Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2021/0644

 

  

Б.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч А.Ц, Д.Б нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Б.М-ын нэхэмжлэлтэй, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц, аудитор Д.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр:

“...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн аудитын тухай хууль /2003 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төлбөр тогтоосон захиргааны акт Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц, аудитор Б.Б нарын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/80 дугаар “Төсвийн орлого болгох тухай” актын төлбөрийг хэмжээг 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан шинжээчдийн ажлын хөлс 1.120.000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банкин дахь 100900012005 тоот харилцах дансанд нэхэмжлэгч Б.М-аар төлүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлйин 47.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас  /Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас/ 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож ...” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

“...Нэхэмжлэгч Б.М би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан эрхийнхээ дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг хэрэглээгүй талаар:

Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц, аудитор Д.Б нар нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1/80 дугаар төлбөрийн акт тогтоохдоо эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй нэхэмжлэгч Б.М надад мэдэгдэж, тайлбар, нотлох баримт гаргах эрхээр нь хангаагүй.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль есны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасантай нийцдэггүй.

Захиргааны актын дээрх алдааг хариуцагч нар шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасаар байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт захиргаанд эрх хэмжээ олгогдсон гэж Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасныг тогтоох хэсгийн 1 дэх заалтад хэрэглээгүйд гомдолтой байна.  

Хууль тогтоогчийн батлан мөрдүүлсэн хуулийг шүүх үгүйсгэж, эрх зүйн маргаанд хэрэглэхгүй тохиолдолд хууль батлан мөрдүүлэхийн утга учир алдагдана.

Хоёр. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг буруу хэрэглэсэн талаар:

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Б.М намайг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд томилсон.

Уг тушаалд заасны дагуу нэхэмжлэгч Б.М миний нэг сарын үндсэн цалин 691,610 төгрөг, төрийн болон албаны нууц хамгаалах ажилтны нэмэгдэл нэг сарын үндсэн цалингийн 20 хувь буюу 138,322 төгрөг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон нутаг дахь улсын байцаагчийн ажил хавсарсны нэмэгдэл хөлс үндсэн цалингийн 30 хувь буюу 207,483 төгрөг, байгууллагын хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хоол, унааны хөнгөлөлт нэг сард 33,000 төгрөг.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03 ны өдрийн А/180 дугаар тушаалаар Б.М надад 6 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн. Уг тушаал хүчин төгөлдөр болно.

Уг тушаалын дагуу нэхэмжлэгч Б.М-д надад 6 сарын цалин хөлстэй тэнцэх 6,422,490 төгрөг олгогдохоор байсан хэдий ч тухайн үедээ 3,734,694 төгрөгийг Б.М надад олгож, зөрүү 2,687,796 төгрөгийг цалингийн урьдчилгаанд суутгасан.

Гэтэл Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц, аудитор Д.Бм нар нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1/80 дугаар төлбөрийн акт тогтоохдоо нэхэмжлэгч Б.М надад олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийг цалин хөлс үндсэн цалин, нэмэгдэл хөлс, урамшууллын бүрдлээр бус үндсэн цалингаар тооцож, 2,300.000 төгрөгиин цалингиин урьдчилгаа суутгаагүй гэж үзсэн нь бодит байдалд тохироогүй.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03 ны өдрийн А/180 дугаар тушаалд үндсэн цалингаар бус цалин хөлсний бүрдлээр тооцсон нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор заасныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг буруу хэрэглэсэнд гомдолтой байна.

Бодит байдалд тохироогүй, үндэслэлгүй захиргааны актын улмаас нэхэмжлэгч Б.М би хүчин төгөлдөр захиргааны актад заасан нэг удаагийн буцалтгүй тусламжаас нэгэнт суутгасан цалингийн урьдчилгааг дахин давхардуулан төлөх /суутгах/ өөр болж, үүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

Ийм байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Гурав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зуйлийн 47.2-д заасныг буруу хэрэглэсэн талаар:

Анхан шатны шуухийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шинжээчийн ажлын хөлс 1.120,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М надаар төлүүлэхээр зааж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг буруу хэрэглэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс нэхэмжлэгч Б.М миний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасан тохиолдолд утга агуулгын алдаатай анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх заалтыг хүчингүй болгохыг хүсье. Учир нь төрийн сан бол банк биш.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М миний хариуцагч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц, аудитор Д.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц, аудитор Д.Б нар нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн тайланд шалгалт хийсэн байна.

Ийнхүү 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 1/80 дугаар актаар Нятлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д “эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, удирдах”, Төрийн аудитын тухай хууль /2003 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2-д “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх...,” гэж заасныг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.М-р 2.300.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Учир нь Б.М-д 2.300.000 төгрөгийн цалингийн урьдчилгааг олгосон боловч ажлаас халагдах тэтгэмжээс суутган тооцоогүй, санхүүгийн тайланд авлагаар тусгаагүй зөрчил илэрсэн гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгчээс тус актыг хүчингүй болгуулахаар маргасанд анхан шатны шүүх зөрчил илрүүлсэн үнийн дүнг 100.000 төгрөгөөр бууруулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

1. Хариуцагч нар нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэж, оролцох боломжоор хангах үүрэгтэй.

Гэхдээ энэ тохиолдолд хариуцагч нараас дээрх үүргээ биелүүлсэн болохыг нотлож чадахгүй байх боловч Төрийн аудитын тухай хууль /2003 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх” хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан акт байх бөгөөд шалгалтыг хийх явцад нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн байсан тул нягтлан Б.Н-т мэдэгдэж байсан гэж тайлбарлах ба гэрч Б.Н-ийн өгсөн мэдүүлэгт “...хяналт шалгалт хийх явцдаа акт тогтоох талаар хэлж байсан...” гэх тайлбараас үзвэл захиргааны байгууллагад аудитын шалгалт хийж байхад нэгэнт ажлаас чөлөөлөгдсөн этгээдийг оролцуулаагүй хэмээн хариуцагчийг буруутгах боломжгүй.

Мөн гомдол гаргагч нэгэнт цалин урьдчилгааг авсан учир нөхөн төлөх үүргийн хүрээнд анхан шатны шүүхийн “...сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр нь 1/80 дугаартай актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй...” гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

2. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/180 дугаар тушаалаар Б.М-д үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байгаатай холбогдуулан 6 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгосон. Үүнийг нэхэмжлэгчээс 6 сарын цалин, хөлс 6.422.490 төгрөг бодогдсон ба үүнээс цалингийн урьдчилгаанд 2.687.796 төгрөгийг суутгаж, гарт 3.734.964 төгрөгийг олгосон тул аливаа төлбөрийн үлдэгдэлгүй хэмээн тайлбарлах боловч дараах байдлаар үгүйсгэгдэж байна. 

Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар шинжээчийн дүгнэлтэд “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны А/180 дугаар тушаалыг үндэслэн Б.М-д үндсэн цалинг 6 сараар тооцон нийт 4.149.660 төгрөг бодож үүнээс ХАОАТ-т 414.966 төгрөгийг суутган, 3.734.694 төгрөгийг Б.М-ын 5041056903 тоот дансанд шилжүүлсэн.”, “...4.149.660 төгрөгөөс өөр ямар нэгэн суутгал хийгдээгүй байна...”  гэжээ.

Мөн гэрч Б.Н, Б.Э нарын мэдүүлэг болон анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивт хийсэн үзлэгийн тэмдэглэлд авагдсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 401 дугаартай төлбөрийн хүсэлт зэргээр нэхэмжлэгч нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/180 дугаар тушаалаар 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний  буцалтгүй тусламжид нийт 4.149.660 төгрөг бодогдож, үүнээс ХАОАТ-т 414.966 төгрөгийг суутган, 3.734.694 төгрөгийг шилжүүлэн авсан нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн цалингийн урьдчилгаанд 2.687.796 төгрөгийг суутгасан гэх тайлбар тогтоогдохгүй байна.

Үлдэгдэл төлбөрийн тухайд Б.М нь 2018 онд 2 сард 1.000.000 төгрөгийн, 7 дугаар сард 500.000 төгрөгийн, 8 сарын 8-ны өдөр 300.000 төгрөгийн, 8 сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөгийн, нийт 3.800.000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авсан бөгөөд мөн оны 4 сард 500.000 төгрөг, 7 сард 500.000 төгрөг, 9 сард 600.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөгийг цалингийн урьдчилгааг Б.М-ын цалингаас суутган 2.200.000 төгрөгийн цалингийн урьдчилгаа төлөгдөөгүй хэмээн анхан шатны шүүх дүгнэж, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг тус тус баримтлан маргааны бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 100.000 төгрөгөөр багасгаж шийдвэрлэсэнд хэргийн оролцогчид маргаагүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “...Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03 ны өдрийн А/180 дугаар тушаалд үндсэн цалингаар бус цалин хөлсний бүрдлээр тооцсон нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор заасныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй...” буюу буцалтгүй тусламжииг цалин хөлс үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллын бүрдлээр тооцож, 6 сарын цалин хөлстэй тэнцэх тусламжийг олгох нь зүйтэй гэх боловч тус гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь нэхэмжлэгчээс зөвхөн Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц, аудитор Б.Б нарын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/80 дугаар “Төсвийн орлого болгох тухай” актыг хүчингүй болгуулахаар маргаж байх ба харин Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03 ны өдрийн А/180 дугаар тушаалын тухайд маргаагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийн дагуу маргааныг хянан шийдвэрлэнэ.

Нэгэнт Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03 ны өдрийн А/180 дугаар тушаалаар нэхэмжлэгчид үндсэн цалин хөлсөөс тооцон буцалтгүй тусламж олгосон болох нь нотлогдож байхад тухайн хүчин төгөлдөр захиргааны актыг хариуцагч нар буруу тайлбарлан ойлгосон гэж үзэхгүй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зуйлийн 47.2-д заасныг буруу хэрэглэсэн талаар:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зуйлийн 47.2-т “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ.” гэж зааснаар шүүхийн нөхөн төлүүлэх зардал болох шинжээчийн ажлын хөлсийг хувиарилах хуулийн зохицуулалтыг заасан.

Энэ тохиолдолд анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 195 дугаар захирамжаас үзвэл нэхэмжлэгчээс шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүгчээс шинжээч томилсон, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул шинжээчдийн ажлын хөлс 1.120.000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг хэргийн оролцогчдод хуваарилан нөхөн төлүүлэх нь зүйтэй байжээ.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтаар улсын тэмдэгтийн хураамжийг буруу тайлбарлан хуваарилсан байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно.” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгох байтал анхан шатны шүүх хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байж чадахгүй байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “нэхэмжлэгч Б.М-р төлүүлж” гэснийг “нэхэмжлэгч Б.М-р 610.000 /зургаан зуун арван мянга/, хариуцагч нараар 610.000 /зургаан зуун арван мянга/ төгрөгийг нөхөн төлүүлж” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц, аудитор Д.Б нараас 70200 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгч Б.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА