Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 151/ШЗ2016/00455

 

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Мөнхцэцэг би, 151/2016/00033/и хэргийн индекстэй

-нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө хаягт байрлах Скайтел ХХК-ийн /УБД:9011269026, РД:2516376/ нэхэмжлэлтэй,

-хариуцагч Төв аймаг Эрдэнэ сум, 2 дугаар баг, Чулуут гэх газар оршин суух Лэгдэн овогтой Ганбаатарт холбогдох, 64880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 01 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК, гүйцэтгэх захирал Д.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Л.Ганбаатар нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 7 сарын 03-ны өдөр дараа төлбөрт Nice үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 91950014 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Л.Ганбаатар нь гэрээний үүргээ үл биелүүлэн 91950014 дугаарын 2013 оны 7 сарын байдлаарх төлбөр 60880 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Л.Ганбаатараас төлбөрийн үлдэгдэл болох 60880 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 64880 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Л.Ганбаатараас төлбөрийн үлдэгдэл болох 60880 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 64880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх Скайтел ХХК-ийн нэхэмжлэлийг 2015 оны 12 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 01 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлд дурьдсан 88242415 дугаарын утсаар 2016 оны 1 сарын 06-ны өдөр дуудахад дугаар андуурсан байна, Л.Ганбаатар гэдэг хүн байдаггүй гэсэн хариу өгсөн тул 2016 оны 1 сарын 6-ны өдөр мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлд дурьдсан хаягаар хүргүүлсэн боловч Лхагвын Ганбаатар гэх хүнд хаяг андууран хүргэгдсэн байна.

Иймд тус шүүхээс Лэгдэн овогтой Ганбаатар /ОЭ87120575/-ын оршин суугаа газрын лавлагаа хүсэхэд тэрээр Төв аймаг, Эрдэнэ сум, 2 дугаар багт оршин суудаггүй болох нь тус багийн Засаг даргын 2016 оны 01 сарын 26-ны өдрийн 05/15 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Хариуцагчийн оршин суугаа, мөн оршин байгаа газар нь тодорхойгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас буцаан олгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд нэхэмжлэгч Скайтел ХХК нь өөрийн оршин суугаа газрын анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, оршин байгаа газрыг тогтоож, дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Ганбаатарт холбогдох, 64880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүгчийн захирамж гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ