Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 327

 

 

 

 

 

 

 

  

    2020            05           26                                        2020/ШЦТ/327                                 

                                                                                                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Н.Нарангэрэл,

шүүгдэгч Ж.Б,

нарийн бичгийн дарга М.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-гийн Б-д холбогдох эрүүгийн 17100 0248 0205 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн нийт 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, баривчлах ялыг биеэр эдэлж байгаад 2005 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

- Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 

- Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг биеэр эдэлж байгаад 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,  

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 984 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 412 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ж.Бгийн эдлээгүй үлдсэн 03 жил 06 сар 11 хоногийн хорих ялаас 02 жилийн хорих ялыг өршөөн хассан, улмаар мөн шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 93 дугаар шүүгчийн захирамжаар Ж.Бгийн эдлээгүй үлдсэн 09 сар 21 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 93 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 09 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсанаас эдлэээгүй үлдсэн 01 сар 05 хоногийн хорих ялыг 240 цаг албадан ажил хийлгэх ялаар тооцон нэмж Ж.Бгийн биечлэн эдлэх ялыг нийт 710 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял гэж тогтоож, 12 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж, 698 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй гэх,   

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 638 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 11 сар 09 хоногийн хорих ялыг эдэлж, 01 жил 21 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй гэх, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж-гийн Б- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны 4 дүгээр орцны подвальд оршин суух П.Гийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орон байранд нь нэвтрэн орж, Sony маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, П.Гт бага хэмжээнээс дээш буюу 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

1. Шүүгдэгч Ж.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Одоо надад шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй байна. Би хоригдож байгаа учир хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлөөгүй. Би тухайн үед хохирогчийн гэрээс зурагтыг нь авч гараад, таксинд суухад таксины жолооч надад зарах уу гэхээр нь 100.000 төгрөгөөр зарчихсан. Одоо хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 17100 0248 0205 дугаартай хэргээс:

 

1. Хулгай орсон гэх Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны 4 дүгээр орцны подвальд үзлэг хийсэн тухай 2017 оны 7 сарын 29-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 03-04х, 07-09х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Гийн хохирогчоор өгсөн:

“...2017 оны 7 сарын 26-ны өдөр би нөхөр, хүүхдийн хамтаар Увс аймгийн Өндөрхангай сум явсан. Гэтэл 2017 оны 7 сарын 29-ний өдөр манай хадам ээж Д.Нарантуул “танай гэрт хулгай ороод, зурагт алдагдсан байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар 2017 оны 8 сарын 06-ны өдөр гэртээ ирэхэд манай зурагтыг Б гэж хүн хулгайлсан байна гэж хэлсэн.

2014 оны 10 сард манай нөхөр Г.Эрдэнэ-Уул уг зурагтыг 900.000 төгрөгөөр худалдан авч байсан. Содон зүйл байхгүй, нүүрэндээ жаахан зурагдсан байгаа. Би одоо тухайн худалдаж авсан мөнгөөрөө буюу 900.000 төгрөгөөр үнэлж байна. ...Би гомдолтой байна, зурагтаа олж авах хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Нарантуулын гэрчээр өгсөн:

“...Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны 4 дүгээр орцны подвальд манай хүү Г.Эрдэнэ-Уул, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Манай хүүхдүүд 4 хоногийн өмнө хөдөө явсан болохоор би гэрийг нь эргэж тойрч байгаа юм. Өчигдөр би 18 цаг 40 минутын үед гараад, айлд үсний найранд очсон. Тэгээд тэндээ хоноод өнөөдөр 12 цагийн орчим ирэхэд хаалганы цоожны цүү нь эвдэрсэн байсан. Намайг дотогш ороход зурагт нь алга болсон байхаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

Алдагдсан зурагтын марк, үнэ зэргийг нь мэдэхгүй, хар өнгийн, хавтгай дэлгэцтэй зурагт байсан. Орцны үүдэнд камер байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Энхбаярын гэрчээр өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Саарлын 8 дугаар байранд байрлах Баянбулаг СӨХ-д нярав байцаагчийн ажил хийдэг юм. ...Би тухайн зурагтны хулгайн талаар санаж байна. 2017 оны 7 сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагаас нэг хүн ирж СӨХ-ийн хяналтын камерийн бичлэгийг шүүж байгаад явсан. Тэгээд 4 дүгээр орцны подвальд амьдардаг Нарантуулын гэрт хулгайч орж, зурагт алга болсон гэж хэлсэн. Нарантуул нь хуучин манай байрны жижүүр Ганчимэгийн хадам ээж байсан болохоор би сайн санаж байна. Тухайн үед камер шүүхэд нэг л цагдаа ирсэн, тэгээд би байсан, өөр хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 90-91х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Батаагийн гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 9 дүгээр сар хүртэл Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байгаад, өөрийн хүсэлтээр төрийн албанаас гарч одоо эрхэлсэн тодорхой ажилгүй байна. 2017 оны 7 сарын 29-ний өдөр миний санаж байгаагаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Саарлын 9 дүгээр байрны подвальд хулгайч орсон гэх дуудлагын дагуу очиж, тухайн байрны СӨХ рүү орж хяналтын камерийн бичлэг шүүж байгаад нэг сэжигтэй этгээдийн бичлэг олоод, өөрийн гар утсан дээр бичиж авсан. 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв орчмоор архи уудаг, тэнэмэл 2 хүнд тухайн бичлэгийг харуулахад энэ хавиар мөн архи уудаг Б гэдэг хүн байна гэж хэлж байсан. Ингээд тухайн үед би илтгэх хуудас болгон бичиж байсан. Тэгээд нөгөө 2 хүнээс тухайн өдрөө мэдүүлэг авахаар надад хэлсэн утасны дугаарууд руу залгахад холбогдох боломжгүй байсан, мөн надад өөрсдийн нэрсээ худал хэлсэн байна лээ. Тэгээд тэр өдрөөс хойш 4 хоногийн дараа камерийн бичлэгийг хуулбарлаж авах гээд очиход бичлэг нь устсан байсан ба 3 хоног л хадгалагддаг гэж байсан. Харин тухайн үед миний барьж байсан гар утас вирусдэж, бичлэг болон зураг гэх мэт утсан дээр байсан бүх зүйл устсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 93х/,

 

6. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Х-391 дугаартай:

“...үнэлэгдэж буй Sony маркийн 39 инчийн зурагтыг...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 8 сарын 06-ны өдрийн байдлаар үнэлж үнэлгээг 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөг” гэж тогтоосон хохирогч П.Гийн гэрээс алдагдсан эд зүйлсийг үнэлсэн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 31-33х/,

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3в/5544 дугаар, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3в/111 дугаар албан тоот баримт /хэргийн 119х, 123х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Бгийн яллагдагчаар өгсөн:

“...Ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 7 сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байх гэрт зүс таних Нарантуул гэх эмэгтэйн хамт орсон юм. Тэгээд Нарантуул шартаад байна, архи байна уу гэхээр нь би гарч 0.33 литрийн савалгаатай архи авч ирээд хувааж ууж дуусгасан ба дахин 0.5 литрийн савалгаатай архи авч ууцгаасан юм. Би гэрлийн патроныг нь сольж өгөөд гэрээс нь гарч явсан. Тэндээсээ гараад ойролцоо байдаг дугуй засварын ажлаа хийх гээд очиход дугуй засварын газрын эзэн нь намайг архи уусан байна, өнөөдөр ажиллуулахгүй гээд буцаасан. Ингээд би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Саарлын 7 дугаар байранд байдаг найз Содхүүгийн гэрт очиж дахин архи ууж байгаад унтсан байсан. Тэндээ хэсэг байж байгаад оройхон 21 цагийн үед Нарантуулын гэрт очиход хүн байхгүй байсан. Би халаасандаа авч явсан төмөрөөр гэрийн цоожийг хөшиж эвдээд, гэрт нь орж зурагтыг нь авсан. Гэрт нь байсан бүтээлгэнд ороогоод авч гарсан. Ингээд уг зурагтыг зарах уу гэж замын хүн асуухаар нь 100.000 төгрөгөөр зарчихсан ба олсон мөнгөөрөө архи ууж дуусгасан. Би хулгай хийсэндээ их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 111-112х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 116х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 24х, 69х/, шүүхийн шийтгэх тогтоол, ялаас өршөөн хасах тухай, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт баримтууд /хэргийн 53-55х, 56-57х, 58-60х, 62-64х, 65-66х, 67-68х, 96-99х, 127-129х, 130-134х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Бгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны 4 дүгээр орцны подвальд оршин суух П.Гийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орон байранд нь хууль бусаар нэвтрэн орж, Sony маркийн 39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч П.Гийн эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш буюу 630.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.  

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар авч, өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм. 

 

Түүнчлэн хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааж хуульчилсан. 

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны 4 дүгээр орцны подвальд оршин суух П.Гийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орон байранд нь нэвтрэн орж, Sony маркийн 39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, улмаар уг зурагтыг бусдад зарж борлуулан мөнгийг нь өөрийн хувийн хэрэгцээгээ хангаж захиран зарцуулж ашигласан болох нь тогтоогдсон ба түүний гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг шинжийг бүрэн агуулсан байна.

 

Хэргийн шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.     

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Бг шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч П.Гийн эд хөрөнгөд нийт 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээчийн /хэргийн 31-33х/ үнэлгээний тайлан дүгнэлтээр тогтоогдсон, эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй байна. 

 

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Ж.Бгаас 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Пүрэвжавын Ганчимэгт олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хэргийн шүүгдэгч Ж.Б нь урьд хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 24х, 69х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /53-55х, 56-57х, 58-60х, 62-64х, 65-66х, 67-68х, 96-99х, 127-129х, 130-134х/, суллагдсан хүмүүст  олгодог тодорхойлолт баримтаар тус тус тогтоогдсон.

 

Шүүх, шүүгдэгч Ж.Бд эрүүгийн харуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар Ж.Бг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалт, 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан тус тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 710 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 698 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож 87 хоногийн хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 638 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 21 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 03 /гурав/ жил 03 /гурав/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь 2019 оны 12 сарын 24-ний өдрөөс 2020 оны 5 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр тус тус нийт 152 /нэг зуун тавин хоёр/ хоног цагдан хоригдсон байх тул “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх хугацаанд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний цагдан хоригдсон 152 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. /хэргийн 124х, 137х/

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                                 ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ж-гийн Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ж.Бг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалт, 6.9 дүгээр зүйлд заасныг тус тус журамлан Ж.Бд энэ тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсанаас эдлээгүй үлдсэн 698 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцсон 87 хоногийн хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 638 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 21 хоногийн хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэн, Ж.Бгийн биечлэн эдлэх ялыг нийт 03 /гурав/ жил 03 /гурав/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар хорих ял гэж тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Бд оногдуулсан 03 /гурав/ жил 03 /гурав/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Бгийн цагдан хоригдсон 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Ж.Бгаас 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны 4 дүгээр орцны подвальд оршин суух, /РД:ОК85071301/, Бухынхан овогт Пүрэвжавын Ганчимэгт олгосугай.

 

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай. 

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ж.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             С.БАЗАРХАНД