Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 597

 

 

Б.Мөнхбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/01325 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Мөнхбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Прокурорын газар, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус тус холбогдох

 

Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол болох 870 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Мөнхбат,

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюундэлгэр,

Хариуцагч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Истана маркийн автомашины мотор зарах гэхэд 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.Далайбаатар нь ирж уулзан бэлэн 870 000 төгрөг өгч, мотороо шалгаад аваад явсан. Үүнээс хойш хагас сар гаруй хугацаа өнгөрсний дараа нөгөө мотор асахгүй байна, ирээд асаагаад өг гэхээр нь би өөрийн ажлын засварчин болон найз засварчин н.Идэр нарыг явуулан үзүүлэхэд Б.Далайбаатар нь 3, 4 хүнээр уг моторыг үзүүлсэн боловч асааж чадсангүй гэж байсан ба моторын галын тохиргоо алдагдсан учраас тэсрэхгүй байна гэж манай хоёр засварчин хэлсэн. 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Б.Гангантөгс утсаар ярьж очиж уулзахад намайг залилан хийсэн мэтээр Б.Далайбаатар өргөдөл өгсөн байсан. 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 870 000 төгрөгийг байцаагч Б.Гангантөгст бэлнээр баримт үйлдэн хүлээлгэж өгөөд миний моторыг буцааж өгүүлээрэй гэж хэлсэн боловч моторыг буцааж өгөөгүй ба Б.Далайбаатарын утас руу залгахад авдаггүй, гэрт нь 4 удаа очиход өгөөгүй. 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Далайбаатартай холбогдож мотороо авъя гэтэл хог дээр хаясан гээд өнөөдрийг болтол өгөөгүй. Улсын Ерөнхий прокурорын аюулгүй байдал, дотоод хяналтын хэлтсийн прокурор н.Энхтуяа нь хэрэгт шалгасан асуудал нь прокурорын алдаа байна, сахилгын арга хэмжээ авна гэж хэлсэн. Мөн моторын үнийг прокурор Б.Соёлсайханаас гаргуулахаар Дүүргийн прокурорт албан тоот явуул гэсэн. Дүүргийн прокурор н.Энхбаттай уулзахад хурал дээр энэ асуудал яригдсан, хохирлыг чинь барагдуулах үүрэг даалгавар өгсөн, ирэх 7 хоногт шийдвэрлэгдэх байх утсаар лавлаж асуугаарай гэсэн боловч шийдэгдээгүй тул утсаар лавлахад Б.Соёлсайхан прокурор мөрдөн байцаагч Б.Гангантөгст моторыг чинь авчруулах үүрэг өгсөн гэхээр нь байцаагч Б.Гангантөгстэй очиж уулзахад “болохгүй бол би өөрөө худалдаж авахаас танд мотор сайн мэддэг хүн байвал надад олоод өгөөч би Б.Далайбаатарынд дагуулж очиж моторыг чинь үзүүлж авъя” гэж байцаагч Б.Гангантөгс хэлсэн. Миний хохирлыг хэн барагдуулах нь тодорхойгүй нэг нэгэн рүүгээ түлхсээр өнөөдрийг хүрсэн. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хяналт тавих үүргээ биелүүлээгүй ажил үүргээ хайнга, хангалтгүй гүйцэтгэсэн төрийн тусгай албан хаагч, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлсайхан, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч цагдаагийн ахмад Б.Гангантөгс нарын буруутай үйлдлээр хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэн айлган сүрдүүлж, иргэн Б.Далайбаатарт 870 000 төгрөг төлүүлж, эд хөрөнгөөр хохироосон тул моторын үнэ 870 000 төгрөгийг дээр нэр дурдсан албан хаагчаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Далайбаатар нь Нийслэлийн түргэн тусламжийн авто баазын инженер Б.Мөнхбатаас 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр "Истана маркийн автомашины мотор 1 000 000 төгрөгөөр худалдан авч 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр автомашиндаа тавьж асаах гэсэн боловч асахгүй байна. Б.Мөнхбат гэдэг хүнээс мөнгө авч өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэх гомдлыг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасны дагуу хэрэг бүртгэгч ахмад Б.Гангантөгс хүлээн авч хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж хяналтын прокурор Б.Соёлсайхан хяналт тавьж ажилласан байна. Хэрэг бүртгэгч Б.Гангантөгс 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 2014250007473 дугаартай хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж улмаар 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.Далайбаатарыг хохирогчоор тогтоон байцаалт авахад ...Б.Мөнхбат гэх залуугаас Истана маркийн автомашины мотор 870 000 төгрөгөөр авсан. 2 хоногийн дараа авсан мотороо автомашиндаа тавьж асааж үзэх гэтэл асахгүй байсан, гомдолтой байна... гэж мэдүүлсэн. 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б.Мөнхбатыг сэжигтнээр тооцож 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байцаалт авахад ...Мөнгийг буцааж өгнө, Бид 2 хоорондоо эвлэрч нэг нэгнээсээ уучлалт гуйсан, одоо ямар нэгэн төлбөрийн маргаангүй солсон... гэж мэдүүлсэн. Хэрэг бүртгэгч ахмад Б.Гангантөгс 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Мөнхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж прокурорт шилжүүлснийг 2014 оны 12 дугаар сарын 16-ны хяналтын прокурор Б.Соёлсайхан хүлээн авч хянаад 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5093 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Мөнхбатад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нар нь сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Б.Мөнхбатыг ямар нэгэн байдлаар дарамталж буруу зөрүү харьцсан, хууль зөрчиж бусдыг хохироосон, нэг талд үйлчилсэн зүйл прокуророос гаргаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар хэрэг шийдвэрлэгдсэн гэж үзсэн ба хяналтын прокурор нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд Б.Мөнхбатын нэхэмжилж байгаа 870 000 төгрөгийг төрөөс хариуцан төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг бүртгэгч цагдаагийн ахмад Б.Гангантөгс иргэн Б.Далайбаатарын гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг байцаан шийтгэх хуульд заасны дагуу хүлээн авч шалган, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл тогтоогдсон гэж үзэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдсэн байна. Б.Мөнхбатыг ямар нэгэн байдлаар дарамталсан, нэг талд үйлчилсэн зүйл байхгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу байцаан шийтгэх ажиллагааг явуулж хууль зүйн үндэслэлтэй саналыг дүүргийн хяналтын прокурорт гаргасан байх ба хууль зөрчиж бусдыг хохироосон гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Б.Мөнхбатын нэхэмжилж байгаа 870 000 төгрөгийг тус цагдаагийн хэлтэс төлөх үндэслэлгүй гэжээ.  

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Прокурорын газар, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст холбогдуулан гаргасан 870 000 төгрөг гаргуулах тухай Б.Мөнхбатын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 25 430 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Энэхүү хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх боломжийг хааж хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн. Миний бие нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улсын дээд шүүхэд Саранхүүгийн нэхэмжлэлтэй Цагдаагийн Ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт өөрийн гаргасан гомдлын дагуу биечлэн оролцож байгаагаа шүүгчийн туслахын утас руу удаа дараа мэдэгдэж шүүх хуралдааныг давхцаж байгаатай холбогдуулан цагийг хойшлуулж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг хүлээж аваагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан нотлох баримт гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан ч үүнийгээ бүрэн хангуулж чадаагүй, хэргийн талаар бүрэн танилцаагүйгээс нотлох баримтад бүрэн дүүрэн дүгнэлт өгч гомдол гаргах боломж хязгаарлагдмал байна. Иргэний шинжтэй хэрэг маргаанд үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн мөрдөн байцаагч, прокурорын буруутай үйл ажиллагаа байсныг Улсын Ерөнхий прокурорын аюулгүй байдал дотоод хяналт шалгалтын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 4/1834 дугаар албан тоот, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 5/1901 албан тоот зэрэг баримтуудаар буруутай ажиллагаанууд тогтоогдсон байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өмгөөлөгч миний удаа дараагийн хүсэлтийн дагуу нотлох баримтыг бүрэн гаргуулсан бол мөрдөн байцаагч, прокурорын буруутай үйл ажиллагаа тодорхой болох байсан ба хэргийн оролцогчийн хүсэлтийг бүрэн хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Мөнхбат нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Прокурорын газар, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст тус тус холбогдуулан төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол болох 870 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал нар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлохоор Эрүүгийн төв архивын газраас Б.Мөнхбатад холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулсантай холбоотой 2014250007473 дугаартай эрүүгийн хэргийг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Шүүх уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч дээрх баримтууд Эрүүгийн төв архивын газар хадгалагддаггүйгээс дээрх баримтуудыг Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хуулбар үнэн тэмдэгээр баталгаажуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүхэд ирүүлжээ.                                                  /хэргийн 38-67 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “төрийн болон төрийн бус байгууллага хуулийн этгээд” гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогч хамаарахгүй.

 

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бичгийн нотлох баримт болох хэргийн 38-67 дугаар талд авагдсан хариуцагчийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “бичмэл нотлох баримтыг эхээр нь эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газар нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж шүүх шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

 

Талуудын хоорондын маргааны үйл баримтыг дүгнэхэд шаардлагатай нотлох баримтууд нь хэргийн оролцогч нэг талын “хуулбар үнэн” дардастай байх тул давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/01325 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхбатын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

           

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                   

                                          ШҮҮГЧИД                                     А.МӨНХЗУЛ

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ