Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 3774

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж, -гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х З” ХХК,

Хариуцагч: Д.Э нарт холбогдох

Авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 ширхэг машин техникүүдийг гаргуулах, Жгийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагч Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, орчуулагч Д.Саруулбилэг, гэрч Zhao Wanbiao /Жао Ванбиао/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жгийн төлөөлөгч С.Баянмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Х З” ХХК нь Монгол улсын Архангай аймгийн Цахир сумаас Завхан аймгийн Тосонцэнгэл сум чиглэлийн 12.7 км авто замын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх зорилгоор Монгол улсын Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтоор 2012.05.05-09.18-ны өдрүүдэд орж ирсэн Авто ачигч урдаа шанагатай SDLG” 2011 оны шар өнгөтэй, арлын дугаар В901013310, хөдөлгүүр 1211Е057872, Авто ачигч урдаа шанагатай “SDLG" 2012 оны шар өнгөтэй, арлын дугаар С9014418, хөдөлгүүр 1211К132467, Экскаватор JCM 2012 оны, арлын дугаар L1BD0209, мотор 73189243, Экскаватор JCM 2012 оны, арлын дугаар L0YD0019, мотор 73202379 машин техникүүдийг “Х З” ХХК, БНХАУ-ын “Чиншан Шинуй зам гүүрийн инженеринг” ХХК-уудын хооронд 2012 оны 5 дугаар сарын 4 өдөр байгуулсан 12/04 тоот гэрээ, БНХАУ-ын “Чиншан Шинуй зам гүүрийн инженеринг” ХХК-ийн 2016 оны 36 тоот албан бичиг, “Х З” ХХК-ийн 2016.12.15-ны 04/240 тоот албан бичгийг тус тус үндэслэн төслийн удирдагч миний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Гэвч “Х З” ХХК нь техникүүдийг одоог хүртэл шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй байгаа бөгөөд удаа дараа хүсэлт, шаардлага тавьсан боловч хүлээж авч шийдвэрлэхгүй байгаа юм. Маргааны зүйл болох тээврийн хэрэгслүүдийг хариуцагч “Х З” ХХК-ийн өмчлөлд байгаа гэж ойлгож байсан бөгөөд “Х З” ХХК шүүхэд хариу тайлбар гаргахдаа ч мөн тийм ойлголт төрүүлэхүйц тайлбарыг гаргасан юм. Гэтэл бодит байдал дээр маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийг “өмчлөх эрхийг олж авах ямар ч эрхгүй этгээд” болох хамтран хариуцагч Д.Эт шилжүүлсэн байсан тул “тээврийн хэрэгслүүдийг Д.Эээс гаргуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах” нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага юм.

Эрх, эд юмсыг хүсэл зоригийн дагуу, хууль ёсоор мэдэлдээ авснаар хүчин төгөлдөр эзэмшил үүсдэг. Маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийг Д.Эийн эзэмшилд “хууль ёсоор” шилжсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тэрбээр, тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийг БНХАУ-ын иргэн Жан Ванбиаогоос шилжүүлэн авсан гэж маргаж байгаа боловч эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр тодорхойлолтоор БНХАУ-ын иргэн Жан Ванбиао нь маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийг бусдад шилжүүлэх замаар захиран зарцуулах эрхтэй этгээд байсан эсэх нь тогтоогдохгүй байх тул Д.Эийн эзэмшлийг хууль ёсных гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн, “Х З” ХХК-иас техник хэрэгслүүдийг Jia Chunsuo-ийн нэр дээр шилжүүлэхээр үүрэг хүлээсэн байтлаа уг үүргээ зөрчин өөр этгээдэд өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн нь хууль бус юм. Иймд Д.Эээс авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 ширхэг машин техникүүдийг гаргуулах, нэхэмжлэгч Jia Chunsuoгийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч Д.Эт даалгаж өгнө үү. “Х З” ХХК-иас татгалзсан ...” гэв.

Хариуцагч “Х З” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:”... “Х З” ХХК нь Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замын ажил дээр туслан гүйцэтгэх ажил хийлгүүлэхээр БНХАУ-ын “Чиншан Шинуй Зам Гүүрийн Инженеринг” ХХК-тай 2012 оны 05 сарын 04 өдөр 12-04 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээр нэхэмжлэлд нэр дурдсан 4 ширхэг техник Монгол Улсын хилээр орж ирэхдээ ерөнхий гүйцэтгэгч “Х З” ХХК-ийн нэр дээр орж ирсэн. Ажлын явцад гэрээ байгуулсан “Чиншан Шинуй Зам Гүүрийн Инженеринг” ХХК-ийн хүсэлтээр ажил гүйцэтгэх гэрээ “Баожи Тайань констракшн” ХХК-руу шилжсэн. Нэхэмжлэл гаргагч Ж болон “Баожи Тайань констракшн” ХХК-ийн захирал Жао Ванбиао нь хоёулаа уг хилээр оруулж ирсэн 4 ширхэг техникийг худалдан авахад хөрөнгө оруулсан гэсэн “Чиншан Шинуй Зам Гүүрийн Инженеринг” ХХК-ийн захирал Жан Вэйниний тодорхойлолттой орж ирж гэрээг шилжүүлсэн. Уг техникүүд нь гэрээнд заасан Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замын засвар шинэчлэлтийн ажил дээр ашиглагдаж байгаа бөгөөд одоогоор үлдсэн 7 км авто замын ажлыг энэ жил дуусгах гэрээтэй. Хөрөнгө оруулагч гэх Жао Ванбиао, Ж нар нь оруулсан хөрөнгийнхөө талаар байнгын маргаантай байдаг бөгөөд манай компани нь тэдний маргаанд хөндлөнгөөс оролцдоггүй болно. Манай талаас тэдэнд тавьдаг ганц шаардлага бол гэрээнд дурдсан ажлыг хийж дуустал замын ажил дээрээс дээр дурдсан техникүүдийг өөр тийш нь явуулахгүй байх явдал юм. Уг техникүүдийг худалдаж авахад манай зүгээс оролцоо байхгүй тул уг техникүүдийг хөрөнгө оруулагч 2 талын аль нэг рүү нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжүүлэхэд татгалзах шалтгаан байхгүй болно. Манай талаас гэрээт ажлыг хугацаанд нь дуусгасан байх шаардлагыг тавина ...” гэжээ.

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжилж буй техник хэрэгслийг хууль ёсоор өмчлөх болон өмчлөх эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болохыг нотлох Монгол улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлд заасан төлөөлөгч мөн болох 64 дүгээр зүйлд заасан төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэдгийг нотлох баримтаар нотлоогүй. БНХАУ-ын Шанси муж Баожи хотын дунд шатны иргэний хэргийн шүүхийн 2016 оны шанси 03 144-4 тоот шийдвэр гүйцэтгэх тогтоолоор хариуцагч нарыг тогтоосон ба дээрх хариуцагч нарт нэхэмжлэгчийн өөрт маргаан бүхий техник хэрэгслийг шилжүүлэх эрхийг олгосон гэх “Чиншан шинуй зам гүүр инженеринг” ХХК түүний хууль ёсны төлөөлөгч гүйцэтгэх удирдлага Жан Вэйнинийг хариуцагч болохыг заасан ба тэдгээрээс Монгол улсын “Х З” ХХК-д ашиглаж буй техник хэрэгслийг нэхэмжлэгч Жао Ванбиаод хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон 2014 оны Баожи Дунд шатны иргэний хэргийн 2 дугаар анхан шатны шүүхийн 00179 тоот иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн нотлох баримт байна. Нэхэмжлэгчид эд хөрөнгө шилжүүлэн авах эрх өгсөн гэх “Чиншан шинуй зам гүүр инженеринг” ХХК түүний гүйцэтгэх удирдлага Жан Вэйнинь нь БНХАУ-ын шүүхийн шийдвэрээр Жао Ванбиаод төлөх үүргийн гүйцэтгэл зээлийнхээ өрийг эд хөрөнгөөр төлөх гэрээг байгуулснаар маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрх нь “Чиншан шинуй зам гүүр инженеринг” ХХК түүний гүйцэтгэх удирдлага Жан Вэйнинь гэгчээс Жао Ванбиаод шилжсэн тул энэ маргааны нэхэмжлэгч нь дээрх эд хөрөнгийг нэхэмжлэх эрх зүйн боломжгүй байна. Мөн “Чиншан шинуй зам гүүр инженеринг” ХХК түүний гүйцэтгэх удирдлага Жан Вэйнинь БНХАУ-д хорих ял эдлэж байгаа ба “Жд “Шинуй зам гүүр инженеринг” ХХК-ийг Монгол улсад төлөөлөн компанийн аливаа үйл ажиллагаа, машин механизмын талаар хэлэлцээр хийх итгэмжлэл олгоогүй болох мэдэгдлийг өөрийн гараар үйлдэн ирүүлсэн. Харин хамтран хариуцагч Д.Эт дээрх машин, механизмын хууль ёсны эзэмшигч Жао Ванбиао нь өөрт шүүхийн шийдвэрийн болон гэрээний дагуу олгогдсон өмчлөх эрхийнхээ дагуу өмчлөх эрхээ шилжүүлсэн нь нэхэмжлэгч Жгийн өмчлөх эрхийг хөндөөгүй бөгөөд түүний хууль ёсны эд хөрөнгийг дур мэдэн надад шилжүүлсэн асуудал байхгүй болно. Харин нэхэмжлэгч нь Жан Вэйнинийг хоригдож байгааг далимдуулан бусдын эд хөрөнгийг завшихаар санаархаж байна гэж үзэж байна. Мөн маргаан бүхий техник хэрэгслийг Монгол улсын “Х З” ХХК-д нийлүүлсэн Жан Вэйнинь захиралтай” Чиншан шинуй компани нь “Х З” ХХК-д 2013-01-07-ний өдрийн байдлаар 389,564,684 төгрөгийн өглөгтэй гарсан ба уг төлбөрийг Баожи тай Ань компанийн монгол талыг хариуцагч Жао Ванбиао 2014-06-02-ны өдөр “Х З” ХХК-д бүрэн төлж барагдуулсан байдаг бол нэхэмжлэгч гэх Ж нь дээрх техник хэрэгслийн үнэ өртөг болон бусад зардал, чирэгдлийг төлсөн, түүнийг ямар үндэслэлээр өөрийн өмчлөлд шилжүүлэх эрхтэй нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

           

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /Ж/ хариуцагч “Х З” ХХК-д холбогдуулан “авто ачигч урдаа шанагатай “SDLG” 2011 оны шар өнгөтэй, арлын дугаар В901013310, хөдөлгүүр 1211Е057872, авто ачигч урдаа шанагатай “SDLG” 2012 оны шар өнгөтэй арлын дугаар С9014418, хөдөлгүүр 1211К132467, экскаватор JCM 2012 оны, арлын дугаар L1ВD0209, мотор 73189243, экскаватор JCM 2012 оны, арлын дугаар L0YD0019, мотор 73202379 дугаартай 4 ширхэг машин техникүүдийг гаргуулах, Жгийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хамтран хариуцагчаар Д.Эийг татаж, авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 ширхэг машин техникүүдийг Д.Эээс гаргуулах, Жгийн нэр дээр шилжүүлэхийг Д.Эт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч “Х З” ХХК-иас татгалзаж байна.

Хариуцагч тал “Жгийн өмч хөрөнгө биш, Жан Вэйнин гэгчээс Хятад Улсын шийдвэрийн дагуу Жао Ванбиаод нэр бүхий 4 ширхэг авто машин техник шилжсэн, Жао Ванбиаогоос Д.Эт шилжсэн нь хууль зөрчөөгүй” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын “Х З” ХХК болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шаньси мужийн “Чиншан Шинуй” зам гүүрийн компани нарын хооронд байгуулагдсан 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний ажилд хэрэглэхээр Монгол Улсын хилээр 2013 оны 9 сарын 18-нд авто ачигч урдаа шанагатай “SDLG” 2011 оны шар өнгөтэй, арлын дугаар В901013310, хөдөлгүүр 1211Е057872, авто ачигч урдаа шанагатай “SDLG” 2012 оны шар өнгөтэй арлын дугаар С9014418, хөдөлгүүр 1211К132467, экскаватор JCM 2012 оны, арлын дугаар L1ВD0209, мотор 73189243, экскаватор JCM 2012 оны, арлын дугаар L0YD0019, мотор 73202379 дугаартай 4 ширхэг машин техник импортоор “Х З” ХХК-ийн нэрээр орж ирсэн, улмаар уг 4 машин техник “Х З” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн, 2017 оны 4 сарын 6-ны өдөр нэр бүхий 4 ширхэг машин техникийн өмчлөгчөөр Д.Э бүртгэгдсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт зэргээр тогтоогдож байна.

Дээрх авто машин техникийг бүртгэсэн бүртгэлийг хууль зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Маргаан бүхий авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 ширхэг машин техникийг БНХАУ-ын иргэн Жан Вэйнин болон “Чиншан Шинуй зам гүүр инжинеринг” ХХК өмчлөх эрхтэй байсан, 2014 Баожи, Дунд шатны иргэний хэргийн 2-р анхан шатны шүүхийн 00179 тоот иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх шатанд Zhao Wanbiao /Жао Ванбиао/-гийн 6,000,000 юанийн өрийг төлүүлэхээр шийдвэрлэж, (2016) 03-144 тоот хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016.11.28-ны өдөр дуусгасан болох нь хэрэгт авагдсан БНХАУ-ын Шанси муж, Баожи хот, Дунд шатны иргэний шүүхийн Шийдвэр гүйцэтгүүлэх тогтоол, нотариатын баталгаагаар тогтоогдож байна./хх-96-104/

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлээ болгож буй хэргийн 7, 29-р хуудсан дахь итгэмжлэл, хариуцагч талын няцааж буй 94-р хуудсан дахь итгэмжлэлийг аль алиныг нь үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байна.

Хэргийн 7, 94-р талд авагдсан Хятад ханзаар бичсэн бичвэрийг хэн бичсэнийг эрх бүхий этгээд буюу нотариат баталгаажуулаагүй, 29-р хуудсан дахь “Чиншан Шинуй зам гүүрийн инженеринг” ХХК-ийн тамга дарагдсан бичигт зурагдсан гарын үсэг захирал гэх Жан Вэйниний гарын үсэг мөн эсэх нь тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хэргийн 7, 29, хариуцагч тал хэргийн 94-р талд авагдсан баримтуудад тус тус зурагдсан гарын үсэг Zhang Wei Ning-ийх мөн гэдгийг хэн аль нь нотолж чадахгүй байна.

БНХАУ-ын иргэн Жан Вэйнин гэгч нь шоронд хоригдож байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

БНХАУ-ын Баожи хотын Дунд шатны иргэний хэргийн 2-р анхан шатны шүүхийн 00179 тоот иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх шатанд хариуцагч Жан Вэйнин нараас нэхэмжлэгч Zhao Wanbiao /Жао Ванбиао/-д төлөх 6,000,000 юанийн өрөнд Монгол Улсын “Х З” ХХК-ийн өмчлөлд байсан ачигч урдаа шанагатай “SDLG” 2011 оны шар өнгөтэй, арлын дугаар В901013310, хөдөлгүүр 1211Е057872, авто ачигч урдаа шанагатай “SDLG” 2012 оны шар өнгөтэй арлын дугаар С9014418, хөдөлгүүр 1211К132467, экскаватор JCM 2012 оны, арлын дугаар L1ВD0209, мотор 73189243, экскаватор JCM 2012 оны, арлын дугаар L0YD0019, мотор 73202379 дугаартай 4 ширхэг машин техникийг өгөхөөр шийдвэрлэснийг болон нэхэмжлэгч Жао Ванбиаогийн хүсэлтийг үндэслэн “Х З” ХХК нь иргэн Д.Эт маргаан бүхий 4 техникийг шилжүүлэн бүртгүүлсэн болох нь “Х З” ХХК-ийн 2017.10.30-ны 04/192 дугаартай албан бичиг, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, БНХАУ-ын Шанси муж, Баожи хот, Дунд шатны иргэний шүүхийн Шийдвэр гүйцэтгүүлэх тогтоол, нотариатын баталгаа зэргээр тогтоогдож байна.

Маргаан бүхий 4 машин техникийг нэхэмжлэгч Жао Ванбиао өөрийн өмчлөлд шилжүүлэхийн тулд “Х З” ХХК-д 389,564,684 төгрөг төлсөн нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, гэрч Жао Ванбиаогийн мэдүүлэг, “Х З” ХХК-ийн 2017.10.30-ны 04/192 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ... хэргийн 7, 29-р хуудсан дахь итгэмжлэл болон хэлцлээр Ж нэр бүхий автомашиныг гаргуулахаар шаардах, нэр дээрээ бүртгүүлэх эрхтэй... гэж тайлбарлаж байх боловч эдгээр баримт нь БНХАУ-ын шүүхийн шийдвэрийг няцаасан баримт болж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл БНХАУ-ын иргэн Zhang Wei Ning /Жан Вэйнин/ болон “Чиншан Шинуй зам гүүрийн инженеринг” ХХК гэгч Монгол Улсын “Х З” ХХК-ийн өмчлөлд байгаа маргаан бүхий авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 ширхэг машин техникийг БНХАУ-ын иргэн Жиа Чинсуогийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг зөвшөөрч байсан нь хэргийн нөхцөл байдлаас тогтоогдож байх боловч 2016.11.28-ны өдөр БНХАУ-ын Шанси муж, Баожи хот, Дунд шатны иргэний шүүхийн Шийдвэр гүйцэтгүүлэх тогтоол гарснаар уг хүсэл зорилго нь эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй болсон байна.

Дээр дурдсан үйл баримтуудаас дүгнэвэл хариуцагч Д.Эийг авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 ширхэг машин техникийг шударга бусаар эзэмшсэн, хууль бусаар өмчилсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээргүй байх тул хариуцагч Д.Эт холбогдуулан гаргасан авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 ширхэг машин техникүүдийг гаргуулах, Жгийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Жгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баянмөнх хариуцагч “Х З” ХХК-иас татгалзсан тул шүүх татгалзлыг баталсан боловч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул “авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 ширхэг машин техникүүдийг гаргуулах, Жгийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай “Х З” ХХК-д холбогдуулан үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Эт холбогдуулан гаргасан “авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 ширхэг машин техникүүдийг гаргуулах, Жгийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн /Ж/-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. “Х З” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,724,232 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.БАТЦЭЦЭГ