Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2021/0295/З |
Дугаар | 221/МА2022/0007 |
Огноо | 2021-12-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2022/0007
“Ч б” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З
Гомдлын шаардлага: Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0050247 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 721 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З,
Хариуцагч Ц.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа
Хэргийн индекс: 128/2021/0295/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Ч б” ХХК-аас Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчид холбогдуулан “2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0050247 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 721 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 1, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 48 дугаар зүйлийн 48.1.10-д заасныг баримтлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдлийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр илрүүлсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар зөрчлийн хэрэг нээхээр байсан. Зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа нь өөрөө тусгайлсан хуулиар зохицуулагдаж, энэхүү хуульд тухайн процесс ажиллагааг хэрхэн зохицуулж хуульчилсан түүний дагуу явах байтал хуульд заагдаагүй зөрчлөө арилгах албан шаардлага нь хэрэг нээх хугацааг сунгаж, зөрчлийн хэрэг бүртгэлийг хариуцан ажиллаж буй эрх бүхий албан тушаалтанд давуу байдал олгох ёсгүй юм.
Энэ асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий тайлбар хийгээгүй.
3.2. Монголбанкны улсын байцаагч нь “Ч б” ХХК-д газар дээр нь хийсэн хяналт шалгалтаар 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн улсын байцаагчийн актыг үйлдэж, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зөрчил гаргагчид цахим шуудан явуулсан байдаг. Энэхүү цахим шуудандаа зөрчлийн хэрэг нээсэн тухай тэмдэглэл, оролцогчоос мэдүүлэн авах файл, мэдүүлгийн хуудас бөглөж ирүүлэх зэрэг ажиллагааг хийсэн.
Энэхүү цахим шуудангийн дагуу “Ч б” ХХК 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгээр хууль ёсны төлөөлөгчөөр Б.Т-ыг томилж, Монголбанкинд хүргүүлсэн. 2020 оны 11 дүгээр сард итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хавсаргасан хүргүүлсэн боловч тайлбар мэдүүлэг авах зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй.
3.3. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлийн ажлыг дуусгаж 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зөрчлийн шийтгэвэрийг ногдуулсан. Гэтэл хэрэг бүртгэлийн материалыг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр С.Б гэх этгээдэд танилцуулсан байдаг.
Хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах боломж олгоогүй, мөн зөрчлийн шийтгэвэр гарсны дараа эрх олгогдоогүй этгээдэд танилцуулсан байна.
Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг дүгнэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох, зүйл, заалтыг бутуу тайлбарлан хэрэглэж, эрх бүхий албан тушаалтанд давуу байдлыг олгосон нь хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй байна.
2.1. Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0050247 дугаар шийтгэлийн хуудсаар “Ч б” ХХК “тусгай зөвшөөрөлгүй мөнгөн хадгаламж татан төвлөрүүлсэн” зөрчил нь тогтоогдож байна хэмээн Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 100 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “... хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үед шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй ... “Ч б” ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй ... шийтгэлийн хуудсыг хууль ёсны төлөөлөгчөөр томилоогүй этгээдэд танилцуулсан” гэж тайлбарласан мөн энэ агуулгаараа давж заалдах гомдлын үндэслэлээ тодорхойлжээ.
2.2. Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Банк Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ”, 6.1.1-д “мөнгөн хадгаламж”, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлд “Банкны тухай хууль зөрчих”, 1-д “Банкны үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заажээ.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2004 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 630 дугаар тушаалаар Гомдол гаргагч “Ч б” ХХК-д “Зөвхөн гадаадын харьяат иргэд, байгууллагад мөнгөн хадгаламжийн үйлчилгээ үзүүлэх” үйл ажиллагаа эрхлэх, 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 124 дүгээр тушаалаар “зөвхөн өөрийн зээлдэгчийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх” зөвшөөрлийг тус тус олгосон, гэтэл гомдол гаргагч “Ч б” ХХК нь 2018, 2019 онуудад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргатай “Мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулж, 2019 онд “Мөнгөн хадгаламжийн гэрээнд нэмэлт заалт оруулах тухай гэрээ”-г тус тус байгуулж, хадгаламж төвлөрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
2.3. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Ч б” ХХК-д газар дээр нь хийх иж бүрэн шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н-ээс “Ч б” ХХК-ийг банкны үйл ажиллагаа эрхлэх хязгаарлалтыг зөрчсөн талаар 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр улсын байцаагчийн акт үйлдэж, улмаар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан нь дараах үндэслэлээр хууль зөрчөөгүй гэж үзлээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна”, 2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нээсэн зөрчлийн хэргийн хэрэг бүртгэлийн хугацааг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 14 хоногоор зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 30 хоногоор хяналтын прокурор тус тус сунгасан байх тул гомдол гаргагчийн “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
2.4. Мөн хэрэгт авагдсан зөрчлийн материалаас үзэхэд Монголбанкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А-6/120 дугаар албан бичгээр “...иж бүрэн шалгалтаар илэрсэн зөрчлүүдэд ... зөрчлийн хэрэг нээж байгааг үүгээр мэдэгдэн танилцуулж байна. ...зөрчлийн хэрэг тус бүрд “Ч б” ХХК-ийг төлөөлж мэдүүлэг өгөх, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх холбогдох ажилтныг томилж ирүүлэх” талаар мэдэгдсэн, үүний дагуу гомдол гаргагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа авч, тайлбар, мэдүүлэг гаргах эрх нь нээлттэй байсан байна.
Гэтэл гомдол гаргагчаас дээрх эрхээ хэрэгжүүлээгүй атлаа зөрчлийн хэрэг нээхээс өмнөх улсын байцаагчийн актуудтай холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Монголбанкны хяналт шалгалтын газарт ирүүлсэн баримтыг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Т, өмгөөлөгч Ө.З нарыг энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй хэмээн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
2.5. Түүнчлэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийтгэлийн хуудас гаргах хүртэл хугацаанд 2005 онд олгосон тушаал зөрчлийн хэрэгт авагдаагүй. Хамгийн чухал баримтыг аваагүй атлаа “Ч б” ХХК-ийг хадгаламж татан төвлөрүүлэх эрхгүй гэж хийсвэрлэн бодох байдлаар шийдвэр гаргасан” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Монголбанкны Ерөнхийлөгчийн “Ч б” ХХК-д банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон 2004 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 630 дугаар тушаал, 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 124 дүгээр тушаалууд зөрчлийн материалд авагдаагүй нь “Ч б” ХХК-ийн гаргасан “тусгай зөвшөөрөлгүй мөнгөн хадгамж татан төвлөрүүлсэн” зөрчлийг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй.
Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 721 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН