Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00754

 

Ж.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02892 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 162 дугаар магадлалтай

Ж.Н-ийн  нэхэмжлэлтэй

Н-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол болон 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ж.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сутай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранчимэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сүхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр Алтайн их уулс ХХК, иргэн Ж.Н- нараас 425 615 493 төгрөгийг гаргуулж, Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гэвч уг шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчиж хийгдэж байна гэж үзэж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар төлбөр төлөгч Ж.Н- миний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамжны 16 тоотод байршилтай 969 м.кв талбай бүхий 3 давхар үйлдвэрлэл үйлчилгээний барилгыг 2 дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр оруулсан болохыг мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5, 77.6, 77.7 дахь хэсэгт тус тус зааснаар надад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 2 дахь албадан дуудлага худалдааны тухай, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай нэг ч мэдэгдэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол ирээгүй.

Миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамжны 16 тоотод байршилтай 969 м.кв талбай бүхий 3 давхар үйлдвэрлэл үйлчилгээний барилгыг 4 128 300 000 төгрөгөөр үнэлсэн байхад үнэлгээг 50 хувиар бууруулан дуудлага худалдаанд оруулсан нь миний хөрөнгийг үнэгүйдүүлж, хэт доогуур үнэлж оруулсан нь үндэслэлгүй. Иймд миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр Алтайн их уулс ХХК, Ж.Н- нараас 425 615 493 төгрөг гаргуулж, Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Алтайн их уулс ХХК, Ж.Н- нарын төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016908 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 16 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан.

Төлбөр төлөгч Алтайн их уулс ХХК-ийн шүүхийн шийдвэрт заасан хаяг болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж Элеганс төвд байрлах хаягаар очиж 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/336 дугаар тогтоол болон 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/33098, 3/33096 дугаар мэдэгдлийг тус компанийн ажилтан Б.Мөнхтуулд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гардуулан өгч, төлбөр төлөгчид өгөхийг даалган үлдээсэн. Мөн албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч иргэн Ж.Н-ийн хаягаар 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байх тул үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сүхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02892 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/336 тоот тогтоол болон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай Ж.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 162 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 181\ШШ2017\02892 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 12-ны өдрийн 162 дугаар магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр Алтайн Их Уулс ХХК, иргэн Ж.Н- нараас 425 615 493 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Гэвч уг шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчиж байна. Учир нь шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчиж хийгдэж байна гэж үзэж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Ингээд шүүх хуралдаан нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минутад эхэлсэн. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар Төлбөр төлөгч Ж.Н- миний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Жамъян гүний гудамжны 16 тоотод байршилтай 969 мкв талбайтай С давхар үйлдвэрлэл үйлчилгээний барилгыг 2 дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр оруулсан болохыг мэдлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл 20.4-т “Мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримтална” ... гэж заасан байхад Ж.Н-  надад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай нэг ч мэдэгдэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол огт ирээгүй болно.

Мөн төлбөр төлөгч Ж.Н- миний эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Жамъян гүний гудамж 16 тоотод байршилтай 969 мкв талбайтай 3 давхар үйлдвэрлэл үйлчилгээний барилгыг 4 128 300 000 төгрөгөөр үнэлсэн байхад үнэлгээг 50 хувиар бууруулан дуудлага худалдаанд оруулсан байгаа нь миний хөрөнгийг үнэгүйдүүлж хэт доогуур үнэлж оруулсан нь үндэслэлгүй байна.

Ингээд би 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Н-д хандаж мэдэгдэх хуудас хүргүүлээгүй тухай гомдол гаргахад миний гомдлын хариуг 2017 оны 05  дугаар сарын 29-ний өдөр өгсөн.

Тус 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаар бүхий Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдол шийдвэрлэсэн тухай тогтоолд “...албадан дуудлага худалдаанд оруулах тухай 10/336 тоот тогтоол, 3/33098, 3/33096 тоот мэдэгдлийг төлбөр төлөгчийн хуулийн этгээдийн хаягаар явуулсан...” гэжээ. Нэхэмжлэгч Ж.Н- миний бие ямар ч хуулийн этгээдийн байгууллага байхгүй бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэр нь иргэн Ж.Н-ээр гарсан. Ингээд надад огт мэдэгдэл, тоот хүргүүлээгүй би хүлээж аваагүй тул шүүх хуралдаан дээр хариуцагчийн хариу тайлбараар мэдэж авсан. Энэ бол маш ноцтой хууль зөрчсөн үйлдэл юм.

Мөн тус тогтоолд “... ажилтан Мөнхтуулд гардуулсан...”, “...гүйцэтгэх захирал Ж.Н-д...” гэжээ Ж.Н- надад ямар ч ажилтан байхгүй бөгөөд би хуулийн этгээдгүй, ямар ч гүйцэтгэх захирал гэсэн албан тушаал надад байхгүй. Шийдвэр гүйцэтгэх албанаас надад мэдэгдэх хуудас хүргүүлээгүй үйлдлээ зөвтгөх гэсэн шалтаг гэж үзэж байна.

Иймээс төлбөр төлөгч Ж.Н- миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Жамъян гүний гудамжны 16 тоотод байршилтай 969 мкв талбайтай 3 давхар үйлдвэрлэл үйлчилгээний барилгыг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн Ж.Н- миний бие 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өмгөөлөгч авч, гэрээ байгуулан өөрийн өмгөөлөгч Ш.Базаррагчааг шүүх хуралдаанд оролцуулах болсон байтал өмгөөлөгчөөс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргахад шүүгч хүсэлтийг хүлээн авалгүйгээр шууд шүүх хуралдааныг эхлүүлж, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа ярь гэж тулгасан. Өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй байж мөн тус өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч талаас хэд хэдэн нотлох баримтуудыг гаргаж өгсөн байсантай танилцуулаагүй. Өмнө нь энэ маргаанд өмгөөлөгч Ш.Базаррагчаа нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаад гадаад руу явсан тул би Базаррагчаагаас татгалзаж, Б.Сутайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оруулсан. Ингээд Ш.Базаррагчаа өмгөөлөгчийг Монголд ирэхэд нь уулзаж, дахин энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцуулах болсон. Гэтэл шүүхээс өмнө энэ хэрэгт зохигч байсан гэх үндэслэлээр хэргийн материалтай танилцуулаагүй нь хууль зөрчиж байна. Өмнө нь оролцогч байсан хэдий ч 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч талаас гаргаж ирсэн нотлох баримтуудтай танилцуулалгүйгээр шүүх хуралдаан хийнэ гэдэг бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Эрх тэгш байр суурьнаас мэтгэлцэж, эрх тэгш байр суурьтай хуралд оролцох зарчмыг зөрчсөн. Мөн миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай, өмгөөлөгч Ш.Базаррагчааг оролцуулъя, өмгөөлөгчтэйгөө хуралдаа оръё гэсэн хүсэлтийг хангаагүйгээр барахгүй итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өмгөөлөгчгүйгээр хуралд оролцуулсан нь процессыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Миний өмгөөлөгчид тус хэргийн материалтай танилцахад 30 минут шаардах байсан байх гэтэл 30 минутын хугацаа ч гаргаж өгөөгүй.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02892 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 132 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /хуучин хуулийн/ 34.3-т заасныг үндэслэн Н-ы 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Н- нь Н-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамжны 16 тоотод байршилтай 969мкв талбайтай 3 давхар үйлдвэр, үйлчилгээний барилгыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр “Алтайн их уулс” ХХК, иргэн Ж.Н- нараас 425 615 493 төгрөгийг гаргуулж “Хас банк” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамжны 16 тоотод байршилтай 969мкв талбайтай 3 давхар үйлдвэр, үйлчилгээний барилгыг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарсан байна.

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/336 дугаар тогтоол болон 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/33098, 3/33096 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч “Алтайн их уулс” ХХК-ийн ажилтан Б.Мөнхтуулд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гардуулан өгч, төлбөр төлөгчид өгөхийг даалган үлдээсэн, мөн тус мэдэгдлийг төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Н-ны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ холбогдох зохицуулалт, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4. дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02892 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 162 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ж.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР     

ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД