Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 151/ШЗ2016/00034

 

 

 

 

 

2015 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 151/ШЗ2016/00034

Төв аймаг

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Мөнхцэцэг би,

-нэхэмжлэгч УБЦТС ХК-ны Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй,

-хариуцагч Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Рашаант хороонд үйл ажиллагаа явуулдаг Тунгалаг алтайн дэвшил хоршоонд холбогдох, цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр болох 784.885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2015 оны 10 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч УБЦТС ХК, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төв, менежер Л.Батболд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тунгалаг алтайн дэвшил хоршоо нь 2015 оны 4 сараас цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр 756.595 төгрөг, алданги тооцсон 28.290 төгрөг, нийт 784.885 төгрөгийг одоо болтол төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй манай байгууллагад хохирол учруулж байна.

Иймд Тунгалаг алтайн дэвшил хоршооноос цахилгаан эрчим хүч хэрэглэсэн 784885 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч УБЦТС ХК, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч Тунгалаг алтайн дэвшил хоршооноос цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 784.885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх УБЦТС ХК, Зуунмод хэрэглэгчдэд төвийн нэхэмжлэлийг 2015 оны 10 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2015 оны 10 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулахад тэрээр Төв аймаг, Лүн сум, 3 дугаар баг, Рашаант хороо гэх хаягт үйл ажиллагаа явуулдаггүй, захирал Жалиар овогт Лхаасүрэнгийн Тунгалаг /ДН65031001/ нь Төв аймаг, Лүн сум, 3 дугаар баг, Төв, хөх даваа гудамж, 29 тоотод оршин суудаггүй болох нь тус багийн Засаг даргын 2015 оны 12 сарын 17-ны өдрийн 361 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Иймд хариуцагчийн оршин суугаа, мөн оршин байгаа газар нь тодорхойгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23390 төгрөгийг Татварын албаны 5001196835 тоот данснаас буцаан олгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд нэхэмжлэгч УБЦТС ХК, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төв нь өөрийн оршин суугаа газрын анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, оршин байгаа газрыг тогтоож, дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар УБЦТС ХК-ны Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Тунгалаг алтайн дэвшил хоршоонд холбогдох, цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр болох 784.885 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүгчийн захирамж гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ