Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 130

 

                          2020/ШЦТ/130

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Насанжаргал

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: В.Удвал

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Ч

Шүүгдэгч: Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт ТБад холбогдох 2012000020072 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөг засал чимэглэлчин мэргэжилтэй, “Идэр живаа" ХХК-д засалчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 23-09 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д овогтой ТБ /РД:../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Нэгдсэн эмнэлгийн хойд талын засмал зам дээр 98-48 АРА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсгийг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Д биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ч мэдүүлэхдээ: Манай хадам ээж 79 настай хүн байдаг. Нутгийн бүсгүй Ц манай ээж таньтай уулзъя гээд байна гэж хэлээд ээжийг авч явж байсан гэсэн. Манай эхнэр ээжийн гэрт орсон чинь тэр нутгийн бүсгүй ээжтэйгээ уулзуулаад ирье гэж хэлсэн байсан бөгөөд 41 дүгээр байранд байдаг болохоор нь ойрхон гэж бодоод яваад ир гэж хэлсэн байдаг. Манай эхнэр баруун талын цонхоор харж байсан чинь зам дагаад алхаж байсан гэсэн. Эхнэр зээ хүүгээ харж байсан болохоор зээ хүүгээ харчихаад ирээд харсан чинь тэр хоёр байхгүй болсон байсан гэсэн. Тэгээд хараад байсан чинь нэг цагаан машинд хөх дээлтэй хүн дамнаад оруулж байсан гэсэн. Цмашины араас дагаад явахаар нь очсон гэсэн. Би ажил дээрээ чухал ажилтай байж байсан чинь манай эхнэр залгаж хэлээд чи ажлаа зохицуулчихаад ир гэж хэлсэн. Тэгээд охины хамт эхнэр эмнэлэгт очсон чинь ээжийг зүүн талаар нь дайрсан байсан бөгөөд ээжийн зүүн талын хөл, гуя, тохойгоороо бэртэл авсан. Зүүн гарын шуугаараа хугараад арьсаа яраад яс нь гараад ирсэн байсан. Тэгээд өөрөө шокын байдалтай байсан. Эмч нар оёдол тавиад сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн байсан. Би орой ажлаа зохицуулчихаад 8 цагийн үед очоод эмчээс нь биеийн байдлыг нь асуухад энд эмчилгээ хийлгэх боломж байхгүй, Улаанбаатар хот руу явж хадуулж, эмчилгээ хийлгэх ёстой гэсэн. Тэгээд маргааш өглөө нь эмнэлгийн тэрэгтэй ээжийг нэг эмч, нэг сувилагчийн хамт авч явсан. Бид нар машинтайгаа дагаад явсан. Орой Улаанбаатар хотын “Гэмтэл согог судлалын Үндэсний төв”-д очиж эмчилгээндээ орсон. Тэгээд 12 дугаар сарын 25-ны өдөр хагалгаанд орсон. “Гэмтэл согог судлалын Үндэсний төв”-д 20 хоног эмчилгээ хийлгэсэн. Эмч нар хагалгаа эрсдэлтэй шүү гэж хэлсэн. 20 хоног эмнэлэгт хэвтэж гараад боолт хийлгэх шаардлагатай байсан. Яс нь хугарсан учраас их хүндрэлтэй байсан. “Мөнгөн гүүр” эмнэлэгт бид нар хэвтэж эмчлүүлсэн бөгөөд “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлүүлээд 02 дугаар сарын эхээр гэртээ буцаж ирсэн. Архангай аймагт ирээд гарынх нь хадааснаас болоод буглаа үүсчихээд болохгүй мэс заслийн тасагт хоёр удаа хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Энэ хугацаанд байнга хэвтэрт байсан. Даралт нь ихдээд бид нарыг нилээн сандаргадаг. Өмнө нь хадам ээж бид нарын асаргаа ордоггүй өөрийгөө аваад явчихдаг байдаг. Заримдаа хямраад хадам ээж үхмээр байна гээд янз бүр болохоор нь өрөвддөг. Жолооч аюул бүхий хэсэгт ойртсон тохиолдолд хурдыг тохируулж болзошгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн жолоочийн үүргийг биелүүлсэн бол Б ийм осол гаргахгүй байсан. Замын зардал 330.058 төгрөг, эмчилгээний зардалд 7.158.070 төгрөг, бусад зардалд 483.450 төгрөг зарцуулсан байгаа. Энэ зардлуудыг бүрэн төлүүлэх хүсэлттэй байна. Шүүгдэгчийн ах нь бид нарыг дагаж явсан. Би ерөнхийдөө ийм шаардлага тавьсан бөгөөд та нар төлбөрөө барагдуулчих, бид нар асар их хэмжээний мөнгө гаргаж байна гэсэн чинь нэг удаа 800.000 төгрөг өгсөн. Тэгээд холбоо барихгүй алга болсон. Нэхэмжлэл гаргасан цагаас хойш 430.118 төгрөг гарсан. Байнга эмчилгээ асаргаатай байгаа гэв.   

Мөрдөн байцаалтын шатанд 2012000020072 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Д мэдүүлсэн: ...Тухайн өдөр манай нутгийн Ц манайд ирээд манай хадам ээж ирчихсэн байна, таньтай уулзах юмсан гээд яриад байна, таныг уулзуулах гэсэн юм гэхээр нь би Цтой хамт 15 цагийн үед гараад явж байтал араас нэг юм өргөх шиг болсон. Тэгээд би эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Мөргүүлсний дараа юу болсныг мэдэхгүй байна. Би явган хүний гарц гэж мэдэхгүй байна. Ямар нэгэн ажлаар явахдаа манай хүүхдүүд машинаар авч явдаг юм. Намайг хөтөлж авч явж байсан Ц л явган хүний гарц байсан үгүйг мэдэж байгаа байх. Намайг машинд мөргүүлсэн талаар манай хүүхдүүд мэдэж байгаа. Харин машинд мөргүүлэхийг Ц харсан. Мөн жолооч нь харсан байх. Тухайн үед миний зүүн хөл 2, гар 2 хугарсан бөгөөд одоо эдгээгүй, хөл дээрээ явж чадахгүй байна. Би гомдолтой байна. Би босч явж чадахгүй болсон тул өөрийн хүргэн Д.Чийг хууль ёсны төлөөлөгчөөр томилуулах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чийн мэдүүлсэн: ...Би Л.Д ганц охин Н.Я нөхөр байгаа юм.  Миний хадам ээж Л.Д нь машинд мөргүүлж гэмтсэнээс хойш эхнэр бид хоёр асарч байгаа. Өмнө нь асардаг байсан. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би гадуур ажилтай явж байтал манай эхнэр Я над руу утсаар залгаад ээж аваарт орчихлоо гэж хэлэхээр нь би яваад очих гэсэн боловч миний ажил чухал байсан бөгөөд манай эхнэр ажлаа дуусгаад ир бид нар эмнэлэгт хэвтүүлээд арга хэмжээ аваад байж байна гэж хэлсэн. Тэгээд би орой 20 цагийн үед Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирэхэд хадам ээж мэс заслын сэхээн амьдруулах тасагт хэвтсэн байсан. Тухайн өдөр жижүүртэй байсан Ч эмчтэй уулзахад зүүн гар 2 хугарсан, зүүн хөл 2 хугарсан гэмтэлтэй байна гэж хэлэхээр нь би хийгдэж байгаа эмчилгээнийх нь талаар асуухад тухайн хугарсан гэмтлүүдийг Улаанбаатар хотын “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хадуулах хэрэгтэй гэж хэлээд тухайн орой сэхээн амьдруулах тасагтаа хоноод маргааш өглөө нь буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу 13А маягтаар Нэгдсэн эмнэлгийн машинтай нэг эмч, нэг сувилагчийн хамт яваад хажууд нь тусдаа машинтай надтай хамт манай эхнэр, түүний дүү Б, манай хүргэн Б, зам тээврийн осол гаргасан жолоочийн ах нь гэх залуу хамт сууж явсан. Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт очоод 4-5 хоног эмчилгээ хийлгэж байгаад мэс заслын хагалгаанд орсон. Хагалгаанд орохдоо зүүн хөлийн 2 хугарсан хэсгийг хадсан, зүүн гарын нэг хугарсан гэмтлийг хавж хадаад нэг хугарсан гэмтлийг нь өөрийнх нь байдлаар эмчилгээ хийлгэж эдгээсэн бөгөөд Гэмтлийн эмнэлэгт нийт 20 хоног эмчилгээ хийлгээд гарсан. Дараа нь эмнэлэгт боолт хийлгэх эмчилгээ үргэлжлүүлэн хийхэд хадам ээжийг өдөр бүр зөөхөд бэрхшээлтэй маш их зовиуртай байсан болохоор “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийлгэсэн. Үүнээс хойш хөл дээрээ явж чадахаа больсон. “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-өөс орон нутгийн гэмтлийн эмчийн хяналтанд шилжүүлсэн, байнгын асаргаатай, өвчин шаналал ихтэй, шөнө бүр нэг хүн сахиж хонож байгаа, биеэ засч чадахаа больсон бөгөөд Нэгдсэн эмнэлгийн хяналтанд орсон. Манай ээж урьд нь хөл дээрээ явдаг өөрөө хоол ундаа хийж идээд хүний асргаанд байхгүй, өөрийгөө аваад явах чадвартай байсан. Хууч өвчин гэвэл даралт ихэсдэг бөгөөд өрхийн эмчийн хяналтанд, даралтаа үзүүлж эм бичүүлдэг байсан. Өөр зүйл байхгүй. Тухайн өдөр хадам ээжийн нутгийн хөгшин Чимэд нь хөдөөнөөс Архангай аймагт ирээд өөрийнхөө охин Цыг явуулаад тэр манай ээжийг гэрт ирээд дагуулаад явж байгаад Нэгдсэн эмнэлгийн ертөнцийн зүгээр хойд талын засмал замын уулзвар дээр зам гарч яваад 98-48 АРХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байсан. Би тухайн газар очиж хараагүй. Тухайн осол болсон замын хойд талд явган хүний зам байдаг талаар мэднэ. Гэхдээ миний хадам ээж 79 настай хүн учраас явган хүний гарц гэх зүйл мэдэхгүй. Бид нар ийш тийшээ явахдаа хадам ээжийг байнга машинтай авч явдаг байсан. Эмчилгээний зардалд 7.971.582 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд зардлын задаргаа болон баримтыг наториатаар батлуулан нийт 51 хуудас материал гарган өгч байна. Мөн цаашид эмчилгээний зардал гарна. Үүнийг нэмж нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.П мэдүүлсэн: ...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн нөхөр Бын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт байрлах 36 дугаар байрнаас 47 дугаар байр руу явж байсан. Засмал дээр баруун гар тийш эргээд явтал нэг чимээ гарсан. Би өөрийн нөхрийн хамт машинаасаа буугаад хартал машины баруун талын урд талын дугуйгаараа хүн мөргөсөн байсан. Уг мөргүүлсэн гэх хүн нь хөл өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд бид нар тэр эмэгтэйг Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасаг руу хүргэж өгсөн. Тухайн зам тээврийн ослыг би хараагүй болохоор осол юунаас бол гарсныг мэдэхгүй байна. Би машин дотор зорчиж явсан болохоор миний биед гэмтэл учраагүй. Миний зорчиж явсан засмал замын уулзвар дээр явган хүний гарц тэмдэг байсан. Харин явган зорчигч гарцаар гараагүй. Машин зорчиж явах газраар явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.А мэдүүлсэн: ...2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 10 минутын үед миний ээж Я над руу өөрийн 99548866 дугаарын утсаар залгаад эмээг чинь машин шүргэчихсэн юм шиг байна гэж надад хэлэхээр нь би ээжтэй хамт Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү гүйгээд орсон. Тэгээд эмнэлэгт ороход түргэн тусламжийн өрөөнд эмээ хэвтчихсэн, дух нь хавдсан байдалтай бомбойчихсон, хөл нь цус болсон байсан. Намайг ороход жолооч Б гэх залуу байхаар нь би юу болсон юм гээд жолооч руу нь бухимдаад дайртал намайг эмнэлгээс гаргасан. Одоогийн байдлаар миний мэдэхийн хөлийн дунд чөмөг хугарсан, шилбэний яс нь хугарсан, баруун гарын бугалганы яс хугарсан, бугуй хэсэг нь хугарсан байна. Дунд чөмөг болон шилбэний яс арьсаа цоолоод гараад ирсэн байсан. Оёдол тавиулсан. Эмээ маань өвдөлт өгөөд шокын байдалтай байна. Маргааш буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн эмч нар Улаанбаатар хот руу нарийн шинжилгээ өгүүлэх, хагалгаанд оруулахаар авч явах гэж байна. Манай эмээгийн бэр охин Э дүүгийн эхнэр Ц хамт явж байсан. Эмээ маань 1 дүгээр 48 дугаар байранд байдаг айл руу явж байсан юм. Эмээг яг машинд дайруулахыг манай ээж Я гэрийнхээ цонхон дээрээс харсан байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цын мэдүүлсэн: ...2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед шиг санагдаж байна, би өөрийн худ Л.Д гэр болох “Буян” рестораны хашаанд байх гэрт уулзаад 1 дүгээр 48 дугаар байр руу манай гэр рүү хамт алхаад явахаар болсон. Такси дуудах гэтэл Д эгч хамт салхинд алхая гэж хэлээд бид сугадалцаад “Буян” рестораны хашаанаас гараад явсан. Д эгч 79 настай, хөл нь маажиг болохоор сугадалцаад алхсан. Эмнэлгийн ард талд буюу “Хүмүүн цогцолбор 2 дугаар сургууль”-ийн урдуур төв замаар гараад алхаж яваад замын хажуугийн явган хүний гарцын тэнд иртэл миний бөгс нуруу хэсгийг нэг машин шүргээд миний зүүн гар талд сугадаж явсан Д эмээг маань Приус-20 маркийн машин баруун талаар нь мөргөж урд дугуй нь хөл дээгүүр нь гараад зогссон. Би нүднийхээ булангаар харсан. Тэгээд л тэр жолооч гэх эрэгтэй нь гарч иртэл Д эмээгийн хөл дээгүүр нь машины дугуй нь гараад дээлийнх нь хормой дээр зогссон байсан учраас дахин машин урагшлаад эмээгийн дээлийн хормойг дугуйн доороос гаргаад жолооч гэх залуу нь эмээг урд талдаа өргөж суулгаад бид Нэгдсэн эмнэлэг рүү ороод түргэн тусламжийн эмч нарт үзүүлээд хөлдөө оёдол тавиулсан. Д эгчийн хөл, гар хугарсан гэсэн. Би өөр нарийн зүйлийг сайн мэдэхгүй байна. Би модон гүүрээр гараад машин зорчдог төв зам дээр алхаж явсан. 2 дугаар сургуулийн урд талд явган хүний гарц байсан. Л.Д гуайн хөл, гар нь хугарсан бөгөөд хөл дээрээ алхаж чадаагүй, над руу хараад би одоо ингээд суумгай болчихлоо шүү дээ гэж хэлсэн. Тэгээд жолооч анхны тусламж үзүүлүүлэхээр эмнэлэг рүү явсан. Тухайн төв зам дээр машин тэрэг бага байсан учраас би явган хүний гарцыг сонгоогүй, машин замаар Д эмээтэй сугадалцаад алхчихсан. Явган хүний гарц нэг их хол биш байсан. Тээврийн хэрэгсэл миний бөгсөн хэсгийг шүргээд л гарсан. Би машинд мөргүүлээгүй. Миний биед гэмтэл учраагүй болохоор би гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.П дахин мэдүүлсэн: ...Би Т.Бтай 2018 онд танилцаад үерхэж эхэлсэн. Тэрээр айлын отгон хүүхэд байгаа юм. Б төлөв даруухан зантай, архи, тамхи хэрэглэдэггүй, ямар нэгэн буруу авир гаргадаггүй, хүнд тусархаг, үг дуу цөөтэй, халамжтай сайн залуу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Б мэдүүлсэн: ...Миний дүү Т.Б нь 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдөр айлын отгон хүү болж мэндэлсэн бөгөөд эхээс зургуулаа. Тэрээр бага насандаа цэцэрлэгт хүмүүжиж, Дархан-Уул аймагт 10 жилийн сургууль төгсөөд дээд сургуульд суугаагүй, гэр бүлтэй болоогүй. 2019 оноос хойш найз охинтой болсон. Тэрээр цэргийн алба хаагаагүй, зан аашийн хувьд төлөв даруу, дуу цөөтэй, хүнд тусархаг, ажилч хичээнгүй, хүнтэй эвсэг, архи, тамхи хэрэглэдэггүй, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, ямар нэгэн архаг хууч өвчин гэх зүйл байхгүй, сайн залуу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Бын мэдүүлсэн:...Миний үйлдэлтэй тохирч байна. Би өмнө нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн бөгөөд нэмж хэлэх зүйл байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй миний машин юм. Одоо миний машиныг төрсөн ах Б Архангай аймгийн төвд унаж хэрэглэж байгаа. Би доороо биллярдтай 36 дугаар байрны гадна хүн буулгаж өгөөд явсан. Би эрүүл явсан. Тухайн үед нар гялбаад юм харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 хуу/

 

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. 98-38 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Зам тээврийн осол гарахад замын орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. 3. Явган зорчигч Л.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гарамаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 4. Уг зам тээврийн осол нь жолооч Т.Бын буруутай үйлдлийн улмаас гарсан гэж үзэв. 5. Жолооч Т.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох /1083719/ дугаарын “В” ангиллын эрхийн үнэмлэхтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 41-хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 69 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Шинжлүүлэгч Л.Д биед гэмтэл учирчээ. 2. Л.Д биед, зүүн дунд чөмөг, зүүн шилбэний шаант ясны доод 1/3 хэсгийн ташуу, ил хугарал, зүүн гарын бугалга, шууны доод хэсгийн далд хугарал, зүүн хөлийн араар зулгаралт гэмтлүүд учирчээ. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 4. Зүүн дунд чөмөг, зүүн шилбэний шаант ясны доод 1/3 хэсгийн ташуу, ил хугарал, гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3-1-20-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд, зүүн гарын бугалга, шууны доод хэсгийн далд хугарал гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд, зүүн хөлийн араар зулгаралт гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 5. Хүнд, хүндэвтэр гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35%-иас дээш болон 15-30% тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой. 6. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-ийн 49-50 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-09, 12хуу/

Архангай аймгийн Цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 06 хуу/

Ослын газрын схем зураг /хх-ийн 07 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 79-хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 76 хуу/ 

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 91-93 хуу/ 

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 94-144 хуу/ 

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 145 хуу/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн хохиролтой холбоотой 7 хуудас баримт зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Нэгдсэн эмнэлгийн хойд талын засмал зам дээр 98-48 АРА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсгийг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Д биед хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Нэгдсэн эмнэлгийн хойд талын засмал зам дээр 98-48 АРА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсгийг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Д биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Д мэдүүлсэн “Тухайн өдөр манай нутгийн Ц манайд ирээд манай хадам ээж ирчихсэн байна, таньтай уулзах юмсан гээд яриад байна, таныг уулзуулах гэсэн юм гэхээр нь би Цтой хамт 15 цагийн үед гараад явж байтал араас нэг юм өргөх шиг болсон. Тэгээд би эмнэлэгт хүргэгдэж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20/, 

мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чийн мэдүүлсэн “2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би гадуур ажилтай явж байтал манай эхнэр Я над руу утсаар залгаад ээж аваарт орчихлоо гэж хэлэхээр нь би яваад очих гэсэн боловч миний ажил чухал байсан бөгөөд манай эхнэр ажлаа дуусгаад ир бид нар эмнэлэгт хэвтүүлээд арга хэмжээ аваад байж байна гэж хэлсэн. Тэгээд би орой 20 цагийн үед Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирэхэд хадам ээж мэс заслын сэхээн амьдруулах тасагт хэвтсэн байсан. Тухайн өдөр жижүүртэй байсан Ч эмчтэй уулзахад зүүн гар 2 хугарсан, зүүн хөл 2 хугарсан гэмтэлтэй байна гэж хэлэхээр нь би хийгдэж байгаа эмчилгээнийх нь талаар асуухад тухайн хугарсан гэмтлүүдийг Улаанбаатар хотын “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хадуулах хэрэгтэй гэж хэлээд тухайн орой сэхээн амьдруулах тасагтаа хоноод маргааш өглөө нь буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу 13А маягтаар Нэгдсэн эмнэлгийн машинтай нэг эмч, нэг сувилагчийн хамт яваад хажууд нь тусдаа машинтай надтай хамт манай эхнэр, түүний дүү Б, манай хүргэн Б, зам тээврийн осол гаргасан жолоочийн ах нь гэх залуу хамт сууж явсан. Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт дээр очоод 4-5 хоног эмчилгээ хийлгэж байгаад мэс заслын хагалгаанд орсон. Хагалгаанд орохдоо зүүн хөлийн 2 хугарсан хэсгийг хадсан, зүүн гарын нэг хугарсан гэмтлийг хавж хадаад нэг хугарсан гэмтлийг нь өөрийнх нь байдлаар эмчилгээ хийлгэж эдгээсэн бөгөөд Гэмтлийн эмнэлэгт нийт 20 хоног эмчилгээ хийлгээд гарсан. Дараа нь эмнэлэгт боолт хийлгэх эмчилгээ үргэлжлүүлэн хийхэд хадам ээжийг өдөр бүр зөөхөд бэрхшээлтэй маш их зовиуртай байсан болохоор “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийлгэсэн. Үүнээс хойш хөл дээрээ явж чадахаа больсон. “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-өөс орон нутгийн гэмтлийн эмчийн хяналтанд шилжүүлсэн байнгын асаргаатай, өвчин шаналал ихтэй, шөнө бүр нэг хүн сахин хонож байгаа, биеэ засч чадахаа больсон бөгөөд Нэгдсэн эмнэлгийн хяналтанд орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/, 

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч М.П мэдүүлсэн “2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн нөхөр Бын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт байрлах 36 дугаар байрнаас 47 дугаар байр руу явж байсан. Засмал дээр баруун гар тийш эргээд явтал нэг чимээ гарсан. Би өөрийн нөхрийн хамт машинаасаа буугаад хартал машины баруун талын урд талын дугуйгаараа хүн мөргөсөн байсан. Уг мөргүүлсэн гэх хүн нь хөл өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд бид нар тэр эмэгтэйг Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасаг руу хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, 

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.А мэдүүлсэн “2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 10 минутын үед миний ээж Я над руу өөрийн 99548866 дугаарын утсаар залгаад эмээг чинь машин шүргэчихсэн юм шиг байна гэж надад хэлэхээр нь би ээжтэй хамт Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү гүйгээд орсон. Тэгээд эмнэлэгт ороход түргэн тусламжийн өрөөнд эмээ хэвтчихсэн, дух нь хавдсан байдалтай бомбойчихсон, хөл нь цус болсон байсан. Намайг ороход жолооч Б гэх залуу байхаар нь би юу болсон юм гээд жолооч руу нь бухимдаад дайртал намайг эмнэлгээс гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цын мэдүүлсэн “2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед шиг санагдаж байна, би өөрийн худ Л.Д гэр болох “Буян” рестораны хашаанд байх гэрт уулзаад 1 дүгээр 48 дугаар байр руу манай гэр рүү хамт алхаад явахаар болсон. Такси дуудах гэтэл Д эгч хамт салхинд алхая гэж хэлээд бид сугадалцаад “Буян” рестораны хашаанаас гараад явсан. Д эгч 79 настай, хөл нь маажиг болохоор сугадалцаад алхсан. Эмнэлгийн ард талд буюу “Хүмүүн цогцолбор 2 дугаар сургууль”-ийн урдуур төв замаар гараад алхаж яваад замын хажуугийн явган хүний гарцын тэнд иртэл миний бөгс нуруу хэсгийг нэг машин шүргээд миний зүүн гар талд сугадаж явсан Д эмээг маань Приус-20 маркийн машин баруун талаар нь мөргөж урд дугуй нь хөл дээгүүр нь гараад зогссон. Би нүднийхээ булангаар харсан. Тэгээд л тэр жолооч гэх эрэгтэй нь гарч иртэл Д эмээгийн хөл дээгүүр нь машины дугуй нь гараад дээлийнх нь хормой дээр зогссон байсан учраас дахин машин урагшлаад эмээгийн дээлийн хормойг дугуйн доороос гаргаад жолооч гэх залуу нь эмээг урд талдаа өргөж суулгаад бид Нэгдсэн эмнэлэг рүү ороод түргэн тусламжийн эмч нарт үзүүлээд хөлдөө оёдол тавиулсан. Д эгчийн хөл, гар хугарсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/, 

мөрдөн байцаалтын шатанд Т.Бын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Яллагдагчаар татсан тогтоол миний үйлдэлтэй тохирч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72/, зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41/, хохирогч Л.Д биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 69 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-09/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Д овогт ТБыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ч нь гэм хорын хохиролд шүүгдэгчээс нийт 7.965.982 төгрөгийг нэхэмжилснээс 2.590.176 төгрөгийг шүүгдэгч Т.Баас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэснийг шүүгдэгч Т.Б нь шүүх хурал завсарласан хугацаанд төлж барагдуулсан тул энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй байна.

Хохирлыг дараах байдлаар тооцож шийдвэрлэсэн болно. Үүнд: 

1. Нотлох баримтын шаардлага хангасан болон гэм хорын хохиролд тооцох үндэслэлтэй 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Ник” шатахуун түгээх станцаас авсан бензины үнэ 13.051 төгрөг, “Дулаан хайрхан трейд” ХХК-аас авсан эмний үнэ 17.000+28.200+5.400+7.200+10.600+7.200+4.000+10.400+13.600+5.000+4.000+3.600+2.500+5.150+21.000+29.600+4.500+ 13.500+16.500 төгрөг, “Агар шим” ХХК-аас авсан эмний үнэ 72.000 төгрөг, “Петростар” ХХК-аас авсан бензиний үнэ 135.000+65.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Гэмтэл согог судлалын Үндэсний төв”-д хийлгэсэн эмчилгээний үнэ 358.063+9.300 төгрөг, “Монос УБ” ХХК-аас авсан эмний үнэ 4.720+15.410+10.354+24.434+33.750+14.660+1.500+1.020 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Гэмтэл согог судлалын Үндэсний төв”-ийн пладны төлбөрт төлсөн 280.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 10 өдөр “РАРА”-аас авсан эмний үнэ 3.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Ази фарм” сүлжээ эмийн сангаас авсан эмний үнэ 34.300 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлгийн төлбөр 65.000 төгрөг, “Агар нарлаг” ХХК-аас авсан эмний үнэ 31.100+3.700+4.500+5.790+5.700+7.400+16.070+16.700+5.800 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Ази фарм” ХХК-аас авсан эмний үнэ 33.000+2.200 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Номын хүрдэм” ХХК-аас авсан эмний үнэ 320.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт төлсөн ор хоногийн мөнгө 483.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт төлсөн шинжилгээний үнэ 97.500+45.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай эмийн сангаас авсан эмний үнэ 14.240 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “MG parma”-аас авсан эмний үнэ 51.500+1.950 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт хийлгэсэн эмчилгээний үнэ 140.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Мөнгөт Оюу” эмийн сангаас авсан эмний үнэ 4.500 төгрөг, “Хаш” эмийн сангаас авсан эмний үнэ 4.150+9.000+7.600 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Мелк Архангай” эмийн сангаас авсан эмний үнэ 7.516+6.000 төгрөг, “Сүмбэр Ар” ХХК-аас авсан эмний үнэ 3.950+3.000+38.050+14.500 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “ДЭТАА” ХХК-аас авсан эмний үнэ 13.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Бидний-Од” эмийн сангаас авсан эмний үнэ 11.500 төгрөг, нотариатын төлбөр 52.500 төгрөг, “Дөлгөөн гарьд” ХХК-аас авсан эм, тарианы үнэ 117.700 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр авсан тарианы үнэ 7.600, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр авсан эмний үнэ 1.200+2.100 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Э-Март”-аас авсан хэрэглэлийн үнэ 21.220 төгрөг, шүүхэд шинээр ирүүлсэн 12 ширхэг Е баримттай эм, тарианы үнэ 430.118 төгрөг, нийт 3.384.576 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах, үүнээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн 800.000 төгрөгийг хасч, одоо 2.590.176 төгрөгийг гаргаж олгох үндэслэлтэй,

2. Хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд авагдсан 42.500 төгрөгийн баримт нь юу авсан нь тодорхойгүй, гаргагдахгүй, 96 дугаар хуудсанд авагдсан 1.800 төгрөгийн баримт нь гаргагдахгүй, 97 дугаар хуудсанд авагдсан 12.000 төгрөгийн баримт нь гаргагдахгүй, 99 дүгээр хуудсанд авагдсан 117.000 төгрөгийн баримт, 3.440 төгрөгийн баримт, 102 дугаар хуудсанд авагдсан 8.395 төгрөгийн баримт нь гаргагдахгүй, 104 дугаар хуудсанд авагдсан 10.000 төгрөгийн барааны үнэ, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хүнсний үнэ 19.900 төгрөгийн баримт, 105 дугаар хуудсанд авагдсан 3.450 төгрөгийн барааны үнэ, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1.600 төгрөгийн барааны үнэ, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2.500  төгрөгийн барааны үнэ тус тус юу авсан нь тодорхойгүй, 107 дугаар хуудсанд авагдсан 1.000 төгрөгийн барааны үнэ, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Монос УБ” ХХК-наас авсан барааны үнэ 2.000 төгрөг, 118 дугаар хуудсанд авагдсан 241.760 төгрөгийн баримт, 4.050 төгрөгийн баримт, 2.200 төгрөгийн баримт тус тус гаргагдахгүй, 123 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хонины махны үнэ 187.000 төгрөгийн баримт, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хонины махны үнэ 243.950 төгрөгийн баримт, 123 дугаар хуудсанд авагдсан 18.200 төгрөгийн баримт гаргагдахгүй, 127 дугаар хуудсанд авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Сансар” худалдааны төвөөс авсан хүнс барааны үнэ 51.090 төгрөгийн баримт, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Э-Март” хүнсний дэлгүүрээс авсан хүнсний үнэ 36.930 төгрөгийн баримт, 128 дугаар хуудсанд авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Бөмбүүлэй” хүнсний дэлгүүрээс авсан хүнсний үнэ 8.400 төгрөгийн баримт нь гаргагдахгүй зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй буюу гэм хорын хохиролд тооцох боломжгүй барааны үнэ нийт 1.019.169 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох, 

3. Ирээдүйд эмчлүүлэхэд гарах зардал болох нотлох баримт ирүүлээгүй 3.562.237 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тооцлоо.

Шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Т.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, уг ялаас чөлөөлөх боломжтой байна. 

Шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт ТБыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Буяндбадрахад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чийн нэхэмжлэлээс 1.019.169 /нэг сая арван есөн мянга нэг зуун жаран ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 3.562.237 /гурван сая таван зуун жаран хоёр мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

6. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ч нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ