Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 475

 

Ж.Б-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нарангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 383 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр Ж.Б-д холбогдох эрүүгийн 1710002480205 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Ж.Б-, 1978 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар нийт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

            - Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2005 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар,

            - Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 984 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 412 дугаартай шүүгчийн захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 3 жил 6 сар 11 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 1 жил 6 сар 11 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба мөн шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 93 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 93 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсанаас эдлээгүй үлдсэн 1 сар 5 хоногийн хорих ялыг 240 цаг албадан ажил хийлгэх ялаар тооцон нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 710 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосноос 12 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж, 698 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй гэх,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 638 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, үүнээс 1 жил 3 хоногийн хорих ялыг эдэлж, 11 сар 27 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй гэх,

            Шүүгдэгч Ж.Б- нь 2017 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны 4 дүгээр орцны подвальд оршин суух П.Ганчимэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Sony” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...шүүгдэгч Ж.Б-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 638 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн ба түүнд өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 698 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгээгүй орхигдуулсан байна. Дээрх шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар шүүгдэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн. Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор ялыг нэгтгэх журам нь хүчин төгөлдөр үйлчилж буй 2015 оны Эрүүгийн хуулиар зохицуулагдаагүй. Ж.Б-д холбогдох эрүүгийн 1710002480205 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлэхээс өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах” хуульд заасан үндэслэл байгаа эсэхийг прокурор мөн хуулийн 41.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлүүлэлгүй хэргийг шүүхэд ирүүлсэн нь шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан хэрэглэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэх ба шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор О.Алтангэрэл тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “...анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байхад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, хэргийг прокурорт буцаасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн өөрчлөлт орсны дагуу Ж.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ... эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу Ж.Б-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 698 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр өөрөөр хэлбэл хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр шийдвэрлэж болно. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

            Прокурор Н.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Ж.Б-г 2017 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны 4 дүгээр орцны подвальд оршин суух П.Ганчимэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Sony” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 630.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...шүүгдэгч Ж.Б-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 638 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн ба түүнд өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 698 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгээгүй орхигдуулсан байна. Дээрх шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар шүүгдэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн. Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор ялыг нэгтгэх журам нь хүчин төгөлдөр үйлчилж буй 2015 оны Эрүүгийн хуулиар зохицуулагдаагүй. Ж.Б-д холбогдох эрүүгийн 1710002480205 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлэхээс өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах” хуульд заасан үндэслэл байгаа эсэхийг прокурор мөн хуулийн 41.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлүүлэлгүй хэргийг шүүхэд ирүүлсэн нь шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан хэрэглэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэх ба шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар энэ хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт орсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хүчингүй болгох дараах үндэслэл тогтоогдов.

Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч Ж.Б- урьд 2001, 2005, 2008, 2009, 2014, 2017, 2019 онуудад хүний амь бие, эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг үйлдэж нийт 7 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 638 дугаартай шийтгэх тогтоолоор 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 71 дүгээр байрны В1 давхарт байрлах иргэн П.Энхмаагийн гэрт нэвтэрч, 41 инчийн “LCD” зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 252.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Гэвч ийнхүү шийдвэрлэхдээ, өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 698 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгээгүйгээс гадна, уг шийтгэх тогтоол гарсны дараа түүнийг 2017 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны 4 дүгээр орцны подвальд оршин суух П.Ганчимэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Sony” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулж эрүүгийн 1710002480205 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа нөхцөл байдал тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, Ж.Б-гийн энэхүү гэмт үйлдэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 638 дугаартай шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй байсан байна.

Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журам 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан 2015 оны Эрүүгийн хуулиар зохицуулагдаагүй.

Тодруулбал, энэ хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/-ийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэснээс үзвэл хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилсан байсан.

Харин шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулсан байсныг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж өөрчлөн найруулжээ.

Ингэснээр шүүгдэгч Ж.Б-д нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох, хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх боломжтой болсон тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон Ж.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 383 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ж.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2.  Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Ж.Б-д урьд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.   Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                             ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                             ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН