Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 25

 

Ж.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Бүрэнжаргал,

Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Л.Ганганбарс, 

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, Н.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Буяндэлгэрийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаартай эсэргүүцлээр Ж.Эод холбогдох 201701070035 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны 76 тоотод оршин суух иргэн Н.Туяагийн гэрт хохирогч Б.Бг унтаж байхад нь буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, түүний цээжний зүүн тал руу хутгаар нэг удаа хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Ж.Эод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Багануур дүүргийн Прокурорын газраас Ж.Эод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Боржигон овгийн Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Ж.Эыг 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний дотор хэсэгчлэн биелүүлэхийг ялтан Ж.Эод мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Ж.Эод мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Эоос хохирогч Б.Бгийн эмчилгээний зардалд бэлнээр 8.500.000 төгрөг өгснийг, Ж.Эоос хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд нөхөн төлөхөө илэрхийлсэн 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 18 см урт, 4 см өргөн, 11.5 см урттай хуванцар бариултай хар өнгийн хутгыг, цагаан өнгийн тууш судалтай, хар өнгийн 45 размерийн эрэгтэй хүний сорочкон цамц зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, Ж.Эод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Буяндэлгэр бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн 83 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т "шүүхийн шийдвэр нь түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж заасан шаардлагыг хангаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нарт эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулж авсан мэдүүлгүүдээр "Б.Б унтах гээд буйдан дээр хэвтэж байсан" гэж тогтвортой мэдүүлдэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б "би унтах гээд буйдан дээр хэвтээд зүүрмэглэх шиг болсон. Тэгэхэд амьсгаа авахад хэцүү болоод байсан. Тэр үед хутгалагдсан байх. Би тухайн үед унтаад хэр зэрэг удсан эсэхээ мэдэхгүй байна" гэж мэдүүлсээр байтал шүүх "хохирогчийг согтуурсан буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүнийг хутгалсан гэж хүндрүүлэх үндэслэлгүй" гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Энэ нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Үүнд: Хохирогч Б.Бгийн "...би Ж.Эод за чи бид хоёр яриа нийлэхгүй юм байна гэж хэлээд зочны өрөөний буйдан дээр хэвтсэн. Нэг мэдэхэд би амьсгалахад хүндрэлтэй болж буйдан дээр өндийгөөд суухад цээжний зүүн талаас цус гарч байсан. Ж.Э надад битгий баашлаад бай гэж хэлэх нь сонсогдож байсан" гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/. Гэрч Ц.Сэвжидийн "Цүнцээлэй зочны өрөөний урд цагаан өнгийн буйдан дээр доошоо хараад сууж байсан, Базардаръяа уг өрөөний жижиг буйдан дээр гараа дэрлээд хэвтэж байсан. Туяа унтлагын өрөө рүүгээ ороод би Туяагийн ор зассан өрөөнд ороход зочны өрөөнд Базардаръяа сонин эвгүй дуугарсан, тэр үед Туяагийн гэрийн хаалга саваад хүн гарч байгаа нь сонсогдсон. Би зочны өрөөнд ороход Базардаръяа хэвтэж байсан буйдан дээрээ хагас өндийж суусан ба цээжний зүүн хэсгээс цамцыг нь нэвтрээд цус ихээр гарч байсан. Тэр хоёр маргалдаж, хэрэлдсэн асуудал байхгүй. ... Базардаръяа эвгүй орилоод намайг хатгачихлаа ш дээ гэж хэлсэн. Би жижиг өрөөнөөс гарч ирэхэд Ж.Э Базардаръяагийн хэвтэж байсан орны өөдөөс харсан байдалтай зогсож байсан, Базардаръяа урагшаа унахад Ж.Э гүйгээд гараад яваад өгсөн. Ж.Э намайг гарч ирэхэд том өрөөний буйдангийн дэргэд зогсож байгаад ухасхийгээд гараад гүйсэн. Манай нөхөр буйдангийн урд тал руу эргэлдээд унаж байсан. Тэгснээ амьсгалж болохгүй байна гээд гал тогооны өрөө рүү мөлхөөд үүдэнд байхад нь Туяа гарч ирсэн. Базардаръяа цээжний зүүн талын суганы ар дээд хэсэгт хатгуулсан хэсгээс их хэмжээний цус гарч байсан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34, 35 дугаар хуудас/. Гэрч Н.Туяагийн “Базардаръяа амь авраарай, үхлээ ш дээ гэж хэлэхэд би унтлагын өрөөнөөс гараад очиход Базардаръяа гал тогоо, коридор 2-ын шалан дээр хэвтэж байсан. Сэвжид Базардаръяагийн цусаа гоожуулсан байсан буйдан дээр суучихсан утасны цэнэг дуусчихсан яана аа гээд шоконд орсон байдалтай сууж байсан. ... Намайг түр унтаад сэрэхэд юу ярьсан, юунаас болж Базардаръяа нөгөө хүнтэйгээ муудалцсан эсэх талаар мэдэхгүй" гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 180 дугаар хуудас/. Гэрч Ш.Мөнхцэцэгийн "...би цээжний зураг эгцээр авсан. Цээжийг эргүүлж тойруулж харах боломж байгаагүй.Тухайн хүн нилээд согтуу, эргэж тойрч харж чадахгүй байсан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн ийн 43 дугаар хуудас/. Гэрч Д.Одонтуулын "...Базардаръяа нь 2 дугаар сарын 22-ны шөнө хутгалагдсан шархтай, 103-ын машинаар эмнэлэг дээр согтуу хүргэгдэж ирсэн. Биеийн байдал хүндэвтэр, цээжний зүүн доод хэсэгт 4 см орчим хутгалагдсан шархтай байсан болохоор мэс заслын эмч дуудсан. Базардаръяа согтуу, рентгенд харах гэхэд зүгээр зогсохгүй тийчлээд байсан, 2 сувилагч 2 талаас нь барьж байгаад арай хийж харсан байсан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч Б.Б нь биеэ хамгаалах чадваргүй байсан нь бүрэн дүүрэн тогтоогдож байна. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд "...өрөөний зүүн хананы цагаан өнгийн буйдан дээр урд ирмэгээс 40 см зайд 10*15 см хэмжээтэй цус мэт улаан өнгийн бодис нялгадсан байна. Уг буйдангийн түшлэгний хойд талаас буюу буйдангийн баруун ирмэгнээс 50 см зайд 10*13 см хэмжээтэй цус мэт улаан өнгийн бодис нялагдаж бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг буйдангийн урд үзүүрээс 35 см зайд газар хивсэн дээр цус мэт улаан өнгийн бодис цацагдсан байдалтай бохирлогдсон байв. Гал тогооны өрөөний буйдан, цагаан өнгийн хөлдөөгчний урд шалан дээр цус мэт хүрээн улаан өнгийн бодис дуссан байдалтай бохирлогдсон байв" гэж тэмдэглээд гэрэл зургаар бэхжүүлсэн. Гэрэл зургийг харахад гарыг тохойгоор нугалж буйдан дээр зөрүүлж дарсан, хүний хурууны хээгээр /улаан өнгийн зүйлээр/ бохирлогдож дарагдсан ул мөр огт байхгүй болно. Шүүх хэргийн газраас бэхжүүлсэн зургийг хэрхэн үнэлж, үгүйсгэж байгаа нь тодорхойгүй бөгөөд зөвхөн шүүгдэгч Ж.Эын "би Базардаръяатай ноцолдож байхдаа хутгалсан" гэх мэдүүлгийг үнэлж, хохирогч "Б.Б нь хүнд хутгалуулснаа согтуурсан эсвэл унтсан хоёрын аль шалтгааны улмаас мэдээгүй болохоо шүүх хуралдаанд тодорхой мэдүүлж чадахгүй байна" гэж ойлгомжгүйгээр үгүйсгэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т "мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй" гэж заасныг зөрчиж байна. Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 5.16-д "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ. Биеэ хамгаалж чадахгүй хүнд хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй этгээд хамаарна гэж тайлбарласан бөгөөд хохирогч Б.Б нь тухайн үед биеэ хамгаалж чадахгүй байсан нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн "би Ж.Эыг хутга бариад ирэхийг хараагүй, мэдээгүй. Бид хоёр ноцолдоогүй" гэсэн мэдүүлэг, гэрч Н.Туяа, Ц.Сэвжид нарын мэдүүлгүүдээр давхар нотлогддог. Мөн шүүгдэгч Ж.Эын мэдүүлснээр хохирогч Б.Б тэр хоёр ноцолдох явцад түүнийг хутгаар хутгалсан гэсэн нь шинжээч нарын дүгнэлтээр үгүйсгэгдсэн юм. Учир нь ноцолдох явцад гарын хуруу, бугалга, хэвлий нэвтэрсэн, хатгагдсан, зүсэгдэх гэх мэт олон тооны шарх, зүсэгдэлт үүсэх боломжтой бөгөөд хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд олон тооны гэмтэл, шарх, зүсэгдэлт үүсээгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар "давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хүндрүүлж болно" гэж заасан эрхийнхээ хүрээнд хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү. Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд  бичигдсэн “зочны өрөөнд буйдан дээр хэвтсэн. Нэг мэдэхэд амьсгалахад хүндрэлтэй болсон” тухайгаа хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Шүүх хуралдаанд “хэвтэж байсан” гэдгээ хэлж байгаа болохоос биш “би унтсан, унтсанаас хойш тийм хугацааны дараа гэнэт хутгалсан” гэж ярьдаггүй. Энэ нөхцөл байдлаа тодорхой хэлж чаддаггүй. “Согтчихоод, нөхцөл байдлаа мэдэхгүй байна уу, эсхүл унтаж байсан учраас хутгалуулснаа мэдэхгүй байна уу” гэхээр тэрийгээ үндэслэлтэй хэлж чаддаггүй. Маргаан болсон, нутаг ус, шоронд байсан хүмүүсийн талаар ярьж маргалдаж эхэлсэн. Гэрч нарын мэдүүлгээр Н.Туяа нь түрүүлээд “унтлаа” гээд явсан, Ц.Сэвжид нөхрийгөө буйдан дээр хажуулдаад хэвтэж байхад нь нөгөө өрөө рүүгээ унтъя гээд явсан. Эдгээр мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. “Нөгөө өрөөнд ороод 20 гаруй минут болсны дараа гэнэт хаалга дуугарсан, хүн гарах шиг болсон” гэж ярьдаг. “Дөнгөж ороод байж байхад гэнэт хаалга дуугарсан” гэж ярьдаг. Хэрэгт хувийн сонирхолгүйгээр мэдүүлэг өгч байгаа хүн бол гэрч Н.Туяа. Аль нэг талд орох нөхцөл байдал байхгүй. Ц.Сэвжидийн хувьд хохирогчийн эхнэр. Н.Туяагийн хувьд “дуу чимээ гарах үед гараад ирэхэд хохирогч гал тогоонд хутгалуулсан байдалтай байсан” гэж мэдүүлдэг. Ийм учраас шүүх Н.Туяагийн мэдүүлгийг үнэлсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь гэрч Н.Туяагийн мэдүүлгээр давхар нотлогдож байна гэсэн дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасныг зөрчиж, Ж.Эын мэдүүлгийг үнэлж үзсэн гэж прокуророос эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд хохирогч мэдүүлэг өгөхдөө мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол гэсэн байгаа. Үүнд, хохирогч өөрөө мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж өгч чадаагүй байсан учраас шүүгдэгчид ашигтай байдлыг баримталж шийдвэрлэсэн. Мөн эсэргүүцэлд дурдагдсан гэрч Ш.Мөнхцэцэг, Г.Одонтуул нарын мэдүүлгээр хохирогч согтуу байсан, дараа нь эмнэлэгт очиход нилээн согтуурсан, биеэ хамгаалах чадваргүй байдалтай байсан гэх нотлох баримт оруулж ирсэн. Энэ гэрчүүдийн мэдүүлэг эсэргээрээ тухайн үед хохирогч биеэ хамгаалах чадваргүй биш, хамгаалах чадвартай, тухайн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөд “би зүгээр үзүүлэхгүй, зураг авахуулахгүй” гээд эсэргүүцэл үзүүлсэн тухай мэдүүлсэн. Үүгээрээ хохирогч өөрийгөө хамгаалах болон тухайн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх бүрэн боломжтой байсан. Хэрэгт холбогдсон хүн тухайн хүнийг биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж хутгалсан, халдсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдлыг авч үзэх тайлбар байгаа. Гэтэл нөхцөл байдалд ярилцаад маргаан үүссэн. Цаг хугацааны хувьд унтах нөхцөл байдал байхгүй байсан гэдэг нь бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. ...” гэв.

Прокурор Ж.Бүрэнжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хохирогч Б.Б мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “намайг орон дээр зүйрмэглээд хэвтэж байхад Ж.Э хутга авч ирээд хутгалсан” гэж тогтвортой мэдүүлсээр байтал шүүх шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд прокурор Б.Буяндэлгэрийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

                                                                     ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Ж.Эод холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

Хохирогч Б.Бгын “...Зочны өрөөний богино буйдан дээр хэвтсэн. Ингээд би хэсэг хугацаанд унтчихсан байсан. Нэг мэдэхэд би амьсгалахад хүндрэлтэй болсон. Босоод, өндийгөөд суутал миний цээжний зүүн талаас цус гарч байсан. ...” /1 дүгээр хавтас, 30-31 дүгээр хуудас/,

Мөн түүний өгсөн “...Намайг Туяагийн гэрт диван дээр унтаж байхад хутгалсан. Тухайн үед би хэвтээд баруун талаараа хараад буйдан дээр унтаж байсан. ...” /1 дүгээр хавтас, 32 дугаар хуудас/,

Мөн түүний өгсөн “...Би ч гэсэн унтах гээд буйдан дээр нь гараад баруун талаараа хэвтээд, унтаад өгсөн. Тэгээд унтаж байхад гэнэт нудрах шиг болоод би амьсгаа авч чадахгүй болсон. ...Ж.Эыг хутга бариад ирэхийг мэдээгүй. ...тухайн үед намайг унтаж байхад хутгалсан. ...” /2 дугаар хавтас, 1-2 дугаар хуудас/,

Гэрч Ц.Сэвжидийн “...Цүнцээлэй зочны өрөөний урд цагаан өнгийн буйдан дээр доошоо хараад сууж байсан. Харин Б.Б уг өрөөний жижиг буйдан дээр гараа дэлгээд хэвтэж байсан. ...” /1 дүгээр хавтас, 33-34 дүгээр хуудас/,

Мөн түүний өгсөн “...Б.Б “чи явж унт, чи бидний яриа таарахгүй юм байна. Бид нар амарлаа” гэж хэлээд буйдан дээр гараад хэвтээд өгсөн. Н.Туяа өрөөндөө хэвтэхээр болсон. ...” /1 дүгээр хавтас, 184 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 5-11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Б.Б нь архи ууж, согтуурсны улмаас Н.Туяагийн гэрийн зочны өрөөний буйдан дээр баруун талаараа хэвтсэн байдалтай унтаж байсан байж болох нөхцөл байдал байна.

Анхан шатны шүүх Ж.Эын хэргийн зүйчлэлийг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүнийг хутгалсан” гэж хүндрүүлэх үндэслэлгүй гэж дүгнэхдээ дээрх нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж, хохирогчийг биеэ хамгаалах чадвартай байна гэж үзсэн, таарамжгүй харилцааны явцад уурласны улмаас хутгалсан гэж үзэхдээ ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхой биш байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэжээ.

Ж.Эын хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодид амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирчээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүхээс Ж.Эод оногдуулсан 15.000.000 төгрөгийн торгуулын ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байна гэж үзэв.

Иймд прокурор Б.Буяндэлгэрийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Эод холбогдох эрүүгийн хэргийг мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.