Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2016/05763

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙНӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 6-р хороолол, Бага тойруу гудамж 41-р байр, 4 тоотод оршин суух, регистр ХБ80072071, Нарванчин овогтой Оюунбаатарын Дамдиндоржийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, Энэбишийн гудамж 24-р байр 9 тоотод оршин суух, АНУ-д сурдаг, регистр ЧМ88022901, Даш овогтой Очирбатын Өлзийбат,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, Энэбишийн гудамж 24-р байр 9 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧМ54122917, Даш овогтой Пэрэнлэйн Очирбат,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, Энэбишийн гудамж 24-р байр 9 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧМ57031705, Уранбат овогтой Аюушийн Пагма,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, Энэбишийн гудамж 24-р байр 9 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧМ81050212, Даш овогтой Очирбатын Намнандорж нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 149 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиунаа,  хариуцагч П.Очирбат, хариуцагчийн  өмгөөлөгч Б.Баясгалан, хариуцагч Ү.Намнандоржийн өмгөөлөгч Э.Жамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие өөрийн найз О.Намнандоржид 2013 оны 10-р сарын 11-ний өдөр нийт 150 000 000 төгрөгийг зээлдүүлсэн юм. О.Намнандорж нь зээлээс 90 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд 60 000 000 төгрөг үлдсэн. О.Намнандорж нь төлөх ёстой 60 000 000 төгрөгийн өрийг түүний аав П.Очирбат, түүний ээж А.Пагма, түүний дүү О.Өлзийбат нар 2014 оны 1-р сарын 3-ны өдөр өөсрсөддөө шилжүүлэн авч , 2014 оны 7-р сарын 8-ны өдрийг хүртэл сарын 5 хувийн хүү тооцох замаар төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн. /зээлийн гэрээ гэсэн бланкан дээр/ ба үүрэг гүйцэтгэх баталгаа болгон Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, Энэбишийн гудамж 24-9 тоот хаягтай, эрхийн бүртгэлийн 2205013176 дугаараар бүртгэгдсэн орон сууцаа барьцаалсан юм. Дээр дурьдагдсан үлдэгдэл 60 000 000 төгрөгний өрийг аав П.Очирбат, ээж А.Пагма, дүү О.Өлзийбат нартаа шилжүүлсэн тул О.Намнандорж надаас 2014 оны 1-р сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 2014 оны 1-р сарын 11-ний өдөр 20 000 000 төгрөг нийт 40 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай нэмж зээлсэн юм. О.Намнандорж нь үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 12 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн Намнандоржийн холбогдох өрийг шилжүүлэн авсан түүний аав П.Очирбат, ээж А.Пагма, дүү О.Өлзийбат нар нь үндсэн өр 60 000 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг нийт 90 000 000 төгрөгийг төлөөгүй. Иймд О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нараас 90 000 000 төгрөгийг, О.Намнандоржоос 2014 оны 1-р сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20 000 000 төгрөг, 6 сарын хүүгийн төлбөр 6 000 000 төгрөг, алданги 13 000 000 төгрөг, 2014 оны 1-р сарын 11-ний өдөр бэлнээр өгсөн  20 000 000 төгрөг нийт 149 000 000 төгрөгийг О.Намнандорж, О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нараас гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шүүхийн шийдвэрт дурьдаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Намнандорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Дамдиндоржийн нэхэмжлэлтэй О.Намнандоржид холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Учир нь нэхэмжлэлд дурьдсан материал нь бодит байдалтай нийцэхгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч П.Очирбат, А.Пагма нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч О.Дамдиндорж гэгч нь 2014 оны 1-р сарын 3-ны өдөр бид нартай уулзахдаа хүү О.Намнандоржийн зээлийн төлбөр 60 гаруй сая төгрөг болж байгаа учраас энэ мөнгөний баталгаа болгож байрыг чинь барьцаанд авмаар байна гэж хэлээд гэрээнд гарын үсэг зуруулсан. Бидний зүгээс О.Дамдиндоржоос нэхэмжлэлд дурьдсан О.Намнандоржийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг өөртөө шилжүүлэн авсан ямар ч асуудал байхгүй, мөн 2014 оны 1-р сарын 3-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр мөнгө хүлээн аваагүй болно. Иймд О.Дамдиндоржийн биднээс 90 000 000 төгрөгийг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч О.Дамдиндорж нь О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма, О.Намнандорж нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 149 000 000 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 45 375 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            О.Дамдиндорж нь О.Намнандоржтой 2013 оны 10-р сарын 11-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулж 150 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

            Зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон 150 000 000 төгрөгийг 2013 оны 10-р сарын 11-ний өдөр зээлдэгчийн ХААН банкны 5020917288 тоот дансанд шилжүүлсэн, зээлдэгч зээлээс 90 000 000 төгрөгийг төлж, бусад 60 000 000 төгрөгийг төлөөгүй, энэ өрийг зээлдэгчийн дүү О.Өлзийбат, эцэг П.Очирбат, ээж А.Пагма нар гүйцэтгэхээр шилжүүлэн авсан боловч төлөөгүй гэж нэхэмжлэгч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь өрийг шилжүүлэн авсан О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нараас зээл 60 000 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг нийт 90 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж 2014 оны 01-р сарын 03-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг /хх 5-8/ нотлох баримтаар гаргасан байх ба О.Дамдиндорж нь энэхүү гэрээгээр 60 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр, улсын бүртгэлийн Ү-2205013176 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хорооллын 34-р байрны 9 тоот 2 өрөө сууцыг барьцаалан зээлүүлэхээр тохирсон байна.

 

            Талуудын байгуулсан гэрээнээс дүгнэвэл 60 000 000 төгрөгийг хугацаатай, хүүтэй зээлүүлэх, зээлдэгч гэрээгр тохирсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол алданги төлөх, мөн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээг байгуулсан, өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

 

            Иргэний хуулийн 124-р зүйлд зааснаар  эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч болдог бөгөөд энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч О.Дамдиндорж нь О.Намнандоржийн өрийг өөртөө шилжүүлэн авч байгаа О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нартай өр шилжүүлэн авахаар тохирсон гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй.

 

            Нөгөө талаар,  өмнөх үүрэг гүйцэтгэгч нь барьцааны гэрээ байгуулаагүй тохиолдолд өрийг шилжүүлэн авч байгаа тал  барьцааны гэрээ байгуулахгүй, өмнөх үүрэг гүйцэтгэгч барьцааны гэрээ байгуулсан байсан ч Иргэний хуулийн 124-р зүйлийн 124.3-т зааснаар барьцааны эрх дуусгавар болно.

            Үүнээс дүгнэвэл, хариуцагч нар барьцааны гэрээ байгуулж илүү үүрэг хүлээсэн,   түүнчлэн зээлийн болон барьцааны гэрээнд О.Өлзийбатыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Намнандорж гарын үсэг  зурсан нь   бусдын өрийг шилжүүлэн авах хуулийн заалт, агуулгатай нийцээгүй, түүнчлэн О.Өлзийбатаас О.Намнандоржид олгосон 2013 оны 07-р сарын 22-ны өдрийн итгэмжлэлд “зээлийн гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах” итгэмжлэлийг /хх 10/ олгоогүй байна.

            Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нарт зээлдүүлэгч О.Дамдиндорж нь гэрээгээр тохирсон 60 000 000 төгрөг шилжүүлээгүй тул зээлийн гэрээний үүрэгт зээл, алдангид 90 000 000 төгрөг төлөх үүрэггүй, хэдийгээр барьцааны гэрээ нотариатаар гэрчлэгдэж, улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангах үүрэг үүсэхгүй, үүгээр барьцааны эрх дуусгавар болсон гэж дүгнэлээ.

            О.Дамдиндорж нь О.Намнандоржид 2013 оны 10-р сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 150 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлүүлснээс гадна 2014 оны 01-р сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохирч, мөнгийг 1-р сарын 11-ний өдөр шилжүүлэн өгч гарын үсэг /хх 8-9/ зуржээ. Эдгээр гэрээтэй хамт эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулагдаагүй байна.

 

            Нэхэмжлэгч нь эдгээр 2 гэрээнээс гадна О.Намнандоржтой 2014 оны 01-р сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөг зээлүүлсэн гэж маргадаг боловч гэрээ байгуулсан, мөнгө шилжүүлснээ нотлоогүй байна.

 

            Харин 2014 оны 01-р сарын 11-ний өдөр 20 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт нь 2014 оны 01-р сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний дагуу мөнгийг шилжүүлж өгсөн баримт  гэх үндэслэлтэй.

 

            Зээлдэгч О.Намнандорж нь 2013 оны 10-р сарын 11-ний өдрийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 150 000 000 төгрөг, 3 сарын хүү 22 500 000 төгрөг нийт 172 500 000 төгрөг, 2014 оны 01-р сарын 10-ны өдрийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 20 000 000 төгрөг, 6 сарын хүү 6 000 000 төгрөг нийт 26 000 000 төгрөг буюу бүгд 198 500 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй байжээ.

 

            Үүнээс, зээлдүүлэгч О.Дамдиндоржийн ХААН банкны 5077174303 тоот дансаар    2013 оны 10-р сарын 11-нээс 2016 оны 11-р сарын 02-ныг хүртэлх хугацаанд зээлдэгч О.Намнандорж нь 168 250 000 төгрөгийг төлж, бусад 30 250 000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна.

 

            Зээлийн гэрээний 3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон байх тул 30 250 000 төгрөгийн 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 15 125 000 төгрөг нийт 45 375 000 төгрөгийг зээлдэгч О.Намнандоржоос гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

            Хэргийн 41-44 дэх талд авагдсан орлогын мэдүүлгээр төлөгдсөн мөнгө нь ХААН банкны дансаар төлөгдсөн дүнд орж тооцогдсон болно.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 124-р зүйлийн 124.1 дэх хэсэг, 175-р зүйлийн 175.1 дэх хэсэг, 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Очирбатын Намнандоржоос 45 375 000 /дөчин таван сая гурван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж Оюунбаатарын Дамдиндоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 103 625 000 төгрөгийн нэхэмжлэл, О.Өлзийбат, П.Очирбат, А.Пагма нарт холбогдох нэхэмжлэл, улсын бүртгэлийн Ү-2205013176 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хорооллын 24-р байрны 9 тоот 2 өрөө сууцны үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн О.Дамдиндоржийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 902 950 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч О.Намнадоржоос 1 352 950 /нэг сая гурван зуун тавин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА