Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 181/2017/01672/И |
Дугаар | 001/ХТ2018/00718 |
Огноо | 2018-05-04 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2018/00718
Д.О, О.С нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02942 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 233 дугаар магадлалтай
Д.О, О.С нарын нэхэмжлэлтэй
Н-д холбогдох
Н-ы 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгч Д.О, О.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.О, О.С нараас 25 911 822 төгрөг гаргуулж Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа Н-ы шийдвэр гүйцэтгэгч М.Нарантунгалаг нь 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр О.С, Д.О нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Москва хороолол 14070 Москвагийн гудамжны 143 байр 81 тоот Ү-2201024457 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх гэж ирэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу Д.О, О.С нарын өмчлөлийн орон байрт нэвтрэхдээ гэрч оролцуулаагүй. Мөн Шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд О.С болон Д.О нарын үл хөдлөх эд хөрөнгийн оршин байх хаяг нь биш байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжлэх тогтоол хууль ёсны байх зарчмыг зөрчсөн байна. Энэ нь 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаартай шүүхийн шийдвэрт тусгаагүй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Иймд Н-ы 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 410 дугаар шийдвэрээр Д.О, О.С нараас 26 199 331 төгрөгийг гаргуулж Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Д.О, О.С нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 143 дугаар байрны 81 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024457 дугаарт бүртгэлтэй 34.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлбөр төлөгч Д.Оийг байлцуулан 136/06 тоот тогтоолоор битүүмжилсэн. Иймд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хууль зөрчөөгүй явагдсан байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороог 2011 оноос Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо болгон нэршлийг өөрчилсөн нь нотлох баримтаар тогтоогдоод байна. Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Д.О, Д.С нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02942 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан Н-ы 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136/03 дугаартай "Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол"-ыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Н-аас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 233 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02942 дугаар шийдвэрийн “136/03” гэснийг “136/06” гэж, "ЗАХИРАМЖЛАХ нь" гэснийг "ТОГТООХ нь" гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.О, О.С нарын нэхэмжлэлтэй Н-д холбогдох иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02942 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 233 дугаар магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.О, О.С нараас 25 911 822 төгрөг гаргуулж Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн болно.
Уг шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа Н-ы шийдвэр гүйцэтгэгч М.Нарантунгалаг нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр О.С, Д.О нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 хороо Москва хороолол 14070 Москвагийн гудамжны 143 байр 81 тоот Ү-2201024457 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх гэж ирэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасан төлбөр төлөгчийн орон байр эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөнд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна" гэж заасныг зөрчсөн, буюу миний өмчлөлийн орон байрт нэвтрэхдээ гэрч оролцуулаагүй болно.
Мөн Шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 04 сарын 08-ны өдрийн 136\06 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд О.С болон Д.О нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн оршин байх хаяг нь биш байна энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1 дэх хэсэг буюу Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжлэх тогтоол Хууль ёсны байх зарчмыг зөрчиж байна.
Энэ нь 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 136/0б Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаартай шүүхийн шийдвэрт тусгаагүй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна.
Иймд Н-ы 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай шийдвэр гүйцэтгэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг мөн шүүхээс шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа хийснийг тогтоох байсан. Гэвч шүүхээс шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоосонгүй.
Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02942 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 233 дугаар магадлалд шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоосон гэж өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Д.О, О.С нар нь Н-д холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарны 06-ны өдрийн 136/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаар шийдвэрээр Д.О, О.С нараас 25 911 822 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байна.
Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол 143-81 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулсан байна.
Нэхэмжлэгчээс дээрх ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй нь хууль зөрчсөн гэж гомдол гаргасанд эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа хөндөлөнгийн гэрч тухайлан оролцуулахыг заагаагүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.
Барьцааны хөрөнгө бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 6/48 дугаартай тогтоолоор 29 дүгээр хороо болж өөрчлөгдсөн болох нь хэргийн 38 дугаар талд авагдсан тус тогтоол, түүний хавсралтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх “...шүүхийн шийдвэрт заасан хаягт байрлаагүй эд хөрөнгийг битүүмжилсэн нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн гэж үзнэ...” гэж дүгнэн, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэсэнд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба гомдол гаргаагүй байна.
Анхан шатны шүүхийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын дугаарыг ташаа бичсэн, шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсгийг “Захирамжлах” гэж бичсэн алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж зассан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн байна.
Нэхэмжлэгч нар нь “шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа “шийдвэр гүйцэтгэгчийн буруутай ажиллагааг тогтоосон” гэж магадлалд өөрчлөлт оруулуулахаар хяналтын журмаар гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д “ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ,” 6.2.-т “мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан бүх шатанд хэрэгжинэ” гэж зохицуулсан тул хариуцагчийн мэтгэлцээгүй үйл баримтад хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 233 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.О, О.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч О.Сос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД