Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2022/0020

 

“Ш” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, өмгөөлөгч О.М

Гомдлын шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 252018051 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 749 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч Х Ж, Г.Н, өмгөөлөгч О.М,

Хариуцагч О.Мөнхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2018/0493/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Ш” ХХК-аас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан “2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 252018051 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 749 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг баримтлан “Ш” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг бүрэн үнэлэлгүй, дутуу үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд:

Нэхэмжлэгч тал нь хариуцагч нар татварын хяналт шалгалт хийхэд болон анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулахад ч санхүүгийн анхан шатны баримтуудаа бүрэн өгсөн байхад нотлох баримтуудад анхан шатны шүүх дүгнэлт огт хийгээгүй, байгаагүй мэтээр дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн байдаг. Уг шинжээчийн дүгнэлтэд “Ш” ХХК-ийн “М э и” ХХК, “Д” ХХК-уудаас авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, төлбөрийн баримтууд нь хуурамч гэсэн нэг ч үг өгүүлбэр байдаггүй бөгөөд харин ч “М э и” ХХК нь гаалиар бараа, материал импортлон оруулж ирсэн байна гэдэг дүгнэлтийг тус тус гаргасан байдаг. Энэ нь дээрх компаниуд гаалиар бараа, материалууд импортлон оруулж ирсэн, уг бараа, материалуудаас манай компани худалдан авсан гэдгийг нотолж байгаа болохоос нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримт биш юм.

Манай компаний 100 айлын барилгын материал цэгт лангуу түрээсэлж, барилгын материал худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд дээрх компаниуд нь төлбөрөө авахаар ирэхэд компанийн кассанд байгаа мөнгө хүрвэл компанийн данснаас мөнгө авахгүйгээр, кассан дахь мөнгө хүрэлцэхгүй тохиолдолд компанийн данснаас мөнгөө бэлнээр авч төлбөрийг төлдөг байсан.

Энэ нь эдгээр баримтуудыг нөхөж үйлдээгүй гэдгийг бүрэн нотолж байгаа нотлох баримтууд юм. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан компанийн Голомт банкны дансны хуулгуудыг бүрэн шалгаж, нягтлаагүй, үнэлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан гэх 2015 оны 4 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааны зөрчилд хэрэгжиж эхлээгүй буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хуулийг хэрэглэж, зөрчил гэж үзэж “Шийтгэлийн хуудас” бичсэн нь үндэслэлгүй.

            3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд:

            О.М-аас Б.Д-д олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан хэдий ч уг итгэмжлэл нь хуульд заасан итгэмжлэлийн шаардлагыг хангаагүй байна.

            Хариуцагч Б.Нарангэрэл нь шүүх хуралд оролцоогүй шалтгаан нь тэрээр татварын байгууллагаас гарч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаатай холбоотой бөгөөд нэг хариуцагч нь байхгүй тохиолдолд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эрх залгамжлагчийг томилох ёстой байсан гэж үзэж байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй байна.

2.1. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 252018051 дугаар шийтгэлийн хуудсаар “Ш” ХХК-ийг “хий бичилттэй нэмэгдсэн өртгийн падаан ашиглаж, төсөвт төлөх татвараа бууруулсан” гэх үндэслэлээр 20 219 090.85 төгрөгийн нөхөн татвар, 6 065 727.26 төгрөгийн торгууль, 4 043 818.17 төгрөгийн алданги, нийт 30 328 636.8 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

2.2. Гомдол гаргагч “Ш” ХХК-аас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “... “Ш” ХХК нь “М э и” ХХК, “Д” ХХК-уудтай гэрээ байгуулж, бараа, материал худалдан авч ... санхүү, татварын тайландаа тусгасан нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар бүрэн нотлогдож байгаа ... дээрх 2 компаниас худалдан авсан хар замаска, эмульсийг “М ю” ХХК, “Т С Д” ХХК, “Т ө” ХХК, “Ө х” ХХК-иудад борлуулсан нь баримтуудаар бүрэн нотлогдоно” гэж тайлбарлан маргасан байна.

2.3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй”; Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” гэж тус тус зааснаар худалдан авагч буюу албан татвар суутган төлөгч нь худалдагчид албан татвар төлснөө зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бус, мөн гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотолсны үндсэн уг албан татварыг хасалт хийхээр байна.

2.4. “Ш” ХХК-ийн “М э и” ХХК-аас 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0018312790, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0018412286, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 001842982, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0018682263 дугаар падаан, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23102832, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24455594 дугаар төлбөрийн баримт, “Д” ХХК-аас 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 312323398, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 519784155 дугаар төлбөрийн баримтуудаар бараа, материал худалдан авсан гэх боловч дээрх падаан, төлбөрийн баримтуудад тусгагдсан худалдах, худалдан авах гэрээ хэрэгжсэнийг бүрэн нотлох санхүүгийн анхан шатны баримт байхгүй, түүнчлэн “М э и” ХХК, “Д” ХХК-иуд нь 2015, 2016 онуудад хуурамч гэрээ байгуулж, бусдын улсын хилээр импортлосон бараа, материалын баримтуудыг хууль бусаар ашиглан импортоор оруулж ирсэн мэтээр гаалийн бүрдүүлэлт хийж /тухайн хуурамчаар бүрдүүлэлт хийсэн бараа, бүтээгдэхүүндээ ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн/, бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар прокурорын тогтоол зэргээр тогтоогдсон байна.

2.5. Улмаар гомдол гаргагчаас “дээрх компаниуд гаалиар бараа материалууд импортлон оруулж ирсэн, уг бараа материалуудаас манай компани худалдан авсан гэдгийг нотолно ... ” гэж тайлбарлан маргах боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар шинжээчийн дүгнэлт[1], 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор[2] “... “М э и” ХХК-ийн нэрээр ... бараа худалдан аваагүй атлаа авсан мэтээр тайлагнасан мөн ... бараа импортлоогүй атлаа импортлосон мэтээр тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулан НӨАТ төлөхөөс зайлхийсэн”, “... “Д” ХХК-ийн нэрээр ... бараа худалдан авч төлбөр төлөөгүй атлаа ... худалдан авсан мэтээр тайлагнасан, ... бараа импортлоогүй атлаа импортлосон мэтээр тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлхийсэн” зөрчлүүд нь тогтоогдсон, энэ тохиолдолд шүүхээс “М э и” ХХК, “Д” ХХК-иуд гаалиар бараа, материал импортлон оруулж ирсэн, уг бараа, материалуудыг “Ш” ХХК худалдан авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд, энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.6. Хэдийгээр гомдол гаргагчаас бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт, кассын орлогын ордер, худалдах, худалдан авах гэрээгээр дээрх худалдан авалтууд нь нотлогдоно гэх боловч тухайн баримтууд нь нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн дүнгээр худалдан авалт бодитоор хийгдсэн гэдгийг бүрэн нотолж чадахгүй бөгөөд төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар давхар нотлогдоогүй энэ тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох үндэслэлгүй.

2.7. Гэтэл “Ш” ХХК бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт, кассын орлогын ордероос өөр баримтгүй, хэрэгт худалдах, худалдан авах гэрээ авагдсан байх боловч уг гэрээнүүд дээрх гарын үсэгнүүд зөрүүтэйн дээр шүүхээс “Ш” ХХК-ийн Голомт банкны дансны 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуулга дахь орлого, зарлагын гүйлгээ нь маргаан бүхий падаан, төлбөрийн баримтаар авсан гэх бараа, материалын төлбөр мөн эсэхийг нотлохгүй, тухайн компаниуд нь дансаар холбогдох гүйлгээг хийгээгүйгээс дээрх данснаас бэлнээр гаргасан зарлагыг “М э ит” ХХК, “Д” ХХК-иудад төлөгдсөн төлбөр гэж шууд дүгнэх, тухайн данснаас бэлнээр гаргасан мөнгөний зарцуулалт, хуваарилалтыг тогтоох боломжгүй бөгөөд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар “М э и” ХХК, “Д” ХХК-иудаас нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт бодитоор хийгдсэн эсэх нь бүрэн тогтоогдохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.8. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийг хар замаска, эмульс гэх зэрэг бараа, материалыг хэн нэгнээс худалдаж аваагүй гэж дүгнээгүй, харин худалдан авахдаа борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь санхүүгийн баримтаар нотлогдоогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу албан татварыг хасч тооцохгүй, энэ үндэслэлээр гаргасан маргаан бүхий акт хуульд нийцсэн гэж үзсэн болно.

2.9. Мөн Татварын хяналт шалгалт хийх томилолтод “Ш” ХХК-д 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай хяналт шалгалт хийхээр тусгагдаж, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хяналт шалгалтын хугацааг сунган, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 252018051 дугаар шийтгэлийн хуудсыг бичсэн, үүнээс үзэхэд Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 30 дугаар зүйлийн 30.1.1-д “татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин 1 хоногийн хугацаа хэтрүүлж шийтгэлийн хуудас бичсэн нь буруу боловч энэ нь зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

2.10. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” хэмээн зааснаар татварын улсын байцаагч нар нь иргэнийхээ хувьд бус захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн албан тушаалтныхаа хувьд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татагдан оролцож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө” гэж заасны дагуу хариуцагч татварын улсын байцаагч О.М-аас өөрийн гарын үсгийг зурж, баталгаажуулан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Д, Б.Д нарт олгосон итгэмжлэлийг хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхгүй.

2.11. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3-д, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 он/ 14 дүгээр зүйлийн 14.5-д ямар тохиолдолд албан татвар суутган төлөгч нь албан татварын хасалт хийх талаар адил агуулгаар зохицуулагдсан байх тул гомдол гаргагчийн “2015 оны 4 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааны зөрчилд хэрэгжиж эхлээгүй буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хуулийг хэрэглэж зөрчил гэж үзэж шийтгэлийн хуудас бичсэн” талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй бөгөөд энэхүү үндэслэлээр хариуцагч нарыг буруутгах үндэслэлгүй байна.

Ийнхүү давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 749 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                              Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

 

 

[1] 2 дугаар хавтаст хэргийн 18 дугаар талд,

[2] 2 дугаар хавтаст хэргийн 13 дугаар талд,