Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2021/0647

 

  

“АХ” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 624 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу АХ” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс, тус хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 624 дүгээр шийдвэрээр:

“...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.7, 12.5, 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг тус тус баримтлан “АХ” ХХК-иас гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Б.Б нарын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0291416 дугаар шийтгэлийн хуудасны зарим хэсэг болох Ногдуулсан төлбөрийн тооцооны 2, 6 дахь хэсгийн 7,509,011,704 төгрөгийн зөрчилд 601,740,084.40 төгрөгийн нөхөн татвар, 183,801,904.60 төгрөгийн торгууль, 9,277,485.20 төгрөгийн алданги, нийт 794,819,474,20 төгрөгийн дүнг 167,435,330.60 төгрөгөөр багасгаж үлдэх хэсэг болох 601,740,084.40 төгрөгийн нөхөн татвар, 16,366,574 төгрөгийн торгууль, 9,277,485.20 төгрөгийн алданги, нийт 627,384,143.60 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-д заасныг баримтлан гомдол гаргагч “АХ” ХХК-иас гаргасан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0291416 тоот шийтгэлийн хуудсын зарим хэсэг болох борлуулалтын орлогыг 2016 онд 323,891,432.80 төгрөгөөр, 2017 онд 1,417,830,926.70 төгрөгөөр дутуу тооцсон зөрчлийн /Ногдуулсан төлбөрийн тооцооны 3, 8 дахь хэсэг/ хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож ...” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

“... “АХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй татварын улсын байцаагч 0.Б, Б.Б нарын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0291416 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 624 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэгдвэл зохих хуулийн заалтуудыг хэрэглээгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэглээний талаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль зөрчсөн талаар маргасан байхад тухайн асуудалд эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хуулбарлан бичих хэлбэрээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий байх зарчимд нийцсэнгүй.

1. “АХ” ХХК “Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 15”-ын дагуу гэрээний үнээр орлогоо тайлагнасан. Гэрээний үнэ болон орж ирсэн мөнгөн орлого компаний банкны дансны хуулгаар орлогыг нотлож татварын улсын байцаагч нар шалгалт явуулсан байдаг. Гэтэл татварын улсын байцаагч нар ямар нэгэн баримт нотолгоогүйгээр 2016 онд 323.8 сая төгрөгийн, 2017 онд 1,417.8 сая төгрөгийн борлуулалт дутуу тооцсон гэж шийтгэсэн. Хариуцагч ямар нотлох баримтаар дээрхи тоо, мөнгөн дүнг гаргасанаа шийтэл оногдуулсан материалдаа ч шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа ч дурьдаагүй гаргаж өгөөгүй. Бид нотолгоо үндэслэлгүй шийтгэл оногдуулсаныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүхээс энд дүгнэлт хийж хариуцагчаас нотлох баримт шаардаж гаргуулалгүй хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2. Зөрчил төлбөрийн тооцооны 2 болон 6-д Нэмэгдсэн өртгийн албан татварын 558.1 сая төгрөгийн төлбөр ногдуулсан нь дараахь үндэслэлээр үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд: Тус компаний 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт төлөлтийн тайланг шалгаад 613,310,542.9 төгрөгийг төсвөөс буцаан авахаар байсныг улсын байцаагч нар үнэн зөв гэж үзэж Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 230291416 акт үйлдсэн.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.11, 15.12 дэх хэсэгт бусдад төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг улсын төсвөөс буцаан олгохоор журамласан. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулсан актаар 613,3 сая төгрөгийн илүү төтөлттэй байхад 558,1 сая төгрөгөөр бууруулан буруу хасалт хийж улмаар дээрээс нь торгууль алданги ногдуулж шийтгэлийн хуудсаар шийтгэсэн нь татварын улсын байцаагч хуульд заасан журмыг буруу хэрэглэж эрхээ хэтрүүлэн татвар төлөгчийг хохироож алдаа гаргасан гэж үзнэ. Гэтэл энэ асуудалд шүүхийн зүгээс үнэлэлт дүгнэлт хийгээгүй болно.

Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл Албан татварын “0” хувь хэрэглэх, 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна:”, 11.2-д “Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг "0"-тэй тэнцүү байна.” 7.1.3-д “Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ.” гэж тус тус заасан.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцно” гэсэн заалтын дагуу экспортод гаргасан төмрийн баяжмалд "0" хувиар татвар ногдуулж, бусдад төлсөн 558.1 сая төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар хасч тайлагнасан нь хууль зүйн үндэслэлтэй байсан юм.

Гэтэл татварын улсын байцаагч нар шийтгэлийн хуудсаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д “ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн” 12.5-д “Энэ хуулийн 12.1.7-д заасан экспортод гаргасан ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, кодыг Засгийн газар тогтооно”, 14 дүгээр зүйлийн 14.9-д “Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно” гэж заасныг тус тус үндэслэн 558,1 сая төгрөгийн бусдад төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохгүй гээд дээр нь алданги торгууль нэмж ногдуулсан болно.

Хууль тогтоогчоос Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зохицуулалтаар уул уурхайн түүхий эдийг боловсруулж, нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортлох үйл ажиллагааг дэмжих зорилгоор "0" хувь хэрэглэх, хасалт хийж буцаан олгохоор журамласан байхад татварын алба Засгийн газрын 2015 оны 502 дугаар тогтоолын хавсралтыг баримтлан 80 хувийн агуулгад хүрээгүй гэх шалтгаанаар манай компанийн 68 хувийн агуулгатай “нэмэгдсэн өртөг шингэсэн” төмрийн баяжмалыг уул уурхайн “экспортлосон” бүтээгдхүүн биш гэж үзэн бусдад төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг хасалт хийх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь нэгэнт хуулиар зохицуулсан харилцааг хууль баримтлан шийдвэрлээгүй гэж үзнэ.

Иймд хууль буруу хэрэглэж хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр татвар ногдуулж, төсөвөөс буцаан авалт хийх мөнгөн хөрөнгийг нь үгүйсгэн багасгаж, алданги торгууль ногдуулсан татварын улсын байцаагч нарын шийтгэх хуудаст хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийвэрлэж чадаагүй анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 624 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хянаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч “АХ” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Б.Б нарын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0291416 дугаар шийтгэлийн хуудасны зарим хэсгийг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гарган маргаж байх бөгөөд шаардлага тус бүрд ангилан дүгнэвэл:

1. Ногдуулсан төлбөрийн тооцооны 3, 8 дахь хэсгийн тухайд:

Анхан шатны шүүх шийтгэлийн хуудсын зарим хэсэг болох Ногдуулсан төлбөрийн тооцооны 3, 8 дахь хэсэг “борлуулалтын орлогыг 2016 онд 323,891,432.80 төгрөгөөр, 2017 онд 1,417,830,926.70 төгрөгөөр дутуу тооцсон” зөрчлийг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг баримталсан нь буруу болжээ.

Учир нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно.”, 47.19-д “Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй.” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгжээс татварын байцаагчийн гаргасан актыг эс зөвшөөрвөл холбогдох маргаан таслах зөвлөлд зайлшгүй 30 хоногийн дотор хандаж урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хянуулсны дараагаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахаар зохицуулсан.

Гэтэл гомдол гаргагчаас Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргахдаа Ногдуулсан төлбөрийн тооцооны 2, 6 дахь хэсэгт заасан зөрчлийг үндэслэлгүй хэмээн маргасан байх ба харин 3, 8 дахь хэсэгт заасан зөрчилтэй холбоотойгоор гомдол гаргаагүй, мөн Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолоос үзвэл маргаан бүхий шийтгэлийн хуудасны хавсралт дахь Ногдуулсан төлбөрийн тооцооны зөвхөн 2, 6 дахь хэсэгт заасан зөрчлийн талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байх тул гомдол гаргагч шийтгэлийн хуудсын Ногдуулсан төлбөрийн тооцооны 3, 8 дахь хэсэгт холбогдуулан гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, энэ талаар гомдол гаргах журмаар хандах эрхгүй болсон байна.

Ийнхүү нэгэнт гомдол гаргагчаас Ногдуулсан төлбөрийн тооцооны 3, 8 дахь хэсэгтэй маргах хугацаа хэтэрсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа тохиолдолд давхар мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шаардлагагүй тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “54.1.3” гэснийг хасаж шийдвэрлэлээ.

2. Ногдуулсан төлбөрийн тооцооны 2, 6 дахь хэсгийн тухайд:

Анхан шатны шүүхээс тус шийтгэлийн хуудсын зарим хэсэг болох Ногдуулсан төлбөрийн тооцооны 2, 6 дахь хэсгээр оногдуулсан нийт 725,553,099.30 төгрөгийн дүнг нэгэнт Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолоор 167,435,330.60 төгрөгөөр багасгаж шийдвэрлэсэн учир гомдол гаргагчаас маргаагүй байхад мөн дүнгээр багасгаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа болжээ.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлйин 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүх гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэнэ.

Гомдол гаргагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсын хавсралтын 2, 6 дахь хэсгийг эс зөвшөөрч гаргасан гомдлын шаардлагаа “Нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх татвараас хасч тооцсон зөрчилд тооцсон 558,117,768.67 төгрөгийг хассаныг хүчингүй болгуулах” хэмээн маргаж байхад анхан шатны шүүх тус зөрчлийн нөхөн татвар /хохирол/-т 167,435,330.61 төгрөгийн торгууль оногдуулсныг хасаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл гомдол гаргагчаас зөвхөн дээрх 558,117,768.67 төгрөгийг хүчингүй болгуулахаар маргасан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлсэн дүгнэлт хийж, маргаагүй төлбөрийн дүнг багасгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

Харин нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх татвараас хасч тооцсон зөрчилд тооцсон 558,117,768.67 төгрөгийн тухайд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн.

Тодруулбал Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг "0"-тэй тэнцүү байна.”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна” гээд 12.1.7-д “ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн” гэж заасан бөгөөд үүнд гомдол гаргагч “АХ” ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж экспортод гаргадаг бүтээгдэхүүн хамаарах тул 558,117,768.67 төгрөгийг Нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх татвараас хасч тооцсон зөрчилд тооцох нь зүйтэй хэмээн гомдол гаргагчаас тайлбарлаж байна.

Гэтэл дээрх хуулийн 12.5-д “Энэ хуулийн 12.1.7-д заасан экспортод гаргасан ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, кодыг Засгийн газар тогтооно” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2015 оны 502 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтын 11-д Төмрийн хүдрийг шууд ангижруулах замаар гаргаж авсан төмөрлөг бүтээгдэхүүн нь “Баяжуулсан хүдрээс гаргаж авсан хорголжин болон тэдгээртэй адил төст хэлбэртэй бүтээгдэхүүн (80 хувиас дээш металл төмрийн агуулгатай) байх”-аар зохицуулсан.

Гаалийн ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01-2/1529 албан бичгээр ирүүлсэн баримтаас үзэхэд гомдол гаргагчийн 2016-2017 онд экспортод гаргасан төмрийн баяжмал нь 51-67.57 хувийн агуулгатай болох нь нотлогдож байх тул анхан шатны шүүхийн “... “АХ” ХХК-ийн экспортод гаргасан төмрийн баяжмал нь хуулийн дээрх заалтад хамаарахгүй...” буюу албан татварын тэг /"0"/ хувь хэрэглэх нөхцөлд хамаарахгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэдийгээр гомдол гаргагчаас давж заалдах гомдолдоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.3-д “Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ.” гэж зааснаар албан татварын "0" хувь хэрэглэх ба мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцно” гэж зааснаар албан татварыг хасч тооцох ёстой гэж тайлбарлаж байх боловч давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд дээрхээс илүү тусгайлсан зохицуулалт болох “Албан татварын тэг "0" хувь хэрэглэх” тухай 12 дугаар зүйлийг зохицуулсан бөгөөд экспортод гаргасан ямар бараа бүтээгдэхүүнд албан татварын "0" хувь хэрэглэх талаар тусгайлан нэрлэсэн, үүнд ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн байхаар заасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “... хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан ... заалтыг хэрэглэнэ” гэх хэм хэмжээний актын илүү нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх зарчмын үүднээс тайлбарлавал энэ тохиолдолд гомдол гаргагчийн үндэслэж буй ерөнхий зохицуулалт хамаарахгүй.

Ийнхүү нэгэнт гомдол гаргагч “АХ” ХХК-ийн явуулсан үйл ажиллагаа нь "0" хувь хэрэглэх албан татвар ногдох бүртээгдэхүүнд хамаарахгүй байхад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д “Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно” гэж зааснаар 2016-2017 онд татварын тайлангаа хуульд заасан журмыг зөрчиж мэдүүлсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагч татварын байцаагч нарын шийтгэлийн хуудас үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Мөн гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс хариуцагч нь нотолгоо үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан, энэ талаар шүүхээс баримт цуглуулж бүрэн тогтоогоогүй хэмээн давж заалдах гомдолдоо тайлбарлаж байх боловч хэрэг авагдсан баримтууд, татварын хяналт шалгалтын анхан шатны баримтууд болон, зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны баримтуудаар гомдол гаргагч нь хууль зөрчсөн болох нь бүрэн тогтоогдож байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримтуудыг анхан шатны шүүх бүрэн цуглуулсан байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Ийнхүү дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 624 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.7, 12.5, 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг тус тус баримтлан “АХ” ХХК-иас гаргасан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Б.Б нарын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0291416 дугаар шийтгэлийн хуудасны зарим хэсгийг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтаас “54.1.3” гэснийг хасаж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгч давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн  захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА