Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 151/ШЗ2016/02980

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 151/ШЗ2016/02980

Төв аймаг

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймгийн Баянцагаан суманд оршин байрлах бүртгэлтэй Ануд номин ХХК-д холбогдох 3 350 081 063 төгрөгийн татварын төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, Б.Баттогтох, Б.Амаржаргал, хариуцагч Ануд номин ХХК-ийн захирал Г.Дашдулам, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: - 2013, 2014 оны НӨАТ хугацаанд нь төлөөгүй татварын өр алданги гээд нийт 3,350,081,063 төгрөгийг Ануд номин ХХК-аас нэхэмжилж байна. Ануд номин ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр 982, 781,773 төгрөг, хүү торгуулийн 982,856,000 төгрөг, Хүү торгууль алдангийг тооцохдоо Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл, 60 дугаар зүйлийг үндэслэж, хугацаанд нь төлөөгүй өрийн торгууль алдангийг тооцсон байна. 2013 оны нэмэгдсэн өртгийн албан татвар 460 хоног, 2015 оны 04 сарын байдлаар тооцсон. 2014 оныг 95 хоногоор тооцож тус тус торгууль алданги тооцсон байна. Нийт 3,350,081,063 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ануд номин ХХК-ийн захирал Г.Дашдулам шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: - Манай байгууллага 2014 оны татварын сайтан дээр 2013 оны 12 сарын тайланг жилийн эцэст илгээх болсон чинь татварын сайтан дээр падаанууд нь хуурамч зөрчилтэй хасалт залруулга хийж байгаад программд тайланг хүлээж авахгүй болчихсон байсан. Тэгээд 2014.01.09 өдөр хүсэлтээ өгөөд тайлангаа өөрчилж өргүй байсан тайлангаа өртэй болгож засаад илгээсэн. Ингээд хасаж болох юм уу гэхэд улс даяараа ийм зүйл болж байгаа тайлангаа засахгүй бол эцэст нь бүгд өөр дээр чинь бууна. Улс даяараа шалгасан асуудал дараа нь нэг тйишээ цэгцэрхээр эргэж залруулагдах байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би айж байгаад өрөнд орох байх гээд тайлангаа засчихсан. Би энэ өрийг зөвшөөрөхгүй. Би 2012 2013 онд өр гардаг байсан ч төлөөд явдаг байсан. 2014 онд 30 гаран сая төгрөг төлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг /нэхэмжлэгч тал 1-р хавтаснаас 10-17, 30-43, 62, 63-74, 129-180 талуудыг, 2-р хавтаснаас 49-77 талуудыг, хариуцагч тал 1-р хавтаснаас 1, 10-17, 129-149, 158, 168, 178-200, 205-206 талуудыг, 2-р хавтаснаас 8-20 талуудыг/ тус тус шинжлэн судлав.

Нэхэмжлэгч Төв аймгийн татварын хэлтэс нь Төв аймийн Баянцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг 2291398 регистрийн дугаартай Ануд номин ХХК нь 2013, 2014 оны нийт 3.350.081.036 татварын өрөө төлөхгүй татварын хэлтсийн ажилд хүндрэл учруулж байгаа тул уг төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Ануд номин ХХК-аас 2013, 2014 оны татварын өр /ногдол болон торгууль, алданги/ 3 350 081 063 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардаад төлөхгүй байгаа учраас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч хариуцагч нарын гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу зохигчдоос гаргаж ирүүлсэн бичгийн нотох баримтуудыг тэдгээрийн хүсэлтээр тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Хэргийн 1-р хавтас /10-17-р хуудсанд/-т Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Наранцэцэгийн 14/12 дугаартай мэдэгдэх хуудсыг Г.Дашдуламд гардуулсан тухай тэмдэглэл, мөн Татварын хэлтсийн 2015.04.28-ны өдрийн 14/12 дугаартай, мөн 2014.06.04-ны өдрийн 14/003 дугаартай мэдэгдэх хуудсуудыг Ануд номинХХК-ийн захирал Г.Дашдулам хүлээн авсан тухай тэмдэглэл, татварын өрийн тооцоолол зэрэг баримтуудаас өөр татварын өрийг барагдуулах ажиллагаа хийсэн гэж үзэх баримт авагдаагүй, эдгээр баримтуудаар хариуцагчийн дансны гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоосон, мэдэгдэх хуудсыг банкинд хүлээлгэн өгсөн, банк хүлээн авч дээрхи ажиллагааг хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Төв аймгийн Татварын хэлтэс нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийн Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана. гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч нь Татварын Ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах ь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт тус тус зааснаар Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй Ануд номин ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дүгээр зүйлийн 170.1-д зааснаар энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ