Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 617

 

О.Дамдиндоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/05763 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Дамдиндоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма, О.Намнандорж нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 149 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат,

Хариуцагч П.Очирбат,  

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалан,

Хариуцагч Ү.Намнандоржийн өмгөөлөгч Э.Жамц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн найз О.Намнандоржид 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нийт 150 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. О.Намнандорж нь зээлээс 90 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд 60 000 000 төгрөг үлдсэн. О.Намнандорж нь төлөх ёстой 60 000 000 төгрөгийн өрийг түүний аав П.Очирбат, түүний ээж А.Пагма, түүний дүү О.Өлзийбат нар 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өөрсөддөө шилжүүлэн авч, 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сарын 5 хувийн хүү тооцох замаар төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн. Зээлийн гэрээ гэсэн бланкан дээр ба үүрэг гүйцэтгэх баталгаа болгон Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж 24-9 тоот хаягтай, эрхийн бүртгэлийн 2205013176 дугаараар бүртгэгдсэн орон сууцаа барьцаалсан юм. Дээр дурьдагдсан үлдэгдэл 60 000 000 төгрөгний өрийг аав П.Очирбат, ээж А.Пагма, дүү Э.Өлзийбат нартаа шилжүүлсэн тул О.Намнандорж надаас 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 20 000 000 төгрөг нийт 40 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай нэмж зээлсэн юm. О.Намнандорж нь үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 12 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн О.Намнандоржийн холбогдох өрийг шилжүүлэн авсан түүний аав П.Очирбат, ээж А.Пагма, дүү О.Өлзийбат нар нь үндсэн өр 60 000 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг нийт 90 000 000 төгрөгийг төлөөгүй. Иймд О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нараас 90 000 000 төгрөгийг, О.Намнандоржоос 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20 000 000 төгрөг, 6 сарын хүүгийн төлбөр 6 000 000 төгрөг, алданги 13 000 000 гөгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр өгсөн 20 000 000 төгрөг нийт 149 000 000 төгрөгийг О.Намнандорж, О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нараас гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шүүхийн шийдвэрт дурьдаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Намнандорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Дамдиндоржийн нэхэмжлэлтэй О.Намнандоржид холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлд дурьдсан материал нь бодит байдалтай нийцэхгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч П.Очирбат, А.Пагма нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч О.Дамдиндорж гэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бид нартай уулзахдаа хүү О.Намнандоржийн зээлийн төлбөр 60 гаруй сая төгрөг болж байгаа учраас энэ мөнгөний баталгаа болгож байрыг чинь барьцаанд авмаар байна гэж хэлээд гэрээнд гарын үсэг зуруулсан. Бидний зүгээс О.Дамдиндоржоос нэхэмжлэлд дурьдсан О.Намнандоржийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг өөртөө шилжүүлэн авсан ямар ч асуудал байхгүй, мөн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр мөнгө хүлээн аваагүй болно. Иймд О.Дамдиндоржийн биднээс 90 000 000 төгрөгийг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 175 дугаар зүйлийн 175.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Очирбатын Намнандоржоос 45 375 000 төгрөг гаргуулж Оюунбаатарын Дамдиндоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 103 625 000 төгрөгийн нэхэмжлэл, О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нарт холбогдох нэхэмжлэл, улсын бүртгэлийн Ү-2205013176 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 24 дүгээр байрны 9 тоот 2 өрөө сууцны үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн О.Дамдиндоржийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 902 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Намнадоржоос 1 352  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/05763 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “өмнөх үүрэг гүйцэтгэгч барьцааны гэрээ байгуулаагүй тохиолдолд өрийг шилжүүлэн авч байгаа тал барьцааны гэрээ байгуулахгүй, өмнөх үүрэг гүйцэтгэгч барьцааны гэрээ байгуулсан байсан ч Иргэний хуулийн 124 дугаар зүйлийн 124.3 дахь хэсэгт зааснаар барьцааны эрх дуусгавар болно. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үүрэг үүсэхгүй, үүгээр барьцааны эрх дуусгавар болсон гэж дүгнэлээ” гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд байх барьцааны гэрээнээс үзэхэд О.Намнандоржийн зээлийн үлдэгдэл болох 60 000 000 төгрөгийн өрийг О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нар 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн барьцааны гэрээгээр өөртөө шилжүүлэн авах үед О.Дамдиндорж, О.Намнандорж нарын 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ дуусгавар болж, О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нарын Улсын бүртгэлийн Ү-2205013176 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүгийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 24 дүгээр байрны 09 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан гэрээний эрх үүссэн байна. Гэрээний дуусах хугацааг 2014 он гэж бичсэн байдаг.

Иргэний хуулийн 124 дугаар зүйлийн 124.3 дахь хэсэгт зааснаар өрийг шилжүүлсэн барьцаалуулагч нь гэрээний хугацаанд харилцаагаа үргэлжлүүлэхээс татгалзсан бол шаардлагыг хангахад чиглэгдсэн барьцаа дуусгавар болж, анхны үүрэг гүйцэтгэгч О.Намнандорж нь өмнөх гэрээний үүргийг хүлээдэг.

Гэтэл барьцааны гэрээ 2014 оны 12 дугаар сарын 31-нд дууссан ба энэ хугацаанд барьцаалуулагч талаас харилцаагаа үргэлжлүүлэхээс татгалзсан талаар ямар нэгэн шаардлага ирээгүй байдаг. Харин гэрээний хугацаа дуусч, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах талаар нэхэмжлэгч О.Дамдиндорж Иргэний шүүхэд хандсаны дараа барьцаалуулагч талаас харилцаагаа үргэлжлүүлэхээс татгалзаж байгаа үйлдэл нь барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Дээрх байдлаас үзэхэд О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нарын барьцаа хөрөнгөнөөс үүргийг гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

2. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Барьцааны гэрээнд О.Өлзийбатыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Намнандорж гарын үсэг зурсан нь бусдын өрийг шилжүүлэн авах хуулийн заалт хангаагүй, агуулгатай нийцээгүй, түүнчлэн О.Өлзийтбатаас О.Намнандоржид олгосон итгэмжлэлд “зээлийн гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах итгэмжлэлийг олгоогүй байна” гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь шийдвэрт барьцааны гэрээнд О.Өлзийбатыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Намнандорж гарын үсэг зурсан үйлдэл нь бусдын өрийг шилжүүлэн авах ямар хуулийн, ямар заалтыг хангаагүй, ямар агуулгатай нийцээгүй талаар тодорхой тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийднэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг хангаагүй байна.

Mөн шийдвэрт “Өлзийбатаас О.Намнандоржид олгосон итгэмжлэлд “зээлийн гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах итгэмжлэлийг олгоогүй байна” гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хэргийн 10 дугаар хуудсанд байх О.Өлзийбатын итгэмжлэлд “Улсын бүртгэлийн Ү-2205013176 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүгийн 16 дугаар хороо, 3 дугаар хороолол 24 дүгээр байрны 09 тоот 2 өрөө орон сууцыг захиран зарцуулах, түрээслэх, барьцаанд тавих, худалдах, төлөөлөн гэрээ, хэлцэл хийж гарын үсэг зурахыг зөвшөөрлөө” гэсэн нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасан “төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэсэн хуулийн заалтыг хангаж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасны дагуу наторатаар гэрчүүлсэн байдаг.

Дээрх байдлаас үзэхэд О.Өлзийбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Намнандорж барьцааны гэрээ, хэлцэл хийх, О.Өлзийбатыг төлөөлөн барьцааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах эрхтэй тул О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нараар барьцааны гэрээний үүргийг хангуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт О.Дамдиндорж нь О.Намнандоржид 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохирч, мөнгийг 01 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлэн өгч гарын үсэг зуржээ. Нэхэмжлэгч нь О.Намнандоржтой 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөг зээлүүлсэн гэж маргадаг боловч гэрээ байгуулсан, мөнгө шилжүүлсэнээ нотлоогүй байна” гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хэргийн 9 дүгээр хуудсанд байх зээлийн гэрээнд хариуцагч О.Намнандорж нь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулан 20 сая төгрөгийг авсан байдаг. Мөн түүнээс хойш нэг хоногийн дараа буюу 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч О.Дамдиндоржоос 20 000 000 төгрөг бэлнээр авлаа, хүлээн авсан О.Намнандорж” гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан.

Дээрх хоёр үйлдэл нь хоёр өөр цаг хугацаанд, хоёр өөр нотлох баримтаар, хоёр тусдаа үйлдэгдсэн байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт “О.Дамдиндорж нь О.Намнандоржид 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохирч мөнгийг 01 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлэн өгч гарын үсэг зуржээ” гэж хоёр тусдаа үйлдлийг нэг үйлдэл болгон дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн /О.Намнандоржийн аав П.Очирбат, ээж А.Пагма, дүү О.Өлзийбат нарын өөрийн хүсэлтээр О.Намнандоржийн төлөх ёстой өрийн үлдэгдэл болох 60 000 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн/ барьцааны гэрээний доор “2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 20 000 000 төгрөг бэлнээр авлаа, хүлээн авсан О.Намнандорж” гэж гарын үсгээ зурж баталагаажуулсан байхад шийдвэрт нэхэмжлэгч нь О.Намнандоржтой 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөг зээлүүлсэн гэж маргадаг боловч гэрээ байгуулсан, мөнгө шилжүүлсэнээ нотлоогүй байна” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь О.Намнандорж нь 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 20 000 000 төгрөг авахдаа хүлээн авсан тухайгаа өөрөө гараараа бичиж баталгаажуулсан байхад шүүх түүнийг нотлох баримт гэж үзээгүй үндэслэлгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/05763 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нарын барьцаа хөрөнгөнөөс 60 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 000 000 төгрөгний үндсэн зээл, 6 сарын хүү 6 000 000 төгрөг, алданги 13 000 000 төгрөг зэрэг нийт 39 000 000 төгрөгийг О.Намнандоржоос гаргуулах, 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 20 000 000 төгрөг бэлнээр авлаа, хүлээн авсан О.Намнандорж гэж гарын үсэг зурж авсан тул дээрх 20 сая төгрөгийг О.Намнандоржоос гаргуулах зэрэг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/05763 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхээс О.Намнандоржоос 45 750 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Дамдиндоржид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь:

Нэхэмжлэгч О.Дамдиндорж нь О.Намнандоржтой байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 150 000 000 төгрөг зээлснээс 90 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 60 000 000 төгрөгийг төлөөгүй, харин 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 01 дүгээр сарын 11-ний өдөр 20 000 000 төгрөгийг тус тус зээлсэний үүрэгт нийт 149 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “... Зээлдэгч О.Намнандорж нь 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 150 000 000 төгрөг, 3 сарын хүү 22 500 000 төгрөг, нийт 172 500 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 20 000 000 төгрөг, 6 сарын хүү 6 000 000 төгрөг, нийт 26 000 000 төгрөг буюу бүгд 198 500 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй.

Үүнээс, зээлдүүлэгч О.Дамдиндоржийн ХААН банкны 5077174303 тоот дансаар 2013 оны 10 дугаар сарын 11-нээс 2016 оны 11 дүгээр сарын 02-ныг хүртэлх хугацаанд зээлдэгч О.Намнандорж нь 168 250 000 төгрөгийг төлж, бусад 30 250 000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна... “ гэжээ.

О.Намнандорж нь О.Дамдиндоржтой 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 150 000 000  төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж, 90 000 000 төгрөгийг төлж барагдуулсан ба үүнийг нэхэмжлэгч О.Дамдиндорж, хариуцагч О.Намнандорж нар хүлээн зөвшөөрсөн. Харин үлдэгдэл 60 000 000 төгрөгийн баталгаанд өөрийн эцэг, эхийн байрыг баталгаа болго гэх О.Дамдиндоржийн шаардсаны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн болон барьцааны гэх гэрээ байгуулсан.

Гэтэл анхан шатны шүүхээс О.Намнандоржийг 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс 30 250 000 гогрөгийн үүргийг биелүүлээгүй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэхээр байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/05763 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч О.Дамдиндоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, залруулах боломжтой юм.

 

Нэхэмжлэгч О.Дамдиндоржийн хариуцагч О.Намнандоржоос 59 000 000 төгрөг, О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нараас 90 000 000 төгрөгийн зээл, хүү алданги нийт 149 000 000 төгрөг гаргуулах, улсын бүртгэлийн Ү-2205013176 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 24 дүгээр байрны 9 тоотын 2 өрөө сууцны үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч О.Намнандорж нэхэмжлэгч О.Дамдиндоржтой 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж 150 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, нэхэмжлэгч нь хариуцагч О.Намнандоржийн ХААН банкны 5020917288 тоот дансанд шилжүүлсэн, мөн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, мөнгийг 01 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар хариуцагч маргаагүй. /хэргийн 91, 92 дугаар тал/

 

Дээрх зээлийн гэрээний үүргээс зээлдэгч нь 90 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 60 000 000 төгрөгийг төлөөгүй гэж, уг үлдэгдэл мөнгийг зээлдэгч О.Намнандоржийн дүү О.Өлзийбат, эцэг П.Очирбат, ээж А.Пагма нар гүйцэтгэхээр шилжүүлэн авч 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ.” гэж заасанд нийцжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Дамдиндорж хариуцагч О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нарын хооронд дээрх хуульд заасны дагуу өр шилжүүлэн авахаар тохиролцож гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй гэж буруу дүгнэсэн байна. Учир нь хариуцагч нар нь өрийг шилжүүлэн аваагүй гэж тайлбарлаж байх боловч дээрх гэрээнд гарын үсэг зурсан болохыг үгүйсгээгүй, хариуцагч О.Өлзийбат нь 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрийгөө төлөөлөн гэрээ хэлцэл хийх итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай хариуцагч О.Намнандоржид олгосны дагуу тэрээр түүнийг төлөөлж нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсныг хариуцагч нар үгүйсгэж буй үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй байна.

 

Иймээс хариуцагч О.Намнандоржийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 150 000 000 төгрөгийн Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 60 000 000 төгрөгийг хариуцагч О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нар 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээний дагуу шилжүүлэн авч, нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн гэж үзнэ.

 

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эзэмшлийн ХААН банкны 5077174303 тоот дансны хуулгаар хариуцагч О.Намнандорж нь 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт нийт 168 250 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа түүнээс 30 250 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд хариуцагч О.Намнандоржийн төлсөн төлбөрийн хэмжээний талаар маргаагүй, төлбөрийг “Бороос” гэх нэрээр шилжүүлдэг болон хариуцагч О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нартай 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулахаас өмнө хариуцагч П.Намнандорж 90 000 000 төгрөгийг төлсөн гэсэн тайлбар зэргээс дүгнэж үзвэл, хариуцагч нар нь зээлийг бүрэн төлж, нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүрэг нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болсон байна.

 

Дээрх дансны хуулгаас үзэхэд 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш хариуцагч О.Намнандорж нь зээлийн гэрээний төлбөрт 150 250 000 төгрөгийг төлсөн байх ба уг төлбөрийг өмнөх хугацаанд хариуцагчийн төлсөн 90 000 000 төгрөгт хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч нараас 149 000 000 төгрөгийг гаргуулах  нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч О.Дамдиндорж, хариуцагч О.Намнандорж нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байх боловч 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Харин шүүх хариуцагч О.Намнандоржид 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч 20 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн гэх баримтыг 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнээс өөр зээлийн гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн мөнгө гэж тооцоогүйг буруутгах үндэслэлгүй болно.

 

Иймд дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу хариуцагч нараас 149 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/05763 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 175 дугаар зүйлийн 175.1, 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул О.Намнандорж, О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нараас зээлийн гэрээний үүрэгт 149 000 000 төгрөг гаргуулах, улсын бүртгэлийн Ү-2205013176 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 24 дүгээр байрны 9 тоотын 2 өрөө орон сууцны үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай О.Дамдиндоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч О.Дамдиндоржоос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 676 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Намнандоржоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 700 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАТЗОРИГ

 

                                                           ШҮҮГЧИД                           Э.ЗОЛЗАЯА

                                 

                                                                                          С.ЭНХТӨР