Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2021/0679

 

 

“Ж О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Б.У, Ц.Б, О.А нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Ж О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Ж О” ХХК-ийн Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/418 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Дорнод аймгийн Засаг даргын А/418 дугаар захирамжийн үндэслэл болсон газар эзэмшигч “Ж О” ХХК нь 2020 оны 1 болон 2 дугаар улирлын газрын төлбөрийг төлөөгүй гэх үндэслэл нь “Ж О” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас хамаараагүй.

“Ж О” ХХК-ийн зүгээс 2020 он гарснаас хойш уг эзэмшил газрынхаа төлбөрийг төлөхөөр тус аймгийн татварын хэлтэс болон газрын төлбөр хариуцсан мэргэжилтэнд хандаж төлбөрийн даалгавар үүсгэж өгөх талаарх хүсэлтийг удаа дараа гаргасаар байсан. Татварын хэлтэс болон газрын төлбөр хариуцсан мэргэжилтний зүгээс газрын төлбөрийг төлөхтэй холбоотой төлбөрийн даалгаврыг “Ж О” ХХК-ийн нэр дээр үүсгэхээс татгалзсан нь газрын төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Учир нь татварын хэлтэс, газрын төлбөр хариуцсан мэргэжилтнээс төлбөрийн даалгавар үүсгээгүй тохиолдолд төрийн сангийн аливаа дансанд төлбөр, хураамжийг төлөх ямар ч боломжгүй юм.

“Ж Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүх, прокурорын байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрийн улмаас газар эзэмших эрхийн гэрчилгээ нь “Ж О” ХХК-ийн нэр дээр шилжээгүй байгаа учраас газрын төлбөр төлөх үүргийг хэрэгжүүлэх боломжгүй нөхөл байдал үүссэн. Энэхүү шүүх, прокурорын байгууллагын шийдвэртэй холбоотой асуудлыг Дорнод аймгийн Засаг дарга нь үл тоомсорлосон эсхүл тус нөхцөл байдлыг А/418 дугаар захирамжийг гаргахдаа харгалзан үзээгүй нь илэрхий байна.

Энэ нь захиргааны байгууллага буюу Дорнод аймгийн Засаг дарга нь А/418 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “... Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ...” гэж заасныг зөрчиж тухайн шийдвэрийг гаргахдаа холбогдох баримтуудыг цуглуулж үнэлэх, бодит нөхцөлийг тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүйг харуулна.

Тус газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/418 дугаар захирамжийг гаргахдаа “Ж О” ХХК-д хариу тайлбар гаргах боломж олгосон гэх боловч тус хугацаа нь тайлбар, саналаа хүргүүлэх бодит боломжит хугацаа байгаагүй буюу нийт 6, ажлын 3 хоногийн хугацаа өгсөн нь “Ж О” ХХК-шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхээр хангасан бус эрхийг нь хязгаарласан үйлдэл юм.

Дорнод аймгийн Засаг даргын зүгээс замын трасс татаж байгаатай холбогдуулан газрыг чөлөөлж өгөх талаар хамгийн анх 2020 оны 1 дүгээр улиралд “Ж О” ХХК-д хандаж байсан. “Ж О” ХХК-ийн зүгээс дээр дурдсан нөхцөл байдлуудыг болон нэгэнт Прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн эд хөрөнгийг чөлөөлөх нураах, шилжүүлэх боломжгүй талаар мэдэгдсэн байдаг. Энэ нь “Ж О” ХХК нь нийтийн эрх, ашиг сонирхлыг хүндэтгэхгүй байгаа үйлдэл биш бөгөөд шүүх, прокурорын байгууллагын зүгээс гаргасан хүчин төгөлдөр шийдвэрүүдийг дагаж мөрдөж буй үйлдэл юм. Өөрөөр хэлбэл газрыг чөлөөлж өгөх эсэх асуудал нь Нийслэлийн прокурорын газар, Авилгатай тэмцэх газрын зөвшөөрөлгүйгээр хийх ямар ч боломжгүй бөгөөд газар эзэмших эрхийг цуцалж, түүний дээрх хөрөнгийг нурааж газар чөлөөлөх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл болно.

Дорнод аймгийн Засаг дарга нь “Ж О” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах, түүнд тохирох нөхөх олговрыг олгох асуудлыг хуульд заасан журмын хүрээнд шийдвэрлэлгүйгээр өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй шийдвэрийг гаргасан байдаг. Мөн Газрын тухай хуульд заасан дээрх ажиллагааг хэрэгжүүлээгүй буюу “Ж О” ХХК-тай нөхөх олговортойгоор солих асуудлаар тохиролцоогүй, холбогдох гэрээ, хэлцэл байгуулагдаагүй байхад зам, трассын зургийг “Ж О” ХХК-ийн эзэмшлийн газар дээгүүр дайруулан зураг төслийг боловсруулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Ж О” ХХК-аас “Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/418 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...манай компани газар эзэмших эрхийн төлбөрийг тухай бүр саадгүй төлж ирсэн ... уг газрын 2020 оны 1, 2 дугаар улирлын төлбөрийг төлөх ажиллагаа манай компанийн буруутай үйл ажиллагаанаас огт хамаараагүй ... ” хэмээн тайлбарлан маргажээ.

Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/418 дугаар захирамжаар “2008 оны 309 дүгээр захирамжаар шатахуун түгээх станцын зориулалтаар Хэрлэн сумын 6 дугаар баг, 49 дүгээр байрны зүүн талд 1240 м.кв газрын эзэмших эрхийг авч, газар эзэмших гэрээ байгуулсан “Ж О” ХХК, түүний гүйцэтгэх захирал /Г.Т/ нь тус эзэмшил газрын 2020 оны 1, 2 дугаар улирлын төлбөрийг хууль болон гэрээгээр заасан хугацаанд төлөөгүй болох нь захиргааны байгууллагын зүгээс нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийхэд тогтоогдож байх тул” хэмээн “Ж О” ХХК-ийн 0062898 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 90 дүгээр захирамжаар “Ж г” ХХК-д “Д” ХХК-ийн эзэмшилд байгаа Хэрлэн сумын 6 дугаар баг, 49 дүгээр байрын зүүн талд шатахуун түгээх станцын зориулалттай 3000 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлж, 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 309 дүгээр захирамжаар “Ж” ХХК-ийн эзэмшил газарт хийсэн хэмжилтийн дагуу газрын хэмжээг 1240 м.кв байхаар тогтоож, уг захирамжийг үндэслэн “Ж” ХХК-д Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 49 дүгээр байрын зүүн талд 1240 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар 15 жилийн хугацаатай 0062898 дугаар газар эзэмшийх эрхийн гэрчилгээг олгожээ.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас дээрх маргаан бүхий актаар “Ж О” ХХК-ийн 0062898 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож, улмаар захирамжийн 3 дахь заалтаар энэхүү захиргааны үйлчлэлд хамаарах “Ж О” ХХК, түүний гүйцэтгэх захиралд тус захирамжийг хүргүүлж, танилцуулахыг үүрэг болгосон байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 309 дүгээр захирамжийг үндэслэн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Ж” ХХК[1]-тай, 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Ж” ХХК-тай[2], 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Ж О” ХХК-тай[3] тус тус байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэн нь авагджээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу шүүх уг захиргааны хэргийг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах үүрэгтэй.

Хэдийгээр “Ж О” ХХК, “Ж г” ХХК-ийн хооронд газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдсан боловч “Ж О" ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж, гэрчилгээ хавтаст хэрэгт байхгүй, энэ тохиолдолд шүүх маргаан бүхий газрын эзэмших эрх үүссэн “Ж г” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олголгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу бөгөөд энэхүү хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч “Ж г” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 695 дугаар шийтгэл тогтоолд “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/03141 дугаартай шийдвэрээр Голомт банкнаас авсан зээлийн төлбөрт өгөхөөр шийдвэрлэсэн” гэсний 28-д “Дорнод аймаг, Хэрлэн сумын 6 дугаар баг, 49 дүгээр байрын зүүн талд нэгж талбарын 091100116 дугаар бүхий 5000 метр квадрат, 1240 метр квадрат газар”, 29-д “Дорнод аймаг, Хэрлэн сумын 6 дугаар баг, 49 дүгээр байрын зүүн талд 500 метр квадрат талбайтай ШТС”[4] гэж дурдагджээ.

Үүнээс үзэхэд уг маргаан бүхий газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр “Г б” ХХК-ийн зээлийн төлбөрт өгөхөөр шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн эсэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ямар шатандаа байгаа болох зэргийг тодруулаагүй байх тул энэхүү асуудлыг бүрэн тодруулж, шаардлагатай бол “Г б” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан гэрчийн “... миний бие салбар хариуцсан н.Э-тай холбогдож “...татвар төлөгчөөр бүртгүүлэх хэрэгтэй байна. Танай дээр хөрөнгө бүртгэгдээгүй гэсэн асуудал гарсан учир нэхэмжлэх үүсгэх боломжгүй байна” гэдгийг хэлсэн. ... нэхэмжлэх нь “Ж г” ХХК-аар үүссэн. ... н.Э-г манай өрөөнд орж ирэхэд нь 2 нэхэмжлэхийг нь хэвлэж өгсөн” гэсэн мэдүүлэгтэй холбоотойгоор н.Э нь “Ж О” ХХК-д ажилладаг эсэх, төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авсан эсэхийг тодруулах шаардлагатай байх бөгөөд 2018, 2019 оны газрын төлбөрийн нэхэмжлэхийг “Ж О” ХХК-д өгч, төлбөрийг төлүүлж байсан атлаа 2020 оны 1, 2 улирлын төлбөрийн нэхэмжлэхийг үүсгэхгүй, тус хуулийн этгээдээр газрын төлбөр төлүүлэхгүй байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөх шаардлагатай.

            Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... харилцан хамааралтай компаниуд учраас газар эзэмшүүлэх гэрээг “Ж О” ХХК-тай байгуулсан” гэсэн агуулгаар тайлбарлах боловч хавтаст хэрэгт “Ж” ХХК, “Ж г” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа авагдснаас бус “Ж О” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа болон холбогдох баримтууд авагдаагүй, энэ тохиолдолд шүүх эдгээр компаниуд харилцан хамааралтай эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.Батбаатар

 

ШҮҮГЧ                                                                       Б.Тунгалагсайхан

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар тал,

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 168 дугаар тал,

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 169 дүгээр тул,

[4] 2 дугаар хавтаст хэргийн 116-117 дугаар тал,