Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2778

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, Солонго төвд үйл ажиллагаа явуулдаг, АК ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 51-26 тоотод оршин суух, Тайж овогт Намжаагийн Наранбат /РД:УЕ68052254/,

Хариуцагч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 51-26 тоотод оршин суух, Уурагчи овогт Нацагдоржийн Сэргэлэн /РД:ХА67101700/ нарт  холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 75,175,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунцэцэг, хариуцагч Н.Сэргэлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болорцэцэг, хариуцагч Н.Наранбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов. 

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч АК ББСБ ХХК  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: АК ББСБ ХХК  нь зээлдэгч Н.Н, Н.С нар ын хүсэлтээр 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, жилийн 42, сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбар хийж нотариатаар баталгаажуулан  эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхэхэд Н.Н, Н.С нар  “...газар тариалан эрхлэх зорилгоор зээл авсан ба будаагаа хураагаад компаниудад тушаасан байгаа, өнөө маргаашгүй өгнө” гэж худлаа хэлж аргацаасаар нэг ч төгрөг өгөлгүй хохироож байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 50,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 22,667,000 төгрөг, алданги 2,508,000 төгрөг, нийт 75,175,000 төгрөг болсон байна. Н.Н, Н.С нар  нь гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Мөн дахин “...5 дугаар сард урагшаа нүүрс гаргах гэж байгаа, удахгүй мөнгөтэй болно” гэж худал ярьсаар одоо утсаа ч авахгүй, гэрт нь очихоор хүн байхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд зээлдэгч Н.Н, Н.С нар аас 75,175,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан дансны хуулгын дагуу 12,000,000 төгрөгийг хасч тооцон нийт нэхэмжлэлийн шаардлагаа 63,175,000 төгрөг болгож багасгаж байна гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АК ББСБ ХХК  нь хариуцагч Н.Н, Н.С нар аас 63,175,000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нар 35,100,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр АК ББСБ ХХК -аас Н.Н, Н.С нар  50,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатайгаар зээлж авсан. Энэ зээлийн хүүг 5 сарын хугацааны туршид төлж явж байсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан. Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ ерөөсөө мөнгө төлдөггүй, залгахаар утсаа авдаггүй алга болсон гэж бичсэн байдаг. Гэтэл хариуцагч нар нь 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1,750,000 төгрөгийг Голомт банкны дансаар, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1,750,000 төгрөгийг АК ББСБ ХХК -д бэлнээр, 2015 оны 9 дүгээр сарын 05-нд 1,750,000 төгрөгийг Голомт банкаар, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хоёр удаагийн төлөлтөөр 1,750,000 төгрөгийг Голомт банкаар, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,750,000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,750,000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1,750,000 төгрөгийг Голомт банкаар, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,750,000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1,750,000 төгрөгийг Голомт банкаар, 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр АК ББСБ ХХК -д бэлнээр 1,500,000 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сарын 05-нд бэлнээр 1,400,000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Ингээд нийтдээ 23,650,000 төгрөгийг төлсөн байгаа. Иймд 35,100,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,075,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад үзэхээр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусчихсан. Тэгэхээр Иргэний хуулийн 451 дугаар зүйлд заасны дагуу банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг гэдэг нь тогтоогдохгүй байна. Тусгай зөвшөөрлийг олгосон хугацаа байгаа боловч дуусах хугацаа нь байхгүй байна. Ихэнхи банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацаа 3 жил байдаг. Үүнээс үзэхэд АК ББСБ ХХК -ийн тусгай зөвшөөрөл 2017 оны 3 дугаар сарын 02-ний өдөр дууссан байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд энэхүү зээлийн гэрээ маань өөрөө Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээ гэж үзэж болохоор байна. Мөн Н.Сэргэлэнг хариуцагчааар татсан нь ойлгомжгүй байна. Н.Сэргэлэнд холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээд бол хуульд заасан үйл ажиллагааг явуулахдаа эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр тусгай зөвшөөрлийн хугацаа байхгүй. Дууссан эсэх нь ойлгомжгүй байна. Ийм учраас Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Н.Наранбатаас 35,100,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Илүү нэхэмжилсэн 28,075,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч АК ББСБ ХХК  нь хариуцагч Н.Н, Н.С нар т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75,175,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 12,000,000 төгрөгөөр багасгаж, 63,175,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нар нь 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч байгууллагаас 50,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр, нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцохоор тохиролцон зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Харин хариуцагч нар нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ “...нэхэмжлэгч байгууллагын банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч байгуулага нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү шаардах эрхгүй гэж ...” тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хэргийн 4 дүгээр талд Монгол Улсын санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор АК ББСБ ХХК -д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч, 1/340 дугаартай  тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгсон байх ба уг тусгай зөвшөөрлийн дуусах хугацааг тус гэрчилгээнд тусгаагүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн  банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар нь хэрэгт авагдсан бичгийг баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч  АК ББСБ ХХК -д эрх бүхий байгууллага болох Монгол Улсын санхүүгийн зохицуулах хорооноос дээрх тусгай зөвшөөрлийг хугацаагүйгээр олгосон гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч АК ББСБ ХХК -ийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд гэж үзэхээр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Хариуцагч Н.Сэлэнгэ нь уг зээлийг аваагүй учраас хариуцагч биш гэж тайлбарлаж байх боловч зээлийн гэрээнд гарын үсэг зуран, эрх, үүрэг хүлээсэн байх тул зээлдэгч биш гэж үзэх боломжгүй байна. 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч АК ББСБ ХХК  нь хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь дээрх хуульд нийцнэ.

Иймд хариуцагч нар нь уг зээлийн гэрээний үндсэн төлбөрт 50,000,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүнд 34,300,000 /19,18 сар*1,750,000 төгрөг/ төгрөг,  нийт 84,300,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч АК ББСБ ХХК  нь хариуцагч нар нь уг зээлийн хүүнд нийт 12,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нар нь уг гэрээний үүрэгт нийт 23,650,000 төгрөгийг төлсөн гэж маргаж байна. 

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээний үүрэгт нийт 21,900,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна. /хх--67-71, 77-79 тал/.

Харин хариуцагч талаас хэрэгт өгсөн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч талд бэлнээр 1,750,000 төгрөг төлсөн гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул уг мөнгийг төлсөн гэж үзэх боломжгүй байна./хх-62/ар/тал/

 Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн төлсөн 21,900,000 төгрөгийг гэрээний үүрэгт төлөх хүүгийн төлбөр 34,300,000 төгрөгөөр хасч тооцвол хүүнд 12,400,000 төгрөг, үүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцвол 2,480,000 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Н.Н, Н.С нар  нь талуудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр АК ББСБ ХХК -тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүүнд 12,400,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,480,000 төгрөг, нийт  64,880,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 63,175,000 төгрөгийн хэмжээгээр хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                                                   ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Н, Н.С нар аас зээлийн гэрээний үүрэгт 63,175,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АК ББСБ ХХК -д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч АК ББСБ ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533,825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н, Н.С нар аас улсын тэмдэгтийн хураамжид 473,825  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АК ББСБ ХХК -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА