрахыг хориглоно”, 3.12-т “төрийн үйлчилгээний нийт ажилтнуудад Засгийн газрын 90 дүгээр тогтоолын нэмэгдлүүдийг сар болгон ялгаваргүйгээр олгоно”, Сургуулийн хамтын гэрээний 3.9-д “мэргэжлийн зэрэг, лаборатори сургуулийн нэмэгдэл, анги даалтын нэмэгдэл хөлс, Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор баталсан нэмэгдлийг сар бүр бүрэн олгоно” гэсэн заалтуудыг оруулсан ба хамтын гэрээ, хэлэлцээр хоёулаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

Хамтын гэрээ нь тухайн сургуульд үйлчилж байхад хамтын хэлэлцээр нь тухайн орон нутгийн бүх байгууллагыг хамарч үйлчилдэг учраас энэ хоёр адилхан хүчин төгөлдөр үйлчлэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар бүлэгт хамтын гэрээ, хэлэлцээрээр зохицуулах харилцааг  заасан байдаг ба үүнд зааснаар хамтын гэрээ, хэлэлцээрийг байгуулах хэрэгжүүлэх явцад хөндлөнгийн оролцоог хориглосон байдаг.

Тиймээс улсын байцаагчийн актыг Хөдөлмөрийн тухай хуулиар олгосон хамтын гэрээ, хэлэлцээрийг байгуулах хэрэгжүүлэх явцад хөндлөнгөөс  саад учруулсан гэж үзэж байна. Төрийн үйлчилгээний албан хаагч болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Төрийн албаны тухай хуульд багш нарын хөдөлмөрийн харилцаа зохицуулагдахгүй гэж бодож байна. Багш нар Хөдөлмөрийн тухай хуулийн 4 гол үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа учраас багш, ажилчдын цалин болоод нийгмийн асуудлыг тус хуулинд заасан хамтын гэрээгээр зохицуулж байгаа. Хөдөлмөрийн хуулийн 50, 51, 52 дугаар зүйлүүд нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн нэмэгдэл, нэмэгдэл  хөлсний хэмжээг зохицуулсан харилцаа юм.

Хамтын гэрээ нь багш нарын цалингийн нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг олгох гол эрх зүйн баримт бичиг болж байгаа учир бид Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэж  ажил олгогчидтой, ажилтныг төлөөлж буюу Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээг мөрдөж ажилладаг. Төрийн албаны тухай хуулиар төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс болоод нийгмийн асуудлыг шийдвэрлэдэггүй. Багш нарын хувьд Боловсролын тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар цалин, шагнал урамшуулал болон нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг. А сургууль 2015 онд Боловсролын Яамнаас гаргасан төсөв хэмнэх чиглэлийг барьж ажиллахдаа сургуулийн захиргаа Үйлдвэрчний эвлэлийн хороотой зөвшилцөж ур чадвар, мэргэжлийн зэргийн болон анги даасан нэмэгдлүүдийг амралтын хугацаанд хасуулж, харин Засгийн газрын 90 дүгээр тогтоолын нэмэгдлийг хасуулахгүй гэсэн санал тавьснаар хэрэгжиж байгаа юм.

Яамнаас гаргасан төсөв хэмнэх чиглэл багш нарын эрхийг хөндөж байна гэдэг асуудлыг Яаманд удаа дараа тавьж, 3 жилийн турш тэмцэж байж  2017 оны 12 дугаар сард энэ журамд өөрчлөлт оруулснаар сурагчийн улирлын амралттай хугацаанд цалингийн нэмэгдлийг хасахгүйгээр олгохоор болсон бөгөөд үүнээс хойш хасахгүйгээр олгогдоод явж байна. Улсын байцаагч нь гаргасан акт, шийдвэрээ гаргахаасаа өмнө  хамт олонд танилцуулдаггүй. Төрийн албаны тухай хууль нь төрийн үйлчилгээний албыг биш төрийн мэргэшсэн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг. Иймд энэ ялгаа заагийг хяналт шалгалт хийж байгаа хүмүүс цаад эрх зүйн утга учрыг сайн ойлгож байх ёстой гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын байцаагчийн шийдвэрээр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А сургуульийн нэр бүхий 55 багш нарын цалингийн нэмэгдэлд акт тавигдсан. Уг актын үндэслэл нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны тушаалаар батлагдсан “Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ын 25 дугаар зүйлд заасан цалингийн нэмэгдлийг сурагчдын амралттай байх хугацаанд олгосон байгаа нь уг журмыг зөрчсөн гэж үзсэн нь актаас харагддаг. Гэтэл дээрх журмын тухайн заалт нь цалин олгох нөхцөлийг заасан байгаа ба уг нөхцөлийг заахдаа журмын 16 дугаар  зүйлд сургууль, цэцэрлэгийн багш зарим  албан тушаалтны цалин хөлсийг албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас бүрдэхээр зааснаас үзэхэд цалингийн нэмэгдэл ч мөн олгогдохоор байна.

Мөн түүнд албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсний   хэмжээг Боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлстэй холбогдуулж Засгийн газраас баталсан тогтоол, холбогдох сайдын хамтарсан тушаал, байгууллагын дотоод журам, хамтарсан хамтын гэрээ, хэлэлцээр тогтоогдоно гэж заасан байдаг. Энэ журмаас харахад 16 дугаар заалтын дагуу хамтын гэрээ, хэлэлцээрээр тогтоогдсон цалингийн нэмэгдлийг олгож болохоор заасан байхад улсын байцаагчийн зүгээс зөвхөн 25 дугаар зүйлд заасныг хатуу баримталсан байдаг ба иймд сурагчдын амралтын хугацаанд цалингийн нэмэгдэл олгосон асуудал журмыг зөрчсөн үндэслэл болж харагдахгүй байна. Улсын байцаагч тухайн хамтын гэрээ, хэлэлцээрээр тогтоосон цалингийн нэмэгдлийг олгож болохгүй гэж актад тусгасан байгаа нь эрх зүйн үндэслэлийн хувьд учир дутагдалтай юм. Дорноговь аймгийн Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн 2015-2016 оны 3 талт хамтын хэлэлцээрийн 3.15 дахь хэсгийг Ерөнхий боловсролын сургууль хамтын гэрээнд тусгаснаар Засгийн газрын 90 дүгээр  тогтоолоор батлагдсан цалингийн нэмэгдлийг ямар нэгэн ялгаваргүйгээр олгохоор заасан байгаа нь тухайн сургуулийн хувьд ямар ч эрх зүйн үндэслэлгүйгээр 2007 оны дээрх журмыг зөрчиж нэмэгдэл олгосон асуудал байхгүй юм.

Үүнээс хойш Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хамтарсан тушаалаар 2007 оны журамд өөрчлөлт оруулахдаа түүний 16 дугаар зүйлд заасан нөхцөлийг илүү дээрдүүлсэн байдлаар тусгаж өгсөн ба үүнд сурагчдын улирлын амралтын болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон боловч үндсэн ажлаа гүйцэтгэж байгаа багшид албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллыг олгохоор заасан байгаа нь 2007 онд гарсан журмын 25 дугаар зүйлтэй уялдаж дэлгэрэнгүй байдлаар өөрчлөлт оруулсан нь харагддаг.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.9 дэх хэсэгт төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн бусад нэмэгдлийн доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамтын гэрээ, хэлэлцээрээр зохицуулах харилцаанд нэмэгдэл олгох тухай зэргийг нилээд дэлгэрэнгүй заасан байдаг тул Монгол улсын хэмжээнд дагаж мөрдөгдөж байгаа дээрх хууль эрх зүйд үндэслэсэн хамтын гэрээ, хэлэлцээрт зааснаар нэр бүхий 55 багшид цалингийн нэмэгдэл хөлсийг олгосон нь эрх зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Сангийн сайдын 2016 оны 107 дугаар тушаалаар батлагдсан “Санхүүгийн хяналт шалгалтын стандарт”,Б албаны даргын баталсан 2017 оны 20 дугаар удирдамжийн дагуу А сургуульийн 2015, 2016 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 2.1-т “Дотоод аудитын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын уйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино", 3.1-т “Дотоод аудитын үйл ажиллагаа нь ил тод, бие даасан, хараат бус байж, хяналт шалгалт, аудитын дүнг бодитой, үнэн зөв, шударгаар тайлагнах, багаар ажиллах зарчим баримтална”, 5.1.1-т “Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг хууль тогтоомж, дурэм, журам, стандарт, гэрээг мөрдөж байгаа байдал, хэрэгжилтийн хяналтын хүрээнд хийнэ", 5.2.1-т "Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудитор буюу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандарт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу тус байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг гүйцэтгэсэн ба шалгалтаар 2015-2016 оны хичээлийн жилд сурагчдын амралттай байх хугацаанд багш нарт 90 дүгээр тогтоолын нэмэгдэлд 3,505,226 төгрөгийг илүү тооцож олгосон зөрчил илрүүлж Орон нутгийн төсвийн орлогод төлүүлэхээр улсын байцаагчийн 24/07-186 дугаар төлбөрийн акт тогтоосон болно.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Агийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа баБ албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн тогтоосон төлбөрийн актыг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.

1. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалын 25-д “Сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээллээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын цалин олгоно”, 16-д “Сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтны цалин хөлс нь албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас тус тус бүрдэнэ”, 18-д “Багшийн албан тушаалын үндсэн цалингаас тооцон Засгийн газрын тогтоолоор баталсан хувь хэмжээний дагуу ерөнхий боловсролын багшид нэмэгдэл хөлс олгоно” гэж заасан байна. Харин МУ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайд, Нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2017/12/15-ны өдрийн А/376/217/366 тоот “Журамд өөрчлөлт оруулах тухай” тушаалын 1-т Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалын 25 дахь заалтыг “Сурагчийн улирлын амралт болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон боловч багш үндсэн ажлаа гүйцэтгэж байгаа тохиолдолд багшид албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшил олгоно” гэж өөрчлөн найруулж, уг тушаалын хэрэгжилтийг 2018 оны батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт үүрэг болгосон байгаа нь улсын байцаагчийн тогтоосон актын үндэслэл дэх журмын холбогдох заалт нь хүчин төгөлдөр хэрэгжих үндэслэлтэй байна.

2.  Мөн энэ асуудлаар Дундговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гаргасан гомдлын хариуд БСШУЯ-ны Санхүү, Эдийн засгийн газраас “Сурагчийн улирлын амралттай байх хугацаанд зөвхөн албан тушаалын үндсэн цалинг олгох нь зүйтэй” гэсэн хариуг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 9/1670 албан тоот албан бичгээр хүргүүлсэнийг аймгуудын Боловсрол соёлын удирдах газруудад хүргүүлсэн байна.

3.  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 8.1.2-т “Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтална”, 14.1-д “Хамтын гэрээг аж ахуйн нэгж, байгууллагын бизнес төлөвлөгөө батлахаас өмнө байгуулна', 15.4-т “Энэ хуульд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана”, 15.5-т “Бүртгүүлээгүй буюу хууль тогтоомжид нийцээгүй, эсхүл ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд түүнийг биелүүлэхгүй”, 18.2-т “Энэ хуулиар ажилтанд олгосон баталгааг илүү нөхцөлөөр хамтын гэрээнд тогтоож болно” гэж тус тус тодорхой заажээ. Гэтэл А сургуульийн Үйлдвэрчний эвлэлийн хороо сургуулийн захиргаатай 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хамтын гэрээг байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бүртгүүлсэн байх боловч тус гэрээний 3.9 дэх заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 8.1.2, 18.2 дахь заалтуудыг зөрчсөн, мөн Хамтын гэрээг боловсруулсан болон баталсан ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг хангалтгүйгээс хууль журамд нийцээгүй боловсруулагдаж, батлагдсан хамтын гэрээг үйл ажиллагаандаа мөрдөн төсвийн хөрөнгийг захиран зарцуулснаас санхүүгийн зөрчил гарах үндэс болсон байна.

4.  Дорноговь аймгийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн хамтын хэлэлцээрийг батлуулахдаа тухайн хэлэлцээрт олгогдохоор тусгагдсан зардлуудыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад заасны дагуу тухайн оны төсөвт тусгуулан батлуулсан байх шаардлагатай, мөн хууль журмын заалтаас давсан заалтуудыг тусгуулан батлуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хамтын хэлэлцээрийг мөрдөж төсвийн хөрөнгийг зарцуулах нь зохисгүй бөгөөд Дотоод аудитын дүрмийн 6 дугаар зүйлд заасан дотоод аудиторын эрхийн хүрээнд хууль, журмын хэрэгжилтийг хангуулах, зөвлөгөө зөвлөмж хүргүүлэх, алдааг засч залруулах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 10.1-д “Хамтын гэрээ хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэх явцад төрийн ба төрийн бус шашны байгууллага, улс төрийн нам, иргэн, албан тушаалтны зүгээс талуудын хууль ёсны эрхийг хязгаарлах, эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж заасны дагуу манай алба нь аймгийн Засаг даргаар 2017 оны хяналт шалгалтын төлөвлөгөөг 2016 оны эцэст батлуулсны дагуу хяналт шалгалтыг гүйцэтгэдэг ба нэхэмжлэл гаргасан байгууллагын хяналт шалгалттай холбоотой төлөвлөгөө хэрэгт хавсаргагдсан байгаа. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч байгууллагад хийгдсэн хяналт шалгалтын удирдамжийг сургуулийн захирал, сургалтын менежерүүд, санхүүгийн ажилтнуудыг байлцуулан хяналт шалгалт хийгдэхээс өмнө танилцуулан, удирдамжид тусгагдсан асуудлуудын хүрээнд хяналт шалгалтыг гүйцэтгэдэг болно. Иймд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Илүү олгосон цалингийн нэмэгдлийг төлүүлэх тухай” № 24/07-186 дугаар улсын байцаагчийн акт нь хууль зүйн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг бичгээр гаргасан ба хариуцагч улсын байцаагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Б албаны 2017 онд хийгдэх хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу А сургуульийн 2015-2016 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд  удирдамжийн дагуу төлөвлөгөөт хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтаар багш нарт сурагчдын улирлын амралттай байх хугацаанд Засгийн газрын 90 дүгээр тогтоолд заасан цалингийн нэмэгдлийг олгосныг үндэслэлгүй гэж үзэж 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2407186 дугаартай улсын байцаагчийн төлбөрийн актыг тогтоосон.

Энэ актад нэхэмжлэгч талаас гаргасан гомдлын талаар Сангийн сайдаас тухайн байцаагчийн тавьсан акт үндэслэлтэй гэсэн хариуг нэхэмжлэгчид  ирүүлсэн байдаг. Актын үндэслэлийг авч үзвэл багш нарт Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор цалингийн нэмэгдлийг олгохоор тогтоосон байгаа хэдий ч  тухайн боловсролын салбарын Яамнаас багш, ажилчдад  хэрхэн, яаж тооцох вэ гэдгийг гурван сайдын 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 307/91/237 тоот  хамтарсан тушаалаар батлагдсан журмаар тогтоосон байгаа. Тухайн журамд зааснаар сурагчийн улирлын амралттай байгаа болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээллээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын үндсэн цалинг олгоно гээд, мөн журмын 16 дугаар зүйлд “сургууль, цэцэрлэгийн багш зарим албан тушаалтны цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас тус тус бүрдэнэ” гэж тодорхой зааж өгсөн байдаг.

Хамтын гэрээ, хэлэлцээр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 8.1.2-т заасны дагуу хууль тогтоомжинд нийцсэн байх мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дүгээрт заасны дагуу бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр байх ёстой. Гэтэл тэдгээрийг бүртгэх эрх бүхий этгээд нь хууль, журмаас давсан заалтыг тусгасан хамтын гэрээ, хэлэлцээрийг баталж байна. Энэ талаар Боловсрол, Эрүүл мэндийн салбарт мөрдөж буй хамтын гэрээ, хэлэлцээрээ засаж залруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт мэдэгдэж албан тоотоор зөвлөмж хүргүүлэх зэрэг ажиллагаа хийгдэж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д хууль тогтоомжид заасныг дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийг биелүүлэхгүй гэж заасан байдаг ба хэдийгээр мөн уг хуульд ажилтны эрх ашгийг илүү баталгаат нөхцөлөөр хангах заалттай ч энэхүү заалтыг хамтын гэрээ, хэлэлцээрт үндэслэхдээ  хууль тогтоомжид буюу журамд зааснаас илүү байдлаар тусгаж зохицуулсан нь хууль, журамд нийцэхгүй байна. Иймд улсын байцаагчийн гаргасан актыг үндэслэлтэй, хамтын гэрээ, хэлэлцээр нь холбогдох салбарынхаа дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь тус сургуульд хийгдсэн төрийн аудитын шалгалтаар санхүүгийн зөрчилгүй нь тогтоогдсон гэж хэллээ, гэтэл төрийн аудитын хяналт, шалгалт нь өөр стандарт журмаар хийгддэг ба тухайн аудиторын мэргэжил, ур чадвартай мөн холбоотой байдаг. Манай байгууллага ч мөн дотоод аудитыг холбогдох журмын дагуу хийдэг ба энэ хоёр хяналт шалгалтын илрүүлэх байдал болон тогтоох байдал зэрэг нь өөр өөр юм.

Аймгийн Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг аймгийн хэмжээнд мөрддөг боловч холбогдох заалтууд нь хууль, дүрмийг зөрчиж байгаа талаар аймгийн Засаг даргад ч мөн мэдэгдэл зөвлөмж хүргүүлж явж байгаа. Сурагчийн амралттай хугацаанд багш нар бусад үйл ажиллагааг явуулдгийг үгүйсгэхгүй гэхдээ манай зүгээс тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа нь хэр зэрэг үр ашигтай зарцуулагдаж байгааг стандартын дагуу хянан шалгаж тогтоосон. Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 107 дугаартай тушаалаар санхүүгийн стандарт батлагдсан. Уг стандартаар санхүүгийн хяналт шалгалтын чиглэл нь санхүү төсвийн холбогдолтой  хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан заавар, журмын хэрэгжилтийг үзэж шалгах  чиглэлээр гарсан хүрээнд бид нар үйл ажиллагаа явуулдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс санхүүгийн хяналтын байцаагч нар Хөдөлмөрийн тухай хуулийг үнэлдэггүй, төрийн албан хаагчид өөрсдөө Төрийн албаны тухай хуулиар нийгмийн асуудлаа шийдвэрлэдэг гэдэг асуудлыг тавьж байна. Төрийн албаны тухай хууль нь  төрийн үйлчилгээний ажилтанд хамаарахгүй хууль биш юм. Төрийн албаны тухай хуулиар төрийн үйлчилгээний, захиргааны, төрийн жинхэнэ, төрийн тусгай албан хаагч нарт тодорхой заалтууд үйлчилдэг тул Хөдөлмөрийн тухай хуулийг хамтын гэрээнээс дорд үздэг гэсэн асуудал яригдах учиргүй, яагаад гэвэл бид төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, түүний хүрээнд  ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн дагуу хяналт шалгалтыг гүйцэтгэдэг. Мөн дотоод аудитын дүрэм болоод санхүүгийн хяналт шалгалтын стандартад заагдсан  хууль тогтоомжийн дагуу төсвийн хөрөнгийг хэрхэн үр дүнтэй ашиглаж байна вэ гэдгийг шалгаж тухайн байгууллагыг дахиж алдаа зөрчил гаргахгүй эрсдэлээс  хамгаалах зорилгоор явагддаг.

Мөн салбарын холбогдох Яаманд энэ асуудлаар албан тоот хүргэгдэж байсан ба миний тогтоосон актын үндэслэл болох  3 яамны Сайдын 2007 оны журмын 25 дугаар зүйлд 2017 оны 12 дугаар сард өөрчлөлт оруулж баталсан Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайд, Нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2017.12.15-ны өдрийн А/376/217/366 тоот “Журамд өөрчлөлт оруулах тухай” журмаар өмнөх журамтай холбогдуулж гаргаж байсан саналуудыг үндэслэж сурагчдын улирлын  амралттай болон бусад онцгойлон үзэх шалтгаантай хугацаанд багш нарт цалингийн нэмэгдлийг ямар нэгэн байдлаар хязгаарлахгүйгээр олгохоор болгон өөрчилж, энэ журам нь 2018 оны 01 дүгээр сараас хэрэгжээд багш нар тухайн нэмэгдлийг аваад эхэлсэн байгаа. Манай байгууллагын хувьд хяналт шалгалт хийгээд гаргасан улсын  байцаагчийн актыг улсын ахлах байцаагч хянаж тухайн актыг тогтоодог бөгөөд бидний зүгээс актыг үндэслэлтэй зөв тогтоосон гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, уг ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, мөн шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлж дүгнэн доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэлийн  шаардлагад дурдагдаж буй Дорноговь Санхүүгийн хяналт,  Аудитын албаны Улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 24/07-186 дугаартай “Илүү олгосон цалингийн нэмэгдлийг төлүүлэх тухай” акт нь хариуцагчийн зүгээс буюу тус газрын санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч /Э.Э/-аас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна.”, 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ”, 51 дүгээр зүйлийн 51.2-т “Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана.”, 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, ...” гэж тус тус заасан төрийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх эрх, үүргийн хүрээнд, мөн уг хуульд үндэслэн Дорноговь аймгийн Засаг даргаас баталсан 2016 оны  01 дүгээр сарын 16-ны өдрийнБ албаны 2017 оны Санхүүгийн хяналт болон Дотоод аудитын чиглэлээр шалгалт хийх төлөвлөгөө /хх-ийн 52-р хуудас/ болонБ албаны даргын баталсан 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №20 дугаартай “Хяналт, шалгалт хийх тухай” удирдамж /хх-ийн 53-р хуудас/, Хяналт шалгалтын удирдамж сунгах хуудас /хх-ийн 58-р хуудас/-ийн дагуу явуулсан төлөвлөгөөт хяналт шалгалтыг гүйцэтгэснээр хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан захиргааны акт болох нь уг актыг гаргах эрх зүйн үндэслэл болсон дээрх хууль, эрх бүхий этгээдээс батлан гаргасан төлөвлөгөө, удирдамж зэрэгт нийцсэн байгаагаас гадна, мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг хангаж байх боловч тухайн актаар төлбөр оногдуулсан шийдвэр нь нэхэмжлэгч нарын зүгээс эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэж эс зөвшөөрсөн нь маргаан үүсэх үндэслэл болжээ.

Дээрх захиргааны актаар Дорноговь аймгийн А сургуульийн 2015, 2016 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах замаар санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг хэрэгжүүлнэ”, 6.4.8-д “Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-д “Төсвийн шууд захирагч нь батлагдсан төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-д “Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад хууль тогтоомжид нийцсэн байх гэсэн зарчим баримтална”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалын 16-д “Сургууль цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтны цалин хөлс нь албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас тус тус бүрдэнэ”, 25 дугаар зүйлд “Сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээллээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын цалин олгоно” гэж тус тус заасныг зөрчиж сурагчдын амралттай байх хугацаанд 2015-2016 хичээлийн жилд Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан цалингийн нэмэгдэлд нийт 3,505,226 төгрөгийг багш нарт илүү тооцож олгосон гэж үзэж, илүү олгосон цалингийн нэмэгдлийг актын хавсралтад дурдсан багш нараар төлүүлэхээр, төлөөгүй тохиолдолд сургуулийн захирал Д.Цэрэнлхам, нягтлан бодогч А.Бямбасүрэн нараар хувь адил төлүүлж, төлбөрийн 3,505,226 төгрөгийг актад заасан хугацаанд, зохих дансанд төвлөрүүлэхийг мөн захирал, нягтлан бодогч нарт давхар хариуцуулж шийдвэрлэсэн байна.

2. Нэхэмжлэгч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо Дорноговь аймгийн Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн 2015-2016 оны хамтын хэлэлцээр болон А сургуульийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны Сургуулийн захиргаатай байгуулсан хамтын гэрээний холбогдох заалтуудаар Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолоор олгодог цалингийн нэмэгдлийг сар бүр ямар нэгэн ялгаваргүйгээр болон багш нарт сурагчдын улирлын амралтаар хасахгүй бүрэн олгохоор тус тус тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдох хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоо бүхий эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичиг байтал улсын байцаагчийн акт нь хуульд заасныг үл ойшоож хамтын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад санаатай саад учруулсан хууль бус шийдвэр гэж, харин хариуцагчийн зүгээс түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны тушаалаар батлагдсан журмын 25 дугаар зүйлд зааснаар Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолоор тогтоосон нэмэгдлийг багш нарт сурагчдын улирлын амралттай хугацаанд олгохгүй байхаар зохицуулсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.2 дахь заалтуудыг зөрчиж хууль болон журамд нийцээгүй хамтын гэрээ, хэлэлцээрийг үйл ажиллагаандаа мөрдөж төсвийн хөрөнгийг илүү зарцуулсан нь хууль бус гэж тус тус тодорхойлон маргаж байна.

Талуудын тайлбарлаж буй дээрх үндэслэлээс дүгнэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар нь Засгийн газрын 2001 оны 90 тогтоолоор Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт олгохоор тогтоосон цалингийн нэмэгдлийн талаар маргаагүй, харин уг нэмэгдлийг сурагчийн улирлын амралттай хугацаанд олгох нь үндэслэлтэй, үндэслэлгүй талаарх асуудлаар маргажээ.

3. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох улсын байцаагчийн актын хавсралт болон Дорноговь аймгийн А сургуулийн Сурагчдын амралтын хуваарь /хх-ийн 6, 63,64-р хуудас/ зэрэг баримтуудаас үзэхэд тус сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилд буюу 2015 оны 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 08, 2016 оны 01 дүгээр сарын 16-аас 02 дугаар сарын 14 хүртэл, 2016 оны 03 дугаар сарын 26-аас 04 дүгээр сарын 17 хүртэл хугацаанд сурагчийн улирлын амралттай байсан бөгөөд уг улирлын амралтын хугацаанд сургуулийн багш нарт буюу нэхэмжлэгч нар болох нэр бүхий 55 багшид Засгийн газрын 2001 оны “Төрийн үйлчилгээний зарим албан хаагчдын цалингийн нэмэгдлийн тухай” 90 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталж, тогтоосон цалингийн нэмэгдлийг Дорноговь аймгийн Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт хамтын хэлэлцээрийн 3.12-т “Төрийн үйлчилгээний нийт ажилтнуудад Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор олгодог нэмэгдлийг сар бүр ямар нэгэн ялгаваргүйгээр олгоно” гэж, А сургуульийн ҮЭ-ийн хороо, Сургуулийн захиргаатай байгуулсан хамтын гэрээ /2016.04.14-ний өдөр байгуулж, 2016.04.18-ны өдөр бүртгүүлсэн/-ний 3.9-д “ ...Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтаар ... Засгийн газрын 90 дүгээр тогтоолын нэмэгдэл...-ийг хасахгүй бүрэн олгоно” гэж тус тус заасныг үндэслэн олгосноор нэхэмжлэгч нар нь сурагчийн амралттай байсан дээрх хугацаанд тухайн цалингийн нэмэгдлийг авч байсан болох нь хариуцагч буюу улсын байцаагчаас хяналт, шалгалтдаа хамруулж, актын үндэслэл болгосон санхүүгийн баримтууд болох А сургуульийн нэр бүхий багш нарт холбогдох 2015-2016 онуудын цалингийн карт, цалингийн хүснэгт, цагийн тооцоо бүхий баримтууд /хх-ийн 67-212-р хуудас/-аар тогтоогдож байх бөгөөд мөн эдгээр нь улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 24/07-186 дугаартай актын хавсралттай тохирч байгаа болно.

4. Маргааны гол үндэслэл болох Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт  олгохоор Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолоор баталж, тогтоосон цалингийн  нэмэгдлийг сурагчийн улирлын амралттай байх хугацаанд багшид олгох эсэх тухай асуудлын эрх зүйн үндэслэлийг авч үзвэл:

Хуульд үндэслэж буюу Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-д “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ”, 28 дугаар зүйлийн 28.9-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж  заасныг үндэслэж гарсан Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны тушаалаар батлагдсан “Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ын 16-д “Сургууль ... -ийн багш зарим албан тушаалтны цалин хөлс нь албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас тус тус бүрдэнэ. Албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсний хэмжээ нь боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлстэй холбогдуулан Засгийн газраас баталсан тогтоолууд, холбогдох сайд нарын хамтарсан тушаал, байгууллагын дотоод журам болон хамтын гэрээ, хэлэлцээрээр тогтоогдоно” гэж заасан байгаагаар журмын дээрх заалтын эхний хэсэгт ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хувьд тухайн төрийн үйлчилгээний албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө тэдгээрт олгох цалин хөлсний бүрдлийг хуульд заасныг үндэслэн тогтоон өгч, харин дараагийн хэсэгт уг цалин хөлсний бүрдлийн нэг хэсэг болох цалингийн нэмэгдлийн хэмжээг Засгийн газраас баталсан тогтоол, холбогдох эрх бүхий этгээдийн тушаал, шийдвэрт заасныг үндэслэн байгууллагын дотоод журам, хамтын гэрээ, хэлэлцээрээр тогтоож байхаар  тус тус зохицуулагджээ.

Харин дээр дурдсан журам болох Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны тушаалаар батлагдсан “Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ын 25-д “Сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээллээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын үндсэн цалинг олгоно ...” гэж заасан нь Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор баталсан цалингийн нэмэгдлийг сурагчийн улирлын амралттай хугацаанд багшид олгохыг хориглосон заалт биш бөгөөд өөрөөр хэлбэл дээрх журмын уг заалт нь агуулгын хувьд багшид тухайн албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө олгогдох цалин хөлсөд хамаарч буй албан тушаалын үндсэн цалинг сурагчийн улирлын амралтаас үл хамааран олгож байхыг  журамласан байна.

 Ийнхүү багшийн албан тушаалын үндсэн цалинг сурагчийн улирлын амралттай хугацаанаас үл хамааран олгож байхаар журамласантай холбогдуулан багшийн цалин хөлсний нэг бүрдэл хэсэг болох цалингийн нэмэгдлийг мөн сурагчийн амралттай байх хугацаанаас үл хамааран нэгэн адил олгох асуудлыг дээр дурдсан журмын 16 дугаар зүйлд зааснаар буюу Засгийн газраас цалингийн нэмэгдлийн хэмжээг баталсан тогтоолыг үндэслэн Дорноговь аймгийн хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт хамтын хэлэлцээрийн 3.12, А сургуульийн ҮЭ-ийн хороо, Сургуулийн захиргаатай байгуулсан хамтын гэрээний 3.9 дүгээр зүйлүүдээр тогтоож, түүнд заасны дагуу олгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дугаар зүйлд заасан хамтын гэрээ, хэлэлцээр нь хууль, тогтоомжид нийцсэн байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ”хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах ...”-аар заасан шаардлага болон мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн ... бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно” гэж заасныг зөрчөөгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар гаргаж буй нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй болохыг нотолж байна.

Харин хариуцагч нь хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж зөрчлийг тогтоохдоо холбогдох хууль болон мөн хуульд үндэслэж гарсан дээрх журмын холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс түүний гаргасан шийдвэр болох улсын байцаагчийн акт нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмуудын нэг болох Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.5 дугаар зүйлд заасан тухайн захиргааны акт нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагад нийцэхгүй байгаагаар хууль болон нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт байх тул хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөвшөөрөхгүй талаар гаргаж буй тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Нөгөө талаар Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох болон мэдэгдэх ажиллагааны талаар талууд хэдийгээр маргаагүй боловч хариуцагчийн гаргаж өгснөөр хэрэгт авагдсан нотлох баримт болох “Сонсох ажиллагааны тэмдэглэл”, “Мэдэгдэл”, “Санхүүгийн байцаагчийн тогтоосон 24/07-186 тоот төлбөрийн акттай танилцсан судалгаа” /хх-ийн 7-9, 54-57-р хуудас/ гэх мэт баримтуудаар шалгуулагч байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд болох захирал, нягтлан бодогч нарт акт гаргахаас өмнө сонсгож, мэдэгдсэн, харин акт гарсны дараа уг актын хавсралтад заагдсан багш нарт улсын байцаагчийн акт гарсныг албан байгууллагаар нь дамжуулан мэдэгдсэн талаарх тайлбарыг хариуцагчаас шүүх хуралдаанд гаргаж байх боловч дээрх баримтуудад сонсох ажиллагаанд оролцогч этгээд нь хэн болох, ямар эрх бүхий албан тушаалтанд энэ талаар мэдэгдэж байгаа нь болон улсын байцаагчийн актыг  холбогдох этгээдэд  мөн хэн, хэрхэн, ямар журмаар мэдэгдсэн болох нөхцөл байдлууд тодорхойгүй байгаа нь дээрх ажиллагааг хуульд заасан журам, шаардлагын дагуу явуулаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байгааг болон хариуцагчийн зүгээс хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр холбогдох хуулийн дагуу олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргаж байгаа боловч захиргааны үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалт бүхий  Захиргааны ерөнхий хууль түүнд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг давхар хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй болохыг, өөрөөр хэлбэл ялангуяа тухайн захиргааны актын үйлчлэл шууд чиглэж буй этгээдүүдэд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” шаардлагатай болохыг заасны дагуу уг зарчмыг хяналт шалгалтын үйл ажиллагаандаа баримтлан ажиллах  нь зүйтэйг  тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хариуцагчийн хариу тайлбартаа хавсарган ирүүлсэн Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яамнаас Дундговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мөнхчулуунд хүргүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 9/1670 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичгийн хуулбар нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн нэхэмжлэгч нар болох нэр бүхий 55 багш нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар сургуульд багшаар ажилладаг бөгөөд мөн тэдгээр нэр бүхий багш нар нь улсын байцаагчийн актын хавсралтад дурдагдсан багш нарт хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлууд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн тухайн багш нарыг уг албан тушаалд томилсон тухай тус сургуулийн  захирлын тушаалуудыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж нотлох баримтаар тус тус үнэлээгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

5. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нэр бүхий 55 багшийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Агаас Дорноговь   Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч /Э.Э/-д холбогдуулан, тус улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Илүү олгосон цалингийн нэмэгдлийг төлүүлэх тухай” № 24/07-186 дугаар  актын нэр бүхий 55 багшид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тухайн захиргааны акт нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус болох нь тогтоогдож байна гэж үзэж Дорноговь   Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Илүү олгосон цалингийн нэмэгдлийг төлүүлэх тухай” № 24/07-186 дугаар  актын нэр бүхий 55 багшид холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь зүйлд заасныг удирдлага болгон