Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 306

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийж, “Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Татварын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” ******* дүгээр актаар “Ү” ХХК-ийн 359,664,680.00 төгрөгийн зөрчилд ногдох 35,966,468.00 төгрөгийн нөхөн татвар, 10,789,940.40 төгрөгийн торгууль, 17,770,759.50 төгрөгийн алданги, нийт 64,526,767.89 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч М.А, Ш.Э нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ц.Ц, хариуцагч Ш.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, иргэдийн төлөөлөгч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ү” ХХК-ийн захирал Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын баталсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу татварын улсын байцаагч М.А, Ш.Э нар “Ү” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд шалгалт хийж, нийт 773,124,353.00 төгрөгийн зөрчилд 77,752,938.00 төгрөгийн татварын өр, төлбөрийг банкнаас гаргуулахаар татварын улсын байцаагчийн ******* тоот актыг тавьсан. Уг актыг банкны зүгээс эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. 

Татварын маргаан таслах зөвлөл нь бидний гомдлыг хянаж үзээд харилцагчдад өгсөн бэлэг дурсгалын зардал болох 9,871,400.00 төгрөгийн зөрчилд ногдох 987,140.00 төгрөгийн нөхөн татвар, 296,142.00 төгрөгийн торгууль, 493,570.00 төгрөгийн алданги нийт 1,776,852.00 төгрөгийн төлбөрийг хасч үлдэгдэл 763,252,953.00 төгрөгийн зөрчилд 75,976,086.80 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Банкны зүгээс уг шийдвэрээр тогтоосон төлбөрөөс 214,740,822 төгрөгт ногдуулсан “татвараа хугацаанд нь төлөөгүйд тооцсон хүү, торгууль, алданги” болох 7,811,929.20 төгрөгийг хүлээн зөвшөөрч мөн харилцагч нарт зориулан зарлагдсан 446,653.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 44,665.30 төгрөгийн нөхөн татвар, 13,400.90 төгрөгийн торгууль, 22,332.65 төгрөгийн алданги нийт 7,892,328.05 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөр болох 68,083,758.75 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул татварын улсын байцаагчийн ******* тоот актаар:

1. “Ч б х” ТББ-тай байгуулсан Ажил гүйцэтгэх АГГ-10/05 дугаар гэрээгээр 37,536,250.00 төгрөг, “М д х” ТББ-тай байгуулсан АГГ-13/04 дугаар гэрээгээр 246,000,000 төгрөг нийт 283,536,250.00 төгрөгийг олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, мөн түүнчлэн хаврын гоёл наадам, олон улсын загварын шоуны үеэр банкыг сурталчлах ажлыг гүйцэтгэхэд шилжүүлсэн төлбөр байна гэж дүгнэсэн мөртлөө “Ажил гүйцэтгэх гэрээг” дүгнэсэн актаас харахад олон улсын болон дотоодын уралдаан тэмцээн, загварын шоунд “Ү” ХХК нь “Ивээн тэтгэгч” байгууллагаар оролцсон байна. 

Гомдол гаргагчийн зар сурталчилгааны зардал нь анхан шатны баримтаар нотлогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Мөн холбооны шугам нийлүүлэх ХХАГ-07/13 дугаар гэрээгээр худалдагч талд 1,400,000.00 төгрөг шилжүүлж худалдан авалт хийсэн байхад “Ү ХХК нь уг холбоо үзүүрийг ашиглаж байгаа нь нотлогдохгүй байх тул” энэхүү зардлыг гомдол гаргагчийн үйл ажиллагаатай холбоотой зардал гэж үзэх үндэслэлгүй гэж нэхэмжлэгчээс 140,000.00 төгрөгийн нөхөн татвар, 42,000.00 төгрөгийн торгууль, 70,000.00 төгрөгийн алданги зэрэг нийт 284,936,250 төгрөгийн зөрчилд 28,493,625.00 төгрөгийн нөхөн татвар, 8,548,087.50 төгрөгийн торгууль, 14,246,812.50 төгрөгийн алданги, нийт 51,288,525.00 төгрөгийн төлбөр ногдуулж шийдвэрлэсний тухайд:

Нэхэмжлэгч нь “М ч б х” ТББ, “М д х” ТББ-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан нь харилцагч татах зорилгоор банкаа сурталчилсан цэвэр маркетингийн үйл ажиллагаа юм. 

“...“Р п” ХХК-д шилжүүлсэн холбооны 10 хос үзүүрийн төлбөр болох 1,400,000 төгрөгийг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн үйл ажиллагааны зардал. Учир нь “Ү” ХХК нь “Р п” ХХК-тай 2013 он 07 дугаар сарын 15-ны өдөр “ХХАГ-07/13” тоот гэрээг байгуулж уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан барааг хүлээн авч, 1.4 дэх хэсэгт заасан төлбөрийг төлсөнөөр гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэн. Ийм учраас банкны зүгээс энэ зардлыг үйл ажиллагааны хасагдахгүй зардалдаа тайлагнасан байдаг.

2. 2013 оноос 2014 онд шагнал, буцалтгүй тэтгэмж, хандив, бэлэг дурсгалын зүйлд олгосон орлогоос татварыг нь суутгаагүй нийт 57,892,770 төгрөгийн зөрчилд 5,789,277 төгрөгийн нөхөн татвар, 1,736,783.10 төгрөгийн торгууль, 2,873,547.40 төгрөгийн алданги, нийт 10,399,607.50 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсний тухайд

 Нэхэмжлэгч нь 2013 онд 34,314,900 төгрөг, 2014 онд 23,577,870 төгрөг, нийт 57,892,770 төгрөгийн шагнал, буцалтгүй тэтгэмж, хандив, бэлэг дурсгалын зүйлүүдийг бусдад олгосон зардлуудыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусгаагүй бөгөөд хэрвээ энэ зардлыг гаргаж суутгал хийсэн тохиолдолд татвар ногдох орлогоос хасагдах зардалд багтана. Энэ нь татвар ногдуулах орлогыг багасгана. Энгийн үгээр тодорхойлбол эдгээр зардлаас татвар суутгасан тохиолдолд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлнө эсвэл эдгээр татварыг төлөөгүй төлөөгүй тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар ногдох орлогоос хасагдах зардалд орохгүй юм. Монгол улсын аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй”, 15.1.3-д “Энэ хуульд заасны дагуу суутган тооцох шаардлагатай боловч албан татвар суутгаагүй төлбөр” гэж заасан байна. Тодруулбал “Ү” ХХК нь эдгээр зардлуудыг хасагдахгүй зардалдаа тусгаж татвар төлсөн. 

3. 2014 оны 12,956,728 төгрөгийн төлбөл зохих татварыг хуулийн хугацаанд төлөөгүйд ногдуулсан 116,610.60 төгрөгийн торгууль, 59,471.40 төгрөгийн алданги, нийт 176,082 төгрөгийн төлбөр ногдуулж шийдвэрлэсний тухайд 

2014 оны 12,956,728.23 төгрөгийн төлбөл зохих татварыг хуулийн хугацаанд төлөөгүйд ногдуулсан 116,610.60 төгрөгийн торгууль, 59,471.40 төгрөгийн алданги, нийт 176,082 төгрөгийн төлбөр ногдуулсан нь Анхын Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Өршөөл үзүүлэх тухай тогтоомж нь Захиргааны хариуцлагын тухай хууль,  энэ хуулиас бүрдэнэ” гэж заасан. Энэ хуульд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх зөрчил багтана гэж  заасны дагуу дээрх зөрчил нь уг хуульд хамрагдаж шийдэгдсэн болно. 

4. 2014 оны 36,887,497.30 төгрөгийн хандив бэлэг дурсгалын зүйл, сурталчилгаа, мэргэжлийн боловсрол, сургалтад зориулж гаргасан төлбөр зэргийг үйл ажиллагааны зардалд бичиж татвар ногдох орлогоос хасч тооцон татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 3,688,748.73 төгрөгийн нөхөн татвар, 1,106,624.62 төгрөгийн торгууль, 1,424,170.90 төгрөгийн алданги, нийт 6,219,545.50 төгрөгийн төлбөр ногдуулж шийдвэрлэснийг тус тус эс зөвшөөрч нэхэмжлэлийг гаргаж байна. 

Нэхэмжлэгч нь 2014 онд 36,887,497.30 төгрөгийн хандив, бэлэг дурсгалын зүйл, сурталчилгаа, мэргэжлийн боловсрол, сургалтад зориулж гаргасан зардал юм. “Ү” ХХК нь Монголын банкны холбооноос зохион байгуулагддаг мэргэжлийн боловсрол, сургалтанд хамрагдаж гишүүнчлэлийн татвар төлдөг юм. Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.31-д “Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд болон хог хаягдлын боловсрол, сургалтыг дэмжихэд оруулсан хандив, хөрөнгө” гэж заасны дагуу хасагдах зардалд тооцогдож байгаа.

Иймд дээрх үндэслэлүүдээр татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тодруулахдаа:

“...татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан 77,752,938.00 төгрөгийн татварын өр төлбөрөөс Татварын маргаан таслах зөвлөл нь тогтоолоор хасагдсан 1,776,852.00 төгрөгийн төлбөрийг хасаж, “татвараа хугацаанд  нь төлөөгүйд тооцсон хүү, торгууль, алданги болох” 11,449,319.20 төгрөгийг хүлээн зөвшөөрч харин үлдэгдэл 64,526,767.89 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Нэхэмжлэлийн шаардлагын эхний үндэслэлийн тухайд: Татварын улсын байцаагчийн  актын үндэслэх хэсгийн 1-т тусгасан 2013 оны хасагдахгүй зардлын дүнгийн дийлэнх нь тус компанийн “М д х” ТББ-тай хийсэн 246,000.00 төгрөгийн үнийн дүнтэй маркетингийн ажлын гэрээ АГГ-13/04-тэй холбоотой юм. Уг гэрээ маркетингийн ажил гүйцэтгэх нэртэй боловч үндсэндээ “Ү” ХХК нь тухайн холбооны үйл ажиллагааг ивээн тэтгэсэн болох нь сар бүрийн мөнгөн хөрөнгийн зарлагын баримтанд хавсаргасан “Маркетингийн ажлын гэрээ дүгнэсэн акт” тайлангаар нотлогдож байна. /дотоод гадаадад зохион байгуулагдсан загварын шоуны зардал, дизайнер болон загварын сургалтын зардууд гэх мэт/ үлдэх 47,854,303.00 төгрөгийн зардалд “М ч б х” ТББ болон тамирчдыг ивээн тэтгэсэн мөн харилцагчдад зориулсан баяр ёслолын арга хэмжээний зардал болох нь зардлын журналаар нотлогдож байна. 

Иймд дээрх зардлуудын дүнгээр зар сурталчилгааны зардал гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсон үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 15.1 “Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй”, 15.1.2 албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал” заалтыг зөрчсөнд татварын улсын байцаагчийн  актаар төлбөр ногдуулсан болно.

2. Нэхэмжлэлийн шаардлагын хоёрдугаар үндэслэлийн тухайд: 2013 онд 34,314,900.00 төгрөгийн, 2014 онд 23,577,870.00 төгрөгийн ажиллагсдад олгосон шагнал, бэлэг, буцалтгүй тусламж, бэлэг дурсгалын зүйл зэрэг бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж суутган авч төсөвт төлөөгүй нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараах орлого хамаарна”, 11.1.1-д “Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын нөхөн олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого”, 11.1.2-д “ажил олгогчоос ажилтан түүний гэр бүлийн гишүүдэд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого”, 11.1.3-д “ажил олгогчоос ажилтан түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг”, 26 дугаар зүйл 26.1-д “Энэ хуулийн 4.1.4-д заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална”, 26.1.1-д “Энэ хуулийн 11 дүгээр зүйл, 12.2, 13.1.2-13.1.4, 15.1-д заасан орлогын дүнд мөн хуулийн 23.1-д заасан хувиар, 14.1.1-д заасан орлогын дүнд 23.2.1-д заасан хувиар”, тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх” гэж заасан заалтыг зөрчсөнд татварын улсын байцаагчийн  актаар төлбөр ногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэлийн шаардлагын гуравдугаар үндэслэлийн тухайд: 2014 онд 12,956,728.23 төгрөгийн төлбөл зохих татварыг хуулийн хугацаанд төлөөгүйд ногдуулсан 116,610.60 төгрөгийн торгууль, 59,471.40 төгрөгийн алданги ногдуулсан нь дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасан заалтуудыг хангаж байгаа тул татварын улсын байцаагчийн актаар төлбөр ногдуулах хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.

4. Нэхэмжлэлийн шаардлагын дөрөвдүгээр үндэслэлийн тухайд: 2014 онд дээрхи хасагдахгүй зардалд нь Монгол Улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.31-д “Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд оруулсан хандив, хөрөнгө” гэж заасантай огт хамааралгүй бөгөөд Банкны холбооны гишүүнчлэлийн татвар, харилцагчдад олгосон бэлэг, үзэсгэлэнд оролцох төлөөлөгчийн газрын нээлтийн арга хэмжээний зардал зэрэг үйл ажиллагааны бус зардлаар татвар ногдуулах орлогыг бууруулсан нь мөн хуулийн 12 дугаар зүйл “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалын 12.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсон үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Дараах тохиолдолд албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй”, 15.1.2-д “Албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал” гэж заасныг зөрчсөн тул төлбөр ногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ. 

Иргэдийн төлөөлөгч Б.Ш гаргасан дүгнэлтэдээ:

“Нэхэмжлэгч тал баримт нотолгоо дутмаг гэж үзэн хариуцагч талд шийдэх дүгнэлтэд хүрч байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ү” ХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч М.А, Ш.Энарт холбогдуулан гаргасан “2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” ******* дүгээр актаар “Ү” ХХК-ийн 359,664,680.00 төгрөгийн зөрчилд ногдох 35,966,468.00 төгрөгийн нөхөн татвар, 10,789,940.40 төгрөгийн торгууль, 17,770,759.50 төгрөгийн алданги, нийт 64,526,767.89 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий  нэхэмжлэлийн хүрээнд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдаанаар шийдвэрээ гаргалаа.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч М.А, Ш.Энарын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр актаас 51,036,525.00 төгрөгийн төлбөрийг хасч үлдсэн хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч М.А, Ш.Энар 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр актаараа “баримтаар нотлогдоогүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсон, бусдад олгосон орлогод хувь хүний орлогын албан татвар суутган тооцож төсөвт төлөөгүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдээгүй этгээдийн суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй” гэж үзэн 773,124,353.00 төгрөгийн зөрчилд 39,003,457.00 төгрөгийн нөхөн татвар, 16,957,074.80 төгрөгийн торгууль, 21,792,407.00 төгрөгийн алданги буюу нийт 77,752,938.80 төгрөгийн төлбөр ногдуулсан байна. 

Нэхэмжлэгч “Ү” ХХК дээрх төлбөрийн зарим зөрчлийг буюу 11,449,318.95 төгрөгт хамаарах нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн, заримыг буюу 1,776,852.00 төгрөгийн нөхөн төлбөрийг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар тогтоолоор хүчингүй болгож актаар тогтоосон төлбөрийн дүнг зохих хэмжээгээр багасгаж шийдвэрлэсэн байна.

“Ү” ХХК нь маргаан бүхий захиргааны актад дурдагдаж буй “зар сурталчилгааны зардал, үйл ажиллагааны зардал, бусдад олгосон шагнал, буцалтгүй тэтгэмж, хандив, бэлэг,  дурсгалын зүйлд” хамаарах зөрчлүүдийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан болно.

Нэг. “Зар сурталчилгааны зардлын” тухайд.

Нэхэмжлэгч “Ү” ХХК нь Монголын чөлөөт бөхийн холбоотой 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдөр АГГ-10/05 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ  байгуулсан байна. Энэхүү гэрээний 1.1-д “Банкийг дэлхий дахин болон улс, орон нутагт таниулж, түүний үйл ажиллагааг дэмжиж нэр хүндийг нь өсгөх зорилгоор олон улс, улс, орон нутгийн тэмцээн уралдаанд оролцож байгаа тамирчдын хувцас хэрэглэл дээр Банкны лого, уриа үг, нэрний рекламыг тавих /цаашид “сурталчилгааны ажил” гэх/ ажлыг Холбоо гүйцэтгэх ба энэхүү сурталчилгааны ажилд Банк хөлс төлөх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна” гэж тохиролцжээ. 

Мөн “Ү” ХХК-ийн М д х-той 2013 оны 01 дүгээр  сарын 04-ний өдөр байгуулсан АГГ-13/04 дүгээр гэрээний  1.1-д “Энэхүү гэрээгээр гүйцэтгэгчийн эзэмшилд буй талбай, үл хөдлөх хөрөнгө, мэдээлэх хэрэгслүүд /мэдээллийн самбар, техник хэрэгсэл г.м/ ашиглан захиалагчийн бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, нэр хүндийг өсгөх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах, бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх зорилгоор, Захиалагч болон түүний бүтээгдэхүүний талаарх зар сурталчилгааг байрлуулах, олон нийтэд сурталчлах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл /телевиз, FM, радио, сонин, интернет/-ээр цацах, график чимэглэлийн ажилбар /хэвлэмэл бүтээгдэхүүнд гарах график чимэглэл, бусад хөдөлгөөнт бус чимэглэлийн эх бэлтгэх, хэвлэх, мөн хувцас, хувцасны загвар, болон бараа материалд Захиалагчийн бүтээгдэхүүний талаарх мэдээлэл сурталчилгааг шууд болон шууд бус аргаар байрлуулах зэрэг ажлууд/ болон олон нийтийг хамарсан ажил /загвар үзүүлэлт, үзэсгэлэн, өдөрлөг, шоу тоглолт, сугалаа, азтан тодруулах, танилцуулга тараах г.м/ /цаашид “маркетингийн ажил” гэх/ зэргийг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулах, мөн Захиалагч нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна” гэж байгуулжээ. 

Зар суралчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг”, 3.1.2-т ““зар сурталчилгаа захиалагч” гэж өөрийгээ, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлахаар зар сурталчилгаа хийлгэж буй этгээдийг”, 3.1.3-д ““зар сурталчилгаа бүтээгч” гэж захиалагчаас өгсөн захиалгын дагуу зар сурталчилгааг нийтэд түгээхээр бэлтгэсэн этгээдийг”, 3.1.4-т ““зар сурталчилгаа түгээгч” гэж мэдээлэх хэрэгслийг ашиглах, эсхүл бусдад ашиглуулах замаар зар сурталчилгааг байрлуулж, нийтэд сурталчилж байгаа этгээдийг” ойлгоно, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Ивээн тэтгэгч нь гэрээний үндсэн дээр зар сурталчилгаа түгээгчид эд хөрөнгө шилжүүлэх, оюуны үнэт зүйл ашиглуулах, ажил гүйцэтгэх зэргээр үйл ажиллагаанд нь хандив өргөн (ивээн тэтгэж) өөрийгөө, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлуулж болно”, 19.2-т “Энэ хуулийн 19.1-д заасны дагуу өргөсөн хандив нь зар сурталчилгааны төлбөрт тооцогдоно” гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгч “Ү” ХХК-ийн М д х болон М ч б х-той байгуулсан дээрх гэрээнүүдийн агуулгаас дүгнэхэд уг гэрээнүүд нь “Ү” ХХК-ийн үйл ажиллагааг олон нийтэд түгээх, нэр хүндийг нь өсгөх замаар үйл ажиллагааг нь дэмжих зорилго бүхий ивээн тэтгэгчийн зар сурталчилгаа байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” ойлгоно, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 12.1.17-д “зар сурталчилгааны зардал” гэж заасны дагуу маргаан бүхий актаар ногдуулсан “Ү” ХХК-ийн М ч бө х той байгуулсан гэрээтэй холбогдох 3,753,625.00 төгрөгийн нөхөн татвар, 1,126,087.50 төгрөгийн торгууль, 1,876,812.50 төгрөгийн алданги нийт 6,756,525.00 төгрөгийн төлбөр, М д х той байгуулсан гэрээтэй холбогдох 24,600,000.00 төгрөгийн нөхөн татвар, 7,380,000.00 төгрөгийн торгууль, 12,300,000.00 төгрөгийн алданги нийт 44,280,000.00 төлбөрийг буюу нийт 51,036,525.00 төгрөгийн төлбөрийг хасч тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үлдсэн 13,490,242.89 төгрөгийн төлбөрт хамаарах маргааны тухайд.

а/ Нэхэмжлэгч “Ү” ХХК нь өөрийн ажиллагсад, хамтран ажилладаг хувь хүн болон харилцагч нарт 2013 онд 34,314,900,00 төгрөгийн, 2014 онд 23,577,870,000 төгрөгийн шагнал, хандив, буцалтгүй тусламж, бэлэг дурсгалын зүйл зэргийг олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Тодруулбал, банкны гүйцэтгэх захирлын 19 удаагийн тушаалаар өөрийн ажиллагсдад тусламж, тэтгэмж, баяр ёслолын арга хэмжээний үеэр урлагийн тоглолт, хөтлөгч нарын ажлын хөлс, төрөл бүрийн арга хэмжээнд зориулж бэлэг дурсгалын зүйлс, Уолл стритийн хөрөнгийн оператор байсан гадаад улсын иргэнд олгосон хандив зэрэг болно. 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараахь орлого хамаарна”, 11.1.1-д “ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого”, 11.1.2-т ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална”, 26.1.1-д “энэ хуулийн 11 дүгээр зүйл ... заасан хувиар тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх” гэж заасан байна.

Нэхэмжлэгч “Ү” ХХК нь дээрх хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтанд олгосон тэтгэмж, тусламж, ажил үйлчилгээ үзүүлсэн иргэдэд шилжүүлсэн орлогод татвар ногдуулж суутган авч төсөвт төлөөгүй нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх тул татварын улсын байцаагчийн актаар 57,892,770.00 төгрөгийн зөрчилд 5,789,277.00 төгрөгийн нөхөн татвар, 1,736,783.10 төгрөгийн торгууль, 2,873,547.40 төгрөгийн алданги, нийт 10,399,607.50 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хуулийн үндэслэлтэй байна.

б/ “Ү” ХХК нь “Р п” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 10 хос кабелийн үзүүр 1,400,000.00 төгрөгөөр худалдан авахаар ХХАГ-07/13 тоот гэрээг байгуулжээ. 

Нэхэмжлэгч нь татварын улсын байцаагч нарын хянан шалгалт явуулах цаг хугацаа, татварын маргаан таслах зөвлөлд гомдлыг магадлан шалгах үед болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах явцад дээрх холбооны үзүүрийг “Р п” ХХК-иас хүлээж авсан болон ашиглаж байгаа талаар ямар нэгэн нотлох баримт гаргаагүй, уг холбооны шугам нь байгаа эсэх нь ч тодорхойгүй байна. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн  15.1-д “Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй”, 15.1.2-т “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал” гэж заасны дагуу дээрх зардлыг нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай холбоотой зардалд хамаатуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул энэхүү зөрчилд ногдуулсан 252,000.00 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

в/ Нэхэмжлэгч “Ү” ХХК нь “М б х” ТББ-д 2014 онд гишүүнчлэлийн хураамжид нийт 17,200,000.00 төгрөг , “М б х” ТББ-иас зохион байгуулсан “Тогтвортой санхүүжилт” форумд санхүүжилтэд 1,000,000.00 төгрөг ,  ITB Berlin-2015 үзэсгэлэн яармагт оролцох хураамж 3,758,460.00 төгрөгийг  тус тус шилжүүлж байжээ.

Нэхэмжлэгч нь дээрх зардлуудыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.31 дэх хэсэгт заасан мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд оруулсан хандив, хөрөнгө гэж үзэн уг зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцох ёстой гэж мэтгэлцсэн.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ” 22.1.4-т “... монгол улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээс өгсөн хандив, тусламж” гэж заасан бөгөөд төрийн бус байгууллагын гишүүнчлэлийн хураамж, форумын санхүүжүүлэлт, үзэсгэлэнд оролцох зардал зэргийг мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих санд өгсөн хандив тусламж гэж үзэхгүй. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тогтоосон хэмжээгээр нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 498,369.00 төгрөг улсын төсөвт урьдчилан төлсөн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу улсын төсөвт урьдчилан төлсөн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх  249,184.50 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан “Ү” ХХК-д олгуулах нь  зүйтэй.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.4, Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.17, 12.1.31, 15 дугаар зүйлийн  15.1, 15.1.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1, 11.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1-д заасныг тус тус баримтлан “Ү” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч М.А, Ш.Энарын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” ******* дүгээр актаас 51,036,525.00 төгрөгийн төлбөрийг хасч, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 498,369.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 249,184.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ТӨМӨРБАТ

                            ШҮҮГЧ                                     О.ОЮУНГЭРЭЛ 

                     ШҮҮГЧ                                      Д.ХАЛИУНА