Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 596

 

 

Ю.Баатаржавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/01727 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ю.Баатаржавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Навчаа, хамтран хариуцагч П.Заяа нарт холбогдох

 

10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав,

Хамтран хариуцагч П.Заяа,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Төмөрбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ю.Баатаржав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн ах Н.Сандуйжав, түүний хамтран амьдрагч Б.Энхбулаг нар 2010 онд надаас 10 000 000 төгрөг, 6 000 000 төгрөг, 5 000 000 төгрөг нийт 21 000 000 төгрөгийг зээлж бололцоотой үедээ хүүтэй нь төлнө гэсэн ч төлж чадаагүй. Ах маань 2012 онд нас барж, түүний орон сууцыг гэрээслэлээр Б.Энхбулаг өвлөсөн боловч 2014 онд нас барсан. Б.Энхбулаг энэхүү 10 000 000 төгрөгийг надад төлж өгнө гэдгээ 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн танил Д.Намсрайжавт бичсэн захиандаа бичсэн байдаг. Б.Энхбулагийн дүү Б.Навчаа нь түүний хууль ёсны өвлөгч гэж уг орон сууцыг өвлөн авсан. Иймд Б.Навчаагийн өмчлөлд өвийн журмаар шилжсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10-15-7 тоот хаягаар байрлах Ү-2205016196 дугаараа улсын бүртгэлд бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны үнээс Б.Энхбулаг агсаны надад төлөх ёстой 10 000 000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1, 536 дугаар зүйлийн 536.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.Навчаа шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч Б.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Сандуйжав Б.Энхбулаг нар нь Ю.Баатаржаваас мөнгө зээлж байгаагүй. Б.Энхбулаг захиандаа "...байрандаа үхэн хатан сууж бай, байраа сольж болохгүй, зарж болохгүй байр өрийн сүлжээнд орсон байр гэсэн..." гэдгийг бичсэн байдаг. Н.Сандуйжавын байрыг 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Капитрон банкны зээлийн барьцаанд дүү Ю.Дуламжав нь бариулж 14 000 000 төгрөг зээлсэн. Гэтэл нэхэмжлэгчээс 21 000 000 төгрөг зээлсэн гэсэн нь зөрүүтэй байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Капитрон банкинд 34 308 847 төгрөг төлөхөөр шийдвэр гарсныг Ю.Дуламжав төлж барагдуулснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон байдаг. Захианд дурдсанаар "...төрсөн ганц дүү нь өгсөн. Тэр хүнд би мөнгийг нь буцааж өгнө гэж бодож байгаа..." гэсэн үг үсэг байгаа, хэргээс харахад Ю.Дуламжав зээл авсан гэдэг нь харагдаж байна.  

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1, 536.2-т заасан 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргах хугацааг, мөн зээлийн гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Б.Энхбулагийн бичсэн захиаг нотлох баримт гэж үзэх боломжгүй. Захианд бичсэнээр зээлийн харилцаа үүссэн гэх байдал харагдахгүй байна. Нөхрийнхөө ярьсан зүйлийг захиа дээр буулгасан. Ю.Дуламжав зээл авсан тул төлөх үүрэгтэй. Тухайн үед зээлийн гэрээгээр үүрэг үүссэн гэж үзсэн бол Б.Энхбулаг захиан дээрээ “шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар нэг эрэгтэй дүү нь төлсөн 10 000 000 төгрөгийг өгнө гэж бодож байгаа” гэсэн байдаг. Ю.Дуламжав зээлд 34 000 000 төгрөгийг төлсөн тул Ю.Баатаржав өрөө төлүүлсэн Ю.Дуламжаваас нэхэмжилэх ёстой. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хамтран хариуцагч П.Заяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Насаараа прокурор, Гадаад явдлын яаманд ажилласан хүмүүс өөрсдөө мөнгөтэй байсан. Уг зээлийг Н.Сандуйжавын дүү Орлёнок хоршоо байгуулах гэж зээлсэн. Өндөр хүүтэй мөнгийг төлж чадахгүй яваад байгаад уг хоршооноос нэрээ салгахын тулд Ю.Дуламжав ахынхаа байрыг барьцаалсан. Н.Сандуйжав ах "...би Б.Энхбулгынхаа нэрийг байрандаа оруулна..." гэж хэлсэн. Ю.Дуламжав өөрийнхөө өрийг төлсөн. Б.Энхбулаг эгчийн захиан дээр "...ээжийг дурдаад энэ эгчдээ бас мөнгө өгнө..." гэсэн байдаг. Уг баримт хэрэгт ороогүй байна.  Мөнгө нэхэмжлээд ахынхаа байрыг барьцаалаад банкинд тавьсан өрийг дүү нь төлсөн. Энэ мөнгийг яагаад миний ээж болон би төлөх ёстой гэдгийг ойлгохгүй байна. Энэ байр хууль ёсоор ирсэн. Ах, дүү нарын хоорондын өр авлага бидэнд хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Ю.Баатаржаваас мөнгө авсан гэдгийг шүүх хуралдааны явцад ойлгосон. Урьд нь бид нар Капитрон банк дээр очиж байсан гэдгийг мэдэж байсан. Эгч маань Ю.Баатаржав манай байрыг чөлөөлж өглөө. Ахынхаа байрыг авч өглөө гэсэн зүйл хэлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний Хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Навчаагаас 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Баатаржавт олгож, хамтран хариуцагч П.Заяад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Навчаагаас 79 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Баатаржавт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2, 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар 102/Ш32016/13226 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 15 дугаар байрны 07 тоот хаягт байрлах Ү-2205016196 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг орон сууцтай холбоотой тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглосонг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ю.Баатаржав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Миний төрсөн ах Н.Сандуйжав хамтран амьдрагч Б.Энхбулаг нар 2010 онд надаас 21 000 000 төгрөгийг 10 000 000, 6 000 000 болон 5 000 000 төгрөг зээлж аваад бололцоо гарсан үедээ хүүтэй нь төлж өгнө гэж байсан. Иймд 10 000 000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн байна. Н.Сандуйжавын байрыг амьд байхад нь буюу 2002 онд дүү Ю.Дуламжав нь Капитрон банкны барьцаанд тавьж зээл авсан ба төлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2013 онд төлсөн. Энэхүү мөнгөө нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгаа нь хоёр өөр үйл явдал буюу өөр хоорондоо ямар ч хамааралгүй зүйл нэхэмжилж байна гэж үзэж байна. Талийгаач Н.Сандуйжавын дүү Ю.Дуламжав нь Капитрон банкнаас 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 04/540 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 14 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар, сарын 2,7 хувийн хүүтэйгээр зээл авсан байна. Шүүхийн шийдвэрээр 34 308 847 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлж дууссан Н.Сандуйжавын байрыг чөлөөлсөн. Н.Сандуйжав нь Ю.Дуламжавыг зээл авахад нь итгэмжлэл хийж өгсөн байдаг ба итгэмжлэлдээ "...банкнаас авах зээлийн барьцаанд бариулж тавих, намайг төлөөлж зээлийн болон барьцааны гэрээ хийх мөн эдгээр гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбоотой бусад үйлдэл хийх...” гэж тодорхой зааж өгсөн байна. Итгэмжлэлд Ю.Дуламжав нь зээл авах, зээлээ өөрөө төлж дуусгах үүрэг хүлээсэн байна. Ю.Дуламжавын авсан зээлийн 10 000 000 төгрөгийг дүү Ю.Баатаржав нь төлсөн байх ба үүнийгээ Б.Навчаа, П.Заяа нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан “захиа” гэх зүйлийг үндэслэн Б.Навчаагаас 10 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэг талыг баримталсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ю.Баатаржав нь хариуцагч Б.Навчаа нарт холбогдуулан өвийг хүлээн авсан тул зээлсэн 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Н.Сандуйжав, Б.Энхбулаг нар хамтран амьдарч байсан бөгөөд Н.Сандуйжав нь 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолоын 15 дугаар байрны 07 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцаа Б.Энхбулагт үлдээхээр гэрээслэл үйлдсэн, тэрээр 2012 онд нас барснаар уг орон сууц Б.Энхбулагийн өмчлөлд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шилжиж ирсэн, Б.Энхбулаг нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нас барснаар өвийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б.Навчаагийн өмчлөлд орон сууц шилжиж ирснийг бэлэглэлийн гэрээгээр 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр түүний охин П.Заяагийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

                                                                                                /хэргийн 63-96 дугаар тал/

 

Хэргийн 8-13 дугаар талд нас барагч Б.Энхбулагийн бичсэн захиа авагдсан бөгөөд уг захианд “2002 оны үед Ю.Дуламжав байрны ордерыг Капитрон банкинд тавьсан. 2006-2007 онд онд зээл бүрэн төлөгдөөгүй тул Шүүхийн шийдвэр биелүүлэх газар шилжсэн. 2008 онд талийгаач нөхөр 10 000 000 төгрөг төлж байрны ордероо авсан. Нөхөр Н.Сандуйжавын төрсөн ганц эрэгтэй дүү нь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт 10 000 000 төгрөгийг төлсөн тэр хүнд мөнгийг төлнө” гэсэн агуулгатай байх бөгөөд энэ захиаг Б.Энхбулаг өөрөө бичсэн үйл баримтын талаар талуудын хэн аль нь маргаагүй байна.

 

Дээрх захианд нас барагч Б.Энхбулаг нь нөхөр Н.Сандуйжавын дүү Ю.Баатаржавын нэрийг заан мөнгө төлөх үүрэгтэй талаар бичээгүй ч “түүний төрсөн ганц эрэгтэй дүү” гэж тодорхойлон бичсэн байна. Ю.Баатаржав нь Н.Сандуйжавын төрсөн ганц эрэгтэй дүү болох талаар зохигчид маргаагүй тул нас барагч Б.Энхбулаг 10 000 000 төгрөгийн өртэй гэдгээ хүлээн зөвшөөрч байсныг нотлогдсон гэж үзнэ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд нас барагч Б.Энхбулагийн бичсэн захианы эх хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу үзлэг хийлгэж, тэмдэглэл үйлдэн нотлох баримтыг бэхжүүлсэн нь хуульд нийцжээ.

 

Дээрх орон сууцыг Ю.Дуламжав Капитрон банкны зээлийн барьцаанд тавьж зээл төлөгдөөгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хураагдсаныг Ю.Дуламжав 34 031 987 төгрөг төлснөөр барьцаанаас чөлөөлсөн, Ю.Дуламжавын авсан 14 000 000 төгрөгийн зээлээс Ю.Баатаржав төлснийг хариуцагч нар хариуцах үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүхэд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас ирүүлсэн баримтаас үзвэл Ю.Дуламжав нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт ах Н.Сандуйжаваас итгэмжлэл авч, ах Н.Сандуйжав урьд авсан зээлээ төлсөн тул өөрийн нэр Капитрон банкнаас авсан 14 000 000 төгрөгийн зээлийн барьцаа хөрөнгөөр сольж бүртгүүлэх хүсэлт гаргаснаар бүртгэл хийгдсэн, уг зээлийг төлөөгүйгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад 34 031987 төгрөгийг Ю.Дуламжав төлсөн үйл баримт тогтоогджээ.                                                                      /хэргийн 160-182 дугаар тал/

 

Гэрч Ю.Дуламжав шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Би ахынхаа хүсэлтээр итгэмжлэл авч байрыг нь барьцаалж 13, 14 сая төгрөг авч байсан. 10 сая төгрөгийг ах Н.Сандуйжав өөрөө авсан. 2012, 2013 онд зээлээ төлж дуусгасан байх, манай дүү Ю.Баатаржав би болон эмэгтэй дүү бид нар тал талаасаа мөнгө гаргаж төлсөн. Ер нь Ю.Баатаржав бид хоёр л төлж дуусгасан” гэжээ.                                                          /хэргийн 142 дугаар тал/

 

Дээрх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас ирүүлсэн баримт болон гэрч Ю.Дуламжавын мэдүүлгээр хариуцагчийн тайлбар болон татгалзал няцаагдаж байна.

 

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг өв хүлээн авсан өвлөгч Б.Навчаагаас өвлүүлэгч Н.Сандуйжав, Б.Энхбулаг нарын гүйцэтгэвэл зохих үүрэг болох 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ю.Баатаржавт гаргуулж, П.Заяад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Б.Энхбулаг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нас барснаар өв нээгдсэн бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өвлөгчид гомдлын шаардлага гаргах хугацаа дууссанаас хойш 1 жилийн дотор буюу 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1, 536.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/01727 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                          ШҮҮГЧИД                                               А.МӨНХЗУЛ

 

                                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ