Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 568

 

“Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/01570 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-ийн   нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Электрик ком” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 149 646 992 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

9 491 890 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Электрик ком” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Аж үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулж, QD загварын цахилгаан 2 баганатай гүүрэн кран (жолоодлогын өрөөтэй)-ыг БНХАУ, ӨМӨЗО-ны “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-аар дамжуулан 710 000 юанаар “Шан Донг Лонг Хүй кран машин механизм” ХХК-иас худалдан авахаар тохиролцсон. Краны үнэ болох 710 000 юанийг “Электрик ком” ХХК-ийн өмнөөс “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК нь худалдагчид бүрэн төлсөн.

“Электрик ком” ХХК нь дээрх гэрээний дагуу краныг өөрийн өмчлөлдөө авч, үйл ажиллагаандаа ашигласан. Гэвч тус компани уг краны үнийг “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-д бүрэн төлж барагдуулаагүй ба үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл бодит үр дүнд хүрээгүй явсаар өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөөгүй байна. “Электрик ком” ХХК нь гүүрэн краны нийт үнийн 40 хувьтай тэнцэх үлдэгдэл төлбөр буюу 284 000 юанийг эргэж тооцоо хийнэ гэж 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр баримт үйлдэн тохиролцсон байдаг. Гэсэн хэдий ч “Электрик ком” ХХК нь үлдэгдэл төлбөрийг төлөхгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байна.

Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 284 000 юань бөгөөд гэрээний 10-т “холбогдох заалтыг зөрчсөн тал нөгөө талд гэрээний нийт үнийн дүнгийн 3 хувьтай тэнцэх торгуулийг төлнө” гэж заасны, дагуу төлбөр төлөх хугацаа хэтрүүлж гэрээг зөрчсөн тул гэрээний нийт үнийн дүнгийн 3 хувиар тооцсон торгууль 21 30 юань, нийт 305 300 юань буюу 91 098 467 төгрөгийг “Электрик ком” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэхдээ: БНХАУ, ӨМӨЗО-ны “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын “Электрик ком” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн нэмэгдүүлж байна. Үүнд 2007 оноос хойш хариуцагч “Электрик ком” ХХК, тус компанийг төлөөлж захирал Ц.Баатар нь нэхэмжлэгч “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-иас байнгын зээлээр бараа, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авч түншийн харилцаатай болсон байдаг. Улмаар “Электрик ком” ХХК нь бараа бүтээгдэхүүнээ зээлээр худалдан авч хэд хэдэн худалдан авалтынхаа дүнгээс нэгтгэж төлөх байдлаар худалдаа хийж ирсэн байдаг. Хариуцагч нь 2013 онд 3 866 616 юанийн үнэ бүхий, 2014 онд 1 326 499 юанийн үнэ бүхий нийт 5 193 115 юанийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан байдаг боловч үүнээс 4 639 994 юанийг нэхэмжлэгчид төлж 2014 оны байдлаар 553 121 юанийн барааны үлдэгдэл төлбөртэй байсан. Улмаар 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 105 000 юанийг төлж өнөөдрийн байдлаар үлдэгдэл 448 121 төгрөгийн төлбөрийн өртэй байна.

Талууд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлж гүүрэн краны үлдэгдэл төлбөрийн баримтыг эргэж олоод тооцоо хийхээр болсон байдаг боловч хариуцагч нь yг тооцоогоор хассан 315 000 юанийн төлбөрөө үлдэгдэл гэж тохирсон 284 000 юаньд дахин тооцож хасна гэж уг тооцоо нийлсэн баримтаа үгүйсгэж байгаа тул гүүрэн краны төлбөрөөс гадна талуудын хооронд 2013, 2014 онд хийсэн эрчим хүчний бараа бүтээгдэхүүний нийт худалдааны үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулах шаардлага үүсэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 164 121 юань буюу 58 548 525 төгрөг /Монгол банкны албан ханш 356.74 төгрөг/-өөр нэмэгдүүлж нэхэмжлэлийн нийт шаардлагын хэмжээ 448 121 юань буюу 149 646 992 төгрөг болж байна. Эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 149 646 992 төгрөгийг хариуцагч “Электрик ком” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Электрик ком” ХХК-ийн захирал Ц.Батбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компаниас Хятад улсын иргэн Жан Шин Хуй-тай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлж 105 147 юанийн үлдэгдэл төлбөр төлөхөөр тохиролцсон байдаг. Уг төлбөрийг компанийн зүгээс 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хаан банкны гадаад гуйвуулгаар Жан Шин Хуй-гийн дансанд шилжүүлж барагдуулсан байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсанаар “Электрик ком” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хийсэн.

Тухайн гэрээг компанийн ерөнхий захирал Ц.Баатартай хийсэн ба ерөнхий захирал Ц.Баатар 2014 оны 11 дүгээр сард авто ослоор нас барсан. Захирал Ц.Баатарыг нас барсны дараагаас буюу 2014 оноос БНХАУ-ын иргэн Жан Ши Ху манай компаниас удаа дараа төлбөр нэхэх болсон. Уг гүүрэн кран нь “Электрик ком” ХХК-ийн өмчлөлд тусгагдаж үйл ажиллагаанд ашиглагдаж байгаагүй ба одоо байхгүй байгаа болно.

Тухайн үед захирал Ц.Баатар нь худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийн 50 хувь болох 355 000 юанийг урьдчилан шилжүүлж, БНХАУ-ын Эрээн хотод бараа материал ирэх үед 40 хувийн төлбөр болох 248 000 юанийг гэрээний дагуу өөрийн биеэр Хятад улсын Эрээн хотод зорчих үедээ төлж барагдуулан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байдаг.

Хятад улсын иргэн Жан Шин Хуй нь 2013 онд тулгуурын хамтарсан үйлдвэр байгуулахаар захирал Ц.Баатартай тохиролцон үүний дагуу 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр компаниас 556 000 юанийг Жан Шин Хуйгиин дансанд Хас банкны гадаад гуйвуулгаар шилжүүлсэн. Тухайн хөрөнгө оруулалт хийгдсэн үеэс одоог хүртэл хөрөнгө оруулалтын ногдол ашиг болон үр өгөөж “Электрик ком” ХХК-д орж ирээгүй байгаа нь компанид хохиролтой байна.

Компанийн одоогийн удирдлагын зүгээс хамтарсан үйлдвэр байгуулах нэрээр талийгаач Ц.Баатар захирал компаниас шилжүүлсэн 556 000 юань болон yг хөрөнгө оруулалтын ногдол ашиг, үр өгөөжийн талаарх асуудлыг аль улсын шүүхэд хандахаа мэдэхгүй байсан боловч ӨМӨЗО-ны “Шэнг Хүй Инг цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх М.Батчулуун гарч ирсэнд сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой гэж үзэж байгаа болно.

Иймээс манай компани ӨМӨЗО-ны “Шэнг Хүй Инг цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчулууны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

 

Хариуцагч “Электрик ком” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК нь манай байгууллагаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 284 000 юань гэрээнд заасан торгууль 21 300 юань, нийт 305 300 юань буюу 91 098 467 төгрөг нэхэмжилсэн. Дээрх төлбөр нь талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 40 хувийн төлбөр бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр талууд тооцоо нийлэхэд уг төлбөрийн төлсөн эсэх нь тодорхой баримт мэдээлэл дутмаг байдлаас шалтгаалан дараа тооцоо нийлэхээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгдсөн эсэхийг нягтлан шалгаад тооцооны асуудлыг шийдвэрлэхээр талууд тохиролцсон. Манай байгууллага холбогдох санхүүгийн баримтуудыг нэг бүрчлэн шүүж үзэхэд нэхэмжлэгч байгууллагад гэрээний төлбөрт 741 000 юанийг төлж гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсний зэрэгцээ 31 000 юанийг илүү төлсөн байна. Нэгэнт манай компани “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-д 31 000 юань илүү төлсөн нь баримтаар нотлогдож байгаа тул 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 306,19 төгрөгт тооцож нийт 9 491 890 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Электрик ком” ХХК-иас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.Хариуцагч Монгол Улсын “Электрик ком” ХХК нь нэхэмжлэгч БНХАУ, ӨМӨЗО-ны “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК, тус компанийн захирал Жан Шин Хуйгаас эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материал байнга худалдан авч түншийн харилцаатай болсон байдаг. “Электрик ком” ХХК нь олон тооны тоног төхөөрөмж, бараа материал худалдан авсан байсан тул талууд эдгээрийн тооцоог гаргах зорилгоор “2015 оны 02 дугаар сарын 12-ны Жан Шин Хуйтай хийсэн тооцоо” гэдэг баримт үйлдсэн. Энэхүү баримтын 1-д 2014 оны бараа материалын тооцоо зэрэг 5 төрлийн тооцооны дүн нь 460 147 юань, 2-т Гүүрэн краны үлдэгдэл төлбөр 284 000 юанийг баримтыг эргэж олоод тооцоо хийнэ. 3-т дээрх 460 147 юаниас 355 000 юанийг хасаад үлдэгдэл төлбөр 105 147 юанийг төлөхөөр тус тус заасан. Хариуцагчийн тайлбарлаж байгаа 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн гэх 355 000 юанийг гүүрэн краны үлдэгдэл төлбөрөөс биш харин өмнөх оны тооцоо, бусад төлөх ёстой төлбөрүүдээс ийнхүү хасаж тооцсон байна.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...захирал Ц.Баатар нь худалдах, худалдан aвax гэрээний дагуу төлбөрийн 50 хувь болох 355 000 юанийг урьдчилан шилжүүлж, БНХАУ-ын Эрээн хотод бараа материал ирэх үед 40 хувийн төлбөр болох 284 000 юанийг гэрээний дагуу өөрийн биеэр Хятад улсын Эрээн хотод зорчих үедээ төлж барагдуулан Монгол улсын хилээр нэвтрүүлсэн” гэсэн атлаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “Хас банкны гадаад мөнгөн гуйвуулгаар 315 000 юань, Хаан банкны гадаад гуйвуулгаар 71 000 юань шилжүүлж гэрээний үүргээ гүйцэтгэсэн” гэж төлбөр төлсөн талаараа зөрүүтэй үйл баримтууд дурдсан байна. Энэ нь хариуцагчийн зүгээс 284 000 юанийн үлдэгдэл төлбөрийг төлсөн талаар шинээр зохиож тайлбарлаад байгааг харуулж байна.

3. Дээр дурдсанаар гүүрэн кранаас гадна хариуцагч нь нэхэмжлэгчээс олон тооны эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материал худалдан авч холбогдож төлбөр тооцоо, гүйлгээг хийдэг байсан. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд дан гүүрэн краны төлбөрөөр хязгаарлагдахгүй олон тооны бусад төлбөр тооцоо гүйлгээ хийгддэг. Энэ нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Жан Шин Хуйтай хийсэн тооцоо болон хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн тайлбар зэргээр нотлогдож байна. Гэтэл хариуцагчийн зүгээс “Электрик ком” ХХК-иас нэхэмжлэгчийн дансанд хийсэн гадаад гуйвуулга, төлбөр бүрийг гүүрэн  кран худалдах, худалдан авах гэрээтэй холбож, өөр гэрээний төлбөрийг гүүрэн ч төлбөрт хамааруулж, бүр илүү төлсөн болгож маргаж байгаа нь худал бөгөөд үндэслэлгүй байна.

Иймд “Электрик ком” ХХК нь гүүрэн кран худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 284 000 юанийг нэхэмжлэгчид төлөөгүй байгаа хариуцагчийн зүгээс илүү төлсөн хэмээн 31 000 юань буюу 9 491.90 төгрөг нэхэмжилж байгааг огт үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Электрик ком” ХХК-иас 149 646 992 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын, ӨМӨЗО-ны “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-д олгож, хариуцагч “Электрик ком” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд 9 491 890 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 064 145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох 906 185 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 02018 дугаартай захирамж нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг буруу тодорхойлсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Эрх зүйн харилцааг буруу тодорхойлж Иргэний хуулийн заалтыг алдаатай хэрэглэсэн тухай: Үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд талууд хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Хэргийн 11 дүгээр хуудсанд Аж үйлдвэрийн төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ авагдсан. Уг гэрээг “Шан Донг Лонг Хүй кран машин механизм ХХК, “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК, түүнчлэн “Электрик Ком” ХХК нар байгуулсан. Уг гэрээний гурав, зургаа, долоо, найм, арваннэгдүгээр заалтаас үзэхэд тоног төхөөрөмжийг худалдагч нь “Шан Донг Лонг Хүй кран машин механизм” ХХК бөгөөд худалдан авагч нь “Электрик Ком” ХХК болох нь тодорхой байна. Гэрээний наймд “Гэрээ хүчин төгөлдөр болмогц Б тал гэрээний 50 хувийг төхөөрөмж үйлдвэрлэлийн баталгаа болгон төлнө, төхөөрөмж Б талын байранд очсон тухайн өдөр Б тал шалгаж үзээд машинаас буулгахаас өмнө гэрээний үнийн дүнгийн 45 хувийг А талд төлнө, үлдсэн 5 хувийг угсралт дуусаж шаардлагад нийцсэн тохиолдолд төлнө. Гэрээний бүхий л үнийн дүнг Б тал /ӨМӨЗО-ны Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан XXК/ хариуцан төлнө” гэснээс үзэхэд худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг худалдагч талд Б тал төлөхөөр тохиролцсон. Харин В тал буюу “Электрик Ком” ХХК нь Б тал буюу “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-д 710 000 юанийн төлбөрийг ямар байдлаар, ямар хугацаанд төлж барагдуулах талаар дээрх гэрээнд огт тусгаагүй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна” хэмээн тодорхойлоод “Хариуцагч “Электрик Ком” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр аж үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулж QD загварын цахилгаан 2 баганатай гүүрэн краныг нэхэмжлэгч “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-аар дамжуулан “Шан Донг Лонг Хүй кран машин механизм” ХХК-иас худалдан авахаар тохирсон байх бөгөөд нэхэмжлэгч нь гүүрэн краны төлбөр 710 000 юанийг хариуцагчийн өмнөөс бүрэн “Шанг Донг Лонг Хүй кран машин механизм” ХХК-д төлсөн” хэмээн дүгнэсэн байна. Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэсэн атлаа “Хариуцагч нь нэхэмжлэгч “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-аар дамжуулан “Шан Донг Лонг Хүй кран машин механизм” ХХК-иас кран худалдан авахаар тохиролцсон” хэмээн дүгнэсэн нь утга агуулгын хувьд алдаатай, тодорхойгүй байдлыг бий болгож байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс тоног төхөөрөмж худалдан авсан уу, эсхүл нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс төлбөрийг ямар нэгэн гэрээ хэлцлийн үндсэн дээр төлж барагдуулсан эсэхийг шүүх хэргийг шийдвэрлэхдээ сайтар нягтлан шалгахгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2013, 2014 онд “Электрик Ком” ХХК-тай хийсэн төлбөр тооцоо гэх тооцоолол хийсэн хүснэгтэд худалдсан бараа бүтээгдэхүүний үнэ, зээлсэн мөнгө гэх зэрэг хүснэгт байгаа, түүнчлэн нотлох баримтаар гаргаж өгсөн бараа худалдах зарим бичгээс үзэхэд талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ /Иргэний хуулийн 262 дүгээр зүйл/ болон зээлийн гэрээний харилцаа /Иргэний хуулийн 281 дүгээр зүйл/ үүссэн бололтой. Нэхэмжлэгч нь худалдагдсан барааны төлбөрт хэдэн төгрөг, зээлийн төлбөрт хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа гаргасан нэхэмжлэлдээ тусгайлан тодорхойлоогүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй алдаа гаргажээ. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч тал шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэх тухай бичигтээ “2007 оноос хойш хариуцагч “Электрик Ком” ХХК, тус компанийг төлөөлөн захирал Ц.Баатар нь нэхэмжлэгч “Шэнг Хүй Инг Ли Цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-аас байнгын зээлээр бараа, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авч түншийн харилцаатай болсон. Улмаар “Электрик Ком” ХХК нь бараа, бүтээгдэхүүнээ зээлээр худалдан авч хэд хэдэн худалдан авалтынхаа дүнгээс нэгтгэж төлөх байдлаар худалдаа хийж ирсэн” хэмээн бичсэнээс үзэхэд нэхэмжлэгч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр “Электрик Ком” ХХК-д бараа худалддаг байсан хэмээн ойлгогдож байна. Түүнчлэн мөнгөн зээл олгодог байсан баримтууд хэрэгт авагдсан байна.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх талаарх хуулийн заалтыг зөрчөн тухайд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2013 онд 3 866 616 юанийн үнэ бүхий, 2014 онд 1 326 499 юанийн үнэ бүхий бараа нийт 5 193 115 юанийн үнэ бүхий бараа худалдан авснаас 4 639 994 юанийг төлж 553 121 юанийн үлдэгдлээс 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 105 000 юанийг төлж 448 121 юанийн өртэй байсан нь нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна” гэжээ. Хэргийн 99-116 дугаар хуудсанд 2013 онд худалдан авсан барааны бараа худалдах бичгийн хятад хэлнээс монгол хэл рүү орчуулсан баримт, 117-126 хуудсанд хятад хэл дээрх эх баримт, 2014 онд худалдан авсан барааны бараа худалдах бичгийн хятад хэл дээрх эх болон Монгол хэлрүү орчуулсан баримт /хуудсыг дугаарлаагүй байв/ авагдсан байх бөгөөд эдгээр баримтуудыг шүүхээс үнэлэхдээ сайтар нягтлан шалгаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн бараа худалдах бичигт худалдан авагч тал нь Ц.Баатар гэсэн хувь хүний нэр дээр бичигдсэн байна. Уг иргэний хэргийн хариуцагчаар “Электрик ком” ХХК татагдсан бөгөөд нэхэмжлэгчийн худалдан борлуулсан гэх бараа бүтээгдэхүүнийг Ц.Баатар худалдан авсан уу, эсхүл “Электрик ком” ХХК худалдан авсан уу гэдгийг дээрх баримтаас үнэлэх боломжгүй хэмээн үзэж байна.

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10239 тоот санхүүгийн бичгээс бусад баримтад Ц.Баатар гарын үсэг зурж баталгаажуулаагүй явдал нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт үнэн зөв хэмээн үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

Хятад хэл дээрх бараа худалдан авах бичиг нь засвар өөрчлөлттэй, үнийн дүн зөрүүтэй байгааг анхаарч үзээгүй. 2013.04.23-ны өдрийн 10355, 2013.07.20-ны өдрийн 10511, 2013.08.02-ны өдрийн 10535, 2013.11.15-ны өдрийн 10734, 2013.11.09-ны өдрийн 10768, 2014.07.22-ны өдрийн 30012, 2014.07.22-ны өдрийн 30013, 2014.08.23-ны өдрийн 30077, 2014.08.24-ны өдрийн 30082 тоот баримтууд нь засвар өөрчлөлт оруулсан, зарим хэсгийг цаасаар дарж канондсон байна.

Хятад хэл дээр үйлдэгдсэн Бараа худалдан авах бичгийг Монгол хэл рүү орчуулахдаа зарим хэсгийг орчуулаагүй орхигдуулан, зарим орчуулгад эх баримтад байхгүй өгүүлбэрийг нэмсэн зэргийг шүүх нотлох баримтыг шинжлэн судлахдаа дүгнэлт өгөөгүй. Тухайлбал, 2013.01.28-ны өдрийн 10239 тоот бараа худалдах бичгийн 12, 15 дугаар мөр, 2013.05.09-ний өдрийн 10387 тоот баримтын 6 дугаар мөрийг орчуулаагүй,7дугаар эгнээнд Ц.Баатар 10 000 юань бэлнээр зээлж авах гэснийг нэмсэн, 8 дугаар эгнээнд Ц.Баатар гарын үсэг зураагүй байхад Ц.Баатар гарын үзэг зурсан гэж орчуулга дээрээ нэмсэн, 9 дүгээр эгнээнд н.Цогтбаатар гэж хүний нэр байхад Ц.Баатар гэж орчуулсан, 14 дэх догол мөр бүхэлдээ орчуулагдаагүй, 2013.07.20-ны өдрийн 10511 тоот баримтын 8, 10, 12, 13, 14 дэх догол мөр огт орчуулагдаагүй, 2013.11.15-ны өдрийн 10734 тоот баримтын 6, 7 дугаар догол мөр орчуулагдаагүй зэрэг ноцтой алдаа байна. Хятад хэлний эх хувилбараас Монгол хэлрүү орчуулсан орчуулга хэт олон зөрүүтэй байгаа нь хэргийг шүүхээс үнэн зөвөөр, нотлох баримтад үндэслэн шийдвэрлэхэд ноцтой хүндрэлийг бий болгоно хэмээн үзэж байна.

2014 онд үйлдсэн гэх нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн гэх бараа худалдах бичиг нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна. 2013.12.09-нд үйлдсэн бараа худалдах бичиг нь 10768 тоот дугаартай байсан бол 2014.05.19-ний өдрийн бараа худалдах бичиг нь 10933, 10934 байснаа 2 сарын дараа үйлдсэн гэх бараа худалдах бичиг нь 30012, 30013, 30077, 30082 гэх зэргээр дугаарлагдсан байгаа нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн баримт нь үнэн зөв эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл 2013.01.28-ны өдрөөс эхлэн 2014.05.19-нийг хүртэлх 1 жил 4 сарын хугацаанд бараа худалдах бичиг нь 10239-10934 дугаарлагдсан байгаагаас үзэхэд дээрх хугацаанд нийт 700 орчим худалдаа хийгдсэн байсан бол 2014.05.19-ний өдрөөс 2014.07.22-ныг хүртэлх нийт 2 сарын хугацаанд нийт 19078 удаагийн худалдаа хийгдсэн байгаа нь нэхэмжлэгч тал дээрх санхүүгийн баримтын хуурамчаар бүрдүүлсэн байх бүрэн боломжтой болохыг харуулж байна.

3. Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн санхүүгийн тооцоолол нь алдаатай байгааг анхаарч үзээгүй. Тухайлбал 2013.05.19-ний өдрийн 10387 тоот баримтад нэхэмжлэгч нь 2013.06.26-ны өдөр 40 000 юань орлогод хүлээн авсан хэмээн бичсэн хэдий ч 2013 оны нэгдсэн тооцоололд огт тусгаагүй байна. 40 000 юань нь нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцоолбол ойролцоогоор 12 000 000 төгрөг болж байна. Түүнчлэн 2013.04.23-ны өдрийн 10355 дугаар бүхий бараа худалдах бичигт ямар шалтгаанаар төлбөрийн илүү төлөгдсөн 101 400 юанаас 10 000 юанийг хасаж байгаа нь ойлгомжгүй. Зээлийн төлбөрт хасаж тооцсон 10 000 юанийн зээлийн талаарх нотлох баримт хэрэгт огт байхгүй.

4. Нэхэмжлэгч 2016.07.26-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд нийт 305 300 юанийн тооцооны үлдэгдэл байгаа хэмээн үзэж маргалдагч талуудын 2015.02.12-ны өдрийн тооцоо нийлсэн баримт гаргаж өгсөн хэдий ч ямар шалтгаанаар өөрсдийн гаргаж өгсөн баримтаа үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь нэхэмжлэгч тал шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүргээ зөрчиж байгаа үйлдэл хэмээн хариуцагчийн хувьд үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нотлох баримтын хүрээнд үндэслэл, тооцоололтой шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байгааг залруулах боломжтой байна.

 

Хариуцагч “Электрик ком” ХХК-д холбогдуулж нэхэмжлэгч “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 305 300 юань буюу 91 098 467 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 164 121 юань буюу 58 548 525 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 448 121 юань буюу 149 646 992 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөрийг төлсөн гэж маргаж, илүү төлсөн 9 491 890 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хэргийн 165 дугаар тал/

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд талуудын хооронд 2013 оноос хойш нэхэмжлэгч нь бараа нийлүүлэх, хариуцагч нь барааг хүлээн авч үнийг төлөх үүргийг тус тус хүлээж байсан зэргээс үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Зохигчид нь 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Аж үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээг байгуулж, QD загварын цахилгаан 2 баганатай гүүрэн краныг хариуцагч нь нэхэмжлэгчээр дамжуулан худалдан авахаар тохирч, гэрээний зүйлийн үнэ болох 710 000 юанийг хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгч нь “Шан Донг Лонг Хүй кран машин механизм” ХХК-д төлж, улмаар хариуцагчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хэргийн 11-16 дугаар тал/

 

Дээрх гэрээний 10 дугаарт үүрэг зөрчсөн тал гэрээний нийт үнийн дүнгийн 3 хувийн торгууль төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт “Үүргээ гүйцэтгээгүй тал буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль буюу гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасантай нийцжээ.

 

Хариуцагч “Электрик ком” ХХК-ийн захирал Ц.Баатар дээрх 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Аж үйлдвэрийн төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээг байгуулж, гарын үсэг зурсан болон тэрээр 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан болохыг хариуцагч үгүйсгээгүй тул хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж үзэхгүй. /хэргийн 62 дугаар тал/

 

Талууд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн баримтыг үйлдсэн байх ба уг баримтад “гүүрэн краны үлдэгдэл төлбөр 40 хувь болох 284 000 юанийг баримтыг нь олоод эргэж тооцоо хийнэ” гэж “Электрик ком” ХХК-ийг төлөөлж Ц.Баатар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байх боловч хариуцагч нь уг төлбөрийг төлсөн талаарх баримтыг олж эргэж тооцоо нийлсэн болохыг баримтаар нотлож чадаагүй гэж анхан шатны шүүх үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ хариуцагч баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. /хэргийн 20 дугаар тал/

 

Хэргийн 59 дүгээр талд авагдсан Эрээн хот Шөн Хуй цахилгааны тоног төхөөрөмжийн худалдааны компанийн Бараа худалдах бичиг гэх баримтад 2013.11.11-ний өдөр Өвөрмонголын компанид LUI MINMIN-д 355 000 юань шилжүүлсэн, 2013.12.05-ны өдөр Өвөрмонголын компанид LUI MINMIN-д 315 000 юань шилжүүлсэн гэж бичсэн байгаа нь хариуцагч дээрх гэрээний зүйлийн үнийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэхгүй юм. Учир нь уг баримтанд хариуцагч дээрх гэрээний зүйл болох гүүрэн краны төлбөрийг төлсөн талаар байгаа буюу зохигчдын хоорондох гэрээтэй холбоотой болохыг дурьдаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-иас М.Батчулуун, Э.Золзаяа нарт олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрх олгосны дагуу тэдгээрийн нэмэгдүүлсэн шаардлага болох хариуцагчид 2013, 2014 онд нийлүүлсэн тоног төхөөрөмжийн үнэ гэх 164 121 юань буюу 58 548 525 төгрөг нь дээрх 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн баримтанд хамааралгүй тусдаа зүйл болох нь тогтоогдохгүй байхын зэрэгцээ ямар зүйлийг хэзээ нийлүүлсний төлбөр шаардаж байгаа нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх уг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

/хэргийн 6, 63 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл, уг тооцоо нийлсэн баримтыг 2015 онд талууд үйлдсэн болон уг баримтанд нэр дурьдсан 5 төрлийн төлбөрт 2014 оны бараа материалын худалдан авалтын зөрүү үлдэгдэл тооцоо орсон талаар бичигджээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох торгууль шаардсан байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг хэрэглээгүй нь буруу болжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/01570 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 243.1 ...” гэсний дараа “...186 дугаар зүйлийн 186.1 ...” гэж, “... 149 646 992 төгрөгийг ...” гэснийг “... 91 098 467 төгрөг ...” гэж, “... хариуцагч Электрик ком ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд 9 491 890 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгсугай.” гэснийг “... нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58 548 525 төгрөгийг, хариуцагч Электрик ком ХХК-ийн 9 491 890 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “906 185 төгрөгийг” гэснийг “613 442 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 906 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Э.ЗОЛЗАЯА

                       

                                       ШҮҮГЧИД                                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ     

                    

                                                                                                    С.ЭНХТӨР