Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2021/0657

 

“ЗЕ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 593 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.В-ийн давж заалдах гомдлын дагуу “ЗЕ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 593 дугаар шийдвэрээр:

“...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлан “ЗЕ” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ....” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.В давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 593 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1. Шүүх хуулийг буруу тайлбарласан тухайд:

Шүүхийн шийдвэрийн 15 дахь тал үндэслэх хэсэгт “40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг “... нэхэмжлэгч компани нь ашиглах эрх авсан газраа хашаалснаас өөрөөр аялал жуулчлалын зориулалтаар аливаа үйл ажиллагаа явуулаагүй, төсөл хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаа явуулахтай холбоотой гэрээ хэлцэл байгуулаагуй, зураг төсөл боловсруулаагүй, эрх бүхий этгээдээр аливаа зураг төсөл батлуулаагүй, техникийн нөхцөл аваагүй ...” гээд газар ашиглах эрх олгогдох үед газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугамын байгууламжийг зөөснийг гэрээнд заасан аялал жуулчлалын зориулалтаар газраа ашигласан гэж үзэхгүй.

Ашиглах эрх авахдаа цахилгаан дамжуулах агаарын шугам бүхий газрыг авч шугамын байршлыг шилжүүлэн зөөх байдлаар газраа зориулалтын дагуу ашиглахад бэлдсэн хэрэг болохоос зориулалтын дагуу ашиглаж буй хэрэг биш, түүнчлэн энэ нь гэрээнд заасанчлан аялал жуулчлалын зориулалтаар ашиглах урьдач нөхцөл бүрдүүлж буй хэрэг биш юм.” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

“ЗЕ” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 1.250.000 төгрөг, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.

Газрын төлбөрийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16/1111 дугаартай шүүхэд ирүүлсэн албан бичгээр 2016-2020 онд нийт 15.893.622 төгрөг төлсөн. Газрын нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар тогтоолгосон. 2016 онд газар ашиглах эрх авч, газар ашиглах гэрчилгээ, гэрээ байгуулсан.

2017 онд хашаа барьж, “УЦТТ” ТӨХК-д хүсэлт өгч, 0698/2018 техникийн нөхцөл авсан, 2019 онд өндөр хүчдэлийн шугам зөөвөрлөж барилгын ажил гүйцэтгэсэн. Аялал жуулчлалын зориулалтаар байгууламж барих, төслөө хэрэгжүүлэхэд тухайн өндөр хүчдэлийн шугам нь хамгаалалтын зурвастай байдаг бөгөөд Эрчим хүчний тухай хуулиар хориглосон байдаг тул зөөвөрлөх нь төслийг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг гэж үзэж байна.

“ЗЕ” ХХК-ийн зүгээс төслөө боловсруулан хөрөнгө оруулагч нартай холбогдож байсан бөгөөд Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний буюу газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж зохицуулсанчлан 2020 оноос Дэлхий нийтээр ковид-19 цар тахал гарсны улмаас эдийн засаг, бизнес, аливаа үйл ажиллагаа зогсонги байдалд орж компаниас шалтгаалахгүй нөхцөл байдал үүсэж, хөрөнгө оруулагч тал БНСУ-аас ирж чадаагүй юм.

Дээрх зураг төсөл боловсруулах, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулах, гэрээ байгуулах, ажил гүйцэтгүүлэх зэргээр үйл ажиллагаа явуулсан байхад үйл ажиллагаа явуулаагүй гэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий актад дурдсан “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан хугацаанд зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, 27 дугаар зүйлийн 27.1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэсэн заалтуудад шүүх дүгнэлт гаргаагүй байна.

2. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон зохицуулалтыг шүүх буруу үнэлсэн.

Тухайлбал, тушаалын үндэслэлд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/4670 тоот албан бичгээр газрын төлбөр төлөөгүй 122 иргэний газар ашиглах эрхийг хүчингүй болгуулахаар ирүүлсэн жагсаалтад “ЗЕ” ХХК ороогүй байна.

Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11-3/5988 тоот албан бичгийг үндэслэл болгон цуцалсан боловч шүүхэд ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 11-3/4821 дугаартай албан бичигт “ЗЕ” ХХК-ийн нэр тусгагдаагүй, мөн тус газраас шүүхэд нотлох баримтаар 2021 оны 09 дугаар сарын 08-ны 11/6390 “ЗЕ” ХХК-д холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй байна.

Маргаан бүхий захиргааны актын газар ашиглах эрхийг цуцлахаар үндэслэл болсон дээрх албан бичгүүдэд “ЗЕ” ХХК огт тусгагдаагүй байхад шүүх үүнийг үндэслэсэн, тушаалын үндэслэл болгосон хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн маргаан бүхий тушаалын тогтоох хэсэгт “иргэн аж ахуйн нэгжид хүргүүлсэн мэдэгдлийн дагуу ” гэх тухайд: Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасанчлан захиргааны байгууллага цуцлах тухай компанид мэдэгдээгүй байхад энэ талаар шүүх дүгнэлт гаргаагүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хийсэн үзлэгээр “Маргаан бүхий газар саарал гелмен төмрөөр хашаалагдсан, өргөн-25м, урт нь 100 м газар байна. Хашаан дотор байрлаж байсан өндөр хүчдэлийн 4 ширхэг шонг замын баруун урагш зөөсөн” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар үйл ажиллагаа явуулсан нь үзлэгээр, зургаар нотлогдож байхад шүүх үнэлээгүй. Аялал жуулчлалын зориулалтаар байгууламж барихад газар дээрээ хашаа барьж, өндөр хүчдэлийн шугамыг зөөвөрлөх хүсэлтээ “УЦТТ” ТӨХК-д 2017 онд өгч, 0698/2018 дугаартай техникийн нөхцөл гаргуулан түүний дагуу 2018 онд зураг хийлгэн 2019 онд шугамыг зөөвөрлөсөн. Зураг дээр өндөр хүчдэлийн шугам нь эрчим хүчний барилга байгууламжид хамаарч буй тул “барилгын ажил эхлүүлэхэд Нийслэлийн Захирагчийн ажлын алба хяналт тавьна” гэсэн байна.

“ШЗ” ХХК мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулах ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан ч шүүх нотлох баримтыг үнэлээгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтад “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах”, 121.2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч “ЗЕ” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд байрлах 0,25 га талбай бүхий газар ашиглах эрхийг цуцалсныг нэхэмжлэгч “ЗЕ” ХХК эс зөвшөөрч маргаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, дүгнэн захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэх тухай дүгнэх замаар хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагаа, маргаан бүхий дүгнэлт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримтыг цуглуулах бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэнэ.

Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй эсэх тухайд маргааны гол үйл баримт оршиж байх боловч анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг дутуу бүрдүүлсэн байна гэж үзлээ.

Учир нь хэрэгт маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар хүчингүй болгосон гэх “ЗЕ” ХХК-ийн газар ашиглах эрх олгосон тушаал авагдаагүй бөгөөд үүнээс маргаан бүхий газрын ашиглах зориулалтыг тодруулах ач холбогдолтой бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ковид-19 цар тахлын улмаас Бүгд Найрамдах Солонгос улсад хөл хорионд амьдарч байсан хэмээн тайлбарласан ч энэ нь хүндэтгэн үзэх нөхцөл мөн эсэх тухайд шүүх нотлох баримт цуглуулж, дүгнэлт өгөх шаардлагатай.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэгт гэрээ хийгдсэн өдрөөс хойш 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй  буюу барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгох тул анхан шатны шүүхийн “...цахилгаан дамжуулах агаарын шугам бүхий газрыг авч шугамын байршлыг шилжүүлэн зөөх байдлаар газраа зориулалтын дагуу ашиглахад бэлдсэн хэрэг болохоос зориулалтын дагуу ашиглаж буй хэрэг биш...” гэх дүгнэлт буруу болжээ.

Учир нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан тайлбар болон шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хийсэн газрын үзлэг зэргээр нэхэмжлэгч ЗЕ” ХХК нь маргаан бүхий газарт төмөр хашаа хийсэн, хашаа ба дотор байрлаж байсан өндөр хүчдэлийн 4 шонг замын баруун урагш зөөж байрлуулсан үйл баримтууд тогтоогдож байх ба энэ нь газар ашиглах зориулалтад хамаарч буй газраа зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай үйл ажиллагаа мөн эсэхийг тодруулалгүйгээр шууд дүгнэн шийдвэрлэсэн нь эргэлзээтэй үр дагаврыг бүрдүүлж байна.

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “...хүндэтгэн үзэх шалтгаанаар газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан болохоо нотлоогүй...” хэмээн тайлбарласан боловч нэхэмжлэгчээс Бүгд Найрамдах Солонгос улсаас хөрөнгө оруулагч нар дэлхий дахинд учирсан цар тахлын улмаас ирж чадаагүй, санхүүжилт авах гэрээ хэлэлцээр хийж байсан гэх тайлбартай холбогдуулан нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай байсан ба энэ нь нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарыг нотлох ач холбогдолтой байсан гэж үзлээ.

Үүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй.

Гэтэл маргаан бүхий актаар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/4670 болон Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11-3/5988 тоот албан бичгийг үндэслэл болгон газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй аж ахуй нэгжүүдийн газар эрхийг цуцалж шийдвэрлэсэн байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар дээрх албан бичиг, мэдэгдлүүдэд дурдагдсан иргэн, аж ахуй нэгжийн жагсаалтад нэхэмжлэгч “ЗЕ” ХХК-ийн нэр тусгагдаагүй болох нь нотлогдож байна.

Иймд хариуцагчаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан эсэхийг тодруулах нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг нотлох ач холбогдолтой учир хариуцагчаас ямар нөхцөл байдал тогтоогдсоны үндсэн дээр шийдвэр гаргасан талаарх баримтуудыг цуглуулах шаардлагатай байжээ.

Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд хэрэгт авагдсан “Газрын төлбөр тооцоо нийлсэн акт” баримтаар нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл газрын төлбөрийн үлдэгдэлгүй байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон маргаан бүхий актын холбогдох хэсэгт хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 593 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА