Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00817

 

 “А” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02778 дугаар  шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар магадлалтай

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Н.Н-, Н.С- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 75 175 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Н.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Б.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““А”" ХХК нь зээлдэгч Н.Н-, Н.С- нарын хүсэлтээр 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 50 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, жилийн 42 хувийн,  сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбар хийж нотариатаар гэрчлүүлэн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхэхэд Н.Н-, Н.С- нар ...газар тариалан эрхлэх зорилгоор зээл авсан ба будаагаа хураагаад компаниудад тушаасан байгаа, өнөө маргаашгүй өгнө гэж худлаа хэлж аргацаасаар нэг ч төгрөг өгөлгүй хохироож байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 50 000 000 төгрөг, хуримтлагдсан хүү 22 667 000 төгрөг, алданги 2 508 000 төгрөг, нийт 75 175 000 төгрөг болсон байна. Н.Н-, Н.С- нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Мөн дахин ...5 дугаар сард урагшаа нүүрс гаргах гэж байгаа, удахгүй мөнгөтэй болно гэж худал ярьсаар одоо утсаа ч авахгүй, гэрт нь очихоор хүн байхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд зээлдэгч Н.Н-, Н.С- нараас 75 175 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч талаас нотлох баримтаар 12 000 000 төгрөгийг тушаасан нь дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 12 000 000 төгрөгийг хасч, 63 175 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нар 35 100 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “А” ХХК-иас Н.Н-, Н.С- нар 50 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатайгаар зээлж авсан. Энэ зээлийн хүүг 5 сарын хугацааны туршид төлж явж байсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан. Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ ерөөсөө мөнгө төлдөггүй, залгахаар утсаа авдаггүй алга болсон гэж бичсэн байдаг. Гэтэл хариуцагч нар нь 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1 750 000 төгрөгийг Голомт банкны дансаар, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1 750 000 төгрөгийг "“А”" ХХК-д бэлнээр, 2015 оны 9 дүгээр сарын 05-нд 1 750 000 төгрөгийг Голомт банкаар, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хоёр удаагийн төлөлтөөр 1 750 000 төгрөгийг Голомт банкаар, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1 750 000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1 750 000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1 750 000 төгрөгийг Голомт банкаар, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1 750 000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1 750 000 төгрөгийг Голомт банкаар, 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр "“А”" ХХК-д бэлнээр 1 500 000 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сарын 05-нд бэлнээр 1 400 000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Ингээд нийтдээ 23 650 000 төгрөгийг төлсөн байгаа. Иймд 35 100 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 075 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад үзэхээр хариуцагчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусчихсан. Тэгэхээр Иргэний хуулийн 451 дугаар зүйлд заасны дагуу банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг гэдэг нь тогтоогдохгүй байна. Тусгай зөвшөөрлийг олгосон хугацаа байгаа боловч дуусах хугацаа нь байхгүй байна. Ихэнхи банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацаа 3 жил байдаг. Үүнээс үзэхэд "“А”" ХХК-ийн тусгай зөвшөөрөл 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дууссан байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд энэхүү зээлийн гэрээ маань өөрөө Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээ гэж үзэж болохоор байна. Мөн Н.С-г хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байна. Н.С-д холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээд бол хуульд заасан үйл ажиллагааг явуулахдаа эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр тусгай зөвшөөрлийн хугацаа байхгүй. Дууссан эсэх нь ойлгомжгүй байна. Ийм учраас Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Н-аас 35 100 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Илүү нэхэмжилсэн 28 075 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болорцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.С- нь зээл аваагүй тул хамтран хариуцагчаар татсаныг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02778 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Н-, Н.С- нараас зээлийн гэрээний үүрэгт 63 175 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533 825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-, Н.С- нараас улсын тэмдэгтийн хураамжид 473 825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02778 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 289 575 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаартай магадлалыг 2018 оны 2 сарын 5-ны өдөр гардан дараах гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйл, 453 дугаар зүйл, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.

Анхан шатны шүүх Н.Н-, Н.С- нараас 63.175.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс Н.Н- миний төлөх ёстой төлбөр тодорхойгүй байна.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 23-ны 102/ШШ2017/02778 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаартай магадлалын 1 дэх заалтад 63 175 000 төгрөгийг гаргуулж гэснийг өөрчлөлт оруулж өгнө үү.

Учир нь нэхэмжлэгч хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алданги нэхэмжилсэн байхад шүүх нэмэгдүүлсэн хүүнд 2 480 000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлага, агуулга, хүрээнээс хальсан шийдвэр гаргасан, анхан шатны шүүх хуралдаан дээр нэмэгдүүлсэн хүү, алдангийн талаар маргасан байхад маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэтээр шийдвэртээ дурдсан байгаад гомдолтой байна.

Нэхэмжлэгч алданги гэж нэхэмжилснийг шүүх нэмэгдүүлсэн хүү гэж сайн дураараа 2 480 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгч “А” ХХК-ийн орлогын баримтыг хариуцагчаас гаргаж өгсөн байхад 1 750 000 төгрөгийг нотлох баримтаар үнэлээгүй буюу төлсөн үнийн дүнгээс хасаагүйд гомдолтой байна.

Иймд 4 230 000 төгрөгийг 63 175 000 төгрөгөөс хасаж өөрчлөлт оруулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид шүүхийн шийдвэрээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээ болох 4 230 000 төгрөгт 82 630 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөв гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “А” ХХК нь зээлдэгч Н.Н-, Н.С- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 63 175 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар 35 100 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талууд 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч “А” ХХК 50 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч Н.Н-, Н.С- нар нь зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх, хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй, гэрээний зүйл болох 50 000 000 төгрөгийг зээлдэгч хүлээн авчээ.

Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул зээлдүүлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зээлдэгчийн төлсөн төлбөрийг нотлох баримтаар тогтоогдсон хэмжээгээр тооцож, үүргийн гүйцэтгэлийг төлбөр төлсөн хугацааг харгалзан хуульд заасан дарааллаар хасч тооцсоны үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтад нийцсэн, шийдвэр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Хариуцагч Н.Н-, Н.С- нар нь хамтран зээлдэгч тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар тэдгээр нь хамтран үүрэг гүйцэтгэгчид болно.

Хамтран үүрэг гүйцэтгэгч нь тус бүрийн хүлээх үүргийг гэрээгээр харилцан тохиролцоогүй, түүнийг тодорхойлох боломжгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11.-д зааснаар тэдгээрийн хүлээх үүрэг тэнцүү байна. Иймд хариуцагч тус бүрийн хүлээх үүргийг тодорхой заагаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээгээр зээлдэгч нь төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр үүрэг хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ нэмэгдүүлсэн хүүг алданги гэж ташаа бичсэнийг шүүх хуралдаанаар залруулсан тул нэхэмжлэгчийг нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй гэж үзэх боломжгүй, шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хальсан шийдвэр гаргасан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэнгүй гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02778 дугаар  шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82 630 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ЦАГААНЦООЖ     

ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД