Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00753

 

БНХАУ-ын иргэн Ж-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03774 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 253 дугаар магадлалтай

БНХАУ-ын иргэн Ж-гийн нэхэмжлэлтэй

“Х” ХХК, Д.Э- нарт холбогдох

Авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 ширхэг машин техникүүдийг гаргуулах, Ж-гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Должинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд тайлбарлахдаа: “Х” ХХК нь Монгол Улсын Архангай аймгийн Цахир сумаас Завхан аймгийн Тосонцэнгэл сум чиглэлийн 12.7 км авто замын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр Монгол Улсын Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтоор 2012 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 18-ны өдрүүдэд орж ирсэн авто ачигч урдаа шанагатай SDLG 2011 оны шар өнгөтэй, арлын дугаар В901013310, хөдөлгүүр 1211Е057872, Авто ачигч урдаа шанагатай SDLG 2012 оны шар өнгөтэй, арлын дугаар С9014418, хөдөлгүүр 1211К132467, Экскаватор JCM 2012 оны, арлын дугаар L1BD0209, мотор 73189243, Экскаватор JCM 2012 оны, арлын дугаар L0YD0019, мотор 73202379 машин техникүүдийг “Х” ХХК, БНХАУ-ын “Чи Шан Шин Юй Зам Гүүрийн инженеринг” ХХК-уудын хооронд 2012 оны 5 дугаар сарын 4 өдөр байгуулсан 12/04 тоот гэрээ, БНХАУ-ын “Чи Шан Шин Юй Зам Гүүрийн инженеринг” ХХК-ийн 2016 оны 36 тоот албан бичиг, “Х” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны 04/240 тоот албан бичгийг тус тус үндэслэн төслийн удирдагч Jia Chunsuo миний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Гэвч “Х” ХХК нь техникүүдийг одоог хүртэл шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй байгаа бөгөөд удаа дараа хүсэлт, шаардлага тавьсан боловч хүлээж авч шийдвэрлэхгүй байгаа.

Д.Э- тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийг БНХАУ-ын иргэн Жан Ван биаогоос шилжүүлэн авсан гэж маргаж байгаа боловч эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр тодорхойлолтоор БНХАУ-ын иргэн Жан Ванбиао нь маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийг бусдад шилжүүлэх замаар захиран зарцуулах эрхтэй этгээд байсан эсэх нь тогтоогдоогүй тул Д.Э-ийн эзэмшлийг хууль ёсных гэж үзэх боломжгүй. Түүнчлэн, “Х” ХХК-иас техник хэрэгслүүдийг Jia Chunsuo-ийн нэр дээр шилжүүлэхээр үүрэг хүлээсэн байтлаа уг үүргээ зөрчин өөр этгээдэд өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн нь хууль бус юм. Иймд Д.Э-ээс авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 ширхэг машин техникүүдийг гаргуулах, нэхэмжлэгч Jia Chunsuoгийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч Д.Э-т даалгаж өгнө үү. “Х” ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан гэжээ.

Хариуцагч “Х” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х” ХХК нь Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замын ажил дээр туслан гүйцэтгэх ажил хийлгүүлэхээр БНХАУ-ын “Чи Шан Шин Юй Зам Гүүрийн инженеринг” ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 12-04 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээр нэхэмжлэлд нэр дурдсан 4 ширхэг техник Монгол Улсын хилээр орж ирэхдээ ерөнхий гүйцэтгэгч “Х” ХХК-ийн нэр дээр орж ирсэн. Ажлын явцад гэрээ байгуулсан “Чи Шан Шин Юй Зам Гүүрийн инженеринг” ХХК-ийн хүсэлтээр ажил гүйцэтгэх гэрээ Баожи Тайань констракшн ХХК-руу шилжсэн. Уг техникүүд нь гэрээнд заасан Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замын засвар шинэчлэлтийн ажил дээр ашиглагдаж байгаа бөгөөд одоогоор үлдсэн 7 км авто замын ажлыг энэ жил дуусгах гэрээтэй. Хөрөнгө оруулагч гэх Жао Ванбиао, Ж- нар нь оруулсан хөрөнгийнхөө талаар байнгын маргаантай байдаг бөгөөд манай компани нь тэдний маргаанд хөндлөнгөөс оролцдоггүй болно. Манай талаас тэдэнд тавьдаг ганц шаардлага бол гэрээнд дурдсан ажлыг хийж дуустал замын ажил дээрээс дээр дурдсан техникүүдийг өөр тийш нь явуулахгүй байх явдал юм. Уг техникүүдийг худалдаж авахад манай зүгээс оролцоо байхгүй тул уг техникүүдийг хөрөнгө оруулагч 2 талын аль нэг рүү нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжүүлэхэд татгалзах шалтгаан байхгүй болно. Манай талаас гэрээт ажлыг хугацаанд нь дуусгасан байх шаардлагыг тавина гэжээ.

Хариуцагч Д.Э- шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжилж буй техник хэрэгслийг хууль ёсоор өмчлөх эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болохыг нотлох Монгол улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлд заасан төлөөлөгч мөн болох, 64 дүгээр зүйлд заасан төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэдгийг нотлох баримтаар нотлоогүй. БНХАУ-ын Шаньси муж Баожи хотын дунд шатны иргэний хэргийн шүүхийн 2016 оны шанси 03 144-4 тоот шийдвэр гүйцэтгэх тогтоолоор хариуцагч нарыг тогтоосон ба дээрх хариуцагч нарт нэхэмжлэгчийн өөрт маргаан бүхий техник хэрэгслийг шилжүүлэх эрхийг олгосон гэх “Чи Шан Шин Юй Зам Гүүрийн инженеринг” ХХК түүний хууль ёсны төлөөлөгч гүйцэтгэх удирдлага Жан Вэй Нинийг хариуцагч болохыг заасан ба тэдгээрээс Монгол Улсын “Х” ХХК-д ашиглаж буй техник хэрэгслийг нэхэмжлэгч Жао Ванбиаод хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон 2014 оны Баожи Дунд шатны иргэний хэргийн 2 дугаар анхан шатны шүүхийн 00179 тоот иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчид эд хөрөнгө шилжүүлэн авах эрх өгсөн гэх “Чи Шан Шин Юй Зам Гүүрийн инженеринг” ХХК түүний гүйцэтгэх удирдлага Жан Вэй Нинь нь БНХАУ-ын шүүхийн шийдвэрээр Жао Ванбиаод төлөх үүргийн гүйцэтгэлд эд хөрөнгөөр төлөх гэрээг байгуулснаар маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрх нь “Чи Шан Шин Юй Зам Гүүрийн инженеринг” ХХК түүний гүйцэтгэх удирдлага Жан Вэй Нинь гэгчээс Жао Ванбиаод шилжсэн тул энэ маргааны нэхэмжлэгч нь дээрх эд хөрөнгийг нэхэмжлэх эрх зүйн боломжгүй.

Маргаан бүхий техник хэрэгслийг Монгол улсын “Х” ХХК-д нийлүүлсэн Жан Вэй Нинь захиралтай “Чи Шан Шин Юй Зам Гүүрийн инженеринг” ХХК нь “Х” ХХК-д 2013 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн байдлаар 389 564 684 төгрөгийн өглөгтэй гарсан ба уг төлбөрийг Баожитай Ань компанийн Монгол талыг хариуцагч Жао Ванбиао 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Х” ХХК-д бүрэн төлж барагдуулсан байдаг бол нэхэмжлэгч гэх Ж- нь дээрх техник хэрэгслийн үнэ өртөг болон бусад зардал, чирэгдлийг төлсөн, түүнийг ямар үндэслэлээр өөрийн өмчлөлд шилжүүлэх эрхтэй нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03774 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Э-т холбогдуулан гаргасан авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 ширхэг машин техникүүдийг гаргуулах, Ж-гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ж-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

“Х” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 724 232 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 253 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03774 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Х” ХХК, Д.Э- нарт холбогдуулан гаргасан авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 машин техникийг гаргуулж, Ж-гийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ж- нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн заалтын дугаарыг “3” гэснийг “2”, “4” гэснийг “3” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 654 032 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн материаллаг эрх зүйн харилцааг үнэн зөв тодорхойлж чадаагүй буюу Монгол улсын нутаг дэвсгэр дээрх аливаа эд хөрөнгө болон түүнийг өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг дагалдах эрхүүд нь Монгол улсын хууль тогтоомжоор тодорхойлогдоно гэсэн эрх зүйн үндэслэлийг зөрчсөн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь мөрөнд “Маргаан бүхий авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 ширхэг машин техникийг БНХАУ-ын иргэн Жан Вай нин болон “Чи Шан Шин Юй Зам Гүүрийн инженеринг” ХХК өмчлөх эрхтэй байсан, 2014 Боажи, Дунд шатны иргэний хэргийн 2-р анхан шатны шүүхийн 00179 тоот иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх шатанд Zhao Wanbiao /Жао Ванбиао/-гийн 6,000,000 юанийн өрийг төлүүлэхээр шийдвэрлэж (2016)03-144 тоот хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016-11-28-ны өдөр дуусгасан болох нь хэрэгт авагдсан БНХАУ-ын Шаньси муж, 2014 Боажи, Дунд шатны иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх тогтоол, нотариатын баталгаагаар тогтоогдож байна.” гэжээ.

Гэтэл тус маргаан бүхий 4 ширхэг машин техник нь Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа бөгөөд тэдгээрийг өмчлөх эзэмших, ашиглах зэрэг дагалдах эрхүүд нь Монгол улсын хууль тогтоомжоор тодорхойлогдох ёстой ба БНХАУ-ын Шаньси муж, 2014 Боажи, Дунд шатны иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх тогтоол гэх баримт нь Монгол улсын хууль тогтоомж, Монгол улсын олон улсын гэрээгээр шууд хэрэгжих, эрх зүйн үр дагавар бий болгох үндэслэлгүй буюу үнэлэх боломжгүй нотолгооны чадвараа алдсан нотлох баримт юм.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1-т “Монгол Улсын шүүхийн болон гадаад улсын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журам нь Монгол Улсын хууль тогтоомж, гадаад улстай байгуулсан буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр тодорхойлогдоно.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсын Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хөрөнгө, олон улсын байгууллага, тэдгээрийн хөрөнгөтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтална."  Монгол улсын олон улсын гэрээ, БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний 20 дугаар зүйлд “ Шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай хүсэлт гаргах Шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх тухайн хүсэлтийг уг хэргийн талаар анхан шатны журмаар шийдвэр гаргасан эрх бүхий байгууллагад хандаж тавина. Уг эрх бүхий байгууллага хүсэлтийг даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын энэхүү Гэрээний 3 дугаар зүйлд заасан төв байгууллагад хүргүүлнэ.”, мөн гэрээний 3 дугаар зүйлд “Энэ зүйлийн 1-д заасан “төв байгууллага” гэж БНМАУ-ын хувьд БНМАУ-ын Хууль зүй, арбитрын Яам, БНМАУ-ын Дээд шүүхийг; БНХАУ-ын хувьд Шүүх Яам, БНХАУ-ын Ардын дээд шүүхийг тус тус хэлнэ.” хэмээн хуульчилж өгсөөр байтал анхан шатны шүүх БНХАУ-ын Шаньси муж, 2014 Боажи, Дунд шатны иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх тогтоол гэх дээрх хууль тогтоомжид заасан тодорхой эрх бүхий байгууллагуудаар дамжиж ирээгүй баримтыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дахь мөрөнд “Маргаан бүхий 4 техникийг нэхэмжлэгч Жао Ванбиао өөрийн өмчлөлд шилжүүлэхийн тулд “Х” ХХК-д 389,564,684 төгрөг төлсөн нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, гэрч Жао Ванбиаогийн мэдүүлэг, “Х” ХХК-ны 2017.10.30-ны 04/192 дугаартай албан бичгээр тогтоогдож байна." гэжээ.

Анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ Жао Ванбиао өөрийн өмчлөлд шилжүүлэхийн тулд “Х” ХХК-д 389,564,684 төгрөгийг ямар үндэслэлээр төлсөн тус 2 этгээдийн хооронд ямар эрх зүйн харилцаа үүсэн /гэрээ, хэлцэл / зэрэг зайлшгүй тодорхойлох шаардлагатай хууль зүйн фактыг тодруулалгүйгээр ямар ч үндэслэлгүй ойлгомжгүй, баримтаар тогтоогдоогүй, илтэд ашиг сонирхол нэгтэй субъектүүдийн хоорондын албан бичгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хэт нэг талын барьж шийдвэрлэсэн гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

3. Анхан шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон дараах журмыг зөрчсөн гэж үзэж байна.

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16 дахь мөрөнд “Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баянмөнх хариуцагч “Х” ХХК -иас татгалзсан тул шүүх татгалзлыг баталсан боловч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 ширхэг машин техникүүдийг гаргуулах, Ж-гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай “Х” ХХК-д холбогдуулан үүссэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй" гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “22.1.3охигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэргийн оролцогч гэнэ.” хэмээн хэргийн оролцогчдыг тодорхойлж хуульчилж өгсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баянмөнх нь хариуцагч “Х” ХХК-иас татгалзаж шүүх тус татгалзлыг баталсан. Тодруулбал шүүхээр шийдвэрлэгдэж буй эрх зүйн маргааны эсрэг тэсрэг ашиг сонирхолтой, хоорондоо харилцан хамааралтай оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, эрх зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч зэргийг хэргийн оролцогч гэж ойлгох ба шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баянмөнхийн хариуцагч “Х” ХХК-иас татгалзаж буй татгалзлыг баталснаар “Х” ХХК хэргийн оролцогч буюу зохигч биш болж байгаа юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баянмөнх нь хариуцагч “Х” ХХК-иас татгалзаж шүүх тус татгалзлыг баталсан ба хариуцагч солигдсонтой холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн "... талуудын тайлбарыг үндэслэн шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно” гэж заасны дагуу хариуцагч Д.Э-ийн харьяаллаар буюу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ёстой байсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг анх хуульд заасан харьяаллын дагуу гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь солигдсон, анхан шатны шүүх хэргийн дээрх үйл баримтаас шалтгаалж хэргийг тал бүрээс нь, бодитой хянан шийдвэрлэх үүднээс өөрийн санаачилгаараа хэргийн зохигчдоос тайлбарыг авч хариуцагчийн харьяаллын дагуу шилжүүлэн шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэл байсан.

Гэтэл Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх болон түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалж буй өмгөөлөгч Т.Мөнх-Оргил нараас маргааныг тус дүүргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх эсэхийг тодруулалгүйгээр хэргийн харьяалал зөрчин хянан шийдвэрлэсэн нь хууль бус хэмээн үзэж байна.

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасан боловч шүүхээр хэлэлцэгдэж буй хэрэгт ямар нэгэн сонирхолгүй хөндлөнгийн этгээд байх ёстой гэсэн хууль ёсны зарчмын шаардлага тавигддаг.

Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр маргаан бүхий 4 техникийн өмчлөх эрхийг олж авсан хэмээн тайлбарлаж буй БНХАУ иргэн Жао Ванбиог гэрчээр оролцуулсан ба энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл шүүхэд хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд нь тус гэрчтэй шууд холбогдолтой байдаг ба хэт нэг талыг барьсан нотлох баримтыг хэрэгт шууд ашиг сонирхолтой этгээдээр дахин гэрчлүүлсэн явдал боллоо.

4. Харин давж заалдах шатны шүүхээс “ . .2016 оны 12 сарын 09-ний өдрөөр огноолсон Жан Вэй Ниний итгэмжлэлд Ж-д тоног төхөөрөмжийг хүлээн авч зарцуулах эрх олгоогүй гэсэн байх тул өөрийн компанийн тоног төхөөрөмжийг Ж-гийн нэр дээр болгохыг зөвшөөрч 2016 оны 11 сарын 25-ний өдөр олгосон итгэмжлэлээсээ татгалзсан гэж үзнэ” гэж дүгнэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар талууд өөрсдийн шаардлага, татгалзлаа нотлох үүрэг хүлээж оролцдог бөгөөд тухайн маргаж буй эд хөрөнгө болох 4 техник нь БНХАУ-ын иргэн Жан Вэй Ниний хөрөнгө гэдгийг талуудын тайлбараар тогтоосон. Иргэний хуулийн 106.1-т өмчлөгчийн шаардах эрхийн талаар заасан бөгөөд энэ хүрээнд тухайн 4 техникийг бусдын өмчлөлөөс шаардах эрхээ хэрэгжүүлсэн.

Иргэний хуульд зааснаар өөрийн өмнөөс бусдаар энэхүү эрхийг хэрэгжүүлж болох талаар заасан бөгөөд энэ хүрээнд Ж-д энэхүү эрхийг 2016 оны 11 сарын 25-ны өдөр итгэмжлэн олгосон. Харин хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт болох итгэмжлэл нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй бичиг үсэг, он сар нь гаргацгүй, эргэлзээгүй үнэн зөв гэж дүгнэх боломжгүй нотлох баримт байх бөгөөд үүнийг анхан, болон давж заалдах шатны шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл буюу нэхэмжлэгчийн шаардах эрхийг няцаах гол баримт болсон байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “ Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т” Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” хэмээн заасан бөгөөд давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргаж өгсөн үнэн зөв гэж үнэлэх боломжгүй нотлох баримтыг шинжлэн судлалгүйгээр эргэлзээгүй хөдөлшгүй үнэн зөв мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр болсон.

Анхан шатанд хэлэлцээгүй баримтыг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд шинээр гаргахгүй боловч дээрх баримт нь анхан шатаар хэлэлцэгдсэн баримт тул тэрхүү баримтыг үнэн зөв эсэхийг шийдвэрлэж байж энэхүү маргаан эцэслэн шийдвэрлэгдэх ёстой байна.

5. Мөн давж заалдах шатны шүүхээс “...“Чи Шан Шин Юй Зам Гүүрийн инженеринг” ХХК-ийн захирал иргэн Жан Вэй Нинээс олгосон 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэлийг /хх-28/ шүүхэд баримтаар өгсөн нь анх нэхэмжлэл гаргасан үндэслэлээр өөр шүүхэд төлөөлөх агуулгатай байна” гэжээ.

Гэтэл “Чи Шан Шин Юй Зам Гүүрийн инженеринг” ХХК-ийн захирал Жан Вэй Нинээс Ж-д эрх олгосон итгэмжлэлд "... “Х” ХХК-ийн 2016-12-15 ны өдрийн 04/240 дугаартай албан бичигт дурдсан ажлыг хийж гүйцэтгэх          дараах машин тоног төхөөрөмжийг өөрийн нэр дээр шилжүүлэх эрхийг Ж-д олгож байна” /хх-28/ хэмээн маш тодорхой заасан байдаг.

“Х” ХХК-ийн 2016-12-15 ны өдрийн 04/240 дугаартай албан бичигт /хх-5/ дээрх маргаан бүхий 4 техник хэрэгслийг Ж-гийн нэр дээр шилжүүлэх тухай дурдагдсан байдаг ба “Чи Шан Шин Юй Зам Гүүрийн инженеринг” ХХК-ийн захирал Жан Вэй Ниний машин тоног төхөөрөмжийг өөрийн нэр дээр шилжүүлэх эрхийг Ж-д олгож буй хүсэл зориг нь эрх шилжүүлсэн итгэмжлэлд тусгагдсан үгийн шууд утгаар нь илэрхийлэгдэж байгаа юм.

Давж заалдах шатны шүүх “Чи Шан Шин Юй Зам Гүүрийн инженеринг” ХХК-ийн захирал Жан Вэй Нинээс Ж-д машин тоног төхөөрөмжийг өөрийн нэр дээр шилжүүлэх эрх олгосон итгэмжлэлийг шүүхэд төлөөлөх агуулгатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 101/ШШ2017/03774 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний 253 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч  БНХАУ-ын иргэн Ж- нь “Х” ХХК, иргэн Д.Э- нарт холбогдуулан 2 ширхэг авто ачигч урдаа шанагатай, 2 ширхэг экскаватор нийт 4 ширхэг машин техникийг гаргуулж, нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулахаар шаардлага гаргасныг хариуцагч “Х” ХХК нь эрх бүхий этгээдэд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж, хариуцагч Д.Э- нь нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргажээ.

Анхан шатны шүүх Д.Э-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Х” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс өөрчилж, хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар “Х” ХХК болон БНХАУ-ын Шаньси мужийн “Чи Шан Шин Юй Зам Гүүрийн инженеринг” ХХК-ийн хооронд 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний ажилд хэрэглэхээр 2013 оны 09 дүгээр сарын 18-нд нэхэмжлэлд заасан нэр, арлын дугаар, хөдөлгүүр бүхий 4 ширхэг машин техник импортоор Монгол Улсын хилээр “Х” ХХК-ийн нэрээр орж ирж, “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Х” ХХК-иас Д.Э-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн үйл баримт тогтоогджээ.

Гэрээний нэг тал болох Шаньси мужийн “Чи Шан Шин Юй Зам Гүүрийн инженеринг” ХХК-ийн Ерөнхий захирал Жан Вэй Нин нь Монгол Улсад байгаа, өөрийн компанийн тоног төхөөрөмж 4 ширхэг машин техникийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг Ж-д итгэмжлэлээр олгосон, тус итгэмжлэлийг үндэслэж Ж- нь нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэн, Д.Э-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ   “...БНХАУ-ын 2014 оны Баожи Дунд шатны иргэний хэргийн 2 дугаар анхан шатны шүүхийн 00179 тоот шийдвэрээр Жан Вэй Нин нь Жан Ванбиаод төлөх 6 000 000 юаны үүргийн гүйцэтгэлд зээлийнхээ өрийг эд хөрөнгөөр төлөх гэрээ байгуулснаар “Чи Шан Шин Юй Зам Гүүрийн инженеринг” ХХК-ийн Монгол Улсад “Х” ХХК-ийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг Жан Ванбиаод шилжүүлсэн, Жан Ванбиоагийн хүсэлтээр дээрх 4 ширхэг техникийг Д.Э-ийн өмчлөлд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй...” гэж дүгнэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Шаньси муж, Баожи хот Дунд шатны иргэний хэргийн 2 дугаар анхан шатны 00179 тоот шийдвэр, Жан Вэй Нингээс Жан Ванбиаод төлөх зээлийнхээ өрийг эд хөрөнгөөр төлөх гэрээ хэрэгт авагдаагүй, тухайн эд хөрөнгө хэний өмчлөлд байгаа нь тодорхойгүй байхад зөвхөн шийдвэр гүйцэтгүүлэх тогтоолыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдоогүй, шүүх хэрэгт авагдаагүй баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ. Шүүхийн дээрх шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь “Х” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсан байхад анхан шатны шүүх хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн татгалзлыг шийдвэрлээгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг засуулалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтад нийцээгүй, мөн нэхэмжлэгчээс хариуцагч “Х” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг харгалзалгүй түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д заасан үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Тухайлбал: “...Жан Ванбиоа нь өмчлөх эрхээ шилжүүлж авах бол Олон улсын гэрээнд зааснаар шийдвэр гаргасан шүүхэд өөрөө хандаж, хүсэлтээ гаргаснаар хууль ёсоор хэрэгжүүлэх боломжтой байсан...” гэх нэхэмжлэгчийн тайлбарт дүгнэлт хийгээгүй, маргаж буй хөрөнгийн хууль ёсны өмчлөгч хэн болох нь тодорхойгүй, энэ талаар БНХАУ-ын хоёр иргэн хоорондоо маргаантай байгаа бөгөөд энэ маргаан хэрхэн шийдвэрлэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн шийдвэрийн үндэслэл болгож буй БНХАУ-ын шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх тогтоолд маргаж буй хөрөнгийг “...БНХАУ-ын хуулийн этгээдийн, Монгол Улсад ашиглагдаж байгаа эд хөрөнгө...” гэж тодорхойлсон байхад “...Жан Ванбиоа нь тус эд хөрөнгийн үнийг “Х” ХХК-д төлж, өмчлөгч болсон байна...” гэх дүгнэлт хоорондоо зөрүүтэй, хэргийн бодит үйл баримт тогтоогдоогүй гэж үзэхээр байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03774 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 253 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнхөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 655 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР     

ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД