Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 176

 

Ж.Эр-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаар магадлалтай 201701070035 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарсын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, Нийслэлийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 17 жил хорих ял шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай мэдэгдэх хуудсаар 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ял болгон өөрчилж, 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 129 дугаартай Ерөнхийлөгчийн зарлигаар 4 жил 3 хоног хорих ялаас өршөөн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Ж.Эр- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос Ж.Эр-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ж.Эр-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Эр-оос хохирогч Б.Ба-д 8.500.000 төгрөг өгснийг, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд нөхөн төлөхөө илэрхийлсэн 1.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ба-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Эр-од холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Ж.Эр-од холбогдох хэрэгт улсын яллагч Б.Буяндэлгэр Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэвч шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гарган ялын санал тавихдаа Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцон хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзэн шүүгдэгчид мөн зүйл ангид зааснаар 6 жил хорих ял оногдуулах санал гаргаж үүнийгээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар бичгээр өгсөн байдаг. Нэгэнт шүүх хуралдаанд оролцож буй прокурор шүүгдэгчийн гэм буруугийн хувьд 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай гэж үзсэн учраас хуулийн зүйлчлэлийн хувьд улсын яллагч өөрөө анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж өмгөөлөгч миний бие үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эсэргүүцэл бичих эрх нь зөвхөн дээд шатны прокурорт хадгалагдах ёстой бөгөөд улсын яллагчийн өөрөө гаргаж буй гомдлыг давж заалдах шатны шүүх мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7.1-т зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргах ёстой байсан.

Хохирогч Б.Ба- нь мөрдөн байцаалтад тайлбар өгөхдөө өөрийн үйлдлийг тодорхой санадаггүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч болсон үйл явдлыг тодорхой хэлж мэдэхгүй, эргэлзээтэй, мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээ тодорхой нотолж чадаагүй. Мөн гэрч Ц.Сэ- удаа дараа мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг өөр өөрөөр ярьдаг, энэ нь хэргийн газарт байсан ганц хөндлөнгийн хүн болох гэрч Н.Ту- болон шүүгдэгчийн мэдүүлэгтэй зөрдөг бөгөөд үйл явдал, болсон хэргийн үйл явцыг энэ 2 хүний мэдүүлгээр тогтоох, тодорхойлох боломжгүй нөхцөл байдал мөрдөн байцаалтын шатнаас эхлээд шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч тодорхой байсан. Энэхүү нөхцөл байдал нь анхан шатны шүүхээс хохирогч болон гэрч Ц.Сэ- нарын мэдүүлэг нь эргэлзээтэй, энэ баримтаар ял халдаах боломжгүй, харин шүүгдэгчийн мэдүүлэг гэрч Н.Ту-гийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэх үндэслэл бий болсон ба шүүх энэ талаарх дүгнэлт буюу улсын яллагчийн баримтыг үгүйсгэж буй үндэслэлээ Шийтгэх тогтоолын дүгнэлтийн хоёр дахь хэсэгтээ тодорхой бичсэн байдаг.

Анхан шатны шүүх хохирлыг бүрэн төлсөн, хохирогчтой эвлэрсэн гомдол саналгүй, хохирогчийн биеийн байдал болон шүүгдэгчийн ар гэрийн байдал, хууль эрх зүйн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрээ гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэдийгээр магадлалд тусгагдаагүй боловч урьд ял шийтгэгдэж байсан нөхцөл байдлыг хувийн байдалд онцгой анхаарч, суллагдсан байдлыг хүртэл гайхаж хандаж энэ үзэл баримтлалаа түүнд ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэх үндэслэл болгон дүгнэсэн нь хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэд судалж үзээгүй өнгөц харж шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэж байна. Ийм магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө  үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад хохирогч нь архи уугаад иргэн Н.Ту-гийн гэрт зочны өрөөний буйдан дээр баруун талаараа хэвтэж байхад нь шүүгдэгч түүний цээжинд хутгалсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хутгалсан гэж дүгнэж байна. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулсан гэж прокурор эсэргүүцэл бичсэн. Үүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарсын гаргасан гомдлыг үндэслэн Ж.Эр-од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ж.Эр-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 7 дугаар байрны 76 тоотод оршин суух иргэн Н.Ту-гийн гэрт хохирогч Б.Ба-г унтаж байхад нь түүний цээжинд хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Анхан шатны шүүх уг үйл явдал маш богино хугацаанд хурдан болж өнгөрсөн гэсэн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Ж.Эр- нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж буюу Б.Ба-г унтаж байхад хутгалсан үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй, харин хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийг хутгалсан гэсэн үндэслэлээр зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүйн дээр уг шийдвэрийг гаргахад тулгуурласан нотлох баримтыг үнэлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон гэж үзнэ.

Тодруулбал, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлэх шаардлагыг зөрчин, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулж, яллах талын нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй хэргийн зүйлчлэлийг илт үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлэсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарсын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 25 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарсын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ                                           Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН