Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0609

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Ц.Б, С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Барс импекс” ХХК                                                  

Хариуцагч: БГД,ТХ,ТУБЦ.Б, С.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Б, С.Б нарын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 26201003127 дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын акт бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нөхөн ногдуулалтын акт нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, 11.19.3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 заасан заалтуудыг тус тус үндэслэн 18.914.806.55 төгрөг гэж шийдвэрлэснийг манайх хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ нөхөн ногдуулалтын акттай холбоотой асуудлыг маргаан таслах зөвлөл рүү гомдол гаргаад хэвээр үлдээсэн. Энэ дээр гомдож байгаа. Шүүхэд гаргаж байгаа гомдлын агуулга бол тооцоо дүнтэй асуудал дээр маргаан байхгүй. Хяналт шалгалт хийхтэй холбоотой, ажиллагааны журам зөрчсөнтэй холбоотой асуудал дээр маргаж байгаа. Үүнд биелэгдээгүй тухай асуудал “Барс импекс” ХХК-ний удирдлагад мэдэгдэхгүйгээр хяналт шалгалтын ажил явуулсантай холбоотой асуудал дээр гомдол гаргаад байна. Баталгаажуулаагүй актаар хариуцлага хүлээлгээд байгаа дээр нь гомдож байгаа. Тэгэхээр актыг баталгаажуулж ирүүлээгүй. Шүүхэд өгч байгаа материал дээрээ баталгуулж өгөөд, манайд өгөхдөө баталгаажуулж өгөхгүй байгаа дээр гомдолтой байгаа. Хууль бус акт байгаа учир хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байгаа юм. Ханган шийдвэрлэж өгнө үү. ...Татварын байгууллага бизнесийн байгууллага дээр хяналт шалгалт хийх асуудал дээр маргаагүй. Хяналт шалгалт хийхдээ хуульд заасан зүйлээ баримтална уу, гэж бизнес эрхлэгч өөрөө хүсэж байгаа юм.

Татварын байгууллагаас хяналт шалгалт маш олон удаа хийгддэг. Хийх болгондоо алдаатай хийгээд байгаа учраас энэ бизнес эрхлэгч өөрөө энэ алдааг засуулъя, хандах ёстой байгууллагат нь хандъя огт засагдахгүй байна гэдэг байдлаар хүсэлт гаргаад байгаа юм. Бизнес эрхлэгчийн гомдоод байгаа нь өмгөөлөгчийн хувьд зөв гэж үзэж байгаа. Захиралтай нь холбогдож чадаагүй гэж яриад байгаа нь холбогдох үүрэгтэй. Хяналт шалгалт хийх гэж байгаа бол тухайн компанийн өмчийн эзэн захиралтай нь заавал холбогдох ёстой. Татварын байцаагч нарыг буруутгаагүй. Цахимаар баталгаажсан бол хүчин төгөлдөр акт гэж үзнэ гэдэг зүйл огт байхгүй байгааг хэлж байгаа. Тэр хуучин, шинэ программ татвар төлөгчид хамаагүй. Гомдол гаргаж байгаа нэхэмжлэгч бол хяналт шалгалт хийхдээ холбоотой журмыг зөрчөөд байна. Хянан баталгаажаагүй акт явуулсан байна гэдэг тайлбар хэлээд байна. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурж хүчин төгөлдөр болно гэж байгаа. Энэ ажиллагаа хийгдээгүй бол хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт заасны дагуу эцэслэн баталгаажуулаагүй акт явуулж танилцуулаад байгаад асуудал байгаа. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр 41.5 дахь хэсэгт заасны дагуу хуулиа зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “26201003127 дугаар томилолтын дагуу хяналт шалгалтыг хийж эхлүүлсэн байгаа. Тухайн томилолт программд орж хуваарилагдаж ирсний дараа холбогдох журмын дагуу программаас бүртгэлтэй гарч ирж байгаа н.Амарбаатар гэдэг захиралтай нь холбогдох гэж оролдсон боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Тухайн байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан. н.Эрдэнэчимэг гэдэг хүнтэй холбогдсон байгаа. Манай захирал эрүүл мэндийн асуудалтай байгаа. Би тухайн бүртгэлийн асуудлыг хийж байсан хүн мөн, одоогоор нягтлан бодогчийн ажлаасаа чөлөөлөгдөөд тэтгэвэрт гараад буцаад энэ компани дээр санхүүгийн менежер гэдэг албан тушаалтайгаар ажиллаж байна. Би захиралтай холбоотой баримт бичгийг хүргүүлэх болно гэсэн тайлбар хэлсэн. Удаа дараа холбогдох гэсэн боловч ковид-19 халдварт өвчин гарсантай холбоотой, хүмүүстэй уулзмааргүй байна гэсэн тайлбарыг нягтлангаараа хэлүүлсэн. Бид нар албан ёсоор хойшлуулах хүсэлтэй өгөхгүй бол хуулийн хугацаа маань 14 хоног гэсэн хугацаагаар орж ирсэн. “Барс импекс” ХХК-аас хойшлуулж өгнө үү гэсэн бичгийг н.Амарбаатар захирал өөрөө гарын үсгээ зураад өгсөн.

Тэгэхээр танилцуулаагүйгээр хяналт шалгалт хийсэн юм бол байхгүй. Хойшлогдсоор байгаад 8 дугаар сарын дундуур би ажилдаа орсон. Тэгээд хойшлуулсан шалгалтуудаа 9 дүгээр сард дуусгах чиглэл өгсөн. Тэрний дагуу дахин холбогдоход нягтлан бодогч маань байхгүй байгаа. Манайх шинээр нягтлан бодогч томилох гээд байна. Тэгээд явуулъя гэсэн, ирэхгүй болохоор нь дахиад бичиг явуулсан. Үнэхээр эрүүл мэндийн асуудалтай биеэр ирэх боломжгүй байгаа бол хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөө ирүүлнэ үү шалгалтаа дуусгахгүй бол татвар төлөгчийн эрх үүрэг дээр Татварын ерөнхий хууль дээр заагдсан байгаа гэхэд 11 дүгээр сард н.Отгончимэгийг томилсон баримт бичгийн хамт ирүүлсэн. Шалгалтын явцад баримт бичгийг конторын шалгалт буюу программаасаа тайланг нь авч үзээд шаардлагатай зүйл дээр нотлох баримт гаргаж авсан.

Яагаад гэвэл бүх нотлох баримтыг ажлын байран дээр бүгдийг нь хүлээж авах боломжгүй байсан. Төлөвлөгөөт шалгалт маань программ дээр тухайн тайлангийн боловсруулалтад эрсдэлийн шинжилгээ хийгээд, эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд хяналт шалгалтад оруулдаг. Татвар төлөгч өөрөө хүсвэл хэсэгчилсэн шалгалтад орж болно. “Барс импекс” ХХК-ийн хувьд төлөвлөгөөт буюу эрсдэлтэй гэж тооцож байгаа учраас шалгалтад оруулж байгаа гэсэн. “Барс импекс” ХХК-ийн барсын түрээстэй холбоотой орлого олдог. Гэтэл 5 компаниа тус тустай бүртгэлтэй явж байснаа бүх компани дээр нэмэгдсэн өртгийн албан татварын өр үүссэн. Гэтэл “Барс импекс” ХХК дээр тайлангаа тайлагнаад өрөө үүсгээд, нөгөө компаниудаараа борлуулалтын мөнгөө авсан. Нөгөө компаниуд нь Х тайлантай хэр нь дансыг нь үзэхээр мөнгөтэй орлого олсон. Тэрийгээ юун дээр тайлбарласан бэ, гэхээр ганцхан компани дээр үүсгээд, дансыг нь хаалгаад процесс ажиллагааг зөвхөн “Барс импекс” ХХК-руу чиглүүлээд бусад компаниасаа мөнгөө аваад татвараа хугацаанд нь төлөх боломжоо хойшлуулаад явсан байгаа юм. ...“Барс импекс” ХХК дээр хяналт шалгалт хийх томилолт нь 2020 оны 05 дугаар сард хийгдсэн. Тэр нь сунаад яваад байгаа. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дахиад томилолт үүссэн зүйл байхгүй. Тэгэхээр нэг томилолтоор шалгасан гэж үзнэ.” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Зшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасны эрх зүйн зөрчил гэж юу вэ, гэхээр мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7 хооронд байж байгаа. Үүнд захиргааны акт гаргасан эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй нь тухайн актыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл биш юм гэж заасан байгаа. Тэгэхээр энэ шаардлагаар энэ акт хүчингүй болох юм гэсэн зүйл харагдахгүй байгаа юм. ...Маргаан таслах зөвлөлийн үндэслэх хэсэг дээр 18 сая төгрөгийн торгуулийн нөхөн ногдуулалтын асуудал дээр гомдол гаргасан. Тухайн аж ахуйн нэгж дээр ороод шалгалтаар тогтоогдсон 8.794.163.48 төгрөгийн актыг хүлээн зөвшөөрөөд төлсөн байдаг. Энэ нь тухайн актыг хүлээн зөвшөөрсөн илэрхийлэл гэж ойлгож байгаа. Актын заримыг хүлээн зөвшөөрөөд, заримыг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тухайн этгээд энэ төгрөгийг төлсөн гэдэг нь энэ акт өөрөө хүчин төгөлдөр акт байсан. Иймд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:         

“Барс импекс” ХХК нь тус шүүхэд хандан “Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Б, С.Б нарын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 26201003127 дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын акт бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч “Барс импекс” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд БГД,ТХ,ТУБЦ.Б, С.Б нар “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”[1], Татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 26201003127 тоот томилолтын[2] дагуу татварын хяналт шалгалт хийсэн.

1.2. Татварын хяналт шалгалтаар “Барс импекс” ХХК-д холбогдуулан 26201003127 дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай “Нөхөн ногдуулалтын акт” гаргасан.

1.3. Маргаж буй нөхөн ногдуулалтын актыг тавихдаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, 11.19.3, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг үндэслэж, 8,794,163.48 төгрөгийн нөхөн татвар, 6,773,019.62 төгрөгийн торгууль, 3,347,657.45 төгрөгийн алданги, нийт 18,914,840.55 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

1.4. Маргаж буй 26201003127 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгөхдөө “БГД-ийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга”-аар хянан баталгаажуулалт хийсэн хувийг[3] өгсөн бол шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн талаас “БГД-ийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга”-аар хянан баталгаажуулалт хийгдээгүй эх хувийг нотлох баримтаар гаргаж өгсөн.[4]

1.5. Нэхэмжлэгчийн зүгээс нөхөн татвар, торгууль, алдангийн тооцоолол дээр маргаагүй, харин нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа хуульд заасан журмыг зөрчсөн буюу татварын хяналт шалгалтыг явуулахдаа нэхэмжлэгчийн эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй, хуульд заасан журмаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй, мөн хянан баталгаажуулалт хийгдсэн нөхөн ногдуулалтын актыг нэхэмжлэгчид ирүүлээгүй тул хууль бус гэж, хариуцагч нар нь татварын хяналт шалгалт хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргаж байна.

Хоёр. Хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас үзэхэд нөхөн татвар, торгууль, алдангийн тооцоолол дээр маргаагүй, харин хариуцагч нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа хуульд заасан журмыг зөрчсөн буюу татварын хяналт шалгалтыг явуулахдаа нэхэмжлэгчийн эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй, хуульд заасан журмаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй, мөн хянан баталгаажуулалт хийгдсэн нөхөн ногдуулалтын актыг нэхэмжлэгчид ирүүлээгүй тул татварын хяналт шалгалтын ажиллагаа хууль бус болсон, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргасан болно.

2.2. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана.” гэж заажээ.

2.3. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.” гэж заасан байна.

2.4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд татварын алба нь татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхэд хяналт шалгалт хийх эрх хэмжээтэй захиргааны байгууллага мөн хэдий ч татварын хяналт шалгалтыг явуулахдаа олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх зарчимтай болохыг хуулиар тогтоожээ.

2.5. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.12 дахь хэсэгт “Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна:” гээд мөн хэсгийн 41.12.1 дэх заалтад “эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах;” гэж заажээ.

2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл татварын албанаас татварын хяналт шалгалтын шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах үндсэн зарчим, журмыг тогтоосон байх бөгөөд энэхүү ажиллагаанд татвар төлөгч хуулийн этгээд нь өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг өөрийн төлөөлөгчөөр биечлэн /татварын хяналт шалгалтын тодорхой ажиллагаануудад биечлэн/, тийм боломжгүй байгаа тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хамгаалах, оролцох журмыг хуульчилжээ.

2.7. Тухайн хуулийн этгээд нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан татварын хяналт шалгалтад оролцож байгаа тохиолдолд тухайн этгээд нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан төлөөлөх бүрэн эрхийн үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон этгээд, тодруулбал, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан итгэмжлэл бүхий этгээд мөн эсэхийг хариуцагч татварын улсын байцаагч нар тодруулах үүрэгтэй гэж үзнэ.

2.8. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл тухайн татварын хяналт шалгалтын ажиллагаанд “Барс импекс” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох захирал Ч.А эмчилгээ хийлгэдэг гэх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас[5] биечлэн оролцох боломжгүй байжээ.

2.9. Хариуцагч татварын улсын байцаагч нар тайлбарлахдаа “Барс импекс” ХХК-ийн захирал Ч.А оронд түүний өмнөөс тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.О нэхэмжлэгч компанийг төлөөлөн татварын хяналт шалгалтын ажиллагаанд оролцсон гэх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Д.О нь татварын хяналт шалгалтын ажиллагаанд оролцсон гэх үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч тус компанийг уг татварын хяналт шалгалтын ажиллагаанд төлөөлөх бүрэн эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн гэдэг нь холбогдох баримтуудаар тогтоогдоогүй болно.

2.10. Тодруулбал, Д.О “Барс импекс” ХХК-иас итгэмжлэл олгоогүй, Д.О “Барс групп ХСТЛ” ХХК-ийн нягтлан бодогчоор томилсон тус компанийн захирлын тушаалыг[6] “Барс импекс” ХХК-ийн эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэл гэж үзэх боломжгүй.

2.11. Тиймээс хариуцагч нар нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.12.1 дэх заалтыг зөрчин Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй этгээд болох Д.О нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж тодорхойлон татварын хяналт шалгалтын ажиллагаанд оролцуулсан нь алдаатай болжээ.

2.12. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудаст хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч гарын үсэг зурж, хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” гэж заажээ.

2.13. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт “Татварын алба, татварын улсын байцаагч нь албан ёсны маягтад эцэслэн баталгаажуулаагүй нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид урьдчилан танилцуулахгүй.” гэжээ.

2.14. Маргаж буй 26201003127 дугаартай нөхөн ногдуулалтын актын тухайд хариуцагч талаас тус актыг шүүхэд гаргаж өгөхдөө “БГД-ийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга”-аар хянан баталгаажуулалт хийсэн хувийг[7] өгсөн бол шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн талаас “БГД-ийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга”-аар хянан баталгаажуулалт хийгдээгүй эх хувийг[8] нотлох баримтаар гаргаж өгсөн.

2.15. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хянан баталгаажуулалт хийгдээгүй нөхөн ногдуулалтын актын эх хувийг хариуцагч нь нэхэмжлэгч рүү илгээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нөхөн ногдуулалтын актын эх хувийг шүүх үнэлсэн болно.

2.16. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нөхөн ногдуулалтын актаас үзэхэд тус актад БГД-ийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга хянан баталгаажуулалт хийгээгүй байх бөгөөд ингэснээрээ хариуцагч нарын гаргасан нөхөн ногдуулалтын акт хүчин төгөлдөр байх талаар тогтоосон хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

2.17. Тиймээс маргаж буй 26201003127 дугаартай нөхөн ногдуулалтын акт нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болоогүй төдийгүй хариуцагч нар нь мөн зүйлийн 42.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болоогүй нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид танилцуулж, хуульд заасан журмыг зөрчсөн байна.

2.18. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсэгт “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ.” гэж заажээ.

2.19. Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзэхэд нөхөн ногдуулалтын актыг гардуулахын тулд тухайн нөхөн ногдуулалтын акт хүчин төгөлдөр болсон байх үйл баримтыг шаардаж байх бөгөөд дээр дурдсанчлан маргаж буй 26201003127 дугаартай нөхөн ногдуулалтын акт нь хүчин төгөлдөр болоогүй байх тул түүнийг татвар төлөгчид гардуулсан гэж үзэхээргүй байна.

2.20. Нэгэнт маргаж буй нөхөн ногдуулалтын акт нь хүчин төгөлдөр болоогүй, түүнийг татвар төлөгчид гардуулсан гэж үзэхгүй тул хуульд заасан журам зөрчиж гарсан нөхөн ногдуулалтын актыг биелүүлэх шаардлагыг татвар төлөгчид тавих нь хуульд нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.

2.21. Тиймээс дээр дурдсан үндэслэлүүдээр хуульд заасан журмыг зөрчиж гаргасан байх тул маргаж буй 26201003127 дугаартай нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар бүхэлдээ хүчингүй болох эрх зүйн үр дагаврыг агуулна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.12.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.4, 42.5, 42.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Барс импекс” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Б, С.Б нарын гаргасан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 26201003127 дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 53-56 дахь тал

[2] Хх 43 дахь тал

[3] Хх 44-47 дахь тал

[4] Хх 161-164 дэх тал

[5] Хх 140-144 дэх тал

[6] Хх 145 дахь тал

[7] Хх 44-47 дахь тал

[8] Хх 161-164 дэх тал