Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2021/0630

 

 “Б и” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ш, өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 609 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, С.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор “Б и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, С.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 609 дүгээр шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулгын/ 41 дүгээр зүйлийн 41.12.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.4, 42.5, 42.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б и” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, С.Б нарын гаргасан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 26201003127 дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгон” шийдвэрлэжээ.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, С.Б нар давж заалдах гомдолдоо: “... Татварын хяналт шалгалт нь Татварын ерөнхий хууль болон холбогдох журмын дагуу хийгддэг. Татварын улсын байцаагч Ц.Б, С.Б нар нь 26201003127 дугаартай томилолтоор хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж, шалгалтын үр дүнг программд бүртгэж, нэгжийн даргаар хянан баталгаажуулсаны дараа хэвлэж гарын үсэг, тэмдэг дарж татвар төлөгчид хүргүүлсэн. Хэвлэсэн энэхүү нөхөн ногдуулалтын акт нь программаас гарахдаа тухайн баримт бичгийн баталгаажсаныг нотлох дахин давтагдашгүй өгөгдөл буюу QR кодтойгоор хэвлэгддэг бөгөөд энэ нь цахим гарын үсэг гэж тооцогдоно. Татварын албаны хяналт шалгалтын шийдвэр буюу нөхөн ногдуулалтын актын бүртгэл нь цахим бүртгэлд орж, нэгжийн даргаар бүрэн баталгаажуулагдсаны дараа хэвлэгддэг тул шийдвэрийг цахимаар баталгаажсан гэж үзнэ.

Цахим гарын үсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д цахим гары үсэг гэж цахим баримтад гарын үсэг зурсан этгээдийг тодорхойлох зорилготой цахим баримт бичигт хавсаргасан буюу нэгтгэгдсэн үг, үсэг, тоо, тэмдэг, дүрсийг агуулсан цахим өгөгдлийг, 5 дугаар зүйлийн 5.1-д хууль өөрөөр заагаагүй бол цахим гары үсгийг ердийн гарын үсэгтэй адил хэрэглэнэ гэснээс үзэхэд актын цаасан хувь дээр нэгжийн дарга гарын үсэг зураагүй нь тухайн актыг баталгаажуулаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Хяналт шалгалтын ажлыг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу захирал Ч.А-тай удаа дараа утсаар холбогдох хяналт шалгалтын ажил хийгдэх болсон талаар мэдэгдсэн. Ч.А-ын зүгээс эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шалгалтыг хойшлуулах талаар хүсэлтийг ирүүлж байсны дагуу тодорхой хугацаагаар шалгалтын ажлыг хойшлуулсан.

Дахин холбогдож хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн хийгдэх болсон талаар албан бичгээр мэдэгдэж, хууль ёсны төлөөлөгч биечлэн оролцох боломжгүй бол төлөөлөх эрх бүхий этгээдээ томилж ирүүлэх тухай албан тоот хүргүүлсний дагуу тус компанийн нягтлан бодогч Д.О-ийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилсон тушаалыг ирүүлсэн.

Нятлан бодогчид итгэмжлэл олгох талаар өөрт нь болон захирал Ч.А-т удаа дараа мэдэгдсэн боловч итгэмжлэл ирээгүй. Хяналт шалгалттай холбоотой тодруулга, тайлбарыг нягтлан бодогчийн зүгээс захирал Ч.А-тай холбогдож татварын албанд ирүүлж байсан нь хууль ёсны төлөөлөгч хяналт шалгалтын ажлын явцын талаар мэдээгүй, оролцоогүй, нөхөн ногдуулалтын акттай танилцаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн байх тул хүчингүй болгож, “Б и” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч “Б и” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 26201003127 дугаар нөхөн ногдуулалтын актаар тус компанийг 2018, 2019 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ногдуулаагүй, мөн аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвараа хуулийн хугацаанд төлөөгүй зөрчлүүдийг гаргасан гэж үзэж,  ... төгрөгийн нөхөн татвар, ... төгрөгийн торгууль, алданги нийт 18,914,840.55 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгч нь тухайн актаар тогтоосон зөрчил болон тооцооллын хувьд үгүйсгэж маргаагүй, харин татварын хяналт шалгалтын процесс буюу актыг хэлтсийн дарга гарын үсэг зурж баталгаажуулаагүй, хяналт шалгалтад итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг оролцуулаагүй нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 42.5, 41 дүгээр зүйлийн 41.12.1-д заасныг зөрчсөн гэх 2 үндэслэлээр маргажээ.

            1. Нэхэмжлэлийн “... татварын хэлтсийн дарга нь нөхөн ногдуулалтын актад гарын үсэг зурж баталгаажуулаагүй” гэх үндэслэлийн тухайд анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нөхөн ногдуулалтын актын татварын хэлтсийн дарга гарын үсэг зураагүй хувийг үнэлж, “хуульд зааснаар хүчин төгөлдөр болоогүй, татвар төлөгчид гардуулсан гэж үзэхгүй, журам зөрчиж гарсан актыг биелүүлэх шаардлагыг татвар төлөгчид тавих нь хуульд нийцэхгүй” гэж дүгнэж тухайн актыг хүчингүй болгож шийдвэрлэснийг нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь хариуцагчаас ирүүлсэн нөхөн ногдуулалтын актад Татварын хэлтсийн дарга гарын үсэг зурсан хувь нь хэрэгт мөн адил авагдсан, нэхэмжлэгч болон хариуцагчаас гаргаж өгсөн актын хувиуд нь нэг баримт бичгийн хувь буюу агуулга, үг үсэг, хэлбэрийн хувьд зөрүүгүй байгаагаас үзвэл хариуцагчийн “актыг 3 хувь гаргаад гарын үсэг зурагдаагүй хувийг гардуулсан алдаа гаргасан байна” гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байхад эдгээр баримттай харьцуулан тал бүрээс нь үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Тэрээр анхан шатны шүүх хариуцагч татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч татвар төлөгчид нөхөн ногдуулалтын актыг гардуулахдаа татварын хэлтсийн дарга гарын үсэг зураагүй хувийг гардуулсан нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь албан ёсны маягтад эцэслэн баталгаажуулаагүй нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид урьдчилан танилцуулахгүй” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь зөв боловч дээрх байдлаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн үнэлээгүйн улмаас уг хууль бус үйл ажиллагааны үр дагаврыг дүгнэхдээ мөн хуулийн  42.4-т “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудаст хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч гарын үсэг зурж, хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасанд нийцэхгүй, “хүчин төгөлдөр болоогүй акт” гэж хуулийг буруу хэрэглэсэн, мөн “хүчин төгөлдөр болоогүй” гэж дүгнэсэн атлаа тус актыг хүчингүй болгосон нь ойлгомжгүй болжээ.

Татварын албаны дарга гарын үсэг зурж баталгаажуулсан нөхөн ногдуулалтын актын хувьтай татвар төлөгчид гардуулсан тус актын хувь зөрүүгүй, татвар төлөгч нь уг хяналт шалгалтаар тогтоосон зөрчлийг гаргаагүй гэж маргаагүй зэргээс үзвэл татварын албаны дарга гарын үсэг зураагүй хувийг гардуулсан татварын байгууллагын дээрх хууль зөрчсөн үйл ажиллагаа нь татвар төлөгчийг тухайн нөхөн ногдуулалтын актад “... гардуулснаас хойш 15 хоногийн дотор биелүүлэхийг Ч.А-т даалгасугай” гэж заасан хугацаанд биелүүлэх үүрэг хүлээхгүй байх үр дагаварт хүргэх бөгөөд үүний улмаас татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.

Харин нэхэмжлэгчид Татварын албаны дарга гарын үсэг зурсан актын хувийг гардаж авсан өдрөөс хойш биелүүлэх үүрэг үүсэх бөгөөд хэрэгт уг актыг биелүүлэхийг шаардсантай холбоотой захиргааны үйл ажиллагааны талаар маргаагүй байна.

Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ.” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд татварын улсын байцаагч нь хяналт шалгалт явуулж, татварын зөрчил тогтоож, төлбөр ногдуулсныг бүхэлд нь үгүйсгэж, актыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байх тул татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

2. Нэхэмжлэлийн “... итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд оролцуулаагүй” гэх үндэслэлийн тухайд анхан шатны шүүх тус компанийн гүйцэтгэх захирал нь эмчилгээ хийлгэдгийн улмаас биечлэн оролцох боломжгүй байсан, нягтлан бодогч Д.О-т итгэмжлэл олгоогүй байхад хяналт шалгалтын ажиллагаанд оролцуулсан нь алдаатай болсон гэж дүгнэж, маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

            “Б и” ХХК-ийн захирал Ч.А-ын 2020.06.15-ны өдрийн 26/2,  2020.09.11-ний өдрийн албан бичгүүдээр гаргасан хүсэлтийг хүлээн авч хойшлуулан, татварын хяналт шалгалтыг  2020 оны 11 дүгээр сарын 12-ноос эхэлж явуулсан, мөн хяналт шалгалтад нягтлан бодогч Д.О-ийг оролцуулж, тайлбар баримт гаргах эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгосон гэж үзэхээр байна.

            Учир нь Татварын байгууллагаас татвар төлөгч нарыг тодорхой хугацаатайгаар шалгадаг бөгөөд тус компанийг 2013 оноос хойш хяналт шалгалт хийгээгүй, татварын хөөн хэлэлцэх хугацааны дотор 2016-2019 оны татвар төлөлтийн байдлыг шалгуулахаар томилолт, удирдамж нь 2020 оны 5 сард гарсан ч татвар төлөгчийн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан хойшилсоор 2020 оны 11 сараас явуулж, акт гаргасныг буруутгах үндэслэлгүй.

Мөн хариуцагч нь өөрийн санаачилгаар нягтлан бодогч Д.О-ийг хяналт шалгалтын ажиллагаанд дуудаж оролцуулаагүй, харин татвар төлөгчөөс өөрөө нэг удирдлага бүхий “Б г” ХХК-ийн нягтлан бодогчоор томилсон тушаалыг хүргүүлж,  Д.О-ийг хяналт шалгалтад оролцуулсан, мөн хяналт шалгалтын явцад тус компанийн ажилтан Д.Эг гэх хүнтэй удаа дараа холбогдож, баримтуудыг гаргуулан авч, хяналт шалгалтыг явуулсан нь хэрэгт авагдсан утсаар ярьсан, ярилцлага хийсэн тэмдэглэл, бусад баримтуудаар тогтоогдож байна.

Үүнээс үзвэл нягтлан бодогч Д.О-ийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-д “Аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээт нягтлан бодогч, эсхүл нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч ажиллуулж болно.” гэж, 20 дугаар зүйлийн 20.2-т аж ахуйн нэгжийн нягтлан бодогч нь “аж ахуйн нэгж, байгууллагын татвар, төлбөр, хураамж, шимтгэлийн тооцооллыг шалгах, тэдгээрт хяналт тавих”, 20.2.8-д “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх;”, 20.2.9-д “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасан чиг үүргийнх нь хүрээнд татварын хяналт шалгалтад оролцуулсан байхад түүнээс Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэл шаардах үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх хэрэглэх ёстой Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг хэрэглээгүй, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.11-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

            Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг буруу үнэлж, нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан “хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон бол хүчингүй болгох” гэж заасанд нийцэхгүй байна.

Иймд хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, Татварын байцаагчийн гаргасан нөхөн ногдуулалтын актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2021/0609 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 41 дүгээр зүйлийн 41.12.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.4, 42.5-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 26201003127 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахыг хүссэн “Б и” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                    ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

                    ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ